Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00713

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          04           03                                        210/МА2023/00713

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03834 дугаар шийдвэртэй,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох,

Түрээсийн болон тээврийн хөлс, эвдэрсэн дутсан барааны төлбөрт 120,556,888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “С” ХХК нь “С” ХХК-тай 2019 оны 08 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр мөн өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 27 хоногийн хугацаанд барилгын ажилд шаардлагатай бараа материалыг 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон.

2019 оны 08 сарын 03-ны өдрөөс мөн оны 08 сарын 24-ний өдөр хүртэл барилгын ажилд шаардлагатай 821 ширхэг бараа материалыг 21 хоногийн хугацаанд түрээслүүлсэн төлбөр 3,647,400 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөгийн тооцоо гарснаас “С” ХХК нь түрээсийн төлбөр 3,647,400 төгрөг болон барьцаанд 2,000,000 төгрөгийг төлсөн.

Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 08 сарын 05-ны өдрөөс мөн оны 11 сарын 05-ны өдөр хүртэлх барилгын ажилд шаардлагатай 1141 ширхэг бараа материалыг 85-94 хоногийн хугацаанд түрээслүүлсэн төлбөр 21,114,390 төгрөгт эвдэрсэн 79 ширхэг барааны үнэ 907,500 төгрөг, тээврийн хөлс 1,000,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 23,021,890 төгрөгийн тооцоо гарсан.

“С" ХХК-ийн түрээсийн төлбөрт төлсөн 4,729,990 төгрөгийг уг тооцооноос хасч 18,291,900 төгрөгийн тооцоо гарсаныг “С”  ХХК хүлээн зөвшөөрч, тооцоо үлдэгдлийн баталгаанд гүйцэтгэх захирал Х.Батдорж гарын үсэг зурж баталгаажуулсан.

1.2. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 11  сарын 05-ны өдрөөс мөн оны 12 сарын 19-ний өдөр хүртэл барилгын ажилд шаардлагатай 443 ширхэг бараа материалыг 43-44 хоногийн хугацаанд түрээслүүлсэн төлбөр 3,840,100 төгрөгийн тооцоо гарсан.

Уг төлбөрт 2019 оны 08 сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн үлдэгдэл 18,291,900 төгрөгийг нэмж нийт 22,132,000 төгрөгийн тооцоо гарсан.

1.3. Түрээсийн үргэлжлэл 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл барилгын ажилд шаардлагатай 308 ширхэг бараа материалыг 378 хоногийн хугацаанд түрээслүүлсэн тул 23,887,710 төгрөгийн тооцоо гарсан.

Түрээсийн үргэлжлэл 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл барилгын ажилд шаардлагатай 308 ширхэг бараа материалыг 357 хоногийн хугацаанд түрээслүүлсэн түрээсийн төлбөр 22,560,615 төгрөгт өмнөх тооцооны үлдэгдэл 22,132,000 төгрөг, 23,887,710 төгрөгийг тус тус нэмж төлбөл зохих түрээсийн төлбөр 68,580,325 төгрөг болно.

Үүн дээр дутаасан 308 ширхэг барааны үнэ 13,704,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл 82,284,325 төгрөг болсноос барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хасч, 80,284,325 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулна.

1.4.  2019 оны 08 сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл 868 хоногийн алданги 348,433,971 төгрөг боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувиар тооцож алданги 40,142,163 төгрөгийг төлүүлнэ.

1.5. “С” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад 2020 оны 04 сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, дахин эрэн сурвалжлуулахад 2021 оны 08 сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөг нийт 140,400 төгрөгийн хохирол учирсан.

Иймд “С” ХХК-аас түрээсийн төлбөр, тээврийн хөлс, эвдэрсэн, дутсан, барааны үнэд нийт 80,284,325 төгрөг, алданги 40,142,163 төгрөг нийт 120,566,888 төгрөгийг гаргуулна гэжээ.   

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус компани нь “Э” ХХК-тай 2019 оны 07 сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, 2019 оны 07 сарын 30-ны өдөр урьдчилгаа 42,553,556 төгрөг манай компанийн дансанд орсон.

Ажил хийх 1 сарын хугацаанд байнга бороо орсны улмаас “Э” ХХК хугацаа хэтэрсэн гэж гэрээ цуцлах тухай яригдаж үндэслэлгүйгээр 17,000,000 төгрөг нэхэмжилж гэрээг цуцалсан тул манай талаас 2019 оны 08 сарын 30-ны өдөр мэдэгдэх албан бичиг хүргүүлсэн.

Арматурын нийлүүлэлт, бетоны нийлүүлэлт хоцрох, бороо орсны улмаас техник орохгүй, суурийн нүхэнд ус дүүрэх нөхцөл байдал үүссэн тул соруулах, шавар лагийг цэвэрлэх, хатаах, мөн суурийн цутгалт хийгдсэн ч будалт хийгдэхгүй хүлээгдэх зэрэг нөхцөл байдлын улмаас ажиллах хүч хомсдох, эцэст нь манай компаний гэрээтэй ажиллаж байсан бригадтай өөрсдөө дур мэдэн гэрээ хийж шийдвэр гаргасан.

Энэ асуудлын улмаас бидний ажиллаж байсан компаний өмч болох багаж тоног төхөөрөмж, ажилчдын 2 гэр, “Стандартформ” ХХК-аас түрээслэн авсан пум, булан, труба, сапуд гэх зүйлүүдийг хураан авсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд манай компани “С” ХХК-д төлөх төлбөргүй.

2.2. Барилгын хэв хашмал хийцийн түрээслүүлэгч “С” ХХК нь манай компаниас дур мэдэн хурааж авсан хэв хашмал дагалдах хэрэгслийг Э ХХК нь хариуцах ёстой.

 Тухайн үед манай компанийн ажилчдыг барилгын талбай руу нэвтрүүлэхгүй, “С” ХХК нь “Эй ” ХХК-ууд бидэнгүйгээр өөрсдийн хэв хашмалаа хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийг “Эй ” ХХК хариуцна.

2.3. 2021 оны түрээсийн гэрээ байгуулагдсан ба 2020-2021 онд талуудын хооронд ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй.

Харин 2019 онд түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Талууд тооцоо нийлээд түрээсийн гэрээ дуусгавар болсон. Нийт 308 ширхэг бараа дутаасан гэдэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Харин бараа материал бүрэн хүлээлгэж өгсөн талаар гэрчийн мэдүүлэг байдаг. 2019 оны 11 сарын 05-ны өдөр тооцоо нийлэхдээ бараа материал дутсан талаар яригдаагүй.

Эвдэрсэн бараа материалтын 907,500 төгрөгийг төлөх талаар маргахгүй ба түрээсийн төлбөрөөс 4,729,990 төгрөг төлж, 18,000,000  төгрөг үлдсэн.

Мөн тооцоо нийлэх үед алдангийн талаар талууд тохиролцоогүй тул алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татгалзал, тайлбарын агуулга:

3.1 “С” ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, тэдний эд зүйлсийг  барьцаалаагүй. Тухайн үед “С” ХХК-ийн тамга тэмдэгтэй эд зүйлсийг авна гээд хэлээд аваад явсан. Манай компани баримт үйлдээд өөрсдийн эд зүйлсийг авч явсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 31,338,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 89,228,488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 314,642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: 

5.1. Шүүх хэргийн нотлох баримтыг дутуу үнэлж, “Авлага өглөгийн товчоо” тооцоог бараа материалыг хүлээлгэн өгсөн зарлагын баримт, буцаан хүлээн авсан орлогын баримтуудтай тулгаж шалгалгүйгээр, үндэслэлгүйгээр буруу тооцож тооцооллын алдаа гаргаж 89,228,488 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.2. “С” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2019 оны 08 сарын 03-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 1.3-д “...гэрээг цуцлах талаар аль нэг тал нь бичгээр санал гаргаагүй нөхцөлд гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдахаар, түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн хугацаа дуусгавар болно” гэсний дагуу “Авлага өглөгийн товчоо” тооцоог үйлдсэн. 

“С” ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн орлогийн баримтаар 135 ширхэг барааг буцааж өгсөн, 443 ширхэг бараа материалаас 135 ширхэг бараа буцаан өгч 308 ширхэг бараа үлдсэн.

2019 оны 11 сарын 05-ны өдрөөс мөн оны 12 сарын 19-ны өдөр хүртэлх авлага өглөгийн товчооны тооцоогоор 3 метрийн трубанаас 25+2+4=31 труба авсанаас 2019 оны 12 сарын 18-ны өдрийн орлогын баримтаар 3 метрийн труба 25 ширхэгийг буцаан хүлээлгэн өгч 6 ширхэг трбуа дутаасан.

Мөн тооцоогоор 2 метрийн трубанаас 12 ширхэгийг авч буцаан 15 ширхэг буюу 3 ширхэг 2 метрийн труба илүү өгсөн. Тухайн илүү өгсөн 2 метрийн 3 ширхэг трубааг 2 ширхэг 3 метрийн трубаагаар дүйцүүлэн тооцож дутаасан 6 ширхэг 3 метрийн трубанаас 2 ширхэгийг хасч 3 метрийн трубанаас 4 ширхэг дутагдуулсан нийт үлдэгдэл бараа материал болох 443 ширхэг бараанаас буцаан өгсөн 135 ширхэг барааг хасч түрээсийн 308 ширхэг бараа материал үлдсэн тооцоог орхигдуулсан.

Үүнээс үндэслэн түрээсийн үргэлжлэл тооцоо болох 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 308 ширхэг бараа материалыг 378 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр тооцож түрээсэлсэн нийт 23,887,710 төгрөгт 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны тооцоогоор 308 ширхэг бараа материалыг 357 хоногийн хугацаанд тооцож нийт 22,560,615 төгрөгийг нэмж нийт 46,448,325 төгрөгийг түрээсийн төлбөрөөс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болсон.

5.3 Түрээсийн “Авлага өглөгийн товчоо” тооцоонд буцаан хүлээлгэж өгсөн орлогын баримтын он сар өдрөөр түрээсийн тооцоо дуусгавар болж хүлээлгэн өгсөн орлогын баримтгүй бараа материал нь үлдэгдэл буюу дутаасан бараа материалаар тооцогдож явдаг. Түрээсийн үлдэгдэл бараа материалаа буцаан өгөөгүй нөхцөлд тодорхой хугацаанд түрээс тооцож, түрээсийн тооцоог дуусгавар болгохдоо тухайн бараа материалыг дутаасан бараанд тооцдог.

Шүүх дутаасан бараа материалын тооцоог үндэслэлгүйгээр гэрээний хавсралт 1-д заасан “С” ХХК-ийн эд хөрөнгө түрээслэх болон дутагдуулсан хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалтын хэмжээ төрлийг заасан жагсаалтыг дутаасан барааны тооцоотой андуурч тооцон үндэслэлгүйгээр 13,704,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

5.4 “С” нь “авлага өглөгийн товчоо” тооцоогоор “С” ХХК-аас нийт 68,580,325 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр дутаасан 308 ширхэг барааны үнэ 13,704,000 төгрөгийг нэмж нийт 82,284,325 төгрөгөөс барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хасч нийт 80,284,325 төгрөг дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн болох 80,284,325 төгрөгний 50 хувь болох алданги 40,142,262 төгрөгийг нэмж нийт 120,426,488 төгрөгийг гаргуулан авах үндэслэлтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 89,228,488 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний улмаас улсын тэмдэгтийн хураамж буруу тооцогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “С” “С”ХХК-аас түрээсийн төлбөр 120,566,888 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ. 

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд үүссэн төлбөр, тооцоотой холбоотой маргааныг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой зааж өгсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсэгт 308 ширхэг бараа бүтээгдэхүүн дутсан гэх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, 13,704,000 төгрөгийн бараа материалын шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь түрээсийн гэрээ дуусгавар болсон талаарх асуудал яригддаг. Нийт 443 ширхэг бараа материал дутсанаас 135 ширхэг ямар бараа материал авсныг нь тодруулаагүй байна. Тухайн 308 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эй Жи Жи Эс ХХК-иас бараа материалыг хүлээж авсан бөгөөд уг байгууллагад бараа бүтээгдэхүүн байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Уг 443 ширхэг бараа материалтай холбоотой асуудал нь Сайрын шовх ХХК-ийн хариуцах асуудал биш байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

2.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан түрээсийн болон тээврийн хөлс, эвдэрсэн дутсан барааны төлбөрт 120,556,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 8 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэг тал нь барилгын бараа материалыг 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 27 хоногийн хугацаатай түрээслүүлэх, нөгөө тал нь түрээслүүлсэн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр төлөхөөр, мөн гэрээний 1 дүгээр хавсралтаар зохигчид түрээсэлж буй барилгын бараа материалын нэгжийн үнийг тохиролцсон байна.

 

3а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд барилгын хэв хашмал дагалдах хэрэгсэл, труба зэрэг нийт 1141 ширхэг барилгын бараа материалыг хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн 97-100 дугаар тал дахь зарлагын баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

4.а. Дээрх бараа материалыг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгснөөс хойш талууд 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 821 ширхэг барилгын бараа материалын  түрээсийн төлбөр 3,647,490 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг нийт 5,647,490 төгрөг гэсэн тооцооны баримт үйлдэж “С” ХХК-ийн эрх бүхий этгээд  зөвшөөрч гарын үсэг зурсан.

 

Үүний дараа зохигчид 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлж 18,291,900 төгрөгийн түрээсийн төлбөр болон 443 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдэж “С” ХХК-ийн захирал Х.Б баталгаажуулж гарын үсэг зурсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

 

Хэргийн 97-100 дугаар талд авагдсан  зарлагын баримтаас үзвэл 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд “С” ХХК нь “Сайрын шовх” ХХК-д 1141 ширхэг барилгын бараа материал хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Дээрх барилгын бараа материалыг “Сайрын шовх” ХХК нь “Эй Ж ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлын талбайд ашиглаж байхдаа талуудын хооронд маргаан гарснаар уг талбайд үлдээсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд  “Эй “ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогджээ.

 

Гуравдагч этгээд “Эй ХХК нь барилгын талбайд үлдээсэн “С” ХХК-ийн бүх бараа материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх тайлбар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 701 ширхэг бараа хүлээлгэн өгсөн орлогын баримт, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135 ширхэг бараа хүлээлгэн өгсөн орлогын баримтаар тогтоогдсон байна. /хх-101-103 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид бараа материалыг бүрэн хүлээлгэн өгсөн, 308 ширхэгийг                                 дутаагаагүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон дээрх тооцоо нийлсэн баримт, орлого зарлагын баримтуудыг үндэслэж 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт хариуцагчаас нийт 22,132,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг  2019 оны 08 сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл хугацааны 22,132,000 төгрөгийн түрээсийн төлбөр хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 11,066,000 төгрөг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийн хамт нийт 31,338,400 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд энэ талаар зохигчид гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтыг үндэслэн дээрх алдааг залруулан дүгнэлт хийх боломжтой тул шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

5а. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан.

 

5б. Нэхэмжлэгч нь барилгын ажилд шаардлагатай 308 ширхэг бараа материалыг түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгснийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй байна.

 

5.в. Энэ тохиолдолд хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан өгөөгүй 308 ширхэг барилгын бараа материалыг 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн хэмжээгээр  хохиролд тооцож 20,015,381 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Учир нь Монгол улсад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үйлчлэх хугацаа дуусгавар болжээ. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд Монгол Улсад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоож нийтэд хандсан үйлчилгээний үйл ажиллагаа зогссон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ хугацаагаар тооцож Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хохиролд 20,015,381 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

6. Түүнчлэн, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө мөн талуудын байгуулсан гэрээний 3.7-д гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслүүлэгчид хугацаанд чанар байдлыг доголдолгүй бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

6.а.Талуудын байгуулсан гэрээний 4.1-д түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд түрээслүүлэгчид үнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлж хохирлыг барагдуулна гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээний хавсралт 1-д заасан үнээр нэмэгдүүлэлгүйгээр нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч 308 ширхэг бараа материалыг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй тул хариуцагчаас 308 ширхэг бараа материалын үнэд 13,704,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

7. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч “С” ХХК-аас анхан шатны шүүхээс хангасан 31,338,400 төгрөг, хохирол 20,015,381 төгрөг, дутсан барааны үнэ 13,704,000 төгрөг, нийт 65,057,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/03834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...31,338,400 төгрөг... гэснийг ...65,057,781 төгрөг... гэж, ...89,228,488 төгрөгийн... гэснийг ...55,509,107 төгрөгийн... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...314,642 төгрөг... гэснийг ...483,239 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 10-ны өдөр төлсөн 760,734 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ