| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0528/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,
улсын яллагч Н.Нарангэрэл /томилолт/,
шүүгдэгч /хохирогч/ С.Б, Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.С овогт Ц Ц, Х овогт С Б нарт холбогдох эрүүгийн 1810013260623 дугаартай, 187/2018/0528/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын......-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ........настай, ..........., .........., ............... ажилтай, ам бүл...............хүүхдийн хамт, ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт С Б /РД: /
Монгол Улсын иргэн, ........... Улаанбаатар хотод төрсөн....... настай, эрэгтэй, ............. боловсролтой, .......... мэргэжилтэй, .............ажилтай, ам бүл ...., ..........., хүүхдийн хамт, ......... дүүргийн ..... дугаар хороо, .......... .........тоотод оршин суух, урьд ...................И.Совогт Ц Ц /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор С.Бтай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор Ц.Цтой маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор Ц.Цийг “яагаад улаан гэрлээр ороод байгаа юм бэ” гэсэн шаардлага тавихад “чи муу юун сүртэй юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг заамдан авч түлхэн хоолойг нь боож, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон,
шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор С.Бтай “яагаад улаан гэрлээр ороод байгаа юм бэ” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар заамдалцах явцдаа нүүр рүү нь 2 удаа гараараа цохиж хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч /хохирогч/ Ц.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч /хохирогч/ С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автобусны буудал дээр зогсоод зорчигчдоо буулгаж, суулгаж байх үед миний урд приус 30 маркийн машинтай хүн ирж зогсоод нэг залуу бууж ирээд автобус дотор орж ирээд намайг яах гэж улаан гэрлээр ороод байгаа амьсгаа вэ гэж хэлсэн би өөдөөс нь чи муу юун сүртэй новш вэ гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу намайг мангасдаж түлхээд хоолой боогоод дараад байсан тэгэхээр нь чи яагаад байгаа юм гэж би босож ирээд өөд өөдөөсөө түлхэлцээд байж байх үед намайг эхлээд нүүр лүү цохисон. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй зодолдсон. Тэгээд тэр залуу намайг сүүлд нь нэг цохихдоо зүүн нүдний доор сэт цохиод цус гарахаар нь автобуснаас буугаад машиндаа суугаад явсан. Б миний нүүр хэсэг рүү олон удаа гараараа угсраад цохисон. Дараа нь хоорондоо түлхэлцэж байгаад миний зүүн талын нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохиж сэтэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
4. Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн автобус буудал дээр зогссон тэгэхээр нь би араас нь буудал руу орж түр зогсоод машинаас бууж автобусны жолоочид хандаж улаан гэрлээр орж миний бие болон эхнэр хүүхдэд минь аюултай байдал үүсгэсэн талаар хэлэхэд миний өөдөөс яадаг юм пизда минь гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн нөхцөл байдалд автобусны жолоочийг надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Бид хоёр маргалдаад хоорондоо ноцолдож байгаад би автобуснаас нь буутал миний араас юм шидсэн тэгэхээр нь би эргэж ороод дахин маргалдаж эхэлсэн бөгөөд маргалдаж байх үедээ хоорондоо зууралдаж автобусны жолооч намайг эхэлж нэг удаа цохиод, мөн хоорондоо ноцолдож байгаад автобусны жолооч намайг дахиад цохихоор нь би нэг удаа нүүр лүү шүргүүлж цохисон тэгээд бид хоёр салаад би автобуснаас буугаад явсан. Миний нүүр хэсэгг 2-3 удаа гараараа цохисон, мөн хоорондоо ноцолдож байх үед миний зүүн гарын шуу хэсэгт зулгарсан, мөн миний баруун хөлний шилбэ зулгарсан байсан өөр байдлаар намайг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн ноцолдож байх үед миний цамц болон фудболк урагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6651/-ний дүгнэлт:
-Ц.Цийн биед зүүн хацар шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 26/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6659/-ний дүгнэлт:
-С.Бгийн биед баруун хацар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/
7. Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би шүүх эмнэлгийн 6659 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний хоолойноос боогоод байхаар нь би тавиулах гээд гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,
8. Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....урьд өмнө ярьсан учраас өөр надад нэмж ярих зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/,
Шүүгдэгч Ц.Ц Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 288 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/ -аар тогтоогдлоо.
1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 1д-д зааснаар “торгох, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ял шийтгэлгүйд тооцно гэж зааснаар шүүгдэгч Ц.Цийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6651, 6659/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь Шүүгдэгч С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор Ц.Цийг “яагаад улаан гэрлээр ороод байгаа юм бэ” гэсэн шаардлага тавихад “чи муу юун сүртэй юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг заамдан авч түлхэн хоолойг нь боож, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, түүний биед зүүн хацар шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт,
шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор С.Бтай “яагаад улаан гэрлээр ороод байгаа юм бэ” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар заамдалцах явцдаа нүүр рүү нь 2 удаа гараараа цохиж, түүний биед нь баруун хацар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Б, Ц.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчтой эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /..29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг бизнесийн удирдлага мэргэжилтэй, МИАТ хувьцаат компанид үйлчилгээний чанарын мэргэжилтэн ажилтай..../ зэргийг харгалзан,
мөн шүүгдэгч Ц.Цийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...48 настай, эрэгтэй, хөнгөн механизмын засварчин мэргэжилтэй, Авто терминал трейд компанид жолооч ажилтай.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цт улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч С.Б, Ц.Ц нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Совогт Ц Ц, Х овогт С Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Совогт Ц Ц, Х овогт С Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б, Ц.Ц нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Б, Ц.Ц нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Б, Ц.Ц нарт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Б, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР