Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0050

 

“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Геодези, усны барилга байгууламжийн

газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Х.Батсүрэн

                                           Д.Мөнхтуяа

                                           Ц.Цогт

Илтгэгч шүүгч:    Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага:Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгуулах, Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0701 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, өмгөөлөгч Д.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, М.Г нарыг оролцуулж,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0701 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан “Х х” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай албан бичгийг, Геодези, усны барилга байгууламжийн газраас зарласан “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” тендер зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “…өөрөөр хэлбэл гэрээг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн талаас нь буруутгах боломжгүй ч тухайн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцлах шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна. Хууль зүйн талаас захиргааны шийдвэрийг буруутгах боломжгүй гэсэн нь энэ гэрээ цуцлах шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнтэй санал нийлж байна. Гэхдээ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон байх тул гэсэн нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцлах шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй юм.

4. Учир нь, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд хориг арга хэмжээ тогтоогдоогүй байсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар албан бичгээр БНХАУ-ын Цагаан сарын баяртай холбогдуулан “Ч Л т а” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл амарч байгаа гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлж байсан. Мөн “Х х” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/07 дугаар албан бичигт БНХАУ-ын “Ч Л т а” ХХК-д техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгдсэн байгаа талаар дурдаад нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжилт хүссэн байдаг. /Гэрээнд урьдчилгаа төлбөр олгох талаарх зохицуулалт байхгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн/ Монгол Улс нь энэ онд хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийг 2020 оны 11 дүгээр сар хүртэл хязгаарлаж, хориглоогүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20/370 дугаар албан бичгээр Эрээн хотод ирсэн байгаа гэж мэдэгдсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурал хүртэл техник, тоног төхөөрөмжийг хилээр яагаад оруулж ирэхгүй байгаа талаар шүүгч шүүх хуралдаан дээр асууж, тодруулж бодит бус тайлбар хийж байгааг нь мэдсээр байж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. 

5. “Х х” ХХК нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ-19/090-1/1 дугаартай маргаан бүхий гэрээний салшгүй хэсэг болох /Гүйцэтгэлийн баталгаа/-г хуурамч бичиг баримт үйлдэж хугацаанаас нь өмнө авсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд зааснаар шалгагдаж байгаа тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

6. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Х х” ХХК-тай холбоотой шүүх хурал товлогдсон. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...4 ширхэг авто машин, тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд бэлэн болсон байх тул...” гэсэн бөгөөд энэ ямар баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй байхад үнэлж дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгээр гаргасан гомдолд хуулийн зүйл заалтыг техник алдаа гаргаж бичсэнийг шүүх хуралд биечлэн залруулга хийж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай тайлбар хийсэн байхад бичгээр гаргасан гомдлын хүрээнд магадлалыг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв байна.

9. Уг маргаан нь нэхэмжлэгч “Х х” ХХК болон хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон тендерийн гэрээг хариуцагчийн зүгээс цуцалсантай холбоотойгоор үүссэн ба энэ тохиолдолд хариуцагчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэр буюу мэдэгдэл нь тухайн гэрээний холбогдох заалтад, эсхүл холбогдох хуульд нийцсэн эсэхийг шүүх шалгана.

10. Хэргийн оролцогчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №НХААГ-19/090-1/1 дугаар тендерийн /тоног төхөөрөмж нийлүүлэх/ гэрээгээр гэрээнээс татгалзах буюу цуцлах үндэслэлийн талаар тодорхой зохицуулаагүй, мөн тухайн харилцааг зохицуулсан тухайлсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд /Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ гэсэн хуулийн Тавдугаар бүлэг/ энэ талаар зохицуулалт алга байна.

11. Түүнчлэн, хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3. “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэснийг үндэслээгүй, энэхүү хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд тогтоогдоогүй, харин “...Танай компани өнөөдрийг хүртэл барааг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгож байгааг үүгээр мэдэгдье...” гэснээс үзвэл “гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

12. Захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн зэрэг тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуульд тусгайлан зохицуулаагүй, энэ тохиолдолд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэжээ.

13. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэсний дагуу уг хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэхээр байна.

14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” байхаар заасан, гэвч хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Хубэй мужийн “Ч Л т з авто” ХХК-д /тусгай автомашин үйлдвэрлэх албан ёсны үйлдвэрлэгч/ 2020 оны 5-р сарын 23-ны өдөр төлбөрийг бүрэн шилжүүлж, худалдан авсан, 4 ширхэг хүнд даацын автомашин нь 2020 оны 7-р сарын 31-ний өдөр Эрээн хотод албан ёсоор ирсэн талаарх баримт хэрэгт авагдсан тул /1 дэх хавтаст хэргийн 27-42 дахь тал/ “үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй” гэх хуулийн урьдчилсан нөхцөл үгүйсгэгдэж байгаа, энэ утгаараа хариуцагчийн хувьд гэрээнээс татгалзах эрх үүсээгүй гэж үзэхээр байна.

15. Иймд, маргаан бүхий шийдвэр болох хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 03/4388 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл үндэслэлтэй, ийнхүү цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосноор талуудын хооронд байгуулагдсан тендерийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тул тухайн гэрээний зүйл болох “үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж”-ийг нийлүүлэх тендер зарласан Геодези, усны барилга байгууламжийн газрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

16. Хэдийгээр анхан шатны шүүх “...гэрээг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн талаас нь буруутгах боломжгүй ч тухайн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэн, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээг голлох нотлох баримт болгон үнэлсэн нь учир дутагдалтай боловч дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гэрээ цуцлах тухай мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй юм.

17. Иймээс “шүүх маргаан бүхий шийдвэрийг хууль зүйн хувьд буруутгаагүй атлаа хүчингүй болгож шийдвэрлэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, ямар баримт үнэлсэн нь тодорхойгүй” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4, 6-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй, харин хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой.

18. Хариуцагчаас “Монгол Улс нь хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийг 2020 оны 11 дүгээр сар хүртэл хязгаарлаж, хориглоогүй” гэж маргаж холбогдох баримтыг гаргаж өгсөн хэдий ч БНХАУ-ын Хубэй мужийн “Ч Л т з а” ХХК-ийн үйлдвэрлэлт БНХАУ-д COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 2020 оны 7-р сарын 1-ний хооронд зогссон, 2020 оны 7-р сарын 2-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн, нэхэмжлэгчийн захиалсан бүтээгдэхүүн 2020 оны 7-р сарын 31-ний өдөр Эрээн хотод ирсэн талаарх баримт хэрэгт авагдсан, харин үүнээс хойш буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн хувьд “тухайн барааг хилээр оруулж ирэх эсэх нь тодорхойгүй” болсон гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг үгүйсгэх аргагүй юм.

19. Мөн “тендерийн гэрээний салшгүй хэсэг болох /Гүйцэтгэлийн баталгаа/-г хуурамч бичиг баримт үйлдэж хугацаанаас нь өмнө авсан гэх эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул тухайн хэргийг шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь процессын журам зөрчсөн” гэх /Тодорхойлох хэсгийн 5/ гомдлын тухайд, нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын үндсэн дээр талуудын хооронд нэгэнт байгуулагдсан гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан, хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмын /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5/ хүрээнд хариуцагчийн гэрээ цуцалсан шийдвэр хууль ёсны эсэхийг л хянан шийдвэрлэсэн тул энэхүү хяналтын гомдол нь уг хэрэгт хамааралгүй.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан...” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ