Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,       

насанд хүрээгүй хохирогч М.Х , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал,

шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

гэрч Э.Р нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт холбогдох эрүүгийн 1810019940570 дугаартай, 187/2018/0550/Э индекстэй хэргийг Б  Ч-т 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, ....оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ....... эцэг, эхийн хамт, Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо ........ тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....................... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...............тэнсэж хянан харгалзсан, С овогт Б-ын Ч  /РД:..................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ч  нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 2 дугаар автобусны буудалд иргэн /18 насанд хүрээгүй/ М.Х“Самсунг Эс-6” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ч  нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 2 дугаар автобусны буудалд иргэн /18 насанд хүрээгүй/ М.Х утсаа өг гэж байна өгөхгүй бол зодож байгаад авчихна, чи гэмтэхийг хүсэхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд нь айсандаа Самсунг-Эс 6 загварын цагаан өнгөтэй утсаа өгсөн болох нь:  

1. Шүүгдэгч Б.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М.Х  гэдэг дүүтэйгээ тааралдсан. Тэгээд би мөнгө байна уу, мөнгө байвал зээлчихээч гэхэд байхгүй гэсэн. Нэлээн юм ярьж зогсож байгаад утсаа өгөөд ломбарданд тавиад ахдаа хэдэн төгрөг зээлдүүлчих гэхэд болохгүй шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би за за гээд явж байтал араас за ахаа, би утсаа ломбарданд өгөөд мөнгө зээлье гэсэн. Тэгээд бид хоёр эцсийн буудал явж ломбарданд ороход бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн болохоор 2 давхарын шатаар бууж байхад гэрч Х.Бямбадоржтой тааралдаж утсыг үзүүлэхэд манай нэг найз утас сонирхож байсан, үзүүлье гээд дагуулаад явсан. Тэгээд нөгөө найз гэх Э.Рэнчинванжилд утсыг үзүүлэхэд гайгүй утас юм байна, 140.000 төгрөгөөр авья. Ямар нэгэн асуудалгүй биз дээ гэхэд би утасны эзэн нь энэ байна, асуудалгүй гээд М.Х зааж тохиролцсоны үндсэн дээр гар утсыг зарсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Насанд хүрээгүй хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бороотой байсан болохоор би ажлаасаа хариад алхаж байсан. 2 дугаар буудлын тэнд манай эгчийн шар дэлгүүр байдаг ба Баяраа ах дуудсан. Тэгээд очиход ахдаа архи аваад өг гэхээр нь би дэлгүүр ороход манай эгчийн нөхөр сууж байсан. Тэгээд би юу гэж ахаасаа архи зээлдэг юм гээд гараад явсан. Өмнө нь Баяраа ах хүүхдүүдийн утсыг нь авч байсан гэж сонссон болохоор би утсаа нуух гэж байхад харчихсан. Тэгээд ахдаа утсаа өгчих гэхээр нь би болохгүй шүү дээ гэхэд тэгвэл утсаар яриулчих гэж аваад миний утсыг бариад яваад байсан. Би нэгжгүй гэсэн боловч буцааж өгөхгүй яваад байсан. Тэгээд 2 дугаар буудлаас эцсийн буудал руу яваад ломбарданд ороход бичиг баримтгүй, согтуу хүнд үйлчлэхгүй гээд гаргасан. Тэгэхэд шатан дээр өндөр ахад миний утсыг өгсөн. Би болохгүй шүү дээ, миний гар утас гэхэд чи наанаа зогсож бай гэсэн. Тэгээд миний гар утсыг 140.000 төгрөгөөр зараад надад 20.000 төгрөг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Насанд хүрээгүй хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Баяраа ах тэрийг харчихаад утсаа гаргаад ир гэж хэлээд миний Самсунг-Эс 6 загварын цагаан өнгөтэй утсыг аваад гэр болон сим картыг салгаад утсыг унтраагаад өөрөө авчихсан. Мөн би утсаа өгөхгүй хэсэг өөр дээрээ байлгаж байтал Баяраа ах зүгээр өг гэж байна өгөхгүй бол зодож байгаад авчихна, чи гэмтэхийг хүсэхгүй байгаа биз дээ гэхээр нь айгаад өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            4. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ч хажуудаа нэг хүүхэд дагуулсан шатаар буугаад ирсэн...Ч буюу Баяраа над дээр ирээд утас үзүүлээд ах танд бичиг баримт байна уу ломбарданд тавих гэсэн юм эсхүл бэлэн мөнгөөр авах хүн байна уу гэхээр нь найз Ваанжилд үзүүлсэн чинь наадах чинь гоё утас байна би авъя гэж хэлээд 140.000 бил үү сайн мэдэхгүй байна ямар ч гэсэн худалдаж авсан..Танихгүй ах ирэнгүүт Баярааг чи манай дүүгийн утсыг дээрэмдсэн байна гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/  

             5. Гэрч Э.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би утасгүй байсан болохоор үзээд хартал одоо миний санаж байгаагаар цагаан өнгөтэй Самсунг-Эс 6 загварын гар утас байсан. Гаднаас нь харахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Нөгөө залуугаас ямар үнэтэй вэ гэхэд 140.000 төгрөг гэхээр нь эргээд ямар нэгэн асуудалгүй юм байгаа биз дээ гэсэн чинь ямар ч асуудалгүй, эзэн нь энэ байна гээд хамт явж байсан хүүхдийг харуулсан...Тэгээд би мөнгөө бэлнээр баяраа гэх залууд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

            6. Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай дүү Хатантулга утсаа дээрэмдүүлчихлээ гээд уйлаад ороод ирсэн. Хэнд дээрэмдүүлсэн юм бэ гэсэн чинь Баяраа ахад гэсэн..Гэрээсээ гараад Баярааг хайгаад явж байтал Яармагийн 2 дугаар автобусны буудал дээр зогсож байсан. Очоод чи яагаад манай дүүгийн утсыг авч байгаа юм бэ гэж асуусан чинь дуугарахгүй над руу муухай хараад зогсоод байсан...Баяраа цагдаа дуудсаныг мэдээд зугатаачих гээд ахаа дараа уулзъя би утсыг нь буцааж өгнө, яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор авчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            7.  “Дамно” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ХУ-18-577 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /...үнэлгээ 198.000 төгрөг.../, /хх-ийн 29-30/

            8. Шүүгдэгч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Ахдаа наад утсаа ломбарданд тавиад хэдэн төгрөг аваад өгчих гэж хэлсэн чинь дургүйцээд ахаа болохгүй гээд байхаар нь за ахын дүү чи өөрөө л мэдэхгүй юу паа гэж хэлээд би яг явах гээд хоёр гурав алхтал ахаа за за ломбарданд тавьчихъя гэж хэлсэн...миний утсыг нь авсан хүүхдийн ах нь ирээд чи яагаад миний дүүг дээрэмдэж байгаа вэ гэж хэлээд намайг бариад авсан...Саарал өнгийн Самсунг-Эс 6 загварын гар утас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Ч  нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ч  нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар автобусны буудалд иргэн /18 насанд хүрээгүй/ М.Х “утсаа өг гэж байна өгөхгүй бол зодож байгаад авчихна, чи гэмтэхийг хүсэхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд нь айсандаа Самсунг-Эс 6 загварын цагаан өнгөтэй утсаа өгч нийт 198.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Б.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хохирогч М.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /....26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт.../ зэргийг харгалзан Б.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж зааснаар шүүгдэгч Б.Ч  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж тэнссэн хугацаанд дахин 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.       

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 1 жил 3 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хорих ялын  хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ч т энэ хэрэгтээ цагдан хоригдсон 68 хоног дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 8 хоногийг нэмж нийт цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Ч ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.        

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Совогт Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Совогт Батбаярын Чыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хорих ялын  хугацаагаар тогтоосугай.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ч ын эдлэх 3 жил 3 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ч т энэ хэрэгтээ цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.        

            6. Б.Ч т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ч т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР