Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00780

 

 

 

 

 

 

 

 

2023 04 14 210/МА2023/00780

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/00897 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 305,319,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь хариуцагч Ө ХХК-тай 2019 оны 09 сарын 01-ний өдөр №00/00 дугаартай бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 220,600,000 төгрөгийг сар бүрийн 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эгүүлэн төлж дуусгалгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна. Гэвч зээлдэгч нь 2022 оны 08 сарын 23-ны өдрийн байдлаар №00/00 дугаартай гэрээгээр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 194,645,452 төгрөг, хүү 95,477,594 төгрөг, алданги 15,196,181 төгрөг, нийт 305,319,226 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Улмаар зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлж, авсан зээлээ төлөхийг шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 305,319,226 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-аас 99,305,195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,014,031 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,684,547 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 654,475.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 23-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 55,000,000 төгрөгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нийт 206,014,031 төгрөгөөс дээрх 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 55,000,000 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь нэхэмжлэгч Х" ХХК-ийн Хаан банкны *** тоот данснаас Ө ХХК-ийн Хаан банк дахь *** тоот данс руу 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 15 цаг 48 минутад 5,000,000 төгрөг, 15 цаг 49 минутад 55,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 2 гүйлгээний баримтыг А4 буюу бичгийн цаасны хэмжээтэй 1 хуудас цаасан дээр хэвлэж, банкны теллерийн тэмдэг даруулсан боловч банкны теллер зөвхөн 5,000,000 төгрөгийн баримтад теллерийн тэмдгээ дарж, гарын үсгээ зурсан байсан болохыг анзааралгүй уг 2 гүйлгээний баримт хэвлэсэн цаасыг А5 хэмжээтэй буюу 2 хэсэг болгон хувааж шүүхэд нотлох баримтаар өгсөн нь 55,000,000 төгрөгийн баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй гэж шүүх дүгнэхэд хүргэжээ. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй бөгөөд хэрэв шүүх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, шүүх хуралдааныг хойшлуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр хариуцагчид 55,000,000 төгрөг шилжүүлсэн банкны гүйлгээний баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гарган өгөх боломжтой байсан гэж үзэж байна.

4.б. Хариуцагчийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, мөн нэхэмжлэгчээс 220,600,000 төгрөг авсан талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 23-ны өдөр 55,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 194,645,451 төгрөг, зээлийн хүү 95,477,594 төгрөг, алданги 15,196,181 төгрөг, нийт 305,319,226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /хх 1/

 

3.   Хариуцагч Ө ХХК нэхэмжлэлийн хувийг 2022 оны 09 сарын 02-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

4.   Талууд 2019 оны 09 сарын 01-ний өдөр **/** тоот Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь 202,600,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Ө ХХК нь тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус тодорхойлжээ. /хх 4-8/

Талууд дээрх гэрээний 2.15, 4.3-т нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тусгасан байх боловч нэхэмжлэгч Х ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Хэрэгт авагдсан Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл-ээр зээлдүүлэгч 2019 оны 08 сарын 21-ний өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 32,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 06-ны өдөр 38,600,000 төгрөг, 2019 оны 09 сарын 18-ны өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 165,600,000 төгрөгийг зээлдэгч Ө ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх 9-14/

Харин хэргийн 15-р талд авагдсан Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл-ийг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр үнэлээгүй нь үндэслэл муутай болжээ. Учир нь хариуцагч тал тус баримтад дурдагдсан 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан эсэх талаар маргаагүй, тус баримтыг няцаагаагүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Дээрх мөнгөн гүйлгээний нийт дүн 220,600,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 01-ний өдрийн **/** тоот Бизнесийн зээлийн гэрээ-г үндэслэн шаардлагаа тодорхойлсон, гэрээний үнийн дүн 202,600,000 төгрөг байх тул зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг уг дүнгээс тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан атлаа хариуцагчаас 36 сарын хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 202,600,000 х 2 хувь х 6 сар = 226,912,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн гэх 78,897,000 төгрөгийг хасч тооцоход 148,015,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас 148,015,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7. Талууд гэрээгээр алданги тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх алданги 15,196,181 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь алданги шаардсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/00897 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-аас 148,015,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 157,304,226 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...654,475.9... гэснийг ...898,025... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР