| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0595/Э |
| Дугаар | 604 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Г-д холбогдох эрүүгийн 1810014720711 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...оны .... дугаар сарын .....-ны өдөр .....хотод төрсөн, 29 настай, ................, эхийн хамт, ......... хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Г /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автобусны буудлын орчим байдаг таксины зогсоол дээр иргэн Д.О-тай таксины зогсоолоос болж маргалдан, улмаар түүн рүү чулуу авч шидэхэд нүүрээ хаахад нь зүүн гарын сарвууг нь онож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автобусны буудлын орчим байдаг таксины зогсоол дээр иргэн Д.О-тай таксины зогсоолоос болж маргалдан, улмаар түүн рүү чулуу авч шидэхэд нүүрээ хаахад нь зүүн гарын сарвууг нь онож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би машинаасаа буугаад яагаад урдуур дайраад байгаа юм бэ, зүгээр араас зогсож болдоггүй юм уу гэж хэлтэл машинд сууж байсан Гмашиныхаа цонхоор чамд хамаагүй, би энэ газрын эзэн, чи зайл гэх мэтээр янз бүрээр хараагаад байхаар нь би чиний газар гэж юу байдаг юм бэ, наадах чинь улсын газар гэж хэлтэл намайг хараагаад цохих гээд гараа далайгаад байсан. Тэгснээ машинаасаа буух гэхлээр нь машиных нь хаалгыг түлхтэл цаанаас нь Гтүлхэж бууж ирээд бие биенийгээ цохих гэж өөд өөдөөсөө барилцсан. Тэгснээ над руу чулуу аваад шидэхээр нь би зүүн гараараа хаатал сарвууны хойд хэсэг рүү онож гарыг гэмтээсэн. Тэгээд би гар гээд гараа бариад байж байтал тэнд байсан Саран цагдаа дуудсан байсан. Тухайн үед хэн хэний маань буруугаас болж биеэ барьж чадалгүй хоорондоо маргалдсан. Би эхэлж уурандаа түүний нүүрэн тус газар 1-2 удаа зөөлөн алгадаад өнгөрсөн. Гуурлаад машинаасаа бууж ирээд чулуу авч шидсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/
3. Гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Оюунбат тэр залуутай барьцалдаад авахад нь би хүүе чи болиоч гэж намайг хэлтэл Оюунбат тэр залууг арагш нь түлхээд гарыг нь тавиулсан. Тэгтэл тэр залуу газраас чулуу аваад шидэхээр нь Оюунбат нүүрээ хаатал баруун гарынх нь урд хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7469/-ний дүгнэлт:
-Д.О-ын биед зүүн сарвууны алганы 5-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26/
5. Шинжээч эмч Б.Ганзоригийн “....Хохирогч Оюунбатад учирсан зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал нь чулуугаар цохих, хавчих зэрэг аль алинд нь үүсэх боломжтой....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
6. Яллагдагч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.....Би чулуугаар айлгаж шидсэн. Оюунбат намайг машинаас буух гэтэл машины хаалга дарчихаад түлхээд, машины цонхоор намайг 2-3 удаа цохихоор нь би машинаас буутал намайг заамдаад барьчихаад цохиод байхаар нь би гарыг нь тавиулж хойш нь түлхээд газраас гаранд багтахаар хэмжээтэй чулуу аваад айлгая гэж бодоод шидсэн чинь тэр эмэгтэйг чиглээд очсон ба нөгөө эмэгтэй зүүн гараараа нүүрээ хаахад гарыг нь оносон. Тэр эмэгтэй гар гэмтээчихлээ гээд гараа бариад байсан. Би анх айсандаа машины хаалганд хавчсан гэж худлаа хэлсэн. Надад гарыг нь гэмтээх санаа зорилго байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Г урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7469/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автобусны буудлын орчим байдаг таксины зогсоол дээр иргэн Д.О-тай таксины зогсоолоос болж маргалдан, улмаар түүн рүү чулуу авч шидэхэд нүүрээ хаахад нь зүүн гарын сарвууг нь онож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой.../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Н.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-ын Г-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Н.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Г-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР