Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 0006

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Б.Пүрэвдоржоос Булган Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсөд  холбогдуулан гаргасан “2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Пүрэвдоржид “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27-р зүйлийн 1-д зааснаар эрхийг сараар хасч, торгуулийн арга хэмжээ авсан тухай” иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон шийтгэвэр, актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Пүрэвдорж миний бие 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 29-73 БУА дугаарын Шевролет маркийн автомашиныг жолоодож сургуулийн ойролцоо явж байхад хүүхэд үсэрч машины обуд дээр гараад буцаж буусан үйл явдал болсон. Аймгийн замын цагдаагийн ажилтан намайг буруутгасныг “хүүхэд” гэдэг утгаар нь би маргаагүй боловч ослын актанд гарын үсэг зураагүй, би өөрийгөө буруугүй гэж үзнэ. Хүүхдэд хөнгөн гэмтэл учирсан гээд зам ослын хэргийг хэрэгсэхгүй болгож, байцаагч надад танилцуулсан. Би хүнийхээ хувьд 6 настай тэр хүүхдийг хотод дагаж очиж эмнэлэгт оношилгоо, эмчилгээ хийлгэхэд нь чадлын хирээр сэтгэлийн болон мөнгөн тусламж үзүүлсэн.

      Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, захиргааны зөрчил гаргасан гэж үзэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар торгож 1 жил эрх хасах арга хэмжээ авлаа.

       Миний цусанд шинжилгээ хийж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзжээ. Тэгтэл би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, амсдаггүй нэгэн билээ. Шинжилгээ яагаад ийм гарав гэдэгт эргэлзэж байна. –Цус солигдож андуурагдсан байж болох юм, -архи уусан мэтээр гардаг эм бэлдмэл хэрэглэснээс гарсан байж болох, -урд өдөр уусан цагаан идээ, тараг зэргээс гарсан байж болох юм.

     Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, амсдаггүй байж, согтолттой байсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж хуулийн байгууллагаар дүгнэгдэх харамсалтай бөгөөд шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

        Цагдаагийн байгууллагын ажилтны дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Прокурорын газарт гаргасан боловч Замын Цагдаагийн ажилтныг зөвтгөсөн хариу өглөө. Замын Цагдаагийн ажилтан уг шийдвэр гаргах болсон үндэслэлээ хянаагүй, шинжилгээ бодит үнэнд нийцсэн эсэхийг магадлаагүй гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 30-ны Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсийн гаргасан шийдвэр буюу захиргааны хуулинд нийцээгүй, иргэний эрх ашиг сонирхолыг хохироосон шийтгэвэр, актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсөд холбогдуулан тус шүүхэд гаргасан “захиргааны акт, шийдвэр хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:     

         Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын иргэн Б.Пүрэвдорж нь  Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсөд холбогдуулан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27-р зүйлийн 1-д зааснаар эрхийг сараар хасч, торгуулийн арга хэмжээ авсан тухай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон шийтгэвэр, актыг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0003/З/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь  Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсөд холбогдуулан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27-р зүйлийн 1-д зааснаар эрхийг сараар хасч, торгуулийн арга хэмжээ авсан тухай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон шийтгэвэр, актыг хүчингүй болгуулах ”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбараа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгсөд холбогдох Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0003/З/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн 041400995 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг  дурьдсугай.

       4 . Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлж, Хариуцагчаас ирүүлсэн “Зөрчлийн бүртгэл №384” гэсэн хавтастай, 37 хуудас материалыг тэмдэглэл үйлдэн хариуцагчид буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА