Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1079

 

“ХХХ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 73 327 405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагч Х,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүн Хтай 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 57 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, 360 хоногийн хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 2391 хоногийн хүүнд 51 000 000 төгрөг төлөхөөс 6 356 962 төгрөг төлж, 44 6516 038 төгрөг үлдсэн. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлээс графикийн дагуу төлөлтөө хийгээгүй, 130 хоног хугацаа хэтрүүлсэн. 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусч 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй гэрээний хугацаа хэтрүүлсний 2161 хоногийн нэмэгдүүлсэн хүү, нийт 8 804 267 төгрөг төлөхөөс 127 900 төгрөг төлөөд 8 676 367 төгрөг үлдсэн байна.

Иймд Хгаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, үндсэн хүү 44 651 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 804 267 төгрөг, нийт 73 327 405 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зааснаар хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байна.

Энэ зээлийн гэрээний үүргийг 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 20 117 300 төгрөг төлөн биелүүлсэн тул зээлийн гэрээг хааж, барьцаа хөрөнгийг нь суллаж өгсөн. Гэтэл тус шүүхэд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх үед хариуцагч нь энэ гэрээний дагуу 20 117 300 төгрөг төлсөн, өмнөх 57 тоот зээлийн гэрээнд төлөөгүй гэж маргаад шүүх 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3386 тоот шийдвэр гаргахдаа энэ талаар дүгнэж, хариуцагчийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлээс 20 117 300 төгрөгийг хасч тооцсон. Ингэснээр хариуцагчийн төлсөн 20 117 300 төгрөгийн төлбөр 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн төлбөрт тооцогдсон тул 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үлдсэн. Иймд энэ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3386 тоот шийдвэр гарахад хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгч, шүүх түүний тайлбар, мэдүүлэг, баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд хэрэг хянагдаж байхад 20 117 300 төгрөг нь гэрээний нэр заагаагүй зээлийн төлбөр байсан учраас 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 тоот зээлийн гэрээг хаасан. Ингэж хаахдаа аль зээлийн төлбөрийг тооцохоо албан бичиг дээр заагаагүй учраас хариуцагчаас 10 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтэд төлсөн гэж маргасныг няцаах баримт нэхэмжлэгч гаргаагүй гэж шүүх дүгнэсэн. Нэг төлөлтөөр 2 үүргийн гүйцэтгэлийг хангана гэж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр өмнө нь гаргаж байсан тайлбар, хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “ХХХ” ХЗХ-ны 2010 оны 5  дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр барьцааны гэрээ дуусгавар болгох тухай албан бичгийг үндэслэн зээлийн төлбөрийг зээлдэгч төлөөд дууссан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар зээлийн гэрээний төлбөр дуусгавар болсон. Бидэнд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгсөн. Зээлийн төлбөр тухайн үедээ дууссан гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагч Хгийн сүүлд авсан буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан зээлийн төлөлтөөс 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20 117 300 төгрөгийн төлөлтийг хасаад шийдүүлсэн учраас манайх урьд нь хаасан гэж үзэж байсан зээлээ хаагаагүйд тооцож нэхэхээс өөр аргагүй байдалд орлоо гэсэн тайлбарыг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргийг өөрөө хүлээдэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 тоот шийдвэр гарах үед Хгийн төлсөн 20 117 300 төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан зээлээс хасуулах гэж мэтгэлцэж байхад нэхэмжлэгч 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 57 тоот зээлийн гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй, өмнө авсан зээлийн төлбөрт төлсөн гээгүй, зээл төлж дууссан гэдэг тайлбар амаар өгсөн боловч баримтаа гаргаж өгч мэтгэлцээгүй. Зээлийн гэрээ дуусгавар болсон тухай тоот байгаа ч гэж гаргаж өгч байгаагүй. Тухайн баримт надад байхгүй нэхэмжлэгч тал гаргаж өгөх ёстой байсан болохоор тухайн хэрэг шийдэгдээд явсан. Үүнд нэхэмжлэгч тал буруутай гэж үзэж байна.

Тухайн үед нотлох баримтаа бүрдүүлээгүй байж байгаад дахин маргаан үүсгэх нь боломжгүй зүйл. Нэгэнт 3 шатны шүүхээр ороод шийдвэр нь гарсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 20 117 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53 210 105 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 258 537 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ, түүний гишүүн Х нарын хооронд 2 удаа зээлийн гэрээ байгуулсан. 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10  тоот 30 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны эрээнүүдийг тус тус байгуулсан.

Шүүх хуралдаанаар хэлцэлцүүлээд байгаа 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 20 117 300 төгрөгийн баримтыг 2015 оны 3386 тоот шийдвэртэй иргэний хэргээ 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 20 117 300 төгрөгийн баримтыг шүүхэд гарган өгч, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан авсан 30 000 000 төгрөгийн шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримтаар хэрэгт авахуулж хавсаргасан бөгөөд шүүх хурлын тэмдэглэлийг мөн гаргуулсан.

Өөрөөр хэлбэл энэ талаар маргасан бөгөөд шүүх хуралд хариуцагч тал тухайн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 20 117 300 төгрөгийн баримтыг 2009 оны 7  дугаар сарын 06-ны өдөр авсан 20 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцуулахгүй бид 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан авсан 30 000 000 төгрөгийн зээлд тооцох ёстой энэ зээлийг нэхэмжлэгч ХЗХ дур мэдэн өөр зээлд тооцож дураараа аашлан хариуцагч талыг хохироосон гэж маргасан.

Нэгэнт зээлийн төлбөрийн баримтанд хэдэн оны зээлийн төлбөрийг төлж байгаагаа тодорхой заагаагүй байдлыг ашиглан 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэж байгаа үүрэг гүйцэтгэгчийн эрхийг нэхэмжэлэгч болон шүүх үгүйсгэх эрхгүй болохыг шүүх анхаарсангүй. Хуульд үүрэг гүйцэтгэгчийн эрх гэсэн энэ заалтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул мэтгэлцээн өрнүүлэх боломжгүй билээ.

Ийм учраас шүүх 2016 оны 3386 дугаартай шийдвэрийг гаргахдаа Хд холбогдох хэсгээс 67 572 926 төгрөгийг хасаж тооцсон болно. Үүрэг гүйцэтгэгчийн эрхээс шууд үүсэж буй энэ харилцаанаас 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр авсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дууссан гэж үзэж байсан нэхэмжлэгч талын шаардах эрх үүсэх бөгөөд энэ эрх нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлээр зохицуулсан харилцаанаас хариуцагч талыг чөлөөлөхгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр авсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дууссан гэж үзэж энэ зээлийг хаасан баримтаа шүүхэд хүсэлт гарган 2015 оны 3386 дугаартай шийдвэртэй хэргээс авхуулан нотлох баримт болгосонг шүүх мөн анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр шударга ёсны ба хууль ёсны зарчмыг зөрчсөн үндэслэлээр шүүхийн хэрэгсэхгүй болгосон 53 210 105 төгрөгийг хасах заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан эглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн зүгээс зөвшөөрөн дараах гомдолыг гаргаж байна.

Өмнө нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03386 дугаартай шийдвэрээр надаас мөн тус хоршоотой байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтэлд 17 327 344 төгрөгийг аргуулж “ХХХ” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Өөрөөр хэлбэл “ХХХ” ХЗХ-той байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн талаар 3 шатны шүүх дүгнэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан иийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийк 65.1.6-т заасан үндэслэлээр энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар нэхэсжлэгч нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй эрхгүй гэж гэж байгаа болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан нэхэмххэгч нэхэмжлэл гаргахдаа 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг надаас нэхэмжлэх үед өмнө нь байгуулсан буюу 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 тоот зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон байсан бөгөөд энэ нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, сүүлд авсан зээлээс буюу 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээл, хүү болох 20 117 300 төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргахад үүнийг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй болно.

Мөн хариуцагч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зээлийн тооцоо буруу хийгдсэн байсан. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад холбогдох бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тухайлбал "ХХХ" ХЗХ-ний 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай тайлбараар 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ХХ тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, мөн өдрийн ХХХ тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаар тайлбар гаргасаар байхад анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн 3386 тоот шийдвэрийг үндэслэн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн төлбөр төлөх үүргийг сэргээж зээл, хүү, нэмэгдүүлсэн гэж үзэж байна...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу миний бие 2009 оны 7 дугаар арын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн авч дуусгавар болгосон гэж ойлгож байгаа. Харин 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үргийн гүйцэтгэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлэх болно. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил...” байна гэж зохицуулсан бөгөөд энэ 3 жилийн хугацаа бүх төрлийн гэрээнд хамаарах ёстой гэж ойлгож байна.

Хэрэв намайг дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа тохиолдолд “ХХХ” ХЗХ-той байгуулсан 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ХХ тоот зээлийн гэрээний хугацаа 60 хоног буюу 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд эндээс шаардлага гаргах угацааг тооцоход 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ба энэ хугацаанаас өмнө ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шаардлага гаргах эрхтэй байжээ.

Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсанаараа уг асуудалтай холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж үзэхэд хүргэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжтэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ нь хариуцагч Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 73 327 405 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийг биелүүлж, гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, мөн өдөр 30 000 000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөгийг 180 хоногийн хугацаатай тус бүр 30 хоногийн 3.2 хувийн хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна.

/хэргийн 8-10, 31, 33 дугаар тал/

 

Хариуцагч 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ХХХ дугаартай 30 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-ний үүргийг биелүүлж, гэрээ дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, хариуцагч Хгаас 27 328 044 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн ба хариуцагчийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид зээлийн төлбөрт төлсөн 20 117 300 төгрөгийг тус зээлийн гэрээний үүрэгт шүүх тооцсон байна.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 20 117 300 төгрөгийг 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгт тооцож дуусгавар болгосныг шүүх 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд тооцон шийдвэрлэсэн тул өмнөх “Зээлийн гэрээ”-ний үүрэг биелэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 57 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 360 хоногийн хугацаа дууссан өдөр буюу 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тоолж эхлэхэд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тэрээр уг “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу хариуцагчаас шаардсан болон уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэргээр Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан “Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан” гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүх талуудын хоорондын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай зээлийн гэрээний маргааныг 2015 онд шийдвэрлэсэн явдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа сэргээх талаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт нийцээгүй болно.

 

Нөгөө талаар зохигчдын маргаж буй 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаатай “Зээлийн гэрээ”-ний төлбөрийг хариуцагч төлж дуусгасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан “Барьцааны гэрээ”-г дуусгавар болгохыг хүссэн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 39 тоот албан бичгийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар” хүргүүлж байсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ-ны нэхэмжлэл, давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Хгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 73 327 405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Хгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг  шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                 ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                 С.ЭНХТӨР