Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А Т холбогдох эрүүгийн 1710011990416 дугаартай, 187/2018/0576/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......................... хамт, ......... дүүргийн ..... дугаар хороо, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А Т /РД:..................../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Б-ын гэр лүүгээ өгч явуулсан иргэн М.М-ийн Хаан банкны виза карт, хүнсний зүйлийг хүргэж өгөлгүй улмаар Хаан банкны АТМ-д виза картыг уншуулж нийт 570.000 төгрөг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Б гэр лүүгээ өгч явуулсан иргэн М.МХаан банкны виза карт, тамхи, хиам, талх, ундаа, чихэр зэрэг хүнсний зүйлийг хүргэж өгөлгүй улмаар Хаан банкны АТМ-д виза картыг 2 удаа уншуулж өөртөө авч хэрэглэн бусдад нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан нь: 

1. Өсвөр насны шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө би унтаж байхад М.Мөнхгэрэл эгчийн нөхөр нь ирээд цуг дэлгүүр оръё гэсэн. Тэгээд 52 дугаар захны Хас банкны АТМ-ээс дансны үлдэгдэл шалгачихаад дэлгүүр орсон. Дэлгүүрээс тамхи, талх, чихэр, соруултай ундаа зэрэг зүйлс аваад эдгээр хүнсийг Хаан банкны виза карттай нь М.Мөнхгэрэл эгчид аваачиж өгчих гэхээр нь за гээд эргээд харахад Сумъяа ах машин засварт орсон. Тэгэхээр нь би автобусанд суугаад виза карт болон бусад эд зүйлсийг аваад явсан. АТМ-аас нийт 570.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Хохирогч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хүүхдийг манай гэрийнх нь сайн мэддэггүй байсан ба манай хадам ээж Саранцэцэг түүнийг өрөвдөөд гэртээ амьдруулж, хооллож ундалдаг байсан. Мөн хувцас хүртэл авч өгдөг байсан...Тухайн өдрийн 13:25 минутанд АТМ 308 гэсэн хаягтай бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөг авсан, дараа нь 13:50 минутанд АТМ 455 гэсэн хаягтай бэлэн мөнгөний машинаас 70.000 төгрөг авсан. Тэгэхээр нь Хаан банкны харилцагчийн утас руу залгаад өөрийн виза картаа хаалгасан..2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Д.Баттулга дэлгүүр явахаар болж би өөрийн 5028704760 тоот дансаа өгч явуулаад ойр зуурын зүйлс захисан. Тэр үед Т нь нөхөртэй хамт явсан. Тэгээд дэлгүүрт 20.000 төгрөгийн худалдан авалт хийсэн талаар мессеж ирсэн. Түүний дараа 10 гаран минутын дараа нөхөр маань ганцаараа гар хоосон ороод ирэхээр нь авсан зүйлээ яасан талаар асуухад Т өгөөд явуулсан ирээгүй юм уу гэж хэлээд Тыг тосох гээд гарсан. Тэгтэл удалгүй миний утсанд 500.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн, дараа нь 70.000 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн юм..миний картнаас авсан 570.000 төгрөгнөөс үлдэгдэл 170.000 төгрөг авах дутуу түүнийгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 28/ 

            3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгээд бид хоёр 52 захын харалдаа байрлах Оргил хүнсний дэлгүүрт ороод ойролцоогоор 50.000 төгрөгөнд тамхи, хиам, талх, ундаа, чихэр зэрэг зүйлс, тэгээд 52 зах дотор байх Хасбанкны АТМ ороод дансны үлдэгдлээ шалгасан. Тэгээд гарч ирээд авсан эд зүйлээ өгөөд, дээр нь виза картаа өгөөд эгчдээ аваачаад өгчих гээд явуулсан. Би цаашаа машин засч байгаа газар луу явсан. Тэгээд 10 гаруй минутын дараа гэртээ ирэхэд Т ирээгүй байсан. Тэгэхээр нь удахгүй ирэх байх гэж байтал эхнэрийн утсанд 5028704760 дугаарын данснаас 500.000 төгрөг авсан талаар мессеж ирээд 30 минутын дараа 70.000 төгрөгийн гүйлгээ хийсэн лавлагаа ирсэн. Яармаг хавиар байж магадгүй гэж хайсан боловч олдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ 

             4. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн камерийн бичлэг үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/

            5. Өсвөр насны шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баттулга ах надад Хаан банкны карт болон авсан эд зүйлээ өгөөд гэрт аваачаад эгчдээ өгчих гэж хэлэхээр нь аваад явж байгаад шууд автобусанд суугаад Яармагийн 2 дугаар буудал дээр байрлах Яармаг худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 70.000 төгрөг авсан. Тэндээсээ микро автобусанд суугаад Дүнжингарав худалдааны төв орж цамц, өмд, гутал, футболик зэргийг авч 200.000 төгрөг үрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Өсвөр насны шүүгдэгч А.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Б гэр лүүгээ өгч явуулсан иргэн М.МХаан банкны виза карт, тамхи, хиам, талх, ундаа, чихэр зэрэг хүнсний зүйлийг хүргэж өгөлгүй улмаар Хаан банкны АТМ-д виза картыг 2 удаа уншуулж өөртөө авч хэрэглэн бусдад нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 400.000 төгрөгийг төлж барагдуулан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний картнаас авсан 570.000 төгрөгнөөс үлдэгдэл 170.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 28/, түүний хувийн байдал /...17 настай, эрэгтэй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тад 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Тын урьдчилан цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон болно.

            А.Тад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.     

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тын хууль ёсны төлөөлөгч Н.Аээс 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнхгэрэлд олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г  хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт А Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А Тыг  248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Тын урьдчилан цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

            4. А.Тад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.      

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тын хууль ёсны төлөөлөгч Н.Аээс 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнхгэрэлд олгосугай.     

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г  хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт  үлдээсүгэй.     

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР