| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0586/Э |
| Дугаар | 593 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц З-д холбогдох эрүүгийн 11810000380753 дугаартай, 187/2018/0586/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын .......-ны өдөр ......... суманд төрсөн, ..... настай, ........ боловсролтой, мэргэжилгүй, ........, ам бүл ......, ......дүүргийн...... дугаар хороо, ..... тоотод оршин суух, урьд ............ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Х овогт Ц Зоригоо /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 20б-27а тоотод оршин суух гэрт нь хохирогч П.Н зүүн гарын булчинд нь хутгалж түүний эрүүл мэндэд зүүн гарын шуунд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч шүүгдэгч Ц.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 20б-27а тоотод оршин суух гэрт нь хохирогч П.Н “чи одоо ядаж эрүүл ирэхэд яадаг юм бэ, би Говь-Алтайд том явсан хүн шүү” гэж хэлэхэд нь “үхсэн баас таны том явдаг гэж хаана байдаг юм” гэж хэлэн түүний зүүн гарын булчинд нь хутгалсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ажлаасаа буугаад байж байхад Н ах чи хаана байна, миний даралт ихсээд гэрт байна. Намайг ирээд хэдэн хоног хараадах гэхээр нь дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво аваад очиход хоол хийсэн байсан. Би мах идэж сууж байхад чи яагаад архи уугаад ирж байгаа юм бэ, би Говь-Алтайд том байсан шүү гэхээр нь таны том байсан гэж хаана юу байсан юм бэ, үхсэн баас гэхээр нь над руу босоод өндийгөөд ирэхээр нь би цаашаа болооч гээд хутгатай гараараа түлхсэн. Тэгэхэд гар нь зүсэгдсэн байсан. Би гарын цусыг нь тогтоох гэж боосон. Тэгж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....архи, пиво хувааж ууж байхдаа Зоригоо хутгаар чанасан махнаас огтлоод сууж байхаар нь “чи одоо ядаж эрүүл ирэхэд яадаг юм бэ, би Говь-Алтайд том явсан хүн шүү” гэж хэлэхэд “Зоригоо үхсэн баас таны том явдаг гэж хаана байдаг юм” гэхээр нь би Зоригоо руу ойртоод тэвэрч авах гэтэл хутгатай гараараа миний гарны дотор талын булчин хэсэгт хутгаар хатгасан. Тэгээд миний зүүн гарын дотор талаас маш их цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
3. Хохирогч Н.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав Н нь даралт нь ихдээд байнга эм уудаг байсан...манай гэрт байж байхдаа даралт нь ихдээд түргэнээр эмнэлэгт очоод харвалтын улмаас нас барсан...аав Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 20б-27а тоотод байх гэртээ Зоригоо ахтай маргалдаад бие биенийгээ үгээр идэж байгаад Зоригоо ах руу дайрахад Зоригоо ах цаашлуулах гэж түлхтэл мах идэж байсан хутгаараа аавын гарыг гэмтээсэн гэж аав хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№613/-ний дүгнэлт:
-П.Н ын биед зүүн шуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 15-17/
6. Шүүгдэгч Ц.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “......гэрт нь очтол Н ганцаараа архи уучихсан хоол хийчихсэн байсан. Тэгээд би бас 1 шил архи, пиво авч очоод хоол идээд чанасан махнаас нь идээд сууж байтал чи эрүүл ирэхэд яадаг юм бэ, би Говь-Алтайд том явсан хүн шүү гэж хэлээд байхаар нь би үхсэн таны том гэж юу байхав, үхсэн баас гэж хэлэхэд Нямаа ах босож ирээд миний цээж хэсгээс бариад авахаар нь би хутгатай гараараа Н ахыг хажуу тийш нь ор руу түлхэн унагаасан. Тэгээд Н ах босож ирэхэд зүүн гарын булчин хэсгээс нь цус гарахаар нь би гартаа байсан хутгаараа хутгалчихсан байна гэдгийг мэдээд цусыг нь тогтоох гэж боочихоод 103 дуудаж үзүүлсэн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.З нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55, 58-59/-аар тогтоогдож байх тул ялгүй болох хугацаа дуусч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№613/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ц.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 20б-27а тоотод оршин суух гэрт нь хохирогч П.Н “чи одоо ядаж эрүүл ирэхэд яадаг юм бэ, би Говь-Алтайд том явсан хүн шүү” гэж хэлэхэд нь “үхсэн баас таны том явдаг гэж хаана байдаг юм” гэж хэлэн түүний зүүн гарын булчинд нь хутгалж, түүний биед зүүн шуунд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.З-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, прокурорын сонсгосон ял /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/-ыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” /хх-71/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ц.З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.З-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ц З-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.З-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ц.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.З-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР