Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1077

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний барьцаа болон бусад зардалд 1 975 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХХХХХ маркет дэлгүүрийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1 жилийн гэрээ хийж барьцааны 1 600 000 төгрөг бэлэн өгч, сар болгон 1 600 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээнд дотуур халаалт, ус, тог цахилгаан, цэвэрлэгээ, манаач гээд бүх юм багтлаа гэж 2 хувь гэрээ бичиж тохиролцсон. ХХХХХ маркет дэлгүүрийн эзнээс гаргуулж өгөх мөнгөний дүн 1 975 000 төгрөг. Үүнд: 1 600 000 төгрөгийн барьцааны мөнгө, хөргөгч засуулсан 75 000 төгрөг, дэлгүүр хүлээлцэхэд үлдсэн 300 000 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ХХХХ биднийг тогны тооцоо үлдсэн, түүнийг бид төлөхийг тайлбарлаад шүүхэд гомдол гаргасан байгаа. Тэр цаасан дээр бид тогны мөнгө төлнө, барьцаанаас суутгахаар зөвшөөрч гарын үсэг зураагүй. Зүгээр л танилцлаа гэж бичсэн байгаа. ХХХХ гэрээний ард талд тогны мөнгө гэж нэмж бичсэн байна билээ. Бид 2015 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Түрээсийн мөнгөө тухайн үед нь сар бүр бэлнээр өгч байсан. ХХХХ ч гэрээний дагуу авдаг мөнгөө аваад ямар ч зөрчилгүй 9 сар хүрсэн. Тогны мөнгө гэсэн нэрийдлээр барьцааны мөнгө өгөхгүй арга заль хэрэглэж биднийг хохироож байна. Сөрөг нэхэмжлэлд гэрээнд огт заагаагүй, дурдаагүй 200 000 төгрөг нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл огт байхгүй. Бид дэлгүүр ашиггүй байна гээд 6 сард гэрээний хугацаа дуусаад ХХХХт дэлгүүрийг нь хүлээлгэж өгөх гэтэл бидний барьцааны мөнгийг өгөхгүй байсан учраас уг дэлгүүрийг нь өөр хүнд түрээслүүлэхээр 9 сард бид өөрсдөө зар тавьж байж сарын 1 300 000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийж хүлээлгэж өгсөн байгаа. Хөргөгчний тухайд бид анх уг дэлгүүрийг ажиллуулж эхлэхэд хөргөгч нь муу ажилладаг байсан учир ХХХХ хэлэхдээ “танайх мөнгөөрөө хөргөгчөө засуулаад ашиглаж бай. Дараа нь би засварын мөнгийг нь өгье” гэсэн. Гэтэл одоо болтол засварын мөнгийг өгөөгүй. Урд нь бид дэлгүүрт орохдоо 3 000 000 төгрөгөөр авч байсан юмыг дараагийн хүнд хүлээлгэж өгөхдөө бууруулаад 1 300 000 төгрөг болгосон. Баримт нь хэрэгт байгаа. Тэр мөнгөний зөрүүг би нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж байгаа “ХХХ” ХХК нь “ХХХХХ” худалдааны төвийн мини маркетийг 2014 оны 6 дугаар сарын 10-нд түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай хийж Хд ашиглуулсан. Гэрээнд тогны тооцоог 100 000 төгрөгөөр, түрээсийн төлбөрийг 1 600 000 төгрөгөөр гэрээ хийсэн. Гэтэл тогны тооцоог 2 жилийн хугацаанд төлөөгүй 1 800 000 төгрөг түрээсийн төлбөрийн зөрүү 900 000 төгрөгийг төлөөгүй компанийг хохироосон. Хгийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний тооцооны төлбөрийг үнэн зөвөөр шийдэж хохиролгүй болгож өгнө үү.

Түрээсийн гэрээ дахин сунгагдаагүй ба 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаандаа 5-8 дугаар сарын түрээсийн мөнгөнд 1 300 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 04-нд тооцоо дууссан баримт үйлдэж, дэлгүүрийг хүлээлгэн өгсөн. Бид 4 сарын түрээсийн зөрүү мөнгө болох 1 200 000 төгрөгийг тухайн үед яриагүй. Иймд түрээсийн төлбөрийн дутуу 1 200 000 төгрөгийг Хгаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, “ХХХХХ” худалдааны төвийн дэлгүүрийг Хд түрээслүүлсэн. Түрээсийн төлбөр сарын 1 600 000 төгрөг бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаад 1 жил 3 сарын хугацаанд дэлгүүрийг ажиллуулж 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гарсан. Дэлгүүрээс гарахдаа “барьцааны мөнгө 8 сарын мөнгө өөрийнх нь ажилласан 800 000 төгрөг, нэхэмжлэгч Х нь хөдөө явлаа гээд гэрээ байгуулахгүйгээр таньдаг хамаатныхаа хүнийг суулгасан хүнээс 6 сар ажилласны 600 000 төгрөг нийт 1 400 000 төгрөгийг суутгав. Үлдсэн 200 000 төгрөгийг бэлнээр авав” гэсэн баримт үйлдсэн. 200 000 төгрөг бэлнээр авав гээд өөрөө гарын үсэг зураад, регистрийн дугаараа тавьсан байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа барьцааны 1 600 000 төгрөг бол өмнө нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тохиролцоод өгч аваад дууссан гэж үзэж байна. Хөргөгч засуулсан 75 000 төгрөг нэхэмжилж байгаагийн хувьд түрээсийн гэрээ хийх үед дэлгүүрийн бүх зүйл хэвийн ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч дэлгүүрийг ажиллуулж байх явцдаа эвдэлсэн учир өөрөө засуулах ёстой. Тиймээс 75 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дэлгүүр хүлээлцэхэд 300 000 төгрөг гэж нэхэмжилсэн нь ямар учиртай мөнгө болох нь тодорхойгүй байгаа. Үүнийг нотолсон баримт ч байхгүй. Хэрэв 300 000 төгрөгийн үлдэгдэл байсан бол 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн баримтад дурдагдах байсан. Тиймээс нэхэмжлэгчийн 1 975 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 5-7 дугаар сарын төлбөрийг дутуу төлсөн байдаг. 2 сард нь 1 000 000 төгрөг өгөөд 300 000 төгрөг, 300 000 төгрөгөөр сүүлд нэмсэн. Тухайн үедээ түрээсийн төлбөр дутуу байсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тооцоо нийлээд тохиролцоод тооцоогоо дуусгасан учир уг түрээсийн дутуу төлбөрийг аваагүй. ХХХХийн гар бүртгэлийн дэвтрээс харахад 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 300 000 төгрөг өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг өгөөд дараа нь 300 000 төгрөг нэмж өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг өгөөд 300 000 төгрөг нэмж өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 300 000 төгрөг өгсөн болох нь тэмдэглэгдсэн бөгөөд уг дэвтэр дээр нэмж ямар нэгэн засвар ороогүй байна. Тиймээс Х нь 2015 оны 5-8 дугаар саруудын түрээсийн төлбөрөөс тус бүр 300 000 төгрөг дутуу төлсөн байна. Иймд түрээсийн төлбөр болох 1 200 000 төгрөгийг Хгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-т заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-иас 1 675 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хгаас 1 200 000 төгрөг гаргуулан хариуцагч “ХХХ” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн хүрээнд улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 350 төгрөгийг гаргуулан улсын орлогод /Баянгол дүүргийн татварын хэлтсийн данс 2602002965/ оруулж, 41 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 33 350 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02408 тоот шийдвэрт давж заалдах гомдолыг гаргаж байна. Үүнд: 2014 оны 6 дугаар сарын түрээсийн гэрээний дагуу Хд дэлгүүрээ түрээслэн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээстэй холбоотой асуудал шийдэгдэн үлдэгдэл 200 000 төгрөгийн өгч баримт үйлдсэн.

Гэтэл үндэслэлгүйгээр барьцааны мөнгө нэхэмжлэн шүүхэд өргөдөл өгсний улмаас бид түрээсийн гэрээний дутуу мөнгийг нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Энэ шүүхийн шийдвэрийн дагуу манай компаниас гаргуулах 475 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа мөнгө болон бусад зардалд нийт 1 975 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ХХХ” ХХК нь эс зөвшөөрч, цахилгааны төлбөр дутуу төлсөн гэж маргаж, түрээсийн төлбөрт 1 200 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХ” ХХК-ийн өмчлөлийн худалдааны төвийн талбайг сарын 1 600 000 төгрөгийн төлбөртэйгээр 1 жилийн хугацаатай дэлгүүрийн зориулалтаар ашиглахаар тохиролцож, талууд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулжээ.

 

Зохигчид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед хариуцагчид 1 600 000 төгрөгийг барьцаанд өгсөн болон гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр буюу 3 сарын дараа түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд нэхэмжлэгч бичгээр гэрээний хугацааг сунгалгүй ашигласан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Барьцааны мөнгөнөөс нэхэмжлэгчийн дутуу төлсөн цахилгааны төлбөрийг суутгасан гэж хариуцагч маргаж байх боловч талуудын байгуулсан дээрх гэрээнд, ашиглалтын зардлыг түрээсийн сарын төлбөрөөс тусад нь нэмж төлөх талаар талууд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй байна.

 

Хариуцагч нь ашиглалтын зардалд сар бүр 100 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх боловч энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна.

 

Түрээсийн зүйлийг хүлээлцэх үед 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч нь цахилгааны төлбөрт 1 400 000 төгрөгийг барьцаа мөнгөнөөс суутган авч 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгч гарын үсэг зуруулсан гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд уг баримтанд нэхэмжлэгч танилцсан гэж бичиж гарын үсэг зуржээ.

 

Харин хүлээн зөвшөөрч, мөнгө хүлээн авсан гэх хэсэгт гарын үсэг зураагүй байх тул уг баримтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг буцаан өгч барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь барьцааны зүйлийг түүнд буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчийн эд хөрөнгө болох хөргөгчийг бусдаар засварлуулж, 75 000 төгрөгийн хөлс төлсөн гэдгийг тэрээр үгүйсгэсэн баримтыг гаргаагүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагчаас уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

 

Мөн дэлгүүрийг хаягжилт, камержилтыг өмнөх түрээслэгчээс 1 600 000 төгрөгт тооцон авч дараагийн түрээслэгчид 1 300 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсний зөрүү гэх 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй, уг зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын түрээсийн төлбөрөөс тус бүр 300 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг дутуу төлснийг хариуцагч гаргуулахаар шаардсаныг гэрч ХХХХХХХ нотолж мэдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүлйийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгэт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хариуцагчид төлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг нотлох үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02408 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “160 дугаар зүйлийн 160.3” гэж өөрчилж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

                           

                                   ШҮҮГЧИД                            А.МӨНХЗУЛ

 

                               С.ЭНХТӨР