Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ын  Б-д  холбогдох эрүүгийн 1810025210785 дугаартай, 187/2018/0617/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ...., ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ......, ... хүүхдийн хамт, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ын  Б   /РД:................../   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа “Хан богд” хорооллын барилга дээр Н.М-тай мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, унахад нь нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа Хан богдхорооллын барилга дээр Н.М-тай мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, унахад нь нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.Б  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Н.М-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө ажил дээрээ ирээд ажилчидаа ажилд нь гаргачихаад байж байсан. Би өглөө ажилдаа ирэхдээ жаахан архи уучихсан байсан бөгөөд ажилчидаа гаргасны дараа гадагшаа гараад нэг жижиг шилтэй архи аваад ганцаараа уусан. Тэгээд ажил дээрээ ороод байж байтал Б   ах 5 давхарт өрлөг хийж байсан бөгөөд би Б   ах дээр очоод мөнгөний асуудлаас болоод маргалдсан. Б   ах намайг цаад талын 3 өрөө байр руу оруулаад зүүн талын шанаа руу цохиход би газар унасан. Намайг унасны дараа эрүү рүү өшиглөх шиг болсон. Нэг сэрэхэд амнаас цус гарч байсан. Б   ахтай эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарсан байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардлыг Б   төлсөн. Бид хоёр хамтарч шаврын ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд мөнгөний асуудалтай байсан учраас тэр талаар хоорондоо маргалдсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8/

            3. Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өрлөг хийж байх үед нөгөө талын өрөөнд зодоон болох шиг болохоор нь би очоод хартал Б   Мөнхбаяр хоёр байсан бөгөөд Мөнхбаярын амнаас цус гарчихсан байхаар нь цементний уут аваад өгөхөд Мөнхбаяр амаа арчсан бөгөөд өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

             4. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Мөнхбаярт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уналт болон цохилтын хоёулангаас нь үүсэх боломжтой..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12768/-ний дүгнэлт:

            -Н.М-ын  биед эрүү яс оочны баруун хэсэгт босоо болон зүүн буланд ташуу зөрөөгүй хугарал, уруулын дотор, хүзүүний зүүн хэсэгт мэс заслын дараах шарх гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

6. Хохирогч Н.М-ын  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22/

            7. Шүүгдэгч Б.Б  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би барилга дээр ажил шалгаад явж байхад Мөнхбаяр согтуу орж ирэхээр нь би гэртээ харьж амрахгүй яасан юм бэ гэж хэлэхэд өөдөөс агсам тавиад миний цамцны энгэрээс заамдахаар нь би “Мөнхбаяраа битгий согтуудаа орилж хашгираад бай” гэж хэлээд түлхчихээд эргэж хараад явтал хойшоогоо газар унаад амнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь очоод өргөж босгосон бөгөөд Мөнхбаярын эхнэр Солонго гаднаас орж ирсэн ба “Мөнхбаярыг яачихсан юм бэ гэхэд” би түлхчихсэн чинь газар унахдаа блок мөргөчихлөө гэж хэлсэн. Мөнхбаяр эрүү өвдөөд байна гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмчилгээ хийлгэсэн болон хагалгааны зардлыг би төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12768/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа “Хан богд” хорооллын барилга дээр Н.М-тай мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, унахад нь нүүр рүү нь өшиглөж түүний биед эрүү яс оочны баруун хэсэгт босоо болон зүүн буланд ташуу зөрөөгүй хугарал, уруулын дотор, хүзүүний зүүн хэсэгт мэс заслын дараах шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Б.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Н.М-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....Б.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/, түүний хувийн байдал /...40 настай, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт.../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Б.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.         

Шүүгдэгч Б.Б  гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

            Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлая.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ын  Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ын  Б  г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д  оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Б.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д  сануулсугай.     

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР