Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00711

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          04           03                                        210/МА2023/00711

 

 

Өмнөговь аймгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн нэхэмжлэлтэй, Б.Х холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Х нь 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн суманд хэрэгжиж байсан “Мак Дэд” төслийн дагуу Сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувь, 1 сарын 0,25 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар авч, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч Д.Х нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 50,000 төгрөгийг төлсөн. Д.Х нь 2014 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 237,500 төгрөг, алданги болох 1,637,500 төгрөг, нийт 11,875,000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Өмнөговь аймгийн  Прокурорын байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргуулах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт ирүүлсний дагуу тус Прокурорын газраас төрийг төлөөлж, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба иргэн Д.Х-гээс зээлийн гэрээний үлдэгдэл 11,875,000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх ерөнхий зохицуулалт нь 10 жил байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Иймд Д.Х-ээс зээлийн гэрээний үлдэгдэл 11,875,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагч Д.Х-гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардсан мөнгийг төлөхөөс татгалзсан байгаа. Учир нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа ерөнхий 10 жил бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зохицуулсан. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Д.Х зээл авсан. Зээл авсан талаар  маргахгүй. Маргаж байгаа асуудал нь 2018 оны 11 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагч Д.Х-гээс зээлийн төлбөр төлөхийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэх баримтыг шууданд хийснээр гардуулсанд тооцно гэсэн. Гэтэл шууданд хийсэн баримт байхгүй. Өмнөговь аймгийн ирүүлсэн хариу тайлбарт шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг хийж гүйцэтгэн ажиллагааг хийх боломжгүй байна гэж тайлбарладаг.

2.2 Сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн гэрээ байх боловч тухайн зээлийн гэрээ нь Мак дэд сангаас олгогдсон байдаг. Нэхэмжлэгч талаас 2011 оны  Засгийн газрын 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Сум  сангаас олгох зээлийн гэрээ гэх нэртэй бичиж байгаад зээлдүүлэгч нь Сум  сан гэж бичих  байсан. Мак дэд сангаас олгох зээлийн гэрээ гэж бичигдсэн байдаг. Зээлдүүлэгчийн хувьд Мак дэд сан болон Сум хөгжүүлэх сан гэсэн 2 зээлдүүлэгчтэй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ гэсэн. Тухайн тогтоолын 2.1.2-т гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллага иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив гэж байдаг. Мак дэд сангаас буцалтгүй өгсөн тусламж, хандив гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаарнотолж чадаагүй. Мак дэд сан гэдэг нь төрийн байгууллага мөн эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид буюу зохигчид өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өмнөговь аймгийн Прокурорын газраас нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргасныг үндэслэн захирамжийг хүчингүй болгож буцаасан байдаг. Тухайн үндэслэх хэсгийн 7 дугаарт Сумын засаг дарга болон Д.Х нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Х-гээс 9,950,000 /есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Өмнөговь  олгож, нэхэмжлэлээс 1,925,00 /нэг сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн алба”-ны нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Х-ээс  улсын тэмдэгтийн хураамжид 174,150  төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Х-гийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Шүүх үндэслэх хэсэгтээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч шаардах эрхээ алдсан гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзээд 9,950,000 төгрөг гаргуулахаар шийджээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэхийг үзэхэд 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаан шаардах боломжгүй гэж заажээ.

4.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаас үзэхэд шүүхийн хэрэглэсэн зүйлчлэл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзвэл мөн хуулийн 75.2.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 5 жилийн хугацаа нь өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно гэж заасан байх ба хэрэгт авагдсан байдлаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт авагдаагүй, шүүхээс хугацаа сэргээсэн баримт байхгүй байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлийг өөрчлөн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах заалтыг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэн хууль зөрчин шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газраас хариуцагч Б.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Өмнөговь аймгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/69 тоот албан бичгээр “...манай байгууллагыг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор томилж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу  хяналтын прокурор Л.Солонгыг Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд зааснаар төрийг төлөөлж Д.Х-гээс 11,875,000 төгрөг гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ. Ийнхүү  нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг зөрчөөгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно..

 

4. Мак дэд сан зээлдүүлэгчийг төлөөлж А.Ц, Сум хөгжүүлэх сан зээлдүүлэгчийг төлөөлж Сумын засаг дарга Г.Г, зээлдэгч Д.Х нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр талууд аялал жуулчлалын зориулалтаар 10,000,000 төгрөгийг жилийн 3 хувь, сарын 0.25 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгохоор тохиролцжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, зээлдэгч нь  гэрээний хугацаанд 50,000 төгрөг буцаан төлсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон  байна. /хх8-11/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Шүүх зээлийн гэрээг “Мак дэд сан”-гаас олгох зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч “С”-гаас олгох төслийг санхүүжүүлэхээр оролцсон, Д.Х төсөл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр олгох зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэж, түүнд тус сумын Засаг даргын захирамжаар Төрийн сан дахь Сум хөгжүүлэх сангийн 110455401 тоот данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 134 тоот тогтоолоор батлагдсан /2016 онд хүчингүй болсон/ "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1,  3 дугаар зүйлийн  3.2.2, 3.2.3 дахь хэсгүүдэд “сангийн хөрөнгө улсын төсвөөс олгох сумын хөгжлийн сангийн эргэлтийн хөрөнгө, мөн гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрдэх”, “Сумын засаг дарга нь төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гаргах, хяналт тавьж ажиллахаар зохицуулсан  тул шүүх Ө аймаг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

 

6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь гэрээний үүрэгтэй, эсхүл үл хөдлөх эд хөрөнгөтэй, эсхүл тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй, эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүрэгтэй холбоотой эсэхээс хамаарч өөр өөр байдаг байна.

 

6а. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан  зээлийн гэрээний үүрэг шаардсантул уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 08-ны  өдөр дуусчээ.

 

6б. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн  хариуцагч Б.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

6в. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагчаас 9,950,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болжээ.

 

7. Түүнчлэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүрэг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Өмнөговь аймгийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн хариуцагч Б.Х-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

                 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ