Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 203/МА2023/00016 

 

Г.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 144/ШШ2023/000.. дугаар шийдвэртэй,

Г.*******ы нэхэмжлэлтэй,

Э.*******д хариуцагдах,

гэм хорын хохиролд 2010000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Э.******* гэх хүн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутагт буюу Хан-Уулын 11 дүгээр гудамжны өмнөх засмал зам дээр эргэх үйлдэл буруу хийж төв замаар явж байсан мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Тухайн зам тээврийн ослын улмаас Г.******* миний мотоцикльд 1920000 төгрөгийн хохирол учруулсан.

Тухайн замын осолд ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээж шалгаад Э.*******гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг тогтоож, хуулийн дагуу зохих торгуулийн арга хэмжээг нь авч иргэн надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахыг даалгасан боловч Э.******* нь одоог хүртэл хохирол төлбөр төлж барагдуулахгүй байгаа тул тухайн ослын улмаас учирсан хохирол төлбөрийн үнэлгээгээр тогтоогдсон мотоциклийн хохирол болох 1920000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компаниар хохирол төлбөрийн үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 90000 төгрөг, нийт 2010000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Э.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж хөдлөөгүй, эргэх ёсгүй газар эргэсэн, мотоцикльтой хүний урдуур орж ирж мөргөсөн байгаа.

Замын цагдаагаас Э.******* бид хоёр хоёулаа очиж уулзахад Э.*******д чи нөхөн төлбөрийг бүгдийг нь гаргах ёстой гэж хэлсэн.

 Хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдал хангаагүй. Гол замын тэмдэгтэй гол замын тээврийн хэрэгслийн замаар явж байгаа машинд яалтач үгүй зам тавьж өгөх ёстой эргэх ёсгүй газар байсан. Энийг би 100 хувь буруу гэж үзэж байна.

Насанд хүрээгүй хүүхдэд мотоцикль унуулснаа зөвшөөрч байгаа. Тэрнийхээ хариуцлага торгуулийг өгөөд барагдуулсан гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн шиг би машинаараа нэхэмжлэгчийн мотоцикль унаж явсан хүүхдийг мөргөөгүй.

Харин би эргэх ёсгүй хэсэгт эргэх үед нэхэмжлэгчийн хүү мотоцикльтой ирж мөргөсөн. Уг осолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу хэн хэн маань буруутай гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт гарч байсан. Г.*******ы мотоцикльд 1920000 төгрөгийн хохирол үүссэн.

Миний машинд 728000 төгрөгийн хохирол учирсан. Насанд хүрээгүй хүүхдэд мотоцикль унаж явах боломж олгосон нь осол, хохирол үүсэхэд нөлөөлсөн. Хэн хэндээ учирсан хохирлыг өөрсдөө хариуцан арилгах ёстой гэж бодож байна.

Хэн хэн нь буруутай гэж үзэж 100000 төгрөгөөр торгуулсан. Тухайн үед тэгээд цагдаа дээр тэр хэрэг хаагдаж байсан. Хурд хэтрүүлсэн шалтгааны улмаас хэн хэний буруутай үйл ажиллагааны улмаас энэ хэрэг болсон. Үнэхээр төлөх ёстой бол 155000 төгрөг төлнө гэсэн хүсэлтэй байгаа гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гаас гэм хорын хохиролд 905000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1105000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 26270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хариуцагч Э.******* нь Иргэний хуулийн 497.1, 499.1 дэх хэсэгт заасны дагуу Г.*******ы хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 Гэхдээ Г.*******ы өөрийнх нь хууль журам зөрчсөн үйлдэл хохирол үүсэхэд нөлөөлсөн тул мөн хуулийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн төлбөрийн хэмжээг багасгаж 905000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүй алдаатай байна. Учир нь: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан “Эрх бүхий албан тушаалтны магадлагаанаас үзвэл Э.*******, Э.*******, Г.******* нарын хэн алины буруутай үйлдлийн улмаас нийт 1920000+728000=2648000 төгрөгийн хохирол үүссэн.

Энэ хохирол үүсэхэд хэн алиных нь буруутай үйлдэл нөлөөлсөн. Э.*******ий үйлдэл хохирол үүсэхэд нөлөөлсөн. Нийт 2648000 төгрөгийн хохирлын чухам хэдэн төгрөгийн хохирлыг нь Э.******* үүсгэсэн нь тодорхойлох боломжгүй. Үүнийг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нотлох баримтад үндэслэн өөрийн дотоод итгэлээр тогтооно. Гэхдээ шийдвэрт заасан шиг 0 /тэг/ байж болохгүй.

Шүүх хуралдаан дээр хариуцагч болон өмгөөлөгч миний зүгээс “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-г үндэслэн хэн алиных нь буруутай үйлдэл болоод учруулсан хохирлын хэмжээ тэнцүү гэх байр сууриа илэрхийлсэн.

Нэхэмжлэгчийн хүү Э.******* нь 14 настай бөгөөд Иргэний хуулийн 16 дугаар зүйлд тодорхойлсны дагуу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай.

Иймд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу Э.*******ий дүрмийн бус үйлдлийн улмаас үүссэн нөхөх хариуцлагыг түүний эцэг буюу нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй.

Э.*******, нэхэмжлэгч Г.******* нар нь хэдийгээр эцэг, хүү боловч эрх зүйн утгаараа өмчийн эрх, үүрэг тусдаа эрх зүйн этгээдүүд болохыг санах ёстой.

“Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-д зааснаас үзвэл нэхэмжлэгч Г.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, замын хөдөлгөөнд оролцох боломж олгосон нь хохирол үүсэхэд нөлөөлсөн “шууд шалтгаант” холбоотой.

Иймд өөрийн үйлдлийн улмаас үүссэн хохирлын өөрт ногдох хэсгийг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Энэ үүргийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нарийвчлан тодорхойлж хүлээлгэсэн.

Тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй, эрхгүй этгээдэд шилжүүлэн өгч байгаа үйлдэл болон тухайн үйлдлийн үр дүнд хүлээн авсан тээврийн хэрэгслийг эрхгүй этгээд жолоодож байгаа нь тус бүрдээ хуулиар хүлээсэн үүргийн бие даасан зөрчил юм.

Насанд хүрээгүй, эрхгүй этгээдэд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн боловч насанд хүрээгүй иргэн хуулиа сахиж тээврийн хэрэгслийг ашиглахгүй байсан бол уг хохирол үүсэхгүй байх байлаа.

Анхан шатны шүүхийн зүгээс дээрх ялгааг анхаарч үзэлгүй нэг зөрчил гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болсон. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн байр суурь, эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзвэл тухайн осол үүсэх болсон шалтгаан нь Э.*******, Э.*******, Г.******* гэх гурван иргэний хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байна.

 Г.******* нь Э.*******ий аавын хувиар нөхөх хариуцлага хүлээх ёстой тул хариуцагч Э.******* нийт хохирлын 1/3-г хариуцах үүрэг хүлээнэ.

Хариуцагч өөрийн унаж явсан автомашины хохирлыг шаардахгүй гэх байр сууриа илэрхийлж байгаа нь 728000 төгрөгийн хохирлыг хариуцаж байгаа хэлбэр юм.

Иймд хариуцагч 2648000 төгрөгийн хохирлын 1/3 хэсэг болох 882666.6
төгрөгөөс өөрт учирсан хохирол 728000 төгрөгийг хасаж тооцон зөрүү болох 155000
төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн.

Энэ нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудад бүрнээ нийцдэг. эхэмжлэгчийн хүү Э.******* одоо 15 настай. Нийгэмд өөрийн байр сууриа тодорхойлох, бусадтай хэрхэн харилцах ёс зүй, төлөвшилт нь ид өрнөж байгаа нас, аав болон өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн ослын бүх хохирлыг Э.*******гаас гаргуулж шийдвэрлэвэл түүнд ямар ойлголт үлдэх талаар нэхэмжлэгч бодол хийлэх ёстой.

Мөн Э.*******ий унаж явсан ..... Z1000SX гэх мотоцикль нэхэмжлэгч
Г.*******ы өмч мөн болохыг нотолсон нэгээхэн ч баримт байдаггүй.

Эд хөрөнгөнд учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон тэдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд шаардах эрхтэй болохыг шүүх хуралдаанд миний бие сануулж, гэрчлэх баримт байгаа эсэхийг асууж байсан.

Эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч мөн болохоо гэрчлээгүй, шаардлага гаргах эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй үед шаардлагыг шийдвэрлэж байгаа нь буруу юм.

******* аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийдвэрт хариуцагч Э.*******гаас 155000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, үлдэх 1855000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар өөрчлөлт оруулна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээтэй учраас энэ хэргийг бүхэлд нь хянан үзэж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Г.*******ы нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2010000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.******* талууд харилцан гэм буруутай учир өөрт ногдох 155,000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг нь төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь “Хариуцагч Э.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, зөрчил гаргасан хариуцагчийн болгоомжгүй үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан шалтгаант холбоотой байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж хөдөлгөөнд оруулж ашиглаж байгаа этгээд эзэмшигч байх ба тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.*******ы мотоцикльд учирсан гэм хорыг хариуцагч Э.******* хариуцан арилгах үүрэгтэй.” гэсэн дүгнэлтийг хийж ...Нэхэмжлэгчийн...ослын дараагаар тухайн мотоциклийг сэлбэгт хувь хүнд 5500000 төгрөгөөр зарсан” гэх тайлбарыг гаргасан учраас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоос эд анги солих 200000 төгрөгийг хасаж, үлдэх шууд зардал 1720000 төгрөг +үнэлгээ гаргуулсан хөлсөнд 90000 төгрөг =1810000 төгрөгөөс нэхэмжлэгч насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50 хувь багасгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 905000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг  багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 144/ШШ2023/000.. дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     М.МӨНХДАВАА