Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00770

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00770

 

 

А хадгаламж зээлийн хоршооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00796 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,870,385 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Тус хоршооны гишүүн Б- нь жижиглэнгийн худалдаандаа зориулж 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг, сарын 5.0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Түүний 2018 онд төлсөн 150,000 төгрөгөөс хүүд 119,332 төгрөгийг суутган авсан. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн 700,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан.

Хоршооны зүгээс зээлийн төлбөр төлж барагдуулахыг шаардаж байсан боловч тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Б-гаас үндсэн зээл 1,269,332 төгрөг, зээлийн хүү 5,071,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,822 төгрөг, нийт 6,870,385 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас 5,870,385 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- болон А хадгаламж зээлийн хоршооны хооронд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 1,990,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн зээлээс гишүүний хураамжид 10,000 төгрөг авсан байж болох ч зээлдэгчээс зөвшөөрөл аваагүй, гэрээнд энэ талаар тусгайлсан зохицуулалт байхгүй. Б-г гишүүнээр элсүүлсэн бодитой үйл баримт байхгүй.

Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацааны хүүг талууд гэрээгээр тохиролцоогүй учир гэрээ дуусгавар болсноос хойших хугацааны хүүг тооцох нь үндэслэлгүй. Харин гэрээний хугацаа дуусах хүртэл 183 хоногийн хугацааны хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх зээлийн төлбөр болон 183 хоногийн хүүг тооцож үзвэл 738,593 төгрөгийг төлөхөөр байна, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,269,332 төгрөг, зээлийн хүү 4,071,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,822 төгрөг, нийт 5,870,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А хадгаламж зээлийн хоршоонд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа А хадгаламж зээлийн хоршоо татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А хадгаламж зээлийн хоршооны 124,877 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 108,876 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч А хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: А хадгаламж зээлийн хоршоо нь Б-д 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдүүлэгч нь үндсэн хүүг 360 хоногоор тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн. Гэтэл шүүхээс хэт нэг талыг баримталж нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэж Б-гаас 5,870,385 төгрөгийг гаргуулж А хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн.

Б-гийн зээлийн хүүг 365 хоногоор бодоход 2022 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар үндсэн зээл 265,068 төгрөг, зээлийн хүү 4,990,091 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 523,901.64 төгрөг, нийт 5,770,060 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэснээс 91,325 төгрөгийн зөрүү гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас уг 91,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Зээлийн хүү тооцох аргачлалыг зээлийн гэрээний 1.4.-т тодорхой тусгасан. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү төлнө гэж заасан тул 5,870,385 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,870,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А хадгаламж зээлийн хоршоо болон Б- нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 2,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1. Зээлийн гэрээний 1.1, 1.5 дахь хэсэгт зээлийн хүү сарын 5 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Мөн гэрээний 1.5, 1.6. дахь хэсэгт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 850,000 төгрөгөөс 730,668 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 116,666 төгрөгийг хүүд, 2,666 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 1,269,332 төгрөг, хүү 5,071,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,822 төгрөг, нийт 6,870,385 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

Зээлийн гэрээний 1.7 дахь хэсэгт ХЗХ тухайн нөхцөлд өөрөөр шийдсэнээс бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасан байх ба хариуцагчийн төлсөн төлөлтийг тухай бүрт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэх дарааллаар суутгасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлөөс хариуцагчид ашигтай дарааллыг сонгож төлсөн төлбөрийг суутгаж, үлдэх зээлийн үүрэгт гэрээнд заасан хувь хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул хүү, нэмэгдүүлсэн хүү буруу тооцсон талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

3.3. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 1,000,000 төгрөгийг хасч тооцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5,870,385 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ