| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0024/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч С.Цэрэндорж,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д Б холбогдох эрүүгийн 1803008080406 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ...........дүгээр сарын ...........-нд .................. суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, .......... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ......... хамт, Хан-Уул дүүрэг ..............тоотод оршин суух, урьд .............М овогт Д Б /РД:............/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Бнь ........... оны .......... дүгээр сарын .............-ний өдрийн .............. цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миат Төрийн өмчит ХК-ийн катерингийн төвийн 1 давхар Нүхт Тур ХХК-нд ачигчаар ажиллаж байхдаа агаарын худалдааны төмөр түрдэг тэргэнцэрээс 1266 ам доллар буюу 3.178.926 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миат Төрийн өмчит ХК-ийн катерингийн төвийн 1 давхар Нүхт Тур ХХК-нд ачигчаар ажиллаж байхдаа агаарын худалдааны төмөр түрдэг тэргэнцэрээс 1266 ам доллар буюу 3.178.926 төгрөгийг хулгайлан авч хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд маргаан байхгүй, ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6/
3. Д.Ббиед үзлэг хийсэн тэмдэглэл /100-тын долларын дэвсгэрт 2 ширхэг, 20-тын долларын дэвсгэрт 2 ширхэг, 10-тын долларын дэвсгэрт 1 ширхэг, 1-тын долларын дэвсгэрт 1 ширхэг, 10.000-тын вон 5 ширхэг, 5000-тын вон 2 ширхэг, 1000-тын вон 17 ширхэг, 20.000-тын мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, 500-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100-тын мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, Самсунг А3 гар утас 1 ширхэг, LD тамхи 1 хайрцаг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг/ /хх-ийн 17-18/
4.Монгол банкны валютын ханшийн лавлагаа /хх-75/
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би тэгэхээр нь онгоцны үйлчлэгч үлдсэн 2 агаарын худалдааны тэргэнцэрт хийсэн байж магадгүй гэж бодоод онгойлгоод үзтэл алинд ч мөнгө байхгүй байсан. Тэгээд мөнгө байхгүй байхаар нь би Сөүл-Улаанбаатар чиглэлд ажилласан онгоцны үйлчлэгч Тэгшзаяатай яриад чи яг мөнгөө хийсэн үү, энэ дотор мөнгө байхгүй байна гэсэн чинь би мөнгөө хийгээд лацадсан, би одоо яваад очье гэж хэлсэн. Би буцаж доошоо 1 давхар руу буугаад агаарын худалдааны тэргэнцэр дотор байх ёстой байсан мөнгө байхгүй байна гэж нярав Энхбуянд хэлсэн чинь Санхүүгийн хэлтэст мэдэгдээд цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан....Яг тухайн нислэгээр бол 1166 долларын худалдаа хийгдсэн байсан, мөн бид нар онгоцны үйлчлэгч нарт нислэгийн өмнө задгай 100 долларыг няравууд өгч явуулдаг. Тухайн мөнгө хариулт болгож өгөх зорилгоор 100 долларыг задлаад явуулдаг байсан. Тэгээд нийтдээ тухайн агаарын худалдааны тэргэнцэр дотор 1266 доллар байх ёстой байсан. Үүнээс 68-69 долларын үнэтэй бараа бүтээгдэхүүн аваад тооцоог Воноор хийсэн байсан. Ямар нэгэн бүртгэл байхгүй, ажлын бус цагаар ирсэн агаарын худалдааны тэргүүдийг манай өрөөний үүдэнд л үлдээчихсэн байдаг. Бид нар ирээд лацыг нь шалгаад доторхыг нь үздэг. Өмнө нь ингээд явдаг байсан ямар нэгэн зөрчил, хэрэг гарч байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-40/
6.Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Уг нь шөнө Баасанхүү надтай хамтдаа хононо гэж байсан юм. Би ачигч нарын нэгэнтэй хамт хоновол амар байдаг юм. Гадуур тойроод шалгаж байх хооронд байр эзэнтэй байдаг болохоор Баасанхүү явчихаад буцаж ирээгүй. Харин Баярбаатар 20 орчим минут болоод удалгүй хүрээд ирсэн. Тэгээд би шөнө Баярбаатартай хоносон. Тэгтэл өглөө нярав Энхцэцэг ирээд 2 ширхэг хагас төмөр ирээгүй юм уу гэж хэлээд хайсан. Тэгтэл тэр хоёр төмөр тэрэг нь 2 давхарт байж байсан. Уг нь 2 давхар руу гарах ёсгүй байдаг юм. Тэгээд Энхцэцэг нярав доторхыг нь шалгатал дотор нь байсан мөнгө байхгүй болсон байна гэж хэлсэн. Урьд нь манай катеринг дээр ямар нэгэн асуудал болж байгаагүй болохоор анзаараагүй ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47/
7. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Намайг өчигдөр гэртээ харихын өмнө 21 цагийн орчид Д.Б“явж хүүхэн шаадаг юм уу” гэж ярьж байсан. Бас “дүүгээсээ мөнгө зээлж машин авдаг юм уу, заза жолооны эрхээ хасуулчихсан юм чинь дэмий байлгүй дээ”, бас өчигдөр өдөр манай ажлын нэг хүнээс доллар одоо хэдэн төгрөгтэй байгаа билээ гэж асууж байсан. Би асууж байхад нь хажууд нь сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51/
8. Гэрч Г.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1266 ам долларын гоо сайханы бүтээгдэхүүн байсан 1 хагас тэргэнцэрийн дээд талын шургуулганд цаасанд боогоод лацдаж түгжээд, түлхүүрийг нь дээд талд нь накладны завсар хавчуулсан. Тэгээд би онгоцноос буугаад явсан ба катерингийн ажилчид тэргэнцэрийнг зөөгөөд явсан. Би тухайн үед мөнгөө тоолоогүй орхисон байсан бөгөөд онгоцноос буугаад катерингийн нярав Энхцэцэг эгч рүү залгаад тооцоогоо хийж амжсангүй, мөнгөө хийгээд лацдаад орхисон гэж хэлсэн. Тэгтэл маргааш өглөө нь Энхцэцэг эгч залгаад чи яг мөнгөө хийсэн үү, мөнгө байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Би яг хийсэн гэдгээ хэлээд МИАТ ХК-ийн катеринг дээр очиж уулзсан. Уулзсаны дараа агаарын хөлөгт бараа материал зарсан хуудсыг тулгаад шалгатал яг 1166 долларын бараа бүтээгдэхүүн зарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/
9.Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би няравуудын өрөөний үүдэнд байсан 2 жижиг агаарын худалдааны түрдэг тэргэнцэрийг цахилгаан шатаар зөөгөөд 2 давхар руу гаргаад цахилгаан шатнаас буугаад түлхүүрээр нь нэг түрдэг тэргэнцэрийг нь онгойлгоод хамгийн дээд талын шургуулганд цаасанд боочихсон доллар, вон зэрэг мөнгөн дэвсгэртүүдийг хулгайлаад гарсан. Сүүлд зочид буудалд ороод тухайн мөнгийг тоолоход 1200 орчим доллар байсан. Би 100 долларын дэвсгэрт 2 ширхэгийг, 50 долларын дэвсгэрт 5 ширхэгийг солиулсан нийтдээ 932.000 төгрөг солиулсан, тухайн 932.000 төгрөгнөөс 532.000 төгрөгийг нь үрсэн. Үлдсэн 400.000 төгөргийг нь цагдаад хураалгасан. Хулгайлсан гадаад мөнгөнөөс 100-тын долларын дэвсгэрт 2 ширхэг, 20-тын долларын дэвсгэрт 2 ширхэг, 10-тын долларын дэвсгэрт 1 ширхэг, 1-тын долларын дэвсгэрт 1 ширхэг, 10.000-тын вон 5 ширхэг, 5000-тын вон 2 ширхэг, 1000-тын вон 17 ширхэгийг солиулаагүй байж байгаад бас цагдаад хураалгасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бнь урьд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 81-82/-аар тогтоогдлоо.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүй болно гэж зааснаар шүүгдэгч Д.Бялгүй болох 5 жилийн хугацаа /хүндэвтэр гэмт хэрэг/ 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Бнь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миат Төрийн өмчит ХК-ийн катерингийн төвийн 1 давхар Нүхт Тур ХХК-нд ачигчаар ажиллаж байхдаа агаарын худалдааны төмөр түрдэг тэргэнцэрээс 1266 ам доллар буюу 3.178.926 төгрөгийг хулгайлан авсан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Бхувийн байдал /урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хх-ийн 78, 81-82/, прокурорын сонсгосон /6 сарын хорих/ ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгож байгаа 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон /6 сарын хорих/ ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч байгууллага МИАТ хувьцаат компанийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн албан бичигт: “...Д.Бнь хохирол 1266 ам.долларыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд зэргийг хянаад шүүх 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.
Д.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Д Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бэдлэх 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР