Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00775

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00775

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б ББСБ ХХК,

Үнэлээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, Г.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дугаар шийдвэрээр А ХХК, Г- Д- нараас 766,265,346 төгрөгийг гаргуулж Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А ХХК-ийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, *** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч, шинжээч томилон үнэлгээ хийсэн.

Үнэлгээ хийхэд барьцаанд тавих үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан үл хөдлөх хөрөнгөөр үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Барилгыг үргэлжлүүлэн барьж 100% гүйцэтгэлтэй болгосон бөгөөд 30 хувийн үнэлгээ уг шинжээчийн дүгнэлтэнд ороогүй.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж үнэлгээ хийлгэхдээ Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 46/3 байр *** тоотод байрлах 70,32 м.кв талбай бүхий орон сууц, тус байрны *** тоотод байрлах 40,68 м.кв бүхий орон сууц, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, *** тоотод байрлах 683 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газар, *** тоотод байрлах 492 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс 5 дахин доогуур үнэлүүлсэн. Иймд дээрх үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч А ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдэд Мөнх-Оргил трейд ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Виннэр ХХК-аар үнэлгээг тогтоолгосон.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанид А ХХК, Г-, Д- нараас 766,265,346.08 төгрөгийг гаргуулан олгох шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг хуульд заасны дагуу гаргуулж, уг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийн үнэлгээ дээр санал зөрсөн тул шинжээчээр үнэлүүлсэн. Энэхүү бүхий л процесс ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, үндэслэлийн дагуу хийгдсэн.

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний компани зах зээлийн үнэлгээг гаргасан учир үнэлгээ нь бодит үнэнд тулгуурласан, зах зээлийн судалгаанд үндэслэгдэж хийгдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс 5 дахин бага үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Баянзүрх дүүрэг 16-р хороо 16-р хороолол, *** тоотод байрлах 3.450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2204081608 улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө,

Сүхбаатар дүүрэг 8-р хороо 46/3 байр *** тоотод байрлах 70,32 м.кв талбайтай Ү-2203014206 улсын бүртгэлтэй, 3 өрөө орон сууц,

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 46/3 байр *** тоотод байрлах 40,68 м.кв Ү-2203029903 улсын бүртгэлтэй, 2 өрөө орон сууц,

Баянзүрх дүүрэг 13-р хороо, 4 дүгээр гудамж *** тоотод байрлах 683 м.кв гэр бүлийн зориулалттай газар,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, *** тоотод байрлах 492 м.кв гэр бүлийн зориулалттай газар зэргийг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахт хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт байгаа нотлох баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинжээч томилж маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн. Ийнхүү шинжээч томилсноос хойш 3 хоногийн дараа төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал болон хүсэлт авсан. Үүнийг нэхэмжлэгч тал үнийн санал авсан, үнийн санал дээр тохиролцоонд хүрээгүй хэмээн үзэхгүй байгаа болно. Учир нь үнийн санал болон хүсэлтийг шинжээч томилохоос өмнө авах журамтай.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, *** тоотод байрлах барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй хэмээн маргасан. Харин шинжээч 70 хувийн гүйцэтгэлээр үнэлсэн. Үүнд анхан шатны шүүх ямар ч дүгнэлт өгөөгүй.

Уг алдаануудыг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хураахдаа төлбөр төлөгчид 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнийн санал өгөх мэдэгдлийг төлбөр төлөгчид өгсөн. Төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй учраас манайх шинжээчийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр томилсон. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгийг хураан авсан бол 1 сарын дотор үнэлгээ гаргана гэж заасан. Энэхүү хугацааны дотор гүйцэтгэгч ажиллагааг хууль ёсны дагуу гүйцэтгэж үнэлгээ гаргаж танилцуулсан. Иймд процессын алдаа байхгүй.

Хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд 100 хувийн гүйцэтгэлтэй барилга болсон талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний болон техникийн алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Т ББСБ ХХК нь Б ББСБ ХХК-нд нэгдсэн тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б ББСБ ХХК гуравдагч этгээдээр оролцсон /1хх 164/.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дугаар захирамжаар хариуцагч А ХХК, Г-, Д- нараас 766,265,346 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох, хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /1хх 49-50 /.

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хураасан. /1хх 52-70/

 

3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/60 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг, 3/68 дугаар тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг, 3/61 дугаар тогтоолоор Виннер вэй ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хураан авсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шийдвэрлэсэн /1хх 75, 95-96/.

 

3.4. Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, *** тоотод байрлах 683 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг 274,119,100 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, *** тоотод байрлах 492 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг 367,003,500 төгрөгөөр,

Шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, *** тоот хаягт байрлах 3,450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 3,795,604,670 төгрөгөөр,

Шинжээч Виннер вэй ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 46/3 байр, *** тоотод байрлах 70,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,504,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 46/3 байр, *** тоотод байрлах 40,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 127,561,000 төгрөгөөр тус тус үнэлсэн /1хх 76-92, 99-115, 193-236/.

 

4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

Мөн хариуцагч нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч А ХХК-ийн захирал Г- болон Д- нарт мэдэгдэж танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна /1хх 116-121/.

 

5. Анхан шатны шүүх хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, үнэлгээ хуульд зааснаар хийгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

5.1. Хэдийгээр хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийх шинжээчийг томилсон атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнийн санал авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн байгаа боловч энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар төлбөр авагч болон төлөр төлөгч талууд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ дээр тохиролцоогүй маргасан, ийнхүү маргасны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 22, 24, 28-ны өдрүүдэд шинжээчид дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Иймд үнийн санал авахаасаа өмнө шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, *** тоот хаягт байрлах 3.450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ /1хх 229/.

 

6.1. Шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үнэлэхдээ гүйцэтгэлийг 100 хувиар тооцож, жишиг хөрөнгийг харьцуулахдаа мөн 100 хувийн гүйцэтгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сонгосон болох нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр нь Өмчлөх эрхийн 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Гэхдээ харьцуулалтыг хийхдээ 100 хувийн ашиглалтад орсон барилгуудтай харьцуулсан гэж мэдүүлсэн байна.

Дээрхээс үзвэл шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр тооцож, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин үнэлгээ хийхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй ашигтай байдлаар үнэлжээ.

 

7. Төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8-9 дүгээр зүйлд заасан арга, аргачлалын дагуу хийгдсэн, үнэлгээнд тавигдах шаардлагыг хангасан байх тул үнэлгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлгээ хийгдсэн гэж маргасан боловч энэ байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

8. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгоогүй, мөн техникийн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын 57 дугаар зүйлийн гэснийг 56 дугаар зүйлийн гэж, 7.1.2 дахт хэсэгт гэснийг 7.1.4-т гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, илүү төлөгдсөн 211,400 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 211,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ