Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00778

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00778

 

  

Н ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03677 дугаар шийдвэртэй Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Б, Т.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,009,759 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Э.Б, Т.Х нар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өрхийн хэрэглээнд зориулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, ** дүгээр байр, ** давхар, ** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалан 10,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, 104209011 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Тус компанийн зүгээс зээлдэгч нартай холбогдон удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар шаардаж байсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 7,810,503 төгрөг, зээлийн хүү 6,737,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,763 төгрөг, нийт 15,009,753 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар 10,000,000 төгрөгийг Н ББСБ ХХК-аас авсан нь үнэн. Хариуцагч нар зээлээ эргэн төлөөгүй шалтгаан нь дэлхий нийтэд цар тахал гарч, орлого олох боломжгүй болсноос төлөлт хийгээгүй. Хариуцагч тал 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн бөгөөд тооцооллоос харахад энэ мөнгийг зөвхөн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасаж тооцсон байна. Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно, 141.2 дахь хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-т заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй, 141.3 дахь хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-т зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж заасан байхад зээлдэгч нарт зээлийн хугацааг хойшлуулж болох талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас энэ талаар хүсэлт гаргаагүй. Зээлийн гэрээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж байхад нэхэмжлэгч талаас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тооцож үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол ойлгомжгүй, 461,763 төгрөг тодорхойгүй тул нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хүүгийн хэмжээг 3 хувиар бодох ёстой байтал 3.9 хувиар тооцсон байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү тооцсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Э.Б, Т.Х нараас 13,964,702 төгрөгийг гаргуулж, Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,045,057 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, ** дүгээр байр, ** давхар, ** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 13,964,702 төгрөгийг гаргуулж, Нэткапитал ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,999 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Б, Т.Х нараас 227,774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл уг зүйл, заалтыг хэрэглэх үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт хангалттай тайлбарлаагүй ба хэргийн үйл баримтад хангалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,009,759 төгрөгийн дэлгэрэнгүй задаргаа /хх-7/-наас харахад зээлийн үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл 7,810,503.95 төгрөг, хүү 6,737,493 төгрөг, алдангийн тооцоолол нэхэмжлэлийн үнийн дүнгээс зөрүүтэй байсан. Шүүх уг тооцоололыг зөв эсэхэд дүгнэлт гаргаагүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцоолол үнэн зөв эсэхэд хариулт өгч чадахгүй байсан. Гэтэл шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бодитой тооцоолол хийлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь хэргийн материалаас харахад тодорхойгүй байдаг. Гэтэл шүүх итгэмжлэлийг шалгалгүй нэхэмжлэгчийг хуралд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03677 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5.Зохигч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03677 дугаар шийдвэрт заасан 13,964,702 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,964,702 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 12,000,000 төгрөгийг дараах хуваарийг дагуу төлж барагдуулна. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 13-ны дотор 2,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны дотор 2,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны дотор 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нь төлбөр төлөх хуваарьт заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ. Нэхэмжлэгч тал нэхэмжилсэн дүн болох 15,009,759 төгрөгийн 1,045,057 төгрөгөөс татгалзаж, 13,964,702 төгрөгийг хариуцагч нар 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Э.Б, Т.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,009,759 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 2.Анхан шатны шүүх хариуцагч Э.Б, Т.Х нараас 13,964,702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,045,057 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 14ий өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг гаргаж өгчээ.

 Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 15,009,759 төгрөгөөс 1,045,057 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 13,964,702 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2023 оны 04 дүгээр сарын 14ий өдөр 1,964,702 төгрөгийг төлж, түүнээс үлдэх 12,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Н ББСБ ХХК болон хариуцагч Э.Б, Т.Х нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/03677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 15,009,759 төгрөгийн 1,045,057 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.Б, Т.Х нар 13,964,702 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 2023 оны 04 дүгээр сарын 14ий өдөр 1,964,702 төгрөгийг төлж, 12,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,774 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН