Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0244

 

“Монголсат нэтворкс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөнтэнгис, өмгөөлөгч Т.Сайнбаяр, А.Мөнхтулга, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самданжамц, Б.Солонго нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Монголсат нэтворкс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрээр: ”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-ийн “Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/201804020 тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК шалгарсан болох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-тай гэрээ байгуулахгүй, тендерээс татгалзсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын эс үйлдэхүйг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Сансрын холбооны кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай тендерийн урилга хэлбэрээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөнтэнгис давж заалдах гомдолдоо: “ ... Манай компани банкнаас зээл авах шаардлагагүй учир өөрсдийн худалдан авсан одоогийн үйл ажиллагаа явуулж буй тоног төхөөрөмжөөрөө энэхүү тендерийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар манай хэрэглэгчийн төхөөрөмжийг худалдан авсан 30 гаруй мянган хэрэглэгчиддээ радио, телевизийн 80 гаруй сувгийг үнэ төлбөргүй үзүүлж байгаагаа гомдолдоо байнга дурдаж ирсэн.

        ... Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг үндсэн тоног төхөөрөмжүүд нь түрээсийн байранд буюу “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ийн Орбит дахь Наран станцад байрлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Учир нь тус газар нь тэжээлийн найдвартай эх үүсгүүрээр бүрэн хангагдсан, тоног төхөөрөмж байрлуулах зориулалт бүхий тоноглогдсон газар юм. Манай компани үйлчилгээний найдвартай байдлыг хангах үүднээс “МХС” ТӨК-тэй байгуулсан гэрээний хүрээнд хамтран ажиллаж байна. Тендерийн баримт бичигт түрээсийн байрны талаар мэдээлэл ирүүлэх гэж заагаагүй зүйлээ нэхээд байгааг нь ойлгохгүй байна.

        ... Манай компанийн тайланд тусгагдсан урт болон богино хугацааны өр төлбөр нь телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах тус үйлчилгээг хүргэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж болон хэрэглэгчийн төхөөрөмжийн дүн юм. Тус тоног төхөөрөмжүүд нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийнх бөгөөд гадаадаас импортоор худалдан авдаг юм.

        Тэдгээрийн тусламжтайгаар телевизийн 80 сувгийг дамжуулж байгаа ба 30 гаруй мянган хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж чадаж байгаа юм. Бид үйлчилгээнд ашиглаж буй үндсэн тоног төхөөрөмжүүдээ жагсаалт хэлбэрээр тендерийн баримт бичигтээ тусгасан бөгөөд түрээслэх тоног төхөөрөмж байхгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байгаа. Мөн одоо хэвийн дамжуулж байгаа өөрсдийн тоног төхөөрөмжөө бэлэн байгааг бид ямар ч эргэлзээгүйгээр баталж байгаа. Гэтэл үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдээ жагсаалтаар өгөөд байхад заавал бэлэн байлгах санал нэхээд байгаад эргэлзэж байна. Учир нь ХХМТГ нь зайлшгүй байх үндсэн тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компанид тендерийн урилгыг өгсөн байдаг. Манай компани 80 сувгаа одоо байгаа тоног төхөөрөмжөө ашиглан 100 суваг болгох ч хүчин чадалтай гэдгээ дээрх байгууллагад удаа дараа албан бичгээрээ мэдэгдэж байсан.

        PDF формат, JPEG формат хоёр нь адилхан зурган файл бөгөөд хоёулаа засвар оруулах боломжгүй байдаг. Дээрх форматаар ирүүлсэн СР нь зөвхөн хуулбар хувь юм. Энэ 2 формат бол чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Тэгээд ч Сангийн яам тендерийн материалыг шалгаж үзээд энэ бол зөрчил биш гэж шийдвэрлэсэн байгаа.

        Үнэлгээний хорооны 2018 оны 12 сарын 13 өдрийн Зөвлөмж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 12 дугаар сарын 13 өдрийн 1/1076 тоот “Мэдэгдэл” зэргийг Монгол Улсын Сангийн яам үндэслэлгүй гэж эцсийн шийдвэрээ гаргасан. Тийм ч учраас манай компани дээрх Зөвлөмж, мэдэгдэл зэрэгтэй маргаагүй. Эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь шийдвэрээ гаргачихаад байхад доод шатны байгууллага нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйд бид гомдоод байна.

        Сангийн яамны дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн шийдвэрийг бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар ойлгож байгаа.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэг. “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/201804020 дугаар хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК шалгарсан болохыг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-тай гэрээ байгуулахгүй тендерээс татгалзсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах” шаардлагын тухайд:

        Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/201804020 дугаар хязгаарлагдмал тендерт оролцсон “ДДэш ТВ” ХХК-ийн тендерийн материалыг тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хассанаас гадна тус газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1076 дугаар албан бичгээр Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4.(в)-д “Зайлшгүй байх үндсэн тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаанд нь бэлэн байлгах тухай санал (өөрийн эзэмшлийн, түрээслэх, хөлслөх г.м) ирүүлэх” гэснийг, 4.4.(д)-д “Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа эхний жилийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна” гэснийг, 8.2-т заасан “Тендерийн эх хувийн хуудсыг дугаарлаж, гарын үсэг зурж, баталгаажуулан үдэж, хавтаслан ирүүлнэ. Эх хувийн материалын баруун дээд өнцөгт дугаарлаж, товъёогжуулна. Товъёог, хуудасны дугаар тохирч байна. Тендерийн хуулбар хувийг электрон хэлбэрээр буюу “Пи Ди Эф” форматад хөрвүүлэн ирүүлнэ” гэж заасан шаардлагуудыг хангаагүй үндэслэлээр “Монголсат нэтворкс” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзжээ.

        “Монголсат нэтворкс” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу хянан үзээд Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаар албан бичгээр “Монголсат нэтворкс” ХХК-ийн тендерт ирүүлсэн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, дахин үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдэгджээ.

        Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдан[1] дахин үнэлгээ хийж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4.(д)-д заасан “ ... авах боломжтой зээл ...” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн “Монголсат нэтворкс” ХХК-ийн тендерээс дахин татгалзжээ.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор тус тус заасан бөгөөд тендерийн баримт бичиг нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/-д заасан шаардлага, бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд л шаардлагад нийцсэн тендер гэж үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч нь захиалагчаас боловсруулж гаргасан тендерийн баримт бичигт заасан бүхий л нөхцөл, шаардлагын дагуу тендерийн материалыг бүрдүүлж өгөх ёстой.

        Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ерөнхий шалгуур үзүүлэлт батлах тухай” 310 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавих ерөнхий шалгуур үзүүлэлт”-ийн 2-т “Газрын болон дахин дамжуулах станцыг өөрийн хөрөнгөөр иж бүрэн байгуулах, ашиглалт үйлчилгээ болон урсгал зардлыг хариуцах санхүүгийн чадвартай байх”-аар, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4.(д)-д “Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа эхний жилийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна” гэж тус тус заажээ.

        “Монголсат нэтворкс” ХХК тендерийн баримт бичигтээ “тус банкны зээлийн болон бусад холбогдох журмын шаардлага хангасан тохиолдолд 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгийн зээлийг судлах боломжтой” гэх Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/385 дугаар тодорхойлолт[2]-ыг ирүүлсэн, тухайн компанийн 2017 оны жилийн эцсийн аудитын тайланд урт хугацааны зээл 3 тэрбум, дансны өглөг 1.8 тэрбум төгрөг байгаа нь 2018 оны хагас жилийн байдлаар өсөж нэмэгдсэн, мөн 2018 оны хагас жилийн байдлаар 536 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэх тайлан зэргийг үндэслэн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4.(д)-д заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

        Энэ тохиолдолд хариуцагч Тендерийн үнэлгээний хороо “тус компани тендерт ялсан тохиолдолд тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлтээс шалтгаалж зээл олгох боломжгүй тохиолдолд телевизийн сувгуудыг дахин дамжуулах эрсдэл үүсэх магадлалтай, 2018 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2017 оны жилийн эцсийн аудит хийгдсэн санхүүгийн тайлангаас үр ашиггүй, алдагдалтай ажиллаж ирсэн, үндсэн хөрөнгийн мэдээлэл алдаатай” гэж үзсэн, улмаар хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/41 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/-д нийцжээ.

        Үүнээс гадна “Монголсат нэтворкс” ХХК тендерийн баримт бичгийн зургийг авч, “Жэй Пи И Жи” форматаар Си Динд хөрвүүлэн ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 8.2-т “Тендерийн эх хувийн хуудсыг дугаарлаж, гарын үсэг зурж, баталгаажуулан үдэж хавтаслан ирүүлнэ. Эх хувийн материалын баруун дээд өнцөгт дугаарлаж, товъёогжуулна. Товъёог, хуудасны дугаар тохирч байна. Тендерийн хуулбар хувийг электрон хэлбэрээр буюу “Пи Ди Эф” форматад хөрвүүлэн ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болно.

        Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Сангийн яам “тендерт “Монголсат нэтворкс” ХХК-ийн ирүүлсэн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүйг нэгэнт тогтоосон тул дахин үнэлгээ хийхдээ урьд нь татгалзсан болон нэмж өөр үндэслэлээр татгалзсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 /Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно/-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тохиолдолд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан захиалагчийн хүсэлтийг зөвшөөрсний үндсэн дээрх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгахаар заасан бөгөөд захиалагч уг хүсэлтийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаагүйгээс гадна Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсноор нэхэмжлэгчийг тендерт шалгарсан гэж үзэн гэрээ байгуулахыг даалгах боломжгүй болжээ.

        Хоёр. “Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, тендер зарласан ХХМТГ/201911001 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах“ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Нэгэнт тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 /шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй/-д зааснаар бүх тендерээс татгалзсан тохиолдолд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт “худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах” талаар хариуцагч Сангийн яам 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

        Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

 

 

 

 


[1] 1 дэх хавтсын 170-174 дэх тал

[2] 2 дахь хавтсын 162 дахь тал