Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00720

 

                                                           Г.Баяраагийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Г.Баяраа,

Хариуцагч : Ж.Золзаяа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хас банк ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Машины өмчлөгчөөр тогтоолгож, машины өөрт оногдох хэсэг гаргуулах,  10 сая төгрөгийг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ууганбаатар, хариуцагчийн төлөөлөгч З.Минжирмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Мөнхбаттай нийлж   Х.Цэрэнпилээс Норд-Бенз маркийн авто машиныг чиргүүлийн хамт адил тэнцүү хэмжээгээр хөрөнгө хоршин 93 сая төгрөгөөр хувь нийлүүлэн худалдан авсан. Худалдан авснаас хойш 2016.9.22-ны өдрийг хүртэл тээврийнхээ хөлсийг хуваан авч гарсан зардлаа тэнцүү тооцож өдийг хүрсэн. Эхний нэг жилд аль аль нь хүнд даацын тэрэг жолоодох дадлага туршлагагүй учир Пүрэвдорж овогтой Даваасүрэнгээр хөлсийг нь өгч бариулж байтал Мөнхбат одоо би барьж чадахаар боллоо. Би машинаа өөрөө жолоодоё гээд барихаар нь би зөвшөөрч тээвэр хийлгэж хөлс болон, зардлаа хуваадаг байсан. 2016 оны 07 сараас Шарга сумд Цэнхэр-Өрлөг ХХК-ны тавьж буй зам дээр тээвэр хийгээд хөлс болон бүх зардлаа хувааж авахаар тохиролцоод тээвэр хийж байсан. Анх Ээвийн замд гарахад нь авто машинд тавигдах шаардлагатай байсан /2,0/ хоёр сая төгрөгийн сэлбэгийг тавьж тээвэр хийхэд бэлэн болгосон. Х.Мөнхбат нь Цэнхэр-Өрлөг ХХК-иас тээврийн хөлсөө тооцож аваагүй зам тавьж дууссаны дараа хоёулаа компанитай тооцоо нийлж хөлсөө хуваан авахаар тохиролцсон байсан. Гэтэл Х.Мөнхбатыг нас барсны маргааш түүний эхнэр Ж.Золзаяа нь ах дүүстэйгээ нийлж авч ирээд надад мэдэгдэлгүй хашаандаа тавьсан байсан ба Цэнхэр-Өрлөг ХХК-иас тээврийн хөлс болох 20.000.000 төгрөгийг Хас банкнаас авсан зээлэндээ суутгуулах гэж байсныг би өнөөдөр мэдээд түүнтэй ярилцаж тохиролцох гэсэн боловч зугтаад ирсэнгүй. Иймд, миний хөрөнгө хоршиж авсан автомашиныг надад мэдэгдэлгүй хашаандаа тавиад тээврийн хөлсийг Хас банкнаас авсан зээлэндээ суутгах гэж байгаа бүх асуудлыг мэдэж эзэмшиж байгаа. Талийгаач Х.Мөнхбатын машины өмчлөлийг тогтоож оногдох хэсгийг гаргуулж, тээврийн хөлсний надад оногдох хэсгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын бүртгэлд талийгаач нөхөр Х.Мөнхбат энэхүү машины өмчлөгчөөр бүртгэгдэж, зохих ёсоор гэрчилгээ авсан байгаа болно. Миний бие нэхэмжлэгчид ямар нэгэн өргүй. Миний нөхөр 2016.9.22-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан, хэрэг нь шийдэгдээгүй, нас бараад 1 сар дөнгөж болж байна. Иргэн Г.Баяраагийн гаргасан нэхэмжлэл нь миний талийгаач нөхөртэй холбоотой учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.10 дахь хэсэгт заасны дагуу эрхэм шүүгч та нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд хэрэг үүсгэж, маш их ажиллагаа хийлээ. Автомашины өмчлөгч, ажлын хөлсний эзэн нь талийгаач нөхөр минь болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Иймд Иргэний хуулийн зохих заалтуудын дагуу талийгаач нөхрийн маань өвийг хэн залгамжлах болон өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй, эрх залгамжлах эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Дээр дурдсан шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад шүүх үүсгэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Мөнхбат нь манай банкнаас 2014.4.30-ны өдөр зээл авсан. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн хашаа байшин, Норд бенз машиныг чиргүүлийн хамт, Ланд-80 авто машин, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалж, Х.Мөнхбат зээлдэгчээр Ж.Золзаяа нар гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Х.Мөнхбатын эзэмшлийн хөрөнгө мөн байсан гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй бичиг баримт, эд хөрөнгийг барьцаалсан. Нийт зээлийн 50 хувийг тус хөрөнгө хангаж байгаа учраас барьцаалж байгаа хөрөнгөө хууль эрх зүйн үндэслэлтэйгээр зээлийн барьцаанд тавьсныг зээлийн гэрээгээр баталгаажуулж байгаа. Тухайн үед тухайн хөрөнгө эзэмшигчээс нөгөө эзэмшигчид шилжсэн талаар тодруулахгүй. Тухайн үедээ эзэмшигч нь хэн байна вэ? гэдгийг тодруулдаг. Авто тээврийн газар нь улсын байгууллага. Тэр байгуулага нь тодорхой эрх зүйн акт, хууль дүрмийн дагуу шилжүүлсэн байна гэж үзэж байна. Бид нар тэрийг шилжүүлдэггүй учраас анхан шатны баримтыг үндэслэдэг. Хэрвээ асуудлыг шалгаад гаргаад ирсэн бол банк тухайн хүний зээлийг хязгаарлах боломж байсан гэв.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан  Г.Баярааг 07-78 ГАА улсын дугаартай NORTHBENZ маркийн автомашин болон түүний чиргүүлийн тал хувийг дундаа хэсгээр хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.2, 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан  автомашин болон чиргүүлийн  оногдох хэсэг 15.000.000 төгрөг, үр шим болох 10.000.000 төгрөгийг  Ж.Золзаяагаас  гаргуулан Г.Баяраад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  нийт 478.150 төгрөгөөс  478.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын орлогоос 50 төгрөг,  Ж.Золзаяагаас 478.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгох шийдвэр гаргажээ.  

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай магадлал гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бүртгэлтэй холбоотой асуудлаар талууд маргаагүй. Мөн Иргэний хуульд тухайн хүн нас барсаны дараа өв нээгддэг, хэрвээ Ж.Золзаяад өвлөх эрх үүсээгүй бол яах гэж хашаандаа байлгаж байлгаж, хөөцөлдөж үр ашиг болох 20 сая төгрөгийг авсан нь ойлгомжгүй байна. Мөн Хас банктай зээлийн гэрээ надад мэдэгдэлгүйгээр миний чиргүүлийг барьцаанд тавьсан. Хэрвээ үнэхээр эрх нь үүсээгүй өв залгамжлаагүй бол хариуцагч яагаад үр ашгийг авч байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-т заалт Автотээврийн үндэсний төвийн газарт хамааралгүй болно. Учир нь Ж.Золзаяаг 2 жилийн өмнө дундын өмчийг банкны барьцаанд тавихдаа л хамтран эзэмшигч, үүрэг гүйцэтгэгч, эрх залгамжлагч болсон байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээгүй болно. Нэхэмжлэгч миний бие эзэмшигчийн нэр солигдсон тал дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Х.Мөнхбатын өмчлөлийн машин гэж шүүх дүгнээгүй. Уг бүртгэлийн талаар хариуцагч маргаагүй сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад бүртгэл хийсэн төрийг төлөөлсөн байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шаардлага байхгүй байсан гэж бодож байна. Би өвийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг автомашин болон чиргүүлийг дундын өмч гэдгээг тогтоолох шаардлага гаргасан. Гэтэл миний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр зэрэгцээ хэлбэрээр хамтран өмчлөгчөөр тогтоож буй нь ойлгомжгүй байдал үүсгэж шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Мөн ёс заншил мэдэхгүй нас бараад 3 хоноогүй байхад заргалдсан гэж доромжилж байгаад харамсаж байна. Учир нь явдал суудал дуусаагүй байхад банкнаас бичиг хийлгэж өөрийнхөө дансад хийлгэх гэж байхад мэдээж, олон удаа уулзья гэхэд ах, дүүгээ явуулдаг байсан учир аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Мөн 2015.12. сараас 2016.07-сар буюу зун тээвэрт гарах хүртлээ манай ахын хашаанд байж байгаад засвар хийгээд тээвэрт гарсан одоо ч чиргүүл нь байсаар байгаагаас үзэхэд машин миний хөрөнгө оролцоотой, мөн гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. Мөн 2015 онд миний ах Мөнхөөжав тээвэрлэлтийн хэлцлийг хийсэн бөгөөд Ли манай ах Мөнхөөжав руу утасдаж Золзаяаг хэлцэл хийгээгүй байж хөлсийг авах гээд байна, би хэлцэл хийсэн хүнд л өгнө гэсний дагуу намайг дуудсан. Ж.Золзаяатай уулзах гэтэл ах, дүүгээ явуулаад байсан учир тэр мөнгийг дансад хийж, шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон. Гэтэл хариуцагч нь Хас банктай бичиг хийж мөнгийг авсан. Миний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 89.1, 101.1, 518.1, 489.1.2, 108.8, 487.1, 106.1 заалтад хамааралтай гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Шүүхэд гаргасан Г.Баяраагийн нэхэмжлэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл /хх 2-ийн 81/ Г.Баяраа нь “...NORTBENZ 0778 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авч уг эд хөрөнгийн тал үнийг хариуцагчид төлөх...” эсхүл  “дурдсан тээврийн хэрэгслийн тал мөнгийг хариуцагчаас гаргуулах...” шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчаас мөнгө гаргуулсан, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Нэхэмжлэгч ийнхүү шаардахдаа “...NORTBENZ 0778 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х.Мөнхбат, Г.Баяраа бид нарын дундаа өмчлөх  хөрөнгө...” гэсэн агуулгатай үндэслэл заасан байхад шүүх уг нөхцөл байдлыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь  Ж.Золзаяагаас 10 сая төгрөг шаардахдаа “...тээврийн хөлс 20 сая төгрөгийг Цэнхэр өргөө ХХК-иас авах ёстой байсныг Ж.Золзаяа авсан...” гэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 25 дугаар зүйлийн 25.2.2, 115 дугаар зүйлийн 115.2-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх, улмаар хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх  боломжгүй гэж үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Г.Баяраагийн нэхэмжлэлийг тодруулж, шаардлага нь Ж.Золзаяад эсхүл Х.Мөнхбатын өвлөгчид холбоотой эсэхийг тогтоох нь ач холбогдолтой гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 478.100 төгрөгийг Г.Баяраад захирамжаар буцааж олгосугай. 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ