Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1080

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04264 дүгээр шийдвэртэй,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,

 

Н.Ганбатыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг,

 

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 116 дугаар байр 42 тоотод оршин суух Н.Ганбат нь удаа дараа архидан согтуурч, нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчин, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгээр архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь тогтоогдож байгаа тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

Шүүх: Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Н.Ганбатыг архины албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлж,

Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Н.Ганбатыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлж,

Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 116-42 тоотод ээж н.Ичинхорлоогийн хамт оршин суудаг. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Мааньтын архины албадан эмчилгээнд явсан. Миний бие элэгний хагалгаанд 2 удаа, тархины хагалгаанд 2 удаа орж байсан. Олон удаагийн хагалгаанд орсон байдал маань эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байна. Мөн бие муутай учир ээж н.Ичинхорлоогийн сэтгэл санаа маш их зовж байна. Миний бие дахин согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй бусдын амар амгалан байдлыг эвдэхгүй байна гэдэгтээ итгэлтэй байна. Иймд энэ удаагийн албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Н.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр эрүүлжүүлэгдэж, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 11 удаа зөрчил гаргаж Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн болон баривчлах арга хэмжээ авагдаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээлийн сангийн бүртгэлээс харагдаж байна.

 /хэргийн 7-11 дүгээр тал/

 Түүнийг архинд донтох өвчний 3 дугаар шатанд байгаа болохыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-ээр тогтоосон бөгөөд тэрээр сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн тул албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг шүүх хангаж, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Н.Ганбат нь элэгний болон тархины хагалгаанд тус бүр 2 удаа орсон, албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Ганбатын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Н.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

               

                                                             ШҮҮГЧИД                          А.МӨНХЗУЛ

                        

                                                                                                       С.ЭНХТӨР