| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0566/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Н А холбогдох эрүүгийн 1810022220618 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ….. оны …… дугаар сарын ….-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, …. настай, …….. боловсролтой, ………. мэргэжилтэй, ………….., ам бүл ……, эхнэр, ….. хүүхдийн хамт, …… дүүргийн ……… хороо, ……. гудамжны …….тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н А /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Амгалан хотхоны хашаанд иргэн Б.Г-ын “Хово” маркийн тээврийн хэрэгслэлээр шороо зөөж өгөөд буухдаа уг автомашинд байсан иргэн Б.Г бэлнээр 250.000 төгрөгтэй түрүүвч, “Самсунг Эс-7” маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 541.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Амгалан хотхоны хашаанд иргэн Б.Г “Хово” маркийн тээврийн хэрэгслэлээр шороо зөөж өгөөд буухдаа уг автомашинд байсан иргэн Б.Г бэлнээр 250.000 төгрөгтэй түрүүвч, “Самсунг Эс-7” маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 541.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/
3. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/
4. Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би тэр үед өөрийн хэтэвч гар утас зэргээ өөрийнхөө машины голын тавиур дээр тавьсан байсан. Тэгээд тэр залуу намайг Амгалан хотхонд буулгачихаад өөрийнхөө машиныг унаад яваад өгсөн. Би тэр залууд миний том машиныг барьж өгсөн юм чинь гээд 20.000 өгөөд явуулсан. Тэгээд би таксины жолоочийг явсны дараа гар утсаа тавьсан газраа санаад машины голын тавиур дээрээс авах гэхэд байхгүй байсан. Ингээд таксины жолооч аваад явсан байна гэдгийг мэдсэн...Миний алдагдсан гар утас “Самсунг галакси эс-7” загварын гар утас байсан. 2018 оны зун худалдан авсан бөгөөд одоо би 300.000 төгрөгөөр үнэлнэ. Харин хэтэвч маань монгол арьсан хэвтэвч байсан бөгөөд 20.000 төгрөгөөр үнэлнэ. Хэвтэвчин дотор иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 250.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
5. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дахин утсаар ярихад Хово машин бариад халтуур хийх гэж байна гэж хэлсэн...Маргааш өглөө нь босоод бид хоёр хамт ажил дээрээ ирсэн. Тэгтэл А нэг утас оролдоод байсан. Тэгэхээр нь би юун ямар учиртай утас юм гэж асуухад өчигдөр таксинд суусан хүн унагаасан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
6. Шүүгдэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Тэгээд сэрээх гэхэд өөрөө сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би машины голын тавиур дээр ил байсан хэтэвч, утас хоёрыг нь аваад явсан. Би хохирогчийн хэтэвчийг Вивасити хорооллын автобусны буудлын ойролцоо хаясан. Дотроос нь 250.000 төгрөг авсан, мөн гар утсыг аваад явсан юм. Гэхдээ би гар утас болон 250.000 төгрөгийг нь буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.Бнь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Амгалан хотхоны хашаанд иргэн Б.Г “Хово” маркийн тээврийн хэрэгслэлээр шороо зөөж өгөөд буухдаа уг автомашинд байсан иргэн Б.Г бэлнээр 250.000 төгрөгтэй түрүүвч, “Самсунг Эс-7” маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 541.000 төгрөгний хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, түүний хувийн байдал /...30 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Н.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н Аод хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Н.Аод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н А-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Н.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Н.Аод сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР