Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

 

  

    

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй

           шүүх хуралдааны нарийн бичгийн А.Арай,

           улсын яллагч У.Дэндэвдорж,    

            иргэдийн төлөөлөгч О.Батсүрэн,     

шүүгдэгч Д... // , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1-954/, Н.Намжилцогт /ҮД:1-697/, Ц.Дэлгэрням /ҮД:0-317/

орчуулагч О.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г В Д /N V D/-д холбогдох эрүүгийн 1702001390048 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, …. Оны…. дугаар сарын ….-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Бакнин хотод төрсөн, ……настай эрэгтэй, …… боловсролтой, …… мэргэжилтэй, ам бүл …., …….нарын хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын …….. оршин суух хаягтай, ……… ажилтай, Сүхбаатар дүүргийн ….. дугаар хороо, …… тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Г В Д /N V D/-д гадаад паспортын дугаар: …………….  

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч БНСВУ-ын иргэн Г В Д /N V D/ нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа хилийн боомтоор хязгаарласан бараа буюу цацраг идэвхт Иод-125 изотопын цацрагын үүсгүүрийг хууль бусаар БНСВУ-аас Монгол Улс руу тээвэрлэсэн, уг бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Г В Д /N V D/ нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа хилийн боомтоор хязгаарласан бараа буюу цацраг идэвхт Иод-125 изотопын цацрагийн үүсгүүрийг N V M -ийн захиалгаар тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:   

1. Шүүгдэгч Г В Д /N V D/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Барааны дотор нь юу байсныг шалгаагүй миний буруу. Хориотой бодис гэдгийг мэдэхгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэндээ уучлалт хүсэж байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 53-55/

3. Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн нэмэлт шинжилгээ хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 60-63/

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Батмөнхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/158 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 98/

5. Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагын хяналтын улсын байцаагч Б.Бямбацогт, Б.Батбилэг нарын цацрагийн шалгалт хийсэн тухай танилцуулга /1-р хх-ийн 99-114/   

6. Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2- 5а/1757 дугаартай хилийн лавлагаа /1хх-ийн 172/   

7. Гэрч Б.Б мэдүүлэг “….Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагаас Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Дэлгэрмаа ахлахтай ээлжинд гарсан. Гарах хугацаанд цацралын хяналт тавих хувиарт тавигдан ажиллаж байсан. Гэтэл 17 цаг 38 минутанд цацрагийн хяналтын төхөөрөмжинд гамма дохиолол илэрсэн. Ийм учраас гамма дохиолол илэрсэн БНСВУ-ын иргэн Г В Д /N V D/ гэгчийг саатуулж биед болон ачаа тээшинд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд 60x60 см хэмжээтэй цаасан хайрцагтай тээшинд байсан жижиг цаасан хайрцагтай скочидсон эд зүйлээс цацрагийн үүсгүүр илэрч байсан тул Изотопын төрлийг тогтоохоор ХБНГУ-д үйлдвэрлэсэн таних багажаар тогтооход эмнэлгийн зориулалттай цацраг идэвхт үүсгүүр буюу Иод-125 изотоп болох нь тогтоогдсон. Ингээд дотор нь ямар зүйл байгааг харах зорилгоор рентгенд харахад хоосон ундааны пивор савны гадуур цаас ороосон байсан. Байгаль дээр байдаг цацрагийн түвшин нь 0.2-0.25 мкЗ цаг байдаг бол тухайн бие дээр 29-30.6 мкЗ цаг буюу 100 дахин илүү цацраг ялгаруулж байсан. Үүнийг тогтоосны мэдээллийг холбогдох хүмүүст мэдэгдсэн. Ингээд тухайн БНСВУ-ын иргэнийг тагнуулын байгууллагад шилжүүлээд, цацрагийн үүсгүүрийг шинжилгээнд хамруулахаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Үндэсний лавлагаа лабораторит шилжүүлсэн. Тус лабораторит цаасан хайрцгийг задалж үзэхэд ундааны савыг ороосон нарийн цаасан зүлгүүрийн арын хэсэгт Иод-125 изотоп шингээсэн 3x3 мм орчим хэмжээтэй 12 ширхэг цагаан цаасыг наасан байсан. Нэг том зүлгүүр дээр нь 8 ширхэг, 4 жижиг зүлгүүр дээр 1 нэг ширхэгийг наасан байсан. Тухайн эд зүйлийг шинжилгээгээ цацрагийн үүсгүүр буюу Иод-125 изотоп болох нь батлагдсан юм....дээрх бодисыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглах эрхтэй. Эмчилгээний зориулалтаар ашигладаг. Хүний биед биологийн үйлчлэл үзүүлэх хор нөлөөтэй. Цөмийн энергийн тухай хуулиар иргэн болон аж ахуйн нэгж авах, ашиглахыг хориглосон гэх мэдүүлэг… “ /1-р хх-ийн 41-42/   

8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний үндэсний лавлагаа лабораторийн ахлах шинжээч Х.Идэрмөнхийн “...Лаборатори болон үйлдвэрийн аргаар химийн элментүүдээс гаргаж авсан бодис болохоор зохиомол цацраг идэвхт Иод-125 цацрагийн үүсгүүр гэсэн. Зүлгүүрийн ард талд цаас шиг жижиг цагаан өнгийн зүйлсээс цацраг идэвхт иод-125 илрээд байгаа учраас тухайн жижиг зүйлийг бэлдэц гэсэн. Цацраг идэвхт Иод-125-ийг эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа цацрагийг дотор нь 4 ангилна. Гамма, Бэтга, Нейтрон, Альфа гэж ангилдаг. Гамаа цацраг нь цахилгаан соронзон долгион. Нейтрон цацраг нь цэнэггүй бөөм, харин Альфа, Бетта цацраг нь цэнэгтэй бөөм байдаг. Тухайн шинжилгээний эд зүйлээс Бетта болон Гамма цацраг илэрсэн. Бэлдэц нь зүлгүүр дээр 8 ширхэг, дангаараа 4 ширхэг, нийт 5 ширхэг зүйл байсан ба тус тусад нь шалгаж үзэхэд тунгын чадлын хэмжээ байгаль дээр байдаг хэмжээнээс хамгийн бага нь 100 дахин их, хамгийн их нь 2500 дахин их байсан. Мөн ширхэг зүйл дээр тус тусад нь үзэхэд хамгийн бага нь нэг дахин их, хамгийн их нь 30 дахин их байсан гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/    

9. Шүүгдэгч Г В Д /N V D/-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа 24.4 дүгзэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би тухайн авч явсан эд зүйл дотор юу байгааг мэдээгүй авч ирсэн...хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэсэн 18.5 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2-т заасан зүйл ангийг бол хүлээн зөвшөөрч байна....учир нь би дээрх бодисыг хууль бус хориотой гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 207, 2-р хх-ийн 27-30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Г В Д /N V D/ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цөмийн бодисыг тээвэрлэсэн гэх үйлдэлд шүүгдэгч Г В Д /N V D/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлахад  хавтаст хэрэгт авагдсан баримт болон яллах дүгнэлтэд тусгагдсан баримтуудаар түүнийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ талаарх баримтууд хэрэгт болон яллах дүгнэлтэд хангалттай авагдаж тусгагдаагүй байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Г В Д /N V D/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.       

Нийслэлийн прокурорын газраас Г В Д /N V D/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт гэрч N V M -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Таваг сэгсрэх тоглоомын ялтасыг интернетээр Вьетнам улс руу захиалсан. Мөнгийг нь эндээс шилжүүлсэн юм. Ингээд Вьетнам улсад танилыгаа аваад N V D-аар өгөөд явуулчих гэсэн. Өөр ямар нэгэн захиалсан зүйл байхгүй. Тухайн зүйлийг 1 сая Вьетнам Донг буюу Монгол төгрөгөөр 100.000 төгрөгөөр авсан...Вьетнам улсад Nguyen Van Phong гэдэг хамаатангаа аваад наашаа явуулаач гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 40/, гэрч Н В Ф /Nguyen Van Phong/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ах Мань-ий дуудлагыг авсан ба ах Мань намайг гарч шуудан ороод хайрцагтай зүйлийг авч удахгүй Монгол руу явах гэж байгаа ах Дап-д өгөөд явуул гэсэн. Бид нэг нутгийн хүмүүс болохоор янз бүрийн зүйл бодоогүйн дээр ах Дап ч хайрцагтай зүйлийн талаар онц зүйл асуугаагүй, би ч дотор нь юу байгааг мэдээгүй...” гэсэн мэдэгдэх хуудас /хх-ийн 1-р хх-ийн 199/,  шүүгдэгч Г В Д /N V D/-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Nguyen Van Phong нь блокны тамхины цаасан хайрцагны хэмжээтэй гадуур нь зузаан скочоор скочидсон маш хөнгөн зүйл өгөөд Монгол улсад байдаг N V M -д өгөөрэй гэж явуулсан. Намайг Монгол улс руу явах өдөр гэртээ ирсэн чинь Nguyen Van Phong тухайн эд зүйлийг манай гэрт үлдээсэн байсан. Ингээд би Монгол улсад хүлээн авах N V M -тай утсаар ярьж “энэ дотор юу байгаа юм бэ, аюултай зүйл байхгүй биз” гэж асуухад хориглосон аюултай зүйл байхгүй гэсэн. Би тухайн хайрцаг дотор юу байгааг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 25-26, 28-29/ тус тус авагдсан байна.   

Шүүгдэгч Г В Д /N V D/ нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон цөмийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг болон яллах дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнийг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон цөмийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн гэж үзлээ.        

Иймд шүүгдэгч Г В Д /N V D/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт зааснаар хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон цөмийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал /... Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Бакнин хотод төрсөн, 27 настай, тусгай дунд боловсролтой, авто машины будагчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Бакнин хот Дуан задгайд оршин суух хаягтай, Хаан их төгөл ложистик ХХК-нд будагчин ажилтай.../ шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г В Д /N V D/-д 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.       

Шүүгдэгч Г В Д /N V D/-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.    

Нийслэлийн прокурорын газраас Г В Д /N V D/-аас орчуулгын зардал 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г В Д /N V D/-аас 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж Нийслэлийн прокурорын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3х3 хэмжээтэй цагаан өнгийн 12 ширхэг Иод-125 цацрагийн үүсгүүртэй эд зүйлийг устгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлвэл зохино.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г В Д /N V D/-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр заалаа. 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г В Д /N V D/-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.      

2. Шүүгдэгч Г В Д /N V D/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон цөмийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г В Д /N V D/-г 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г В Д /N V D/-д оногдуулсан 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г В Д /N V D/-аас 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж Нийслэлийн прокурорын газарт олгосугай.

6. Г В Д /N V D/-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3х3 хэмжээтэй цагаан өнгийн 12 ширхэг Иод-125 цацрагийн үүсгүүртэй эд зүйлийг устгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г В Д /N V D/-д сануулсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г В Д /N V D/-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г В Д /N V D/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

                                              ШҮҮГЧИД

                                                                                                   С.БАЗАРХАНД

 

 

                                                                                                   Х.ОДБАЯР