Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 203/МА2023/00014 

 

 

 

Ю.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2023/00062 дугаар шийдвэртэй,

Ю.*******ын нэхэмжлэлтэй,

Л.*******д хариуцагдах,

******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний зориулалттай газраас Л.*******г албадан нүүлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний зориулалттай газрыг ******* аймгийн ******* сумын иргэн Ю.******* миний ах *******гийн ******* нь 2003 оны 12 дугаар сарын 03-нд газар эзэмших гэрчилгээ авч эзэмшиж байсан.

Улмаар Ю.******* нь 2011 оны 03 дугаар сарын 02-нд нас барж, түүнээс хойш дүү болох ******* овогтой ******* би хууль ёсны дагуу өвлөж 2012 оны 10 дугаар сарын 24-нд газар эзэмших эрхийг шилжүүлж өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан.

Тухайн үед 2008 оноос Л.******* нь өөр газар бууц барьж дуустал танай бууцан дээр түр бууж байя гэж гуйгаад нүүж буусан байсан. Тэгээд одоог хүртэл Л.******* нь ******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний бууц дээр буучхаад огт нүүхгүй дээр үеэсээ манай ээжийн бууц байсан гэж хэл ам хийгээд олон жилийг үзлээ.

 Энэ талаар 2020 онд ******* сумын газрын албанд ажиллаж байсан И.******* гэх мэргэжилтэнд хүсэлт гаргасан боловч ******* нь тэр айл чинь ирж манайх гэж загнаад явлаа. Хоорондоо хэл амаа олохгүй бол шийддэг газраар нь шийдүүл гэсэн хариу өгсөн.

Ю.******* миний бие тус газрын хууль ёсны эзэмшигч нь учраас өөрийн эзэмшлийн ******* аймгийн Цогт- Овоо сумын баг ******* “******* хонд” гэх газраас Л.*******г албадан нүүлгэх хүсэлтэй байна гэжээ.

                                                                                                                                      

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж түүний аав гэж хүн ******* сумын багийн “Гучин ус” гэх газар 1939 оноос 1996 он хүртэл хугацаанд нутаглаж “******* хонд” болон ******* энгэрийн бууцан дээр насаараа мал маллаж байхад 1995 онд *******гийнх гэх айл аймгийн төвөөс хөдөө гарч ирээд айлын бууцан дээр буугаад хөөгдөхөд нь олон нялх нойтон хүүхэдтэй айл гэж миний ээж өөрийн бууцан дээр буулгаж хамт өвөлжөөд цаг ногоо муу байсан учир одоо байгаа бууцнаас 10 км газар нүүхээр болж манай бууцан дээр манайхыг буцаж нүүж иртэл байж бай гэж хэлээд нүүсэн.

2001 онд миний эгч Л. бурхан болсон тул миний ээж аймгийн төв рүү нүүсэн. Би ******* нутагт нүүж ирэхэд *******гийн гэх айл байсан болохоор би нүү гэж шаардаагүй “******* хонд” гэх ээжийнхээ хаваржаан дээрээ бууж одоог хүртэл нутаглаж байна.

Тухайн үед бид эгчийгээ гэнэт алдаж уй гашуу болж байх хугацаанд бидний бууцыг бид нараас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй танил тал болох *******ын ээж Буд нь өөрийн ах дүү нь газрын албаны даамал байсан учир тухайн бууцны эзэмших /өмчлөх/ гэрчилгээг гаргуулан авсан байна.

Энэ байдлыг бид мэдээгүй шүүхийн нэхэмжлэлтэй танилцаж байж эдгээр бууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдлээ. Өөрийн үе дамжиж удамшиж ирсэн бууцан дээрээ байгаа тул би нүүх шаардлагагүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн шүүхэд хандах хүсэлтэй байна. Хууль бусаар хүний газар бууцыг өмчилж гэрчилгээ гаргуулж авсанд гомдолтой байна.

Манайх ******* “Цохио хонд” гэх газарт 2003 онд ирж буусан. Эднийх манай бууц байсан Цохио хонд гэх газар дээр ирж буусан.Тэр бууцны гэрчилгээг өгөх үед сумын Засаг дарга, газрын албаны дарга нар манайд ирээгүй.

Би гэртээ малаа маллаад байж байсан. 2003 онд би тэр бууцан дээр буугаад одоог хүртэл өвөлжөөд байж байгаа. Энэ хүн худлаа яриад байна. Манайх Өнчийн бууцан дээр ажиллаж, амьдарч, малаа маллаж байгаа гэж худлаа.

Сүүлийн 3 жил буугаагүй. Энэ бууцан дээр 3 жил өөр айл буусан. Одоо амьдарч байгаа гэж байна. Одоо байхгүй. Эртээрээс хойш манайх тэр бууцан дээр бууж байгаа гэж хэлсэн. Эднийх Цэцийд хашаа газар аваад тэндээ буучихсан байгаа.

 Ю.*******ынх д очоод тэндээ бууц хороо аваад буучихсан байгаа. Энэ бууц хороог манай ээж аав 2 эзэмшиж байгаад тэгээд хойшоо суманд ойртож бууя. Энэ хороо эндээ байж байг, тэнд хороо бууц байгуулъя гээд модыг нь авч Гурван толгой дээр аваачиж хороо барьсан. Тэгээд мод, чулуун хүрээг нь үлдээчхээд явсан.

Тэгээд намайг эргээд ирэхэд чулуун хороо гэх зүйлгүй бүх чулууг нь буулгаад хаячихсан байсан. Би тэр бүгдийг нь сэргээж, барьж, заримыг нь цементэлж хашаа болгож бариад, саравч хийгээд одоо би тэр бууцан дээрээ амьдарч байгаа. Эднийх тэр бууцан дээр бууж байгаагүй гэжээ.

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ю.*******ын эзэмшлийн ******* аймгийн ******* сумын багийн ******* “Цохио хонд” гэх өвөлжөөний зориулалттай 1200 метр квадрат газрыг чөлөөлөхийг Л.*******д даалгаж,

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Ю.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт (4 дэх тал) “Л.******* нь ...өвөлжөөний зориулалттай газрыг эзэмших эрхтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байх тул уг газрыг Л.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн талаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль бусаар эзэмшээгүй, хууль бус эзэмшлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрдөггүй боловч уг татгалзлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэсэн.

Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ю.******* нь тухайн маргаан бүхий газрыг урд нь эзэмшиж, ашиглаж байгаагүй, хариуцагч Л.*******г тухайн өвөлжөөг чөлөөлсөн тохиолдолд газрыг бодитоор эзэмшиж, ашиглахгүй, Л.******* тухайн газрыг ашиглаж байгаа нь түүний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй нь нотлох баримт болон зохигчдын тайлбараар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад анхан шатны шүүх үйл баримтаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, ******* аймаг сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2023/00062 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хуулийг хэрэглэх үндсэн нөхцөлүүд хангагдаагүй байсан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж гомдлоо гаргасан. Гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Ю.*******ын нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ю.******* нь ******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний зориулалттай газраас Л.*******г албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.******* эс зөвшөөрч миний аав, ээжийн үе дамжин нутаглаж ирсэн бууц учир чөлөөлж өгөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн “...Ю.******* нь ******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөө, нэгж талбарын 151400100 дугаар бүхий 1200 м2 газрыг 21 жилийн хугацаатайгаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 000568182 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.”, ”Хариуцагч Л.******* нь маргаан бүхий газарт амьдарч, өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаа нь Ю.*******ын хууль ёсны эзэмших эрхийг зөрчиж байх тул тэрээр эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөрчлийг арилгуулахыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна”,  “хариуцагч Л.******* нь ******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний зориулалттай газрыг эзэмших эрхтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул уг газрыг Л.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй” гэсэн  дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.

******* аймгийн ******* сумын баг ******* “******* хонд” гэх өвөлжөөний зориулалттай газраас Л.*******г албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг анхан шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 1163-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Хариуцагч Л.******* нь маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул “шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2023/000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьхүүгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     М.МӨНХДАВАА