Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0060

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны

газрын Кадастрын хэлтсийн дарга,

 Байгаль орчин, аялал жуулчлалын

 яаманд тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Х.Батсүрэн

                                          М.Батсуурь

                                           Д.Мөнхтуяа                                   

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага:Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0582 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 646 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0582 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 646 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлж улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүргийнхээ хүрээнд хэргийн оролцогчдын хүрээг тогтоох байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй болно. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 16.2.4-т “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

4. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 17.2.4-т “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу  уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан. Дээрх хуульд заасан эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлж ажиллуулах үүргийг хүлээдэг эрх бүхий субъект болохын хувьд дээр дурдсан эрх, үүргийнхээ дагуу хяналт шалгалтаа хийж хариуцагч байгууллагуудад, “санал”-аа ирүүлсэн байдаг.

5. Түүнчлэн сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчид нь орон нутгийн иргэдийн төлөөлөл болж иргэдийнхээ өмнөөс тэдний байр суурийг илэрхийлж, өөрсдийн амьдран сууж буй газар нутгаа унаган төрхөөр нь хамгаалж үлдэх, хамгаалах зорилгоор тогтоол гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж байхад анхан шатны шүүх орон нутгийн захиргааны байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээснээр нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гуравдагч этгээдийн тайлбарыг авалгүй, шууд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд л шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадсангүй. Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндсэн эх сурвалж нь нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн “тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал” байхад тухайн санал гарах болсон үндэслэлийг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн “үйл ажиллагаа явуулаагүй” гэдэг ганцхан тайлбараар байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэж үзэхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл/эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулаагүй  гэдэг ч энэ нь байгаль орчинд хортой нөлөөлөх эс үйлдэхүй болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзвэл анхан шатны шүүх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хяналт, шалгалтын байгууллага гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

7.  Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа, гаргасан зөрчлийг тогтоолгүйгээр орон нутгийн удирдлагуудаас ирсэн санал, хүсэлтийг үндэслэж “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэдэг үндэслэл заан нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл/эс үйлдэхүй/ хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулаагүй гэдэг ч энэ нь байгаль орчинд хортой нөлөөлөх эс үйлдэхүй болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

8. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг өгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хяналт, шалгалтын байгууллага мэтээр хуулийг буруу тайлбарласан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буюу  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

...Тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэр гарсан. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот албан бичиг, Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол, Гурванбулаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн тус аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-012500 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан байдаг.

10. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “М” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-012500 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан болно. Хариуцагч байгууллагын зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхийг шалгах эрхгүй бөгөөд улмаар Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу манай байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2 “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж тус тус заасны дагуу  сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа”, “байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, эсхүл “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэдгийг эрх бүхий этгээдээс бодитойгоор тогтоосон байхыг шаардаж байна.

13. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсэг нь дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, бодит байдал дээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа олборлолт, ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байхад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаар дүгнэлтээр “М” ХХК-ийн MV-012500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

14. Өөрөөр хэлбэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвхөн орон нутгийн удирдлагын байгууллагуудын санал, хүсэлт болох Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Э-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот албан бичиг, Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол, Гурванбулаг сумын III багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн “тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул “М” ХХК-ийн эзэмшиж буй MV-012500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй...” гэсэн маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаартай дүгнэлт гаргасан нь, мөн уг дүгнэлтийг үндэслэсэн маргаан бүхий акт болох хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 59 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу бодит байдалд нийцээгүй, хууль бус акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Мөн, шүүхүүдийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын тусгай хамгаалалттай Хөх нуурын ай сав орчмын газар нутагт хамаарах бөгөөд цэвэр усны нөөц, урсац бүрэлдэх эхэд тооцогдоно, мөнх цэвдгийн цөм, усны хагалбар газарт хамаарч байгаа” гэх маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон орон нутгийн захиргааны байгууллагуудын албан бичигт дурдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаагаас үзвэл, холбогдох аймаг, сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/ “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 10/ “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/ “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн хуульд заасан бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн, тодруулбал, нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасан, байгаль орчинд ямар хохирол учруулсан учраас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар санал явуулсан нь тодорхойгүй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4-т заасан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.  

16. Түүнчлэн, дээрх орон нутгийн удирдлагын байгууллагууд нь маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гуравдагч этгээд биш, харин захиргааны цуврал шийдвэр гаргасан этгээд буюу захиргааны байгууллага тул “орон нутгийн захиргааны байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон” гэх хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 5/ үндэслэлгүй.  

17. Маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан ерөнхий зохицуулалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

18. Иймд, “...шүүхүүд хуулийн дээрх заалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хяналт, шалгалтын байгууллага мэтээр буруу тайлбарласан, захиргааны байгууллагын санал гарах болсон үндэслэлийг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн “үйл ажиллагаа явуулаагүй” гэдэг ганцхан тайлбараар байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэж үзэхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй нь байгаль орчинд хортой нөлөөлөх эс үйлдэхүй болж байгааг үгүйсгэх аргагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

19. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу уг хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “...хариуцагч байгууллагын зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхийг шалгах эрхгүй, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу манай байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1  28.1.2-т заасны дагуу  сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-д заасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /түр орлон гүйцэтгэгчийн/ хяналтын гомдлыг хангах боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0582 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 646 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ Д.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ