Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,  

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Ш-ийн  А-т холбогдох эрүүгийн 1810006560616 дугаартай, 187/2018/0581/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ................ өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, ............. мэргэжилтэй, ам бүл .............. хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ө  овогт Ш-ийн  А /РД:............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шувууны аж ахуй эрхэлдэг “Угтуул алтай” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан 50 хайрцаг буюу 18.000 ширхэг өндөг борлуулахаар авч гараад 923.400 төгөрөгийн тооцоог хийгээгүй завшиж, өмнөх тооцооны үлдэгдэлтэйгээ нийлээд 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шувууны аж ахуй эрхэлдэг Угтуул алтай ХХК-ний борлуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан 50 хайрцаг буюу 18.000 ширхэг өндөг борлуулахаар авч гараад 923.400 төгөрөгийн тооцоог хийгээгүй завшиж, өмнөх тооцооны үлдэгдэлтэйгээ нийлээд 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ш.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”…Ш.А нь манай компанид 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөгний борлуулагч, жолоочоор ажилд орсон. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр ирээд 50 хайрцаг буюу 18000 ширхэг өндөг аваад гарсан, өдрийн борлуулалтын орлогоо оройд нь миний хувийн данс руу хийх ёстой байдаг бөгөөд тухайн өдөр миний данс руу орлогын мөнгө хийгээгүй, өдрөөс хойш утас нь холбогдохгүй байсан. Маргааш өдөр эхнэр рүү нь утсаар ярьсан чинь гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн, цагдаагийн хэлтэс дээр болсон асуудлыг бичиж өгчихөөд байж байтал орой эхнэр нь залгаад Ахүнээр машин бариулаад согтуу ирлээ гэхээр нь машинд нь падаан, өндөг байна уу хар гэхэд хэдэн ширхэг падаан, 540 ширхэг өндөг байна гэж хэлсэн. Би ирж аваад 44-68 УБЕ улсын дугартай Тоёота Хайс загварын машиныг хүнээр бариулаад аваад явсан. Аманайд ажиллах хугацаандаа нийт борлуулалтаас 2017 оны 12 сараас 2018 оны 03 дугаар сарын 06-ны хооронд 772.600 төгрөгийн тооцоотой байсан. Үүн дээр 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тооцоог нэмээд 1.696.000 төгрөг болно, үүнээс аваагүй байсан 358.000 төгрөгийн цалинг хасаад одоо 1.338.000 төгрөг төлөх ёстой...Би Анхбаяраас тооцоогоо бүрэн авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…”/хх-ийн 15-17/

            3. Яллагдагч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Отгонсүрэнгийн гаргасан тооцоо үнэн бодитой, би гаргаж өгсөн жагсаалт, тооцоог хүлээн зөвшөөрч байна..би хохирлоо төлсөн, би нарийн тооцоо хийгээгүй юм чинь Отгонсүрэн эгчийн тооцоог хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ш.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ш.А нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шувууны аж ахуй эрхэлдэг “Угтуул алтай” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан 50 хайрцаг буюу 18.000 ширхэг өндөг борлуулахаар авч гараад 923.400 төгөрөгийн тооцоог хийгээгүй завшиж, өмнөх тооцооны үлдэгдэлтэйгээ нийлээд 1.696.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ш.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Ш.А нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, түүний хувийн байдал /...28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зохимжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч Ш.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.   

            Ш.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ө  овогт Ш-ийн  А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө  овогт Ш-ийн  А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

            3. Ш.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР