| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2022/00167/и |
| Дугаар | 203/МА2023/00015 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 203/МА2023/00015
“************** ХХК”-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2022/00....дугаар шийдвэртэй,
“**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Н.Азжаргалд хариуцагдах,
ЗГ/5.... тоот кредит картын гэрээний үүрэгт нийт 12663088.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Н.Азжаргал нь "**************” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5000000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картны ЭГ/...... дугаартай 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.
Тус гэрээнд бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн байхаар харилцан тохиролцсон.
Зээлдэгч Н.Азжаргал нь зээлийн эрхтэй, кредит карт авах үедээ ******* аймгийн Цогтцэций суманд хувиараа бизнес эрхэлж байсан ба зээлийн эрхтэй кредит картаас нийт 4990044.65 төгрөгийг бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийжээ.
Банкны зүгээс зээлдэгч Н.Азжаргалтай удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн.
Н.Азжаргалын хувьд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр бол*******ны зүгээс нэхэмжлэл гаргаж өгөхдөө хүү тооцооллын хүснэгт гаргаж өгсөн байдаг.
Хүү тооцооллын хүснэгт дээр анх 2018 оны 07 дугаар сарын 01-ээс эхэлж Н.Азжаргал тухайн картыг ашиглаж эхлээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 4556000 төгрөгийн төлөлт хийгээд үүнээс үлдсэн хэрэглээн дээр нь 750000 төгрөгийн үлдэгдэл гарснаас хойш дандаа бэлэн бус зарлага хийгдээд 1462000 төгрөгийг 12 дугаар сарын 08-ны өдөр хийгээд 3991000 төгрөг үлдсэн.
Үүн дээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хэрэглээ хийгээд 4990000 төгрөгийн үндсэн хэрэглээ хийсэн байдаг. Үүнээс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүү нийлээд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу хүү тооцооллын хүснэгт гарах өдрөөр бодоход үндсэн төлбөр 4990044.65 төгрөг, хүүгийн төлбөрт 3968000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2155000 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 12663088.09 төгрөгийг хариуцагч Н.Азжаргалаас нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч Н.Азжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр **************наас 5000000 төгрөгийн лимиттэй зээлийн кредит карт захиалж "кредит карт эзэмших” гэрээ байгуулсан. Тухайн зээлийн кредит картнаас хэдэн төгрөгийг нь бэлнээр хэдэн төгрөгийг нь бэлэн бусаар авснаа санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан хамгийн сүүлд буюу 2019 оны 05 дугаар сард гүйлгээ хийхэд 5000000 төгрөг хүрээгүй байсан. Энэ талаар дансны хуулга авах гэсэн боловч урьдах гүйлгээнүүд гарахгүй гэж хэлээд 2021 оны 12 дугаар cap, 2022 оны 01 дүгээр сарын хуулга гаргаж өгсөн.
Тэгэхээр тухайн нэхэмжлэлээс үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ талаарх дансны хуулгыг дэлгэрэнгүй авахуулах шаардлагатай байна.
Зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн картыг бэлэн болон бэлэн бусаар ашигласан. Өөрөөр хэлбэл хэдийг нь бэлнээр, хэдэн төгрөгийг нь бэлэн бусаар ашигласан эсэхээ мэдэхгүй байна. Банк ч яаж тооцсон нь нэхэмжлэлд тодорхойгүй байна.
Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 2155438.40 төгрөг нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл зээлийн хугацаа хэтэрсэн гэж үзэж зээлийн хүүд 3968941.24 төгрөг нэхэмжилсэн байна.
Тэгэхээр зээлийн хүү бодчихоод дахиад хүү бодсон нь үндэслэлгүй буюу хүүгээс хүү бодсон гэж үзэж байна. Зээлийн хэмжээг хэтрүүлээгүй, угаасаа тухайн зээлийн зэс карт нь 5000000 төгрөгийн лимиттэй, үүнээс хэтрэх боломжгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэлд үндсэн төлбөр 4990044.64 төгрөг нэхэмжилж байна гэсэн атлаа зээлийн эрх хэтрүүлсэн гэж дахиж 1548663.80 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Азжаргалаас 8958985.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3704102.2 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217559.41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Азжаргалаас 158293.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: Н.Азжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЭГ/........./ тоот кредит картын гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг байгуулсан.
Зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу зээлийн эрх хэтрүүлсний хүүд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 2155438.40 төгрөгийн хүү, 3.6-д заасны дагуу зээлийн төлбөрийг cap бүрийн 15-наас өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний хүүд нийт 1548663.80 төгрөгийн хүү нийт 3704102.20 бодогдсон тул гэрээний дагуу бодогдсон дээрх 2 хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”. 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг тусгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл ЗГ/КР/ тоот кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна.
Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2022/00...... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрөн үндсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээ хийсэн. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгаа учраас давж заалдах журмаар гомдол гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа нь ЗГ/..... тоот кредит картын үндсэн хэрэглээнд 4990044.65 төгрөг, хүүгийн төлбөрт 3968000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2155000 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548000 төгрөг, нийт 12663088.09 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Н.Азжаргал нь үндсэн зээлийн төлбөр 4990044.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 3968000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2155000 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
**************ны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн н/64 тоот тушаалаар *******гийн *******ыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн СТТ-******* салбарт салбарын захирал албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулахаар томилсон байна. /хх-16/
**************ны гүйцэтгэх захирал **************гийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, арбитр болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд*******ыг төлөөлөх, төлөөлж нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах, шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлагч, эрх бүхий этгээдийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогч, оролцогч, талуудын эрх, үүргийг эдлэх, энэхүү эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, прокурор, цагдаагийн байгууллага болон төрийн бусад байгууллагад*******ийг бүрэн төлөөлөх эрхийг **************ны тусгай активын хэлтсийн захирал Э.д 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-14/
**************ны тусгай активын хэлтсийн захирал Э. нь **************ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот тушаалыг үндэслэн
**************ийг төлөөлж нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт, гомдол гаргах, тэдгээрт гарын үсэг зурж холбогдох Монгол Улсын анхан болон хяналтын шатны шүүхэд эрүү, иргэн болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд*******ийг төлөөлөх, эрх бүхий этгээдийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогч, оролцогч, талуудын эрх, үүргийг эдлэх, энэхүү эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, прокурор, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төрийн бусад байгууллагад*******ийг бүрэн төлөөлөх эрхийг **************ны ...******* бизнес төвийн захиралд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/0245 дугаартай албан бичгээр итгэмжлэл олгосон байна. /хх-15/
******* бизнес төвийн захирал Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/813 дугаартай албан бичгээр ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Азжаргалд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ************** ХХК-ийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Адъяагийн Мөнхтуяад нэг жилийн хугацаагаар итгэмжлэл олгов гэсэн боловч уг албан тоотод ******* бизнес төвийн захирал Б.*******ын гарын үсэг зурагдаагүй, Б.*******-г гэж гарын үсэг зурагдсан байна. /хх-17/
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2022/00.... дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ************** ХХК-ий нэхэмжлэлтэй Н.Азжаргалд холбогдох 12663088.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяагаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74216 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
М.МӨНХДАВАА