Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Энхчимэг,  

улсын яллагч Ш.Алтанцэцэг,  

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Б-ийн  О т холбогдох эрүүгийн 1810024710824 дугаартай, 187/2018/0592/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, .................... мэргэжилтэй, .................. ам бүл ...............хамт, ......дүүргийн ..... дугаар хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О  овогт Б-ийн  О  /РД:......................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Өргөө” хотхоны 23а байрны 10 тоотод хардалтын улмаас маргалдан М.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Өргөөхотхоны 23а байрны 10 тоотод хардалтын улмаас маргалдан М.Х-г гуя, гарыг нь чимхэж, цохиж, газарт түлхэн унагааж, хацар луу нь хэд хэдэн удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Б.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би гадаад айлд хүүхэд асрагч ажилтай. 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой оройтчихоод тэр айлдаа хонох болсон. Тэгээд унтахдаа гар утасныхаа дууг хаасан байсан чинь шөнө 01 цагаас өглөөний 07 цаг хүртэл үерхдэг залуу О  30-40 удаа залгасан байсан. Өглөө 07 гэж сэрээд утсаа хартал О  залгаж байхаар нь утсаа аваад ярьсан чинь О  согтуу байсан...Чи одоо согтуу байна, одоо унтаарай, би ярих завгүй байна, өдөр яръя гэсэн. За би одоо унтлаа би өдөр наана чинь яваад очъё надад чамд өгөх юм том бэлэг байна гэж хэлсэн. За гэсэн чинь айлын гэрийн хаягийг асуухаар нь би хэлж өгсөн. Удалгүй айлын хүмүүс явсаны дараа 20 орчим минутын дараа хаалга тогшихоор нь дурангаар харсан чинь О  зогсож байхаар нь хаалга онгойлгож өгөөд оруулсан. Тэгээд би юу хийж яваа юм, ийм согтуу яах гэж энд ирсэн юм, эгчийндээ байна гэж хэлсэн биздээ гэсэн чинь би орж болох уу гээд гутлаа тайлаад том өрөө рүү ороод буйдан дээр суусан. Айлын 8 сартай бага хүүхэд О ыг хараад уйлахаар нь би хүүхдийг нь тэврээд О ын хажууд хэсэг зогсож байсан чинь намайг хажууд ирээд суучих гэхээр нь би хажууд нь очоод суусан. Надаас чи надад хайртай юу? гэж асуухаар нь би тиймээ гэж хариулсан. Чи надаа хайртай чинь энэ юм уу гэж хэлээд утсан дээрээ скрин шот хийсэн миний өөр хүнтэй чаталсан чатыг харуулсан. Тэрэн дээр нь Идэрбат гээд эрэгтэй найзтайгаа чаталсан чат, чатны өнгө нь ягаан өнгөтэй, эможи нь үнсэж байгаа зурагтай, юу хийж байгаа юм, зах хэдээс хаадаг вэ?, хэзээ ажлаа тараад харих вэ, гэсэн асуултанд хариулсан чат байсан. Тэрийг хараад бид хоёрыг хардсан байна лээ...Тэгээд О  миний утсыг оролдож байгаад нөгөө Идэрбаатар гэх найз руу чат бичээд эхлэхээр нь би утсаа авах гэж оролдож, хоорондоо булаацалдаж байгаа миний утас газарт унаад батерей нь салсан. 2 хүүхэд уйлаад байхаар нь 2 хүүхдийг аргадах гээд жижиг өрөө рүү орсон байхад миний утсыг асаагаад миний өмнөөс Идэрбаатар руу баахан чат бичсэн байсан. Хүрээд ир Одкоог явуулчихлаа, хоёулаа унтъя гэж бичсэн байсан. Би уурлаад утсаа авах гэсэн чинь энэ чинь хариу бичихгүй байна, чи өмөөрөөд байна, тийм болохоор та хоёр ноотой байна гээд би жижиг өрөөний орон дээр хүүхэд тэврээд сууж байсан чинь уурлаад намайг орноос түлхэж газар унагаасан. Би жоохон хүүхэд байна, битгий ингээд бай хүүхэд гэмтээлээ гэсэн чинь тоохгүй хана руу түлхэж биеэрээ шахсан, миний гарыг мушгиж алгадсан. Би хүүхдээ тэврээд том өрөө рүү ороход араас ирээд уурлаад нөгөөдөхийнхөө дугаарыг өг, дууд гээд намайг цохиод байсан. Миний зүүн мөрнөөс хазсан. Би дугаарыг нь өгөхгүй байсан чинь жижиг буйдан дээр түлхэж суулгаад миний хоёр гарын булчин, гуяны дотор талыг хумсалж чанга чимхээд байсан. Энэ үед аймар өвдөөд уйлсан чинь чи юундаа уйлаад байгаа юм, бантсандаа уйлаад байгаа юм уу, хямдхан хүүхэн минь, чи намайг хуурсан биз дээ гээд дахиад чимхэхээр нь Идэрбаатарын дугаарыг хэлж өгсөн. Чи дугаарыг мэддэг юм байна гээд улам чанга чимхээд алгадаад байсан. Миний гар утаснаас залгах гэсэн чинь миний гар утсыг унагаахдаа сим нь байхгүй залгаж болохгүй байсан. Чи өөрийнхөө дугаараас залгаач гэсэн чинь нэгжгүй гэж уурлаад миний утсыг голоор нь хугалж шал руу шидсэн...Тэгээд гэрээ цэвэрлээд 2 цагийн үед О ыг дуудсан чинь сэрэхгүй болохоор нь утсыг нь авч байгаад ажилладаг газрынх нь хамаатаны ах руу нь залгаад дүү чинь энд тасраад унасан байна. Би айлын хүн ирэх гээд байна гэсэн чинь эргээд яръя гэж хэлээд 20 минутын дараа эргэж залгаад хаяг заалгаад О ын хүргэн ах нь нэг ахтай ирээд О ыг аваад явсан. Ах нь миний царайг харчихаад юу болсон гэхээр нь дүүгээсээ асуу наадахаа хурдан аваад яв гэж хэлсэн...Тэгээд манай аав юу болсон гэхээр нь юу болсон талаар хэлэхэд цагдаад дуудлага өгсөн...Хоёр хацар руу хэд хэдэн удаа алгадаж, гар, гуянд дотор чанга чимхсэн, түлхэж газарт олон удаа унагаасан, зүүн мөрөнд хазсан. Толгой өвдөж байсан /сар гарангийн өмнө машины осолд ороод эмчилгээ хийлгэж байсан юм/, нүүр хөхөрч хавдсан, зүүн мөр өвдөж байсан, гар гуяны чимхсэн хэсэг хөхөрсөн, хувцас үрэгдэхээр хорсож өвдөж байсан...комьютер зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт 8000 төгрөг, зураг угаалгасан 5000 төгрөг нийт 133.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гар утсаа төлүүлмээр байна. Сэтгэл санааны хохирол, нүүр хавдсан болохоор 2 хоног ажилдаа явж чадаагүй хугацааны цалин 84.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/

            3. Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн ах Дашка ах руу нэг охин О ыг согтуу унтсан байна ирээд авчих гэж утсаар ярьсан гэсэн. Тэгээд Дашка ах завгүй байна, чи очоод авчих гэж хэлэхээр нь би О ын утас руу залгасан чинь Хулан гэх охин аваад байгаа газрынхаа хаягийг зааж өгөөд би Шинэ өглөө хотхонд очсон. Тэгээд ортол О  том өрөөний буйдан унтаж байхаар нь О ыг сэрээгээд аваад гараад Дашка ахынд хүргэж өгөөд явсан..Би айлд хүүхэд хардаг юм гэрийнх нь хүмүүс ирэх гээд байна. О  унтчихаад сэрэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/   

             4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны үеэр Хулан руу утсаар залгахад Хулангийн хоолой нь урьдныхаасаа арай өөр, уйлсан ч юм шиг өөр байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь “Одко хүүхэд хардаг айлд нь хүмүүсийг нь явахыг нь хүлээж байгаад орж өөрийг нь зодсон” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь уулзъя гээд очтол Хулан гэртээ ганцаараа байсан. Дараа нь ах нь орж ирсэн. Хулан гэртээ майк өмссөн байсан. Тухайн үед Хулангийн нүд нь хөхөрсөн, зүүн мөрний ард хэсэгт шүдний мөр гарсан байдалтай хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/  

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12524/-ний дүгнэлт:

            -М.Х-н биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн мөр, баруун гуяны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун шуу, шарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 32/

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 15-17/

            7. Шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би зүүн хацар луу нь алгадсан, бугуй, тохой, гар хөлнөөс нь базаж татсанаас болж эдгээр гэмтэл нь учирсан байх....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25, 41-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12524/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Өргөө” хотхоны 23а байрны 10 тоотод хардалтын улмаас маргалдан М.Х-г гуя, гарыг нь чимхэж, цохиж, газарт түлхэн унагааж, хацар луу нь хэд хэдэн удаа алгадаж түүний биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн мөр, баруун гуяны цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун шуу, шарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.О ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-62/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.     

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О  овогт Б-н О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Б-ийн  О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Б.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.О т сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР