| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0348/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/351 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1838004750341 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Б.А-,
Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Хамар даваа” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19.5м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 2.620.800 /хоёр сая зургаан зуун хорин мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр “Хамар даваа” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19.5м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 2.620.800 /хоёр сая зургаан зуун хорин мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Чандмань-Өндөр суманд ажиллаж амьдардаг Э гэж хүнтэй холбогдож бэлдэц авахаар болсон. Надад тухайн үед торх барих хэрэг гарсан байсан юм аа. Ингээд би Э гэж хүнтэй холбогдож 70 ширхэг гарал үүслийн гэрчилгээ, гоожинтой бэлдэцийг 1 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд тэр модыг худалдаж аваад торх барих хүнд зарсан. Үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би нөхрийгөө дагуулаад Чандмань-Өндөр сум орж “Хамар Даваа” гэх газраас 70 ширхэг бэлдэц бэлдэж Мөрөн сум руу оруулж ирсэн. Мөрөн сум руу оруулж ирээд гэрийнхээ хашаанд тавих гэж байгаад болиод хажууханд байдаг Г гэж айлын хашаанд оруулж модоо буулгасан. Г гэж айлын эхнэр Л-г би таньдаг юм аа. Тэр гарал үүслийн гэрчилгээгээр мод бэлдээд Мөрөнд оруулж ирээд Г-н хашаанд буулгаад цагдаад баригдсан. …Харин залруулга хийх зүйл байна. Манай нөхөр Б нь энэ хэрэгт ямар ч хамаагүй машиныг нь гуйгаад ачуулж ирсэн. А ахын машиныг гуйгаад ачуулж оруулж ирсэн. А гуайг хэрэгт орчих байх гэж бодоод би өөрийн машинаар нөхөртөйгээ ачиж оруулж ирсэн гээд айсандаа хэлчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52, 71-р хуудас/,
Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сумаас намайг хохирогчоор тогтоосон... Би шинжээчийн дүгнэлтэд дурдсан мөнгийн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: А-ыг сайн танина. Надаар Чандмань-Өндөр сумаас мод ачуулж байсан юм аа. Тэгээд тэрний дараагаар ахиж мод ачиж оруулж ирээд эрхийн бичиг байхгүй баригдчихлаа өмнөх ачсан модны гоожинг цагдаад үзүүлчихлээ та мод ачсан гэж хэлээрэй гэхээр нь би тэгж хэлж чадахгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Х.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 8-ны орой гэртээ байж байсан чинь А- эгч хүрч ирээд танай хашаан дотор чинь модны бэлдэц буулгачих уу гэхээр нь би таньдаг болохоор тэг тэг гээд хэлсэн чинь орой унтаж байхад гэрийн хашаан дотор 40 орчим тооны бэлдэц буулгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байсан байх аа манай эхнэр Чандмань-Өндөр суманд 70 ширхэг бэлдэц хүнээр бэлдүүлчихсэн байгаа хамт яваад ачаад ирье гэсэн. Би эхнэртэйгээ тар өдөр Чандмань-Өндөр сум руу явж Хамар даваа гэх газраас 70 ширхэг бэлдэц Мөрөнд оруулж ирсэн. Уг бэлдэцийг манай эхнэр урьд нь авсан байсан. Бэлдэцийн гоожинг үзүүлээд Чандманы хүмүүсээр хөлс өгч бэлдүүлсэн байсан. Өдрийн 25 мянгаар бэлдүүлж, уг бэлдэцүүдийг ачуусан. Би Завхан явж байгаад ирсэн учир зарим зүйлийг сайн мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 69-р хуудас/,
Гэрч В.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай Сагдайг ХХК-нь хэрэглээний мод бэлтгэх, Тээвэрлэх зорилгоор гарал үүслийн гэрчилгээг сумынхаа Байгаль орчны байцаагч Б.Батжаргалаас хийлгэж авсан. Тэгэхэд Мөрөнгөөс А- гэж хүн надруу холбогдоод тэр хэрэглээний модыг маань худалдаж авахаар болсон. Тэгээд надаас 70 ширхэг тал дундуураа хуваасан бэлдэц модыг А- нэг хүнтэй ирж худалдаж аваад явсан. Дараа нь 15 хоногийн дараа А- над руу утсаар холбогдоод би мод бэлтгэж байгаад цагдаа нарт баригдчихлаа та гоожин нөхөж хийлгэж өгөөч гэхээр нь би юу гэж гоожин нөхөж хийж өгч байдаг юм бэ гэтэл түрүүний авсан гоожинг өгсөн шүү та надаас ахиж мод авсан гэж хэлээрэй гэхээр нь би юу гэж тэгж хэлдэг юм бэ. Юм үнэнээрээ дээр байдаг юм гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сагдайг гэдэг ХХК нь үйлдвэрлэлийн огтлолоор мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг 19-20м кубээр хянуулж авсан. Сагдайг гэдэг ХХК нь манай суманд мэргэжлийн мод бэлтгэх гэрээ байгуулж ажилладаг компани байгаа юм аа. Сагдайг гээд ХХК-ийн захирлыг Э гэдэг хүн байдаг. Энэ хүн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хэрэглээний мод тээвэрлэх эрхийн бичгээ хянуулж авсан. Тэрнээс хойш надаас өөр ямар байдлаар энэ бичиж өгсөн гарал үүслийн гэрчилгээний хугацааг сунгуулах байдлаар аваагүй юм аа. Эрдэнэчулуун гэж хүн нь хэрэглээний мод зааж өгсөн газраас авч хүмүүст зардаг хүн байгаа юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 06 дугаар сарын дундуур байсан байхаа. Хэдний өдөр гэдгийг нь би мэдэхгүй байна. А- гэж эмэгтэй хүн Н- бид хоёрыг өдрийн 250.000 төгрөгөөр хөлсөлж бинзен шатхууны манга агч хамар Даваа гэх газраас хэдэн модны эрх авсан байгаа унагаагаад дундуур нь зүсээд өг гэхээр нь 30 гаран мод унагааж дундуур нь гол хувааж зүсэж өгсөн. Тэгээд тэр эгч нөхөртэйгөө ирээд Мөрөн лүү ачаад авсан. Ачиж өгөхөд нь Н- бид хоёр туслалцсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байсан. Мөрөн сумын таньдаг эгч болох А- нь Г- бид хоёрыг өдрийн 250.000 төгрөгөөр хөлсөлж бензин шатахууны мөнгө өгч Хамар Даваа гэх газраас хэдэн модны эрх авсан байгаа. Унагаагаад дундуур нь зүсээр өг гэхээр нь 30 гаран мод унагааж дундуур нь гол хувааж зүсэж өгсөн. Тэгээд тэр эгч нөхөртэйгөө ирээд Мөрөнлүү ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн №02 дугаартай иргэн Б.Б, Б.А- нарын бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр нойтон 19.5м3 хэмжээтэй шинэс мод болох нь тогтоогдов. …2.620.800 /хоёр сая зургаан зуун хорин мянга найман зуун/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/, Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 54 дүгээр хуудас/, Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 57 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, Б.А-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэр Хамар даваа гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19.5м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 2.620.800 /хоёр сая зургаан зуун хорин мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. Хэрэгт битүүмжлэгдсэн 19.5м3 хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.А- нь Экологи, эдийн засгийн хохиролд учруулсан 2.620.800 төгрөгийг 5910095992 дансанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2.330.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 326.000 төгрөг төлсөн талаарх шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 19.5м3 хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1838004750341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР