Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0201

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0201

   Улаанбаатар хот

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч З.С, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрээр: “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний зохицуулах хорооноос “А” ХХК-ийн “Эрчим хүчний барилга байгууламж 100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Самдан шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаг. Энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг авч үзэж байсан бөгөөд холбогдох шийдвэр хараахан гаргаагүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх ажиллагаа явуулсан.

    Эрчим хүчний зохицуулах хороо нь “А” ХХК-ийн “Эрчим хүчний барилга байгууламж 100 МВт-ын салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудалд хандсан хандлага нь хууль бус үйлдэл огтхон ч биш бөгөөд харин ч холбогдох хуулийн дагуу явагдаж байсан. Харилцаа дуусаагүй байхад шүүхээс хууль бус гэж тогтоосон нь хэт нэг талыг баримталсан, өөрөө хууль бус үйлдэл юм.

      Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг Эрчим хүчний яам хянаж дүгнэлт гаргахаар заасан. Нэхэмжлэгч яаманд хандсан боловч 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шууд шүүхэд хандсан байгаа нь процессийн алдаа гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан шатны ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой байтал хийгдээгүй шүүхийн шийдвэр гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

     Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Эрчим хүчний зохицуулах хорооноос “А” ХХК-ийн Эрчим хүчний барилга байгууламж-100 МВт-ын салхин парк барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

     Нэхэмжлэгч “А” ХХК нь 2008 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт салхины эрчим хүчийг ашиглах талаар хэмжилт, судалгаа хийж, 2009 оны 09 дүгээр сард 100 МВт-ын хүчин чадалтай салхин парк барих техник эдийн засгийн үнэлгээг БНСУ-ын “К” компанитай хамтран боловсруулснаар Эрчим хүчний барилга байгууламж-100 МВт-ын салхин парк барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 жилийн хугацаатай авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 жилийн хугацаагаар сунгуулснаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байжээ.

     Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороонд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн  бөгөөд хариуцагчаас “танай компанийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл аливаа сунгалт, зөвшөөрлийг түр түдгэлзүүлэхээр сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан” хэмээн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байна.

       Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож болно”, 20.2-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна”, 20.3-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно” гэж эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгохтой холбогдсон зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд хуульд заасан шаардлага болох техник, эдийн засгийн үндэслэл, эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах эрчим хүчний нөөцийн судалгаа, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт, үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт, үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний тэнцэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, тухайн хуулийн этгээдийн санхүү, хөрөнгийн нөөц, эдийн засгийн чадавхи, үйл ажиллагаагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр, мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн дадлага, туршлага зэргийг хангасны үндсэн дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгогдсон болох нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

       Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбогдсон харилцааг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна”, 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж заасны дагуу хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, мөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж болохоор зохицуулжээ.

      Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн эсэх, уг тусгай зөвшөөрөл эзэмшигч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэхийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын жил бүрийн тайланг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөхөөр хийгдэх ажлуудыг хянаж, үнэлж дүгнэлгүйгээр заасан хугацаанд барилга байгууламж бариагүй гэсэн үндэслэл зааж сунгах боломжгүй гэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

      Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн талаарх 2017 оны тайланг цахим хэлбэрээр 2018 оны 01 дүгээр сард, бичгийн хэлбэрээр 2018 оны 02 болон 05 дугаар саруудад хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байгаа, хариуцагч энэ талаар үгүйсгээгүй, харин 2017 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажилласан эсэхийг дүгнэхдээ төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах хугацаа удааширсан нөхцөл байдал байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

        Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын захирамжаар тус сумын нутагт эрчим хүчний зориулалтаар газар ашиглах эрхийг 2017 оны 05 дугаар сард, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар агаарын шугамын хамгаалалтын зурвас газрын зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сард авсан зэргээс дүгнэхэд эдгээр нөхцөл байдал нь 2017 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

      Түүнчлэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байсан гэж үзвэл 2018 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын тайланг дүгнэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуцагчийн үйлдэл нь “Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, үнэлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайлан нь тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхэд голлох үзүүлэлт болно” гэж заасантай нийцээгүй байна.

       Иймд хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

      Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг шууд даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

      Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 8.2-т “Зохицуулах хороог орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй зохицуулагчид удирдана”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр байх тул шүүхээс сунгахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

      Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байхад гомдол хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэх гомдол үндэслэлгүй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0078 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... хугацааг сунгахыг...” гэснийг “... хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ