Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

               Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.У, түүний өмгөөлөгч Э.Т, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Ч.Ө нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Т.У нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Уын гаргасан нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажил хариуцуулах тухай” Б/37 дугаар захирамжийн Ц.Анхбаярт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, уг захирамжийн Т.Эрдэнэсүрэнд холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хэсэгт холбогдох асуудлаар шинээр дахин акт гаргахыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн цалин болох 3 229 670 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойших хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.Уын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт  хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн “Учирсан хохиролд 2 970 500 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Т.У-ыг Хууль зүйн хэлтсийн өргөдөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж дүгнэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Т.У-ын урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал тус Тамгын газар, түүний Хууль зүйн хэлтэст нэгэнт байхгүй болсон. Нэгэнт байхгүй болсон ажил албан тушаал дээр томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломж хууль зүйн хувьд байхгүй юм. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

         Гэтэл хэргийн материалд авагдсан нотлох баримтаар Т.Уын урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооноос хасагдаагүй болох нь хангалттай нотлогдож, тогтоогдож байгаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд хамаарагдаж байгаа нь нотлогдож байна гэж үзэх бүрэн боломжтой байхад шүүхээс зөвхөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн уг төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт хамааралгүй бүтэц орон тоонд нь ордоггүй гэж шууд дүгнэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнээгүй байна гэж үзэж байна.

      Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “Т.У-ын гүйцэтгэж байсан өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал нь түүнээс үл хамаарах шалтгаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн орон тооноос хасагдсан ч түүний энэхүү алба тушаалд ажиллах байх үед гүйцэтгэж байсан 70481111 дугаарыг утсыг хариуцан ажиллуулах чиг үүрэг нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний ажлын чиг үүрэгт шилжин ирсэн байна. Тиймээс 70481111 дугаарын утсыг ажиллуулах болон иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байсан чиг үүрэг тус аймгийн Засаг даргын ажлын албаны гүйцэтгэх чиг үүргээс бүрэн хасагдсан гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

        Т.У-ын ажлын орон тоо хасагдсан, хийж байсан ажил, албан тушаал нь байхгүй болсон тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээ гэсэн 2 өөр тайлбар, үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх Төрийн албаны тухай хуулийн дагуу нэхэмжлэгч Т.У намайг төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй гэдгийг тодорхой дурдсан атлаа төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлж буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

        Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь гэж үзэж байна.

      Иймд хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хагаагүй Өвөрхангай аймаг дахь Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч хамгийн сүүлд буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Т.У намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох 70481111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 2 970 500 төгрөгийг гаргуулахыг тус тус даалгуулах-ыг хүсчээ.

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх нэршил бүхий албан тушаалын орон тоо батлагдаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 7048111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

          Нэхэмжлэгч Т.У нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтэст иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг өөр албан тушаалын чиг үүрэгтэй нэгтгэн өөрчилж Төрийн захиргааны удирдлагын хэлтэст шилжүүлжээ.

    Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь гуравдагч этгээд Т.Э-ийн албан тушаалын чиг үүрэгт нэгтгэгдсэн тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж томилох үүрэгтэй, энэхүү үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан шиг “... анхан шатны шүүх Т.У намайг төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй гэдгийг тодорхой дурдсан атлаа төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлж буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэхгүй.

      Учир нь эрх бүхий албан тушаалтнаас тусгайлсан ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулан, дээр дурдсан албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 1 мэргэжилтнийг шалгаруулж авах үүрэгтэй. Уг ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэгч Т.У-ыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70481111 утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

        Түүнчлэн шинэчлэн батлагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70481111 утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд гуравдагч этгээд Ц.Э томилогдон ажиллаж байгаа, тэрээр нэхэмжлэгчийн адил төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх бүхий этгээд учир түүний ажиллаж байгаа ажлын байранд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоохыг даалгах нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөөр байна.

      Мөн нэхэмжлэгчээс гаргасан “шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байх бөгөөд харин хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан шалгаруулалт явуулахыг даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашгийг хамгаалах, сэргээн тогтоох ач холбогдолтой болно.

         Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ