Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00746

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00746

 

 

 

Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00451 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Ус, цахилгаан, дулааны төлбөрт 4,642,484 төгрөг, дулааны тоолуурын төлбөрт 1,066,250 төгрөг, хаалга эвдэлсний хохиролд 629,000 төгрөг, нийт 6,337,734 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Б-тай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхар 123.7 м.кв, зоорийн давхрын 90 м.кв бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан. УБ ТӨХК-тай 4240 тоот хангагч, хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. УБ ТӨХК-аас нэг барилгын нэг узелээс дулаанаар хангагдаж байгаа хэрэглэгчдийн хувьд гэрээг салгаж хийх техникийн боломжгүй тул тухайн обьектын дулааны инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьсан өмчлөгч болох надтай гэрээ байгуулсан. Уг барилгын усны төлбөр нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 874,015 төгрөг гарсан. Үүнээс Б.Б-гийн төлбөл зохих 437,007 төгрөгийг Б.Б- нь одоог хүртэл төлөөгүй. Мөн дулааны төлбөр нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 4,751,550 төгрөг гарсны Б.Б- нь төлбөл зохих 2,375,775 төгрөгийг төлөөгүй. Мөн цахилгааны төлбөр болох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 1,370,988 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд Б.Б-гийн төлбөл зохих 685,494 төгрөгийг төлөөгүй. Дээрх төлбөрүүдийг би Б.Б-гийн өмнөөс төлсөн. Мөн миний бие өөрийн өмчийн уг барилгын узелийн өрөөнд төмөр хаалга хийсэн. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Б- нь тухайн хаалгыг эвдсэн тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандан шалгуулсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уг хаалга эвдсэн асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Би уг төмөр хаалгыг 629,000 төгрөгөөр худалдан авч, хийлгэсэн. Иймд хариуцагч Б.Б-гийн усны төлбөл зохих төлбөр 437,007 төгрөг, дулааны төлбөл зохих төлбөр 2,375,775 төгрөг, цахилгааны төлбөл зохих төлбөр 685,494 төгрөг, эвдэлсэн төмөр хаалганы үнэ 629,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Б- нь өнөөдрийг хүртэл ус, дулааны төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл усны төлбөр 635,545 төгрөг гарснаас Б.Б-гийн төлбөл зохих 317,772 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дулааны төлбөр 1,652,872 төгрөг гарснаас Б.Б-гийн төлбөл зохих 826,436 төгрөг, мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дулааны тоолуур суурилуулсан төлбөр 2,132,500 төгрөг болсноос Б.Б-гийн төлбөл зохих 1,066,250 төгрөг, нийт 2,210,458 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Жуулчны гудамж 12/2 тоот хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хоёрдугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус өмчилж, оффисийн зориулалтаар ашигладаг. Тухайн оффист 5-10 ажилтан байнга байрлаж ажлын 8 цагаар ажилладаг тул цахилгаан, дулаан, усны мөнгө их хэмжээтэй гардаггүй. Харин Д.Н- нь өөрийн хууль бусаар барьсан өргөтгөлийнхөө цахилгаан, дулаан, усны мөнгийг надаар төлүүлэх зорилготой гэж үзэж байна. Учир нь Д.Н- нь холбогдох байгууллагаас огт зөвшөөрөл авалгүйгээр 2019 онд урагш 7 метр орчим сунгаж, дээш таван давхар болгон өндөрлөсөн, энэ өргөтгөлдөө мөн хууль бусаар цахилгаан, дулаан, усны шугам татуулсан бөгөөд энэ хууль бусаар барьсан өргөтгөлийнхөө 300 гаруй м.кв-ын ашиглалтын зардлыг надаар төлүүлэхээр удаа дараа, байнга элдэв дарамт шахалт үзүүлж, өөрийн өмчийг чөлөөтэй эзэмшиж ашиглахад саад учруулж байна. Дулааны төлбөрийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс төлөөгүй. Д.Н- нь 2019 оны 05 дугаар сараас эхлэн уг обьектод холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй урагшаа 7 метр, дээшээ 5 давхар болгон өргөтгөл хийсэн. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж дууссанаас хойш 2019 оны 10 сард халаалт 258,000 төгрөг, ус 25,000 төгрөг, цахилгаан 98,000 төгрөг нийт 381,000 төгрөгийг төл гэж бичгээр эхнэр Д.Э- нь өгсөн. Энэ нэхэмжилсэн төлбөр урьд нь төлж байснаас хэт өндөр байсан тул холбогдох байгууллагаас ирсэн нэхэмжлэлийг үзээд өөрт ноогдох төлбөрөө хийнэ гэсэн боловч үзүүлээгүй. Иймд цахилгаан, дулааны, ус сувгийн удирдах газар зэргээс тодруулахад нийт 5 давхар объектод дулааны төлбөрт 51,000 төгрөг, цахилгааны төлбөр 201,339 төгрөг, усны төлбөр 36,520 төгрөг бүгд нийлээд 288,054 төгрөгийн төлбөр гарсан байсан. Иймээс нэхэмжлэлд үндэслэж төлбөр тооцоо хийх шаардлага удаа дараа тавьсаар өнөөдрийг хүрсэн.

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өглөө ажилдаа ирэхэд узелийн өрөөг дур мэдэн өрөмдөж төмөр сараалжин хаалга хийсэн байсан. Узелийн өрөө нь миний өмчлөлийн талбайд багтдаг ч узелийн өрөөг дундын өмчлөлийн зориулалтаар ашигладаг учраас цоожгүй онгорхой байлгадаг, нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг байсан. Гэтэл Д.Н- нь дур мэдэн төмөр сараалжин хаалгаар битүүмжилж, цоожилсон. Осол аваар, халуун ус алдах, гал түймэр гарах мөн холбогдох байгууллагаас тоолуурын заалт, эвдрэл гэмтэл шалгахад хүндрэл үүсэх тул уг хаалгыг эвдэлгүйгээр өрөмдөж суулгасан хэсгээр нь гэмтээлгүй салгаж нэг давхарт байрлуулсан. Холбогдох байгууллагын ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн өөрийн өмчлөлийн талбайн төлбөр болон бодитоор хэрэглэсэн ус дулааны ашиглалтын зардлыг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хэрэглээний төлбөрийг 50х50 хувиар тооцох үндэслэл нь учир дутагдалтай, дахин хэмжилт хийлгэж тогтоолгох ёстой. Нэг обьектод дундын зардал буюу ашиглалтын үл хамаарах сул зардал тооцож, хамт төлөх үүрэгтэй. Бусад хэрэглээг салгаж ашиглалтыг тус бүрээр хариуцагчид төлөх бүрэн боломжтой тул талууд өөрсдөө гэрээгээр зохицуулаагүй буруутай. Хаалга эвдэлсэн тохиолдлын хувьд талууд хоёулаа буруутай. Аль аль талын эрх ашиг зөрчигдсөн, урьдчилан хэлж зөвшилцөж шийдэх байсан.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 3,275,524 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,433,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэм хорын хохиролд 629,000 төгрөг гаргуулах тухай Д.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 67,358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.б. Усны хэрэглээний төлбөрт 754,779 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Шүүхээс ...усны төлбөрийг зохигчийн хэн нь хэдэн хувиар тооцох талаар нотлох баримтыг хэн аль нь гаргаагүй, усны задгай хэрэглээнд сар бүрээр төлбөр тооцоо гардаг, тоолуур нь өмчлөгч нарын хувьд тусдаа болоогүй байгаа тохиолдолд урьд нь төлбөр төлж заншсан 50X50 хувьд нь ногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргаж өгсөн Дулааны шугам сүлжээ ХК-ийн хяналтын инженерингийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэмжилтийн актаар тухайн барилгын 29 хувийг Б.Б-, 71 хувийг Д.Н- нар нь эзэмшдэг болох нь мөн нэхэмжлэгч Д.Н- нь зоорийн давхартай хоёр давхар барилгын зөвшөөрөлтэй барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2019 онд урагш 7 метр орчим сунгаж, дээшээ таван давхар болгож уг 300 м.кв гаруй өргөтгөлдөө хууль бусаар цахилгаан, дулаан, усны шугам татуулсан нь тогтоогдсон. Гэвч шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр ...урьд нь төлбөр төлж заншсан 50*50 хувьд нь ногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

5.в. Дулааны хэрэглээний төлбөрт 3,202,211 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Д ХК-ийн хяналтын инженерингийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэмжилтийн актаар тухайн барилгын 29 хувийг Б.Б-, 71 хувийг Д.Н- эзэмшдэг болох нь тогтоогдсон бөгөөд шүүхэд энэхүү хувь хэжээг үндэслэлгүй ...Д.Н-т 59.25 хувь, Б.Б-д 40.75 хувь ноогдож байх гэж дүгнэсэн нь буруу байна.

5.г. Дулааны тоолуур суурилуулсны зардалд 1,066,250 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дулааны тоолуур суурилуулсан, уг тоолуурыг суурилуулахад худалдан авсан үнэ болон суурилуулалтын хөлсөнд нийт 2,132,500 төгрөг төлсөн гэж холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч маргаан бүхий дулааны тоолуурыг үл хөдлөх эд хөрөнгөд суурилуулсан эсэх, хэрэв суурилуулсан бол үүнийг маргаан бүхий хугацаанд ашигласан эсэх нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн зүгээс дулааны тоолуур суурилуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Дулааны тоолуур суурилуулсан 2,132,500 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Энэ дулаан тоолуурын үр шимийг байнга хүртэж байгаа учраас 50 хувиар гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ус, цахилгаан, дулааны төлбөрт 4,642,484 төгрөг, дулааны тоолуурын төлбөрт 1,066,250 төгрөг, хаалга эвдэлсний хохиролд 629,000 төгрөг, нийт 6,337,734 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч Д.Н- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Жуулчны гудамжинд байрлах оффис үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхар болон зоорийн давхрыг 2014 онд иргэн Б.Б-д худалдсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн өмчлөх болсон. Уг барилгын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны усны хэрэглээний төлбөрт нийт 874,015 төгрөг гарснаас хариуцагчид ногдох 437,007 төгрөгийг, мөн дээрх хугацааны дулаан хэрэглэсний төлбөрт нийт 4,751,550 төгрөг гарснаас хариуцагчид ногдох 2,375,775 төгрөгийг, мөн дээрх хугацааны цахилгааны төлбөрт нийт 1,370,988 төгрөгийн төлбөр гарснаас хариуцагчид ногдох 685,494 төгрөгийг төлөөгүй. Дээрх төлбөрүүдийг Д.Н- нь Б.Б-гийн өмнөөс төлсөн боловч хариуцагч нөхөн төлөөгүй тул усны төлбөрт 437,007 төгрөг, дулааны төлбөрт 2,375,775 төгрөг, цахилгааны төлбөрт 685,494 төгрөг, мөн барилгын узелийн өрөөнд төмөр хаалга захиалж хийлгэснийг Б.Б- төлөөгүй тул төмөр хаалганы үнэ болох 629,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт усны төлбөр 635,545 төгрөгийн 50 хувь болох 317,772 төгрөг, мөн хугацааны дулааны төлбөрт нийт 1,652,872 төгрөгийн 50 хувь болох 826,436 төгрөгийг гаргуулна. Мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн дулааны тоолуур суурилуулахад гарсан зардалд 2,132,500 төгрөгийн хариуцагчид ногдох 1,066,250 төгрөг, нийт 2,210,458 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна.

 

1.в. Хариуцагч Б.Б- нь татгалзлын үндэслэлээ ...Өргөтгөл хийснээс хойш нэхэмжилсэн хэрэглээний төлбөр нь өмнө нь төлж байснаас хэт өндөр болсон тул зөвшөөрөхгүй, узелийн өрөөг дур мэдэн өрөмдөж төмөр сараалжин хаалга хийсэн. Узелийн өрөө нь миний өмчлөлийн талбайд багтдаг ч дундын өмчлөлийн зориулалтаар ашигладаг учраас цоожгүй онгорхой байлгадаг, нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг байхад сараалжин хаалгаар битүүмжилж, цоожилсон байсныг хаалгыг нь эвдэлгүйгээр өрөмдөж суулгасан хэсгээр нь гэмтээлгүй салгасан, хаалганд эвдрэл гараагүй хохирол учраагүй тул гэм хорын шаардлагыг зөвшөөрөхгүй. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэглээний дулаан, цахилгаан, усны төлбөрийг төрөөс даах тухай шийдвэр гарсан учраас энэ хугацаанд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Мөн дулааны тоолуур шинээр суурилуулсан талаар мэдэгдээгүй, энэ талаар үнэхээр суурилуулсан эсэхээ нотлоогүй, уг тоолуурыг хэрэглэдэггүй тул шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Н- нь хэрэглээний төлбөрийг Б.Б-гаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

3. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрт 874,015 төгрөг төлсөн талаарх хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцооны баримт, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны усны төлбөрт 500,545 төгрөг төлсөн талаарх төлөлтийн тайлангийн баримтаар Б.Б-гийн өмнөөс төлсөн гэх баримтыг ирүүлжээ.

/1хх4,79/

 

3.а. Хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөр нь нийт 864,405.58 төгрөг гэж тодорхойлсон байх ба хариуцагч Б.Б-гийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд усны төлбөрт нийт 167,137.08 төгрөг төлснийг хасч, 587,641.92 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж Д.Н-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Усны хэрэглээний хувьд хэрэглэгч нар тусдаа тоолуургүй байх бөгөөд хариуцагч талаас 50/50 хувиар шүүхээс хариуцуулсныг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч барилгын 71 хувийг, хариуцагч 29 хувийг тус тус эзэмшдэг гэх гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид тус тусдаа усны тоолуургүй байх бөгөөд өөрийн хэрэглэсэн усны хэмжээг хариуцагч баримтаар нотлоогүй байх ба, барилгын хэдэн хувийг эзэмшиж ашигладаг байх нь хэрэглэсэн усны хэмжээг тодорхойлохгүй учраас анхан шатны шүүхээс 50/50 хувиар хариуцуулж төлбөрийг гаргуулсан нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

3.б. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд цахилгааны төлбөрт Д.Н- нь нийт 1,370,988 төгрөгийг төлсөн талаарх УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн баримтыг ирүүлжээ. /1хх20/ Энэхүү баримт нь нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд хамаарахгүй тул Б.Б-гийн төлсөн 143,817 төгрөгийг хасч, үлдэх 541,677 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

3.в. УБ ТӨХК-аас ирүүлсэн баримтаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны туршид дулааны төлбөрт 4,751,550 төгрөгийн төлбөр гарснаас цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас нийт төлбөрийн 2,101,349.21 төгрөгийг хөнгөлсөн болох нь тогтоогдсон тул 2,650,200 төгрөгийг Д.Н- нь төлсөн байна.

 

3.г. УБДС ТӨХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарыг оролцуулан хийсэн хэмжилтийн актаар Д.Н-ын эзэмших эзлэхүүний талбайг 932.16 м.куб, Б.Б-гийн эзэмших эзлэхүүний талбайг 641,1 м.куб гэж тооцсон байх ба нэхэмжлэлийн шаардлагаас бодитоор төлсөн дулааны төлбөр болох 2,650,200 төгрөгөөс 1,570,243 /59.25%/ төгрөгийг Д.Н-т, 1,079,956 /40,75%/ төгрөгийг Б.Б-д хариуцуулсан нь зөв байх тул 1,079,956 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж, Д.Н-т олгож, үлдэх 2,122,255 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ./1хх 124/

 

Нэхэмжлэгчийн эзэмшдэг талбайн эзлэхүүн 932,16/1573,26 м.кв=59.25%, хариуцагчийнх 641,1/1573,26=40.75% байх тул хариуцагч талын 29 хувийг хариуцагч Б.Б-, 71 хувийг нэхэмжлэгч Д.Н- эзэмшдэг байхад анхан шатны шүүх эзэмшлийн хувийг буруу дүгнэсэн гэх гомдлыг хангахгүй.

 

3.д. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дулааны тоолуурыг худалдан авч 1,852,500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12-2 тоот гэсэн талуудын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн хаягт уг дулааны тоолуурыг суурилуулсан ажлын хөлсөнд 280,000 төгрөг, нийт 2,132,500 төгрөгийн баримтуудыг ирүүлсэн байх ба хувь тэнцүүлэн 1,066,250 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт нийцжээ.

 

3.е. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс узелийн хаалга эвдэлсний хохиролд 629,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 716 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалга эвдэрсэн эсэх талаарх үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн холбогдох шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байх ба гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондох шалтгаант холбоо тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлтэй байна.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б-гаас 3,275,524 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,433,210 төгрөг, гэм хорын хохиролд 629,000 төгрөгт холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Анхан шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,358 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ