Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00703

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00703

 

 

********, ********** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан.даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12.дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03781 дугаар шийдвэртэй,

********, ********** нарын нэхэмжлэлтэй, **************т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8310 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нараас 392,905,511 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, То ван гудамж, 34 дүгээр байр, 101 тоотод байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,176,450,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлээгүй.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцооллыг үйлчилгээний талбайн нээлттэй зах зээл дээр худалдсан үнийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байхаар цаг хугацааны тохируулга хийн үйлчилгээний талбайд ногдох үнийг тодорхойлно гэж тодорхойлсон байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д буюу 5-р хүснэгтэд гурван үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан хөрөнгөөр сонгож зах зээлийн хандлагын аргаар харьцуулж, 5-р хүснэгтийн 1-д худалдсан он, сар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэж харьцуулсан байна.

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулахаар байршуулсан зар дээрх утасны дугаараар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 9927-1440, 8888-2634 гэх дугаар руу холбогдон худалдагдсан эсэхийг тодруулахад худалдан борлогдоогүй гэх тайлбарыг өгч байна. Зөвхөн зарын сайт дээр байршуулсан зарын үнийн дүнгээс тооцон үнэлсэн нь өмчлөгчийн эрх, ашгийг хохироож байна.

Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг, худалдагдсан гэж ашиглан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг зөрчсөн.

Үл хөдлөх хөрөнгө нь Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн зүүн урд байрлах бөгөөд удаан хугацаагаар ажиллаж буй супер маркет болон эмийн сантай, маш дулаахан, засвартай, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, улсын байгууллага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар болон бусад үйлчилгээний байгууллагуудтай ойрхон, 1 м.кв талбай нь 6,500,000-7,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17886 дугаар Үнэлгээний мэдэгдлээр ********, ********** нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, То ван гудамжны, 34 дүгээр байрны 101 тоот хаягт байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,176,450,000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 5.275.560,53 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэнд гомдолтой.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17886 дугаар үнэлгээний мэдэгдлээр ********, ********** нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, То ван гудамжны, 34 дүгээр байр, 101 тоот хаягт байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ********, ********** нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 34 дүгээр байрны 101 тоотод байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үүссэнээс хойш төлбөр төлөгч нарын оршин суух хаягаар очиж мэдэгдэл гардуулж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21290534/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21290534/03 дугаар тогтоолоор хураасан. 2021 оны 05 дугаар сард тогтоол ирж, 5 сарын хугацаа өнгөрөөд, 2022 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд сайн дураар төлбөрөө төлөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Эрхээ мэдэж байгаа боловч үүргээ биелүүлээгүй. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн санал өгөх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4-179/15961 мэдэгдлийг талуудад биечлэн гардуулсан. Төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтийг ирүүлсэн. төлбөр төлөгч талаас үнийн санал ирээгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/272 тоот тогтоолоор Баянмодот ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломыг томилсон. Шинжээчид эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйлийн хүлээх үүргийг танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.27-д тус тус заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг сануулж танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломоор үнэлүүлэхэд 1,176,450,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17886 тоот болон төлбөр авагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Амарбаясгаланд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17887 тоот мэдэгдлүүдийг биечлэн гардуулж, үнэлгээтэй танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг өмнөх мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч **************т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********, ******** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/17566 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нотлох баримтад огт үндэслээгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5, 6 дахь хэсгийн дүгнэлт огт үндэслэлгүй. Учир нь, хэргийн 65-66 дугаар талд Д.Мөнхбаярт үнэлгээний мэдэгдлийг гардуулж өгсөн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч нотлох баримтыг сайн уншиж ойлгоогүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь, тус 65-66 дугаар талд төлбөр авагч буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгаланд үнэлгээний мэдэгдэл танилцуулан, гардуулж улмаар тэмдэглэл хөтөлсөн байдаг. Гэтэл шүүгч тус нотлох баримтыг андуурч, ийнхүү төлбөр төлөгчийн төлөөлөгч Д.Мөнхбаярт гардуулан өгч, тэмдэглэл үйлдсэн гэж илт алдаатай шийдвэр гаргасан. Хэргийн 65-66 дугаар талд авагдсан төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангаас авсан тэмдэглэлд үнэлгээг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгаланд хүлээлгэн өгч, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын 8888-3358 дугаарын утсанд холбогдоход авахгүй байсан тул ШШГТХ-н 14-р зүйлд зааснаар баталгаат шуудангаар хүргүүлснийг тэмдэглэв" гэж тэмдэглэснээр тус өдөр Д.Мөнхбаярт гардуулж өгөөгүй нь нотлогдож байхад шүүгч энэхүү нотлох баримтыг анхаарч ойлгож үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17886 дугаар "Үнэлгээний мэдэгдэл" дээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан мэтээр шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн өгсөн нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн тухайн мэдэгдэлд зурсан Д.Мөнхбаярын гарын үсэг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгч нь төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4-179/17886 дугаар "Үнэлгээний мэдэгдэл дээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан талаар огт асууж тодруулаагүй.

Тус нотлох баримтын тухайд, дээр дурдсанчлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд бичигдсэн, хэрэгт авагдсан баримтаар төлбөрт төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын 8888-3358 дугаарт холбогдоход авахгүй байсан тул баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хэрэгт байхгүй буруу хаягаар үнэлгээний мэдэгдлийг шуудангаар явуулсан байсан тул тус мэдэгдлийг нэхэмжлэгч нар нь гардаж аваагүй, мэдээгүй, мэдэх боломжгүй.

Албан бичгийг хаягийн дагуу очиход "Хаягт газар ийм хүн байхгүй" гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08:35 цагт ажилтан Д.Энхтунгалагт гардуулсан байна" гэж тодорхойлсон байсан тул тус 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буруу хаягаар шуудан явуулсныг мэдээд, шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдлийг тус өдөр биеэр очиж гардан авсан байдаг.Хугацааны талаар хэргийн оролцогч нараас нэг ч тодруулалгүй, мэтгэлцүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Бодит байдал дээр худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан байсан бөгөөд энэ талаар баримтыг тайланд хавсаргаагүй байсан талаар үндэслэлдээ нэмсэн. "Баянмодот" ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхин шүүхийн хэлэлцүүлгийн шатыг эхлүүлсэн.

Үнэлгээний тайланд авагдсан утасны дугаарууд руу мессеж бичин худалдан борлогдсон эсэхийг асуухад "худалдагдаагүй" гэх хариу ирсэн мессежний зургийг гаргаж өгсөн бөгөөд тус баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх мөн л хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтыг цуглуулах эрхээр огт хангаагүйд гомдолтой байх бөгөөд тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжууд нь бүгд гомдол гаргах эрхгүй захирамж байсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах байдлаар асуулт асуусан боловч огт тайлбар өгч чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 22 дугаар байр, 31 тоот хаягт оршин суудаг бөгөөд тухайн үед техникийн алдаа гарч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 21 дүгээр байр, 30 тоот гэж буруу бичигдсэн байна. Хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 3 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Үнэлгээний тухай мэдэгдэх хуудас 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас ирэхээр нь төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярт гардуулж өгч, үнэлгээний хуулбарласан хуудсанд гарын үсэг зурсан байгаа. Харин төлбөр авагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Амарбаясгаланд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-179/17887 тоот мэдэгдлийг биечлэн гардуулж, үнэлгээтэй танилцуулсан. Өмнө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцдог байсан. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргээ урьдчилан шийдвэрлэх боломжгүй. Баянмодот ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломын тайлбарыг уншихад ойлгомжтой тайлбарласан тул гэрчээр оролцуулах шаардлагагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ********, ********** нар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч ************** нь ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/08310 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу ********ээс 392.890.511,08 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгох, мөн ********, ********** нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043193 дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 34 дүгээр байр, 101 тоотод байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. /хх6-7/

2.б. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны .05 дугаар сарын 28-ны өдөр үүссэн. /хх38/

Төлбөр төлөгч ********, ********** нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043193 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 34 дүгээр байр, 101 тоотод байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4-179/15961 дүгээр мэдэгдлийг хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нараас үнийн саналаа бичгээр ирүүлээгүй байна.

Төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн үнийн саналд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр нь амаар барьцаа хөрөнгийн үнэлгээг 1,5 тэрбум гэж хэлсэн ба бичгээр үнийн саналаа ирүүлээгүй байх тул хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. /хх46/

2.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/272 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилж, тус байгууллагаас үнэлгээний тайлангаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн байна./хх51-64/

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4-179/17886 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярт гардуулан өгч, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн баримт хэргийн 65-66 дугаар талд авагджээ.

Нэхэмжлэгч нар үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээний мэдэгдлийг хүлээж аваагүй гэх гомдлын тухайд,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 зүйлийн 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан.

Үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4-179/17886 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн нь хэргийн 65-66 дугаар талд авагдсан талаар дээр дүгнэсэн.

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч талаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043193 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 34 дүгээр байр, 101 тоотод байрлах, 223 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

3.в. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21897 дугаар захирамжаар шинжээч С.Цэвээнроломыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь шинжээч цахим санд авагдсан үнэлэгдэж буй хөрөнгийн ойролцоо орших, худалдан борлуулахаар нийтэд санал гаргасан үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг харьцуулсан талаараа тайланд дурдсан, тайланд дэлгэрэнгүй дурдсан асуудлыг дахин шинжээчээс мэдүүлэг авах замаар тодруулах шаардлагагүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12.дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД