| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0201/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Хохирогч Ж.Ү
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Аэд холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198.. оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 3.. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Их зам хороололд оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Г А /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд иргэн Ж.Үын зүүн гар хэсэгт нь гэрийн униар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Г.А:..Ү ахыг гарынх нь шуу хэсэгт гэрийн униар цохисон нь үнэн.
Би гэхдээ санаатай цохиогүй, санамсаргүй цохисон. Би гэрийн униар цохихдоо гарынх нь ясыг хугалъя гэж бодож цохиогүй, энэ хүнийг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Ү:....А миний гарын шууг гэрийн униар цохиж хугалсан. Би
ажил төрөл хийхгүй болохоор цалингийн зээлээ төлж чадахгүй хэцүү байна...гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Үын өгсөн:... 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед би эхнэр Аын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд үхрээ хайгаад олдохгүй болохоор нь нутгийн айл Аийнд ороод үхрээ асуусан юм. Эхнэр бид хоёрыг орох үед А гэртэй монгол архи уугаад сууж байсан, би Аээс үхрээ асуусан чинь манай үхэртэй нийлсэн байсан, гэрийн хойд талын бургасанд байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр цай уучихаад гарах гэсэн чинь А ууж байсан архинаасаа надад хийж өгөхөөр нь би тэрнээс нь амсчихаад гэрээс нь гарсан чинь миний араас А гүйж гарч ирсэнээ гэрийнхээ униар миний толгой руу үгийн зөрөөгүй цохисон. Би толгойгоо хамгаалаад зүүн талын гараараа хаасан чинь миний гарын шуу хугарчих шиг болсон. Тэгтэл А дахиад намайг цохих гээд далайхаар нь зугтсан чинь араас хөөгөөд ар нуруу хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд би тэр чигтээ гэр рүүгээ зугтсан, миний араас эхнэр А ирсэн. Намайг ямар ч шалтгаангүй зодсон, би Аийн гэрт ороод хэрүүл маргаан хийгээгүй. Хоёр жилийн өмнө Аийн аав нь нас барах үед намайг аавынхаа шарилыг хөндөөд өг гэсэн би тухайн үед нь жил ус нь таарсан хүн хөндөх ёстой гээд хөндөж өгөөгүй юм. Тэр явдлаас болоод надад өсөрхөөд байдаг болсон тэрнээс болж намайг зодсон байх гэж бодож байна. Намайг А зодох үед миний хажууд манай эхнэр А, Аийн эхнэр нь, төрсөн ээж нар нь байсан. Өөр хүн байгаагүй. А гэрийнхээ үүдний унийг аваад намайг униар цохисон. Миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон, тэгээд намайг араас хөөж элдээд миний ар нуруу хэсэгт хоёр удаа цохисон. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Гэрч Ч.Мийн өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед манай гэрт манай гудамны Ү ах, А эгч хоёр үхрээ хайж явна гээд орж ирсэн. Би хүн орж ирсэн учраас монгол архи хийж өгсөн. Тухайн үед манай нөхөр А бага зэрэг согтуу байсан. Тэгтэл А эгч манай нөхрөөс үхрээ асууснаа, хэд хоногийн өмнө алга болсон үхрээ асуугаад, олоод өгчих, хулгай хийсэн эзнийг нь олоод өгчих гээд хэрүүл өдөөд байгаа юм шиг сонин зүйл яриад, бараг манай нөхрийг хулгай хийсэн гээд байгаа юм шиг зүйл яриад байсан. Манай нөхөр А нэг их юм ярилгүй, би танай үхрийг мэдэхгүй, та хулгайд алдсан юм бол цагдаад өргөдөл өг гэж хэлсэн. Тэгээд манайд сууж монгол архинаас ууж байгаад Ү, А хоёр харих гээд гарсан Ү ах түрүүлээд гарсан, араас нь манай нөхөр гараад, А эгч хамгийн сүүлд араас нь гарсан. Тэгтэл гадаа гараад Ү ах орилоод чи миний гар руу цохичихлоо, гар хугарчихлаа гээд байсан. Би гараад хартал Ү ах байхгүй байсан, шөнө байсан болохоор хаана байгаа нь харагдаагүй, манай гэрийн үүдэнд А эгч зогсож байсан. Тухайн үед манай нөхөр А гэрийн унь барьчихсан байсан. Би гэрийн унийг нь аваад гэрийн ар тал руу аваачиж тавьсан. А эгч нөхрийгөө хаана байна гээд дуудаад араас нь явсан. Манайд А бид хоёр хүүхдүүтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Манай хадам ээж П манайд орж ирээд гарсан. А, Ү хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Ү, А хоёр манай нөхрийг хулгайд сэрдээд байгаа юм шиг битүү утгатай юм яриад, хэрүүл өдөөд байсан. Тэр үед нь нөхөр урдаас нь хэрүүл хийгээгүй дуугүй суугаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч С.Аын өгсөн... 2018 оны 09 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед нөхөр Үын хамт үхрээ хайгаад олохгүй болохоор нь гудамны айл Аийнд орж сурагласан. Бид хоёрыг орох үед А гэртэй монгол архи уугаад сууж байсан гэрт нь эхнэр хүүхэд нь, ээж нь байсан. Бид хоёр үхрээ асуусан чинь манай үхрийг ойрхон бургасанд байна гэж хэлсэн. Тэгээд гарах гэсэн чинь А ууж байсан архинаасаа манай нөхөр Үад аягалаад өгсөн. Ү архинаас нь амсаад буцаагаад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр Аийн гэрээс нь гарсан манай нөхөр хаалгаар нь түрүүлж гараад би араас нь гарах гэж байсан чинь А босож гүйгээд миний урдуур ороод үүднийхээ унийг сугалж аваад гэрээс гараад манай нөхрийн толгой хэсэг рүү нь цохисон. Миний харснаар бол А Үын толгой руу цохисон. Ү толгойгоо хамгаалаад зүүн гараа толгой дээрээ бариад хаасан чинь шуу хэсэгт нь таарсан. Тэгсэн А униараа дахиад цохих гээд далайсан чинь манай нөхөр Ү гар хугарчихлаа гээд орилоод цаашаа зугтсан. А араас нь хөөсөн. Тэгээд би тэр даруй цагдаад дуудлага өгчихөөд нөхрийнхөө араас гэр рүүгээ явсан. А манай нөхрийг ямар ч шалтгаангүй зодсон. Манай нөхөрт өмнө өс санаж явсан юм шиг байна билээ. Үын зүүн гарын шуу хэсэгт униар нэг удаа цохисон, тухайн үед Ү гэрээс дөнгөж гартал А араас нь гараад униар цохисон гэрийн хаалга онгорхой байсан учир үүдэнд гэрэл тусаад юу болж байгаа нь сайн харагдсан. Харин Ү цааш зугтаад А араас нь хөөхдөө хаана нь хэдэн удаа цохисныг мэдээгүй. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь манай нөхрийн зүүн гарын шууны яс нь хугарсан, савхан яс нь хугарсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч С.П өгсөн... 2018 оны 09 дүгээр сарын эхээр байсан хэдний өдөр байсныг нь одоо санахгүй байна. Манайхтай айл байдаг манай хүү Аийнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэр хоёр хүн нэлээн удсан, сүүлдээ чанга чанга яриад байхаар нь би гайхаад Аийнд яваад ортол Ү, А хоёр ирсэн байсан. Би хэсэг сууж байгаад буцаад гэртээ орсон. Намайг сууж байхад А манай хүү Аийн хулгайд алдсан үхрийн сурагийг гаргаад өгчих гээд байсан. Манай хүү А урдаас нь би яаж мэдэх вэ дээ гээд байсан. Би гэртээ ороод унтах гээд байж байсан чинь Ү гарч ирээд дугараад байсан яг юу болсныг нь мэдээгүй. Би тэр хоёрыг явж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд Аийг аваад явахаар нь бэр Мөнхтуяагаас асуусан чинь Үтай маргалдаад зодоон хийсэн гэж хэлсэн. Яг ямар зүйл болсныг нь би мэдээгүй Аийнд орох үед А, Ү нар хоорондоо маргалдаж зодоон хийсэн зүйл болоогүй. Ү, А хоёр Аийг хулгайд гүтгээд байгаа юм шиг зүйл яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Г.Аийн яллагдагчаар өгсөн: ... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө манай гэрт Ү, эхнэр Аын хамт орж ирээд үхрээ олохгүй байна манай үхрийг харсан уу гэж асуусан, би тухайн үед архи уусан халамцуу байсан, манай эхнэр Үад монгол архи хийж өгсөн. Тэр архинаас Ү бид хоёр уугаад сууж байсан чинь Ү манайх саяхан 2 үхэр хулгайд алдчихлаа, чи С--ийг олоод өгөөч тэр л хулгай хийчихлээ гээд байсан, тэгэхлээр нь би С-ийг хаана байгааг яаж мэдэх юм бэ, та цагдаад өгч шалгуулахгүй юу гэж хэлтэл, чи мэдэж байгаа шүү дээ чи өөрөө хулгай хийгээгүй юм бол олоод өгөөч гээд байсан. Тэгээд Ү, А хоёр манайхаас гараад явахаар нь миний уур хүрээд Үын араас нь дагаж гараад гэрийнхээ үүдний унийг сугалж аваад гараа далайж байгаад цохисон чинь Ү гараараа хаасан. Яг гарын шуу хэсэг рүү нь цохисон. Ү надад цохиулчихаад гар хугарчихлаа гээд орилоод цаашаа зугтсан, Үын араас нь эхнэр А нь явсан би араас нь очилгүй буцаад гэртээ орсон. Ү намайг хулгайд сэрдээд гэрт орж ирээд доромжлоод байхаар нь уурандаа униар цохисон юм. Би Үын зүүн гарын шуу хэсэг рүү гэрийн униар нэг удаа цохисон, өөр газар цохиогүй. Ү намайг цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 419 дугаартай дүгнэлт:
1. Ж.Үын биед, зүүн гарын шууны богтос яс дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зааварын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувиар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/
Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5 хуу/
Ж.Үын эмчилгээ хийлгэсэн баримт / хх-ийн 19-23 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/
Г.Аийн малын А дансны тодорхойлолт /хх-ийн 34-35 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 40-51 хуу/
Г.Аийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 53 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 54-55 хуу/ зэрэг болно.
Хохирогчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар / хх-ийн 93-108 хуу/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд байх гэртээ хохирогч Ж.Үтай маргалдан зүүн гар хэсэгт нь гэрийн униар цохиж, түүний биед зүүн гарын шууны богтос яс дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Ү, гэрч Ч.М, С.А, С.П нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 419 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Ж.Үыг гэрийн униар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн зүүн гарын шууны богтос яс дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 419 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Ү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүх хуралдааны үед Хаан банкнаас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр авсан цалингийн зээлийн үлдэгдэл болох 3.823.660 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба үүнтэй холбоотойгоор Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 691 дугаартай тодорхойлолт, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримт гаргаж өгч, уг зээлийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хэрэглэх зорилгоор авсан, шүүгдэгчээс эмчилгээний зардалд тооцож мөрдөн байцаалтын үед 1.200.000 төгрөг авсан гэж мэдүүлэг өгчээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нь 1.200.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэх баримт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эм, тариа авсан гэх 216.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч, нэхэмжилсэн бөгөөд тухайн баримтаар гаргаж өгсөн мөнгөн дүнг шүүгдэгч Г.А нь хохирогчид төлсөн байна гэж үзлээ.
Харин хохирогчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр авсан цалингийн зээлийн хувьд өмнө авсан байсан зээл дээрээ нэмж 1.000.000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролтой холбоогүй, хохиролд тооцох үндэслэлгүй байх тул тухайн цалингийн зээлийн үлдэгдлийг шүүгдэгч Г.А төлөх талаар шийдвэр гаргах үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийн нэхэмжилсэн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 3.823.660 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.2 м урттай шар, цэнхэр өнгөөр будсан монгол гэрийн унь нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Гийн Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Хохирогчийн гаргасан Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл болох 3.823.660 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ