Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын
хяналтын прокурор Ш.Н-ын дүгнэлттэй,
Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн
хяналтын улсын байцаагч Б.Ө-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,
Шүүгчид: Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Ц.Цогт,
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: “... улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0157058 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0628 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч Б.Ө, гуравдагч этгээд “Б э т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү, өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан,
Гомдол гаргагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0628 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0157058 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н хяналтын гомдолдоо: “...Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0628 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 627 дугаартай магадлал үндэслэлгүй байна. Учир нь:
- Нэг. Шүүх маргаан бүхий тохиолдолд зөрчилд холбогдогч “Б э т” ХХК-ийн Түмэн караоке нь төрийн эрх бүхий албан тушаалтнуудын хууль ёсны шаардлага болох хорио цээрийн дэглэмийн үед ажиллах цагийн хуваарьт хязгаар тогтоосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хүн амын нийгэм соёлын үйлчилгээ, эдийн засгийн талаар авах зарим арга хэмжээний тухай’’ А/841, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай”А/930 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02-01/2776 дугаар албан бичгүүдийг дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хүргүүлсэн байхад тогтоосон цагийн хуваарийг хэтрүүлэн ажилласан зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
- Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” А/616, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “ Хүн амын нийгэм соёлын үйлчилгээ, эдийн засгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/841 дугаартай захирамжуудыг Улсын Онцгой Комиссын 2020 оны 20 дугаар хурлын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62,147 дугаар тогтоолуудад үндэслэж гаргасан байх бөгөөд дээрх шийдвэрүүдээр иргэдийн эрүүл мэндийг коронавируст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоосон. Гэтэл “Б э т” ХХК-ийн Түмэн караоке нь дээр дурдсан шийдвэрүүдээр тогтоосон хорио цээрийн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчиж цаг хэтрүүлэн ажилласан байхад төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
- Эрх бүхий албан тушаалтан нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ /материалын 3 дугаар хуудас/ хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 841 дугаартай захирамжийг зөрчин ажилласан нь тогтоогдсон. Иймд холбогдогч “Б э т” ХХК-ийн илэрсэн зөрчилд нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, шалган тодруулах шаардлагагүй гэж дурдаж иргэн Н.Э-ийн мэдээлэлд төлөвлөгөөт бус шалгалт хийж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн гэх мэдэгдлийг биелүүлээгүй талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдаагүй болно. Зөрчлийн талаарх мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг прокурор хянах үед зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн холбогдогч Ц.Үржинлхамын мэдүүлэг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны 00 цагаас хойш гүйлгээ хийсэн талаарх баримт гэсэн 4 нотлох баримт авагдсан байсан бөгөөд дээрх нотлох баримтуудаар зөвхөн дэлхий нийтэд тархаж байгаа шинэ корана вируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616, 841 дугаартай захирамжуудаар зохицуулсан согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг тогтоосон заалтыг зөрчсөн болох нь, өөрөөр хэлбэл худалдаа, үйлчилгээг хаах цагийг хэтрүүлэн ажилласан зөрчил тогтоогдсон байна. Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг шалгасан талаар материалд авагдаагүй, мэдэгдлийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тогтоогдоогүй, хэзээний ямар мэдэгдэл болох нь тодорхойгүй /мэдэгдлийг материалд хавсаргаагүй/ байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.
- Хоёр. 3өрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчилд холбогдогчид оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэх заалт тусгагдаагүй байхад анхан шатны шүүх “Зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлөө ухамсарлаж шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан 5 сар үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллах цагийн хуваарийг 1 цаг хүрэхгүй хугацаагаар хэтрүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж мэргэжлийн хяналтын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
- Гурав. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтын үед цаг хэтрүүлэн ажилласан аж ахуйн нэгжүүдэд тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийтгэл оногдуулж байхад Захиргааны хэргийн шүүх дээрх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчил гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
- Иймд, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
- “Б э т” ХХК-ийг “төрийн албан хаагчийн тавьсан тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэсэн үндэслэлээр 500,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-ын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0157058 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцсэн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
- Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-аас “... “Б э т” ХХК-ийн “Түмэн” караоке нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 53 минут хүртэл ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” үйлдэл гаргасан байхад хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “төрийн албан хаагчийн тавьсан тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэж дүгнэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, ...эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх мэдээллийг бүрэн шалгалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...” гэж дүгнэлт бичиж маргажээ.
- Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: иргэн Н.Энхтуяагаас “...Түмэн плаза дотор шөнийн цагаар караоке ажиллаад байна...” гэх гомдол мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасны дагуу тус хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-аас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Б э т” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн; шалгалтаар төрийн эрх бүхий албан тушаалтнуудын хууль ёсны шаардлага болох хорио цээрийн дэглэмийн үед худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт хязгаар тогтоосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, эдийн засгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/841 дүгээр, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Коронавируст /КОВИД-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” А/930 дугаар захирамж болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга, түр зөвлөлийн даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Худалдаа, үйлчилгээний газруудад Коронавируст “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдолд илэрсэн үед авах арга хэмжээний заавар, мөн өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/2776 дугаар албан бичгийг хүргүүлсээр байхад тогтоосон цагийн хуваарийг зөрчиж, хэтрүүлэн ажилласан; энэ тухай тус компанийн менежер Ц.Ү нь холбогдогчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн (шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй) зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ...” гэж, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор”, 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан ... бол ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан; Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/841 дүгээр захирамж болон холбогдох бусад шийдвэр (тогтоол, захирамж, тушаал, заавар, журам)-ийн хэрэгжилтийг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 02-01/2776 дугаартай “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдлийг гаргаж[1], аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсний дотор гуравдагч этгээд “Б э т” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 07, 08-нд хүлээн авсан талаар “захирамж тараасан бүртгэл” болон “тэмдэглэл”-д туссан[2]; улсын байцаагчаас зөрчилд холбогдогчийн төлөөлөгчөөс мэдүүлэг[3] авах үед “... Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг мэдэж байгаа юу ...” гэсэн асуултыг асуухад тус компанийн менежер Ц.Ү “... Мэдэж байгаа. Бүх захирамжуудыг уншсан. Цагдаагийн байгууллагаас энэ бүх захирамжийг хүргэж мэдэгдсэн ...” гэж эрх бүхий этгээдийн шийдвэр, мэдэгдлийг өмнө нь хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдалд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн дурдсан зүйлд заасан “... хууль ёсны шаардлага биелүүлээгүй ...” гэх зөрчил тогтоож, шийтгэл ногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, прокурорын “... Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг шалгасан талаар материалд авагдаагүй, мэдэгдлийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тогтоогдоогүй, хэзээний ямар мэдэгдэл болох нь тодорхойгүй /мэдэгдлийг материалд хавсаргаагүй/ байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх гомдол няцаагдаж байна.
- Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж зааснаар зөрчил үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэл нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байж гэмээ нь зөрчлийн эрх зүй дэх “шударга ёсны зарчим”-д нийцнэ.
- Энэхүү зөрчлийн хувьд, иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгахад “Б э т” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00 цаг хэтрүүлэн ажиллаж байсан нь тогтоогдох боловч “... манай байгууллага 00 цагаас хойш үйлчлүүлэгч авч ажиллаагүй бөгөөд үйлчлүүлж байсан нэг өрөөний үйлчлэгч нар ууж байсан зүйлээс дуусгаж байж гарна гэсний дагуу үйлчлэгчийг хүндлэх үүднээс ... хүлээн 00:00 цаг өнгөрсөн болно” гэх тайлбарт дурдсан (бусад оролцогчоос үгүйсгээгүй) шалтгаан; 00:11:39-д 29,106, 00:12:04-т 19,206, 00:35:10-т 29,304, 1:00:53-т 4,851 төгрөгийн тус тус гүйлгээ хийгдсэн зэрэг зөрчил үйлдсэн нөхцөл байдал, шинжийг үзэхэд улсын байцаагчийн ногдуулсан шийтгэл гаргасан зөрчилд нь тохирсон байх тул “... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй ...” гэх хяналтын гомдол мөн үндэслэлгүй.
- Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ш.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх
хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
[1] Хавтаст хэргийн 27 дахь тал
[2] Хавтаст хэргийн 30-31 дэх тал
[3] Хавтаст хэргийн 8 дахь тал