| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0545/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Л О-т холбогдох эрүүгийн 1810024040661 дугаартай, 187/2018/0545/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-нд Увс аймагт төрсөн, ........настай, ...................................... хүүхдийн хамт, .......... оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо ............ оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Л О /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-ний санхүүгийн өрөөн дахь хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч П.Н ширээний шургуулганаас албаны 4.040.000 төгрөгийг нууцаар хулгайлж, Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-д албаны 4.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-ийн санхүүгийн өрөөнд хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч П.Н ширээний шургуулганаас албаны 4.040.000 төгрөгийг нууцаар хулгайлж, Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-д албаны 4.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Ошүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт суудаг ерөнхий нягтлангийн ширээний шургуулганаас 4.000.000 төгрөг хулгайлсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буцааж хийгээд би хулгайлсан гэдгээ хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгууллагын данснаас бэлнээр 4.040.000 төгрөг аваад хэрэглэх гээд өөрийн өрөөний ширээний шургуулганд хийчихсэн байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 18 цаг 30 минутын үед ажил тараад манай өрөөнд суудаг Сувд-Эрдэнэ, Отгондэлгэр, Буяндэлгэр бид нар өрөөгөө түгжээд гарсан. Тэгээд бид нар миний машинд суугаад явах гэж байхад Оөрөөнд гар утсаа мартсан байна гээд буцаад өрөөндөө орчихоод гараад ирсэн. Тэгээд бид нар суугаад гэрлүүгээ явсан. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 45 минутын үед ажил дээрээ ирэхэд нягтлан Буяндэлгэр ирчихсэн байсан. Буяндэлгэр ирэхдээ өрөөний цонх онгорхой байсан гэсэн...маргааш ирэхэд 4.040.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/
3. Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранчимэг нягтлангийн машинд суугаад явах гэж байхад Огар утсаа өрөөндөө орхичихсон байна гар утсаа аваад ирье гээд буцаад ажлын байр руу орсон....өглөө 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд Наранчимэгийн шүүгээнд байсан мөнгө алга болчихсон байна гэсэн....сүүлдээ Оуучлаарай би авчихсан юм аа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/
4. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 03-ны орой ажил тараад Наранчимэгийн машинд сууж хамт зам дөхөж буухаар Ц.Сувд-Эрдэнэ, Буяндэлгэр нар хамт суугаад хөдлөх гэж байсан. Тэр үед би гар утсаа мартчихсан байсан болохоор буцаж орж утсаа авахаар орсон. Тэр үед Наранчимэгийн ширээний шургуулгыг онгойлгон дотор нь байсан мөнгөнөөс 20.000 дэвсгэртээр 2 боодол мөнгө аваад би буцаж гараад машинд нь хамт сууж гэртээ буусан. Гэртээ хувцасны шүүгээндээ хадгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
5. Кассын няравын тайлан, бэлэн мөнгөний тооллогын баталгаа /хх-19-22/
6. Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....тэгээд би гар утсаа аваад ерөнхий нягтлангийн ширээний шургуулганд байсан 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон 2 боодол буюу 4.000.000 төгрөгийг аваад цүнхэндээ хийгээд гарсан..би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-ийн санхүүгийн өрөөнд хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч П.Н ширээний шургуулганаас албаны 4.040.000 төгрөгийг нууцаар хулгайлж, Скай гарден резедейнс /Sky garden resedence/ ХХК-д албаны 4.040.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Л.О нь хохирлыг төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, түүний хувийн байдал /...27 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, 1 нас 3 сартайгаас 3 нас 4 сартай хоёр хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Отгондэлгэрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Л.О гэмт хэргийн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 3 хүртэлх насны буюу 1 нас 3 сартай хүүхэдтэй /хх-52/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.О үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Л.О хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Л.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л Отгондэлгэрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.О эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах албадлагын арга авсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Л.О хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Л.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР