Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0004

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа би  Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явууулж буй  “Оргил дэлгэр” ХХК-иас Булган аймгийн Татварын хэлтэст холбогдох холбогдуулан гаргасан “Аж Ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хөнгөлөлтийг 2014 оны татварт эдлүүлэхийг Булган аймгийн татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Оргилдэлгэр ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани 2008 онд 382210.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийж услалтын системийг ашиглалтанд оруулсан.

      Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “ Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгө оруулсан бол уг хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэсний дагуу 38221.0 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх болсон. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг 2009 онд аймгийн Татварын хэлтэст гаргасан боловч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хууль хүчингүй болсон тул хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 2010 онд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад, хөрөнгө оруулалтыг татварт тайлагнаагүй зөрчилтэй гарсан тул 2010 онд хөрөнгө оруулалтыг аймгийн Татварын хэлтэст тайлагнаж, шалгуулснаар зөрчил арилгасан.

      Үүний дагуу Татварын Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтэст “ ... хууль хүчингүй болсон ч хуулийн хүчинтэй хугацаанд хөрөнгө оруулсан тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу татварын хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэсэн хүсэлт гаргасан.

     Татварын Ерөнхий газрын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/3075 тоот албан бичгээр “... хөнгөлөлт эдлүүлэх нь хуульд нийцэж байна.”  гэсэн хариу ирүүлсний дагуу 2009 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ноогдол болох 5662.1 мянган төгрөгийн хөнгөлөлтийг /эхний жилийн/ эдэлсэн. Уг албан бичиг нь манайд хуулбар хувь ирсэн бөгөөд үндсэн эх хувь нь аймгийн Татварын хэлтэст байгаа.

       Дараагийн жилүүдэд ашигтай ажиллаагүй. 2014 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 3997.7 сая төгрөгийн ногдол гарсан ба үүнийг ашигтай ажилласан 2 дахь жилийн хөнгөлөлтөд хамруулан хөнгөлөлт үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Татварын хэлтэст гаргасан боловч Татварын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/444 тоот албан бичгээр манай хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэх хариу ирүүлснийг зөвшөөрөхгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хөнгөлөлтийг Оргил дэлгэр ХХК-д эдлүүлэх акт гаргахыг Булган аймгийн Татварын хэлтэст даалгана уу” гэжээ.

       Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Оргил дэлгэр ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.5 дахь хэсэг нь 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсон бөгөөд Оргил дэлгэр ХХК нь дараагийн 3 жилд буюу 2010 оноос эхлэн хөнгөлөлт эдлэх эрх зүйн үндэслэлгүй болсон. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д энэ хуулийн 19.2-т заасан хөнгөлөлтийн дүн нь тухайн татварын жилд энэ хуулийн 17.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын дүнгээс их байвал илүү гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн 3 жилд шилжүүлэн хөнгөлнө” гэсэн тусгайлсан зохицуулалттай байсныг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын хуулиар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-19.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

      Түүнчлэн Татварын Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “ Татварын зөвхөн Улсын хурлын хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “ тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болно” гэж Улсын их хуралд эрх хэмжээнийхээ хүрээнд уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгосон.

“Оргил дэлгэр” ХХК нь 2008, 2011 онуудад нийт 21313,1 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн байна.

      Иймд тус нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... 2008 онд уг компани нь 492 сая 256,9 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой, 337 сая 812,4 мянган төгрөгийн зардалтай ажиллаж, ногдуулсан татвар нь 6 сая 672,1 мянган төгрөгийг татварт төлөхөөр тайлагнасан нь баримтаар нотлогдож байна. 2008 оны татварын өрийг 2010 онд Татварын ерөнхий газрын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/3075 тоот албан бичгийг үндэслэн хөнгөлөлт эдлүүлсэн.

       2009 онд 133 сая 658,1 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой, 243 сая 917,6 мянган төгрөгний зардалтай, 110 сая 259,5 мянган төгрөгийн алдагдалтай, 2010 онд 327 сая 439 мянган төгрөгийн орлоготой, 300 сая 675,7 мянган төгрөгийн зардалтай, 669,1 мянган төгрөг төлөхөөр тайлагнасан, 2011 онд 474 сая 977 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой, 362 сая 687,6 мянган төгрөгийн зардалтай ажиллаж 7 сая 965,9 мянган төгрөг төлөхөөр тайлагнасан бөгөөд тухайн ондоо 7 сая 965,9 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.

       Тус компани Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг, уг гомдол нь 2008-2009 оны санхүүгийн баримтад үзлэг хийж татварын байцаагчийн акт үйлдсэнийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөл хүлээн аваад татварын өр 2010 оны байдлаар 6 сая 672,1 мянган төгрөг байсныг бүртгэлтэй өрөөс хассан, өөрөөр хэлбэл уг өрийн хүчингүй болгож, 2008 оны хөрөнгө оруулалтын эдлэх ёстой хөнгөлөлтөөс эдлүүлсэн гэсэн үг юм.

      Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 6 сая 672,1 мянган төгрөгийн татварын өр бичигдсэн байсан атлаа тооцооллын товчоонд 2008 онд өр үүсгээгүй байгаагаас харахад тэр өрийн хэмжээгээр хөнгөлөлт эдлүүлсэн нь харагдаж байна.

       Татварын Ерөнхий газраас “Оргил дэлгэр” ХХК-нд 2008 оноос тэргүүлэх салбарт хөрөнгө оруулсан гэж үзээд хөнгөлөлтийг татварын хөөн хэлэлцэх хугацаа буюу 5 жилийн дотор эдлэх боломжтой гээд 2008 оноос эхлэн эдлүүлэхээр албан бичиг ирүүлснийг үндэслэн бид 2008, 2011 онд хөнгөлөлт эдлүүлсэн. 2008 онд аж ахуй нэгжийн орлогын албан татвараар ногдуулсан татвар нь 6 сая 672,1 мянган төгрөг болсныг 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тайлагнасан, үүнээс 1100000 төгрөгийг 2009 онд төлсөн,

       2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0400372 тоот актаар 2008 оны татварын дутуу төлөлт 5 сая 662,1 / 6672,1-1100,0=5662,1/ мянган төгрөг, 2009 онд төлсөн 1100000 төгрөгийг мөн хөнгөлөлтөнд хамруулаад 2010 оны тайлангаар ногдуулсан 669,1 мянган төгрөгийн ногдол илүү төлөлтөөрөө хаасан байна. өөрөөр хэлбэл 2008 онд 6672,1 мянган төгрөгний хөнгөлөлт эдэлсэн гэсэн үг.

      Хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн жилийн ногдуулсан татвараас илүү гарсан дүнг дараагийн ашигтай ажилласан 3 жилд хөнгөлөлт эдэлнэ гэсэн заалт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Энэ компани нь 2008 онд 6672,1 мянган төгрөгийн ашигтай ажилласан гэж үзсэн. 2010 онд ашигтай ажилласан учир 669,1 мянган төгрөгийн татвар ногдуулсан энэ хэмжээгээр нь хөнгөлөлт эдлүүлсэн. Хуулийн заалт хүчингүй болоогүй байсан бол 2014 онд мөн эдлэх боломжтой байсан. 2014 онд хөнгөлөлт эдлэхээр жилийн эцсийн тайландаа тухайн хуулийн заалт буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дээрээ хөнгөлөлт эдлэх дүнгээ тавьж тайлагнах ёстой байсан гэтэл тайландаа 00 гэж бичсэн байдаг. Журмаараа бол өмнө нь заавал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өгч ашигтай ажилласан жил жилдээ хөнгөлөлтөө эдлээд үлдсэнийг баталгаажуулаад явах ёстой. Гэтэл тус компаниас тийм ажиллагаа хийгдээгүй. Одоогийн байдлаар хөнгөлөлт эдлүүлэх тухай заалтууд нь 2009 онд хүчингүй болсон тул 2014 онд хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

        Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Оргил дэлгэр ХХК-ийн тус шүүхэд гаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т зааснаар эдлэх ёстой хөнгөлөлтийн үлдэгдлээс 2014 оны татварт хөнгөлөлт эдлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

       Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргил дэлгэр” ХХК нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хөнгөлөлтийг 2014 оны татварт эдлүүлэхийг Булган аймгийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс нь  гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичиж ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0001/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явуулдаг Оргил дэлгэр ХХК-иас Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан ““Аж Ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хөнгөлөлтийг 2014 оны татварт эдлүүлэхийг Булган аймгийн Татварын хэлтэст даалгах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0001/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн санд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Оргил дэлгэр” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг авахгүй гэснийг дурьдсугай.

       3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг тус тус дурьдсугай.

      4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА