Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00732

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00732

 

 

***********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00596 дугаар шийдвэртэй,

***********ын нэхэмжлэлтэй, *****************т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-229/22077 тоот мэдэгдлийг үнэлгээний тайлангийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3746 дугаар шийдвэрээр ***********аас 246,336,550 төгрөгийг гаргуулж Авзагамээрэн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Улсын эрхийн бүртгэлийн Ү-2203040285 дугаартай Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14482/, Ногоон нуур гудамж, 1014-р байрны 1204 тоотод байрлах 64.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,207,000 төгрөгөөр үнэлэгдсэн, Улсын эрхийн бүртгэлийн Ү-2201016969 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 103 дугаар байрны 2 давхар, 10 тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 124,853,937 төгрөгөөр үнэлэгдсэн байдлыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж гомдолтой байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3746 дугаар шийдвэрээр ***********аас 246,336,550 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,389,633 төгрөгийг гаргуулж, Авзагамээрэн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч ***********т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040285 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7-р хороолол /14482/, Ногоон нуур гудамж, 1014-р байрны 1204 тоот хаягт байрлах, 64.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016969 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 103-р байрны 2 давхар, 10 тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21380676/11, 21380676/12 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21380676/14, 21380676/15 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж,талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/372, 11/373 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-ний шинжээч Ж.Жамъянг томилж тогтоолгоход 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 124,853,937 төгрөгөөр, 64.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,207,000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-229/22077, 4-229/22076 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ж.Жамъян, Баян модот ХХК-ийн шинжээч С.Цэвээнролом нар нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2203040285 гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7-р хороолол /14482/, Ногоон нуур гудамж, 1014-р байрны 1204 тоот, 64.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201016969 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 103-р байрны 2 давхар, 10 тоот, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах ***********ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *********** миний бие сувилалд эмчлүүлэхээр хэвтэж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй талаар эмнэлгийн албан бичиг хүсэлтийг хүргүүлсэн боловч хуралд оролцуулахгүйгээр шүүх хуралдаан болсон. Би шүүх хуралд өөрийн биеэр албан ёсоор оролцож нотлох баримт гарган өгч өмгөөлөгч оролцуулах байсан. Өмгөөлөгч авах эрхийг зөрчин шүүх хуралд оролцуулахгүйгээр хурлыг хийж миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож , дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед *********** нь эмнэлгийн акт авчирсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баярмаагийн итгэмжлэлээс ямар нэгэн байдлаар татгалзсан зүйл байгаагүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч *****************т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч ***************** нь ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3746 дугаар шийдвэрээр ***********аас 246,336,550 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,389,633 төгрөгийг гаргуулж Авзагамээрэн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. /хх12-14

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх15-18/

2.б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11044 дугаар захирамжийг гаргаж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 816 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичжээ. /хх57-58/

***************** шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21380676 тоот тогтоолыг гаргаж ажиллагааг явуулсан байна. /хх59/

2.в. Нэхэмжлэгч ***********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203040285 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7-р хороолол /14482/, Ногоон нуур гудамж, 1014-р байрны 1204 тоот хаягт байрлах, 64.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016969 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 103-р байрны 2 давхар, 10 тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21380676/11, 21380676/12 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлөхийг мэдэгдсэн.

Улмаар, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21380676/14, 21380676/15 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авсан, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/372, 11/373 дугаар тогтоолоор шинжээчийг томилж, зах зээлийн үнэлгээг Ашид билгүүн ХХК, Баян модот ХХК-аар үнэлгээг тогтоолгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч *********** эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгч *********** нь Шүүх хуралдаанд биечлэн оролцож нотлох баримт гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25ы өдөр шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх зохигчдод шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох, хууль зүйн туслалцаа авах хугацааг хангалттай олгосон гэж үзэхээр байна.

Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ***********аас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр итгэмжлэлийг Э.Баярмаад 2 жилийн хугацаатай олгожээ. /хх9/

Шүүхээс хуульд заасны дагуу зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч *********** нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан талаар шүүхэд мэдэгдээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00596 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД