Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00766

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00766

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах.даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00687 дугаар шийдвэртэй,

********-ийн нэхэмжлэлтэй, *********-д холбогдох,

64,101,554 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 41,961,268 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга

1.а. ********* нь гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч компанид шилжүүлсэн 19,000,000 төгрөг,

1.б. Мөн шилжүүлсэн 6,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг,

1.в. Гэрээний 4.2-т заасан алдангид 19,000,000 төгрөг,

1.г. Хохиролд гэрээний үүргээ биелүүлж цахилгаанаар хангаагүйн улмаас 4 ширхэг моторыг 7,865,000 төгрөгөөр худалдан авсан

1.д. Уг моторыг ажиллуулахын тулд 2019 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл шатахууны 12,236,554 төгрөгийг нэмж нийт 64,101,554 төгрөгийг *********-аас гаргуулна

Гэрээний дагуу санхүүжилтийн 50 хувь 19,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.

Д.Ган-Од нь нарны энергийн систем байрлуулж, аюулгүй ажиллахад нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заагдсан дараах ажлуудыг өөрийн хөрөнгөө гаргаж хийх шаардлагатай гэсэн. Үүнд:

Аккумлятор болон тоног төхөөрөмжүүдийг хөлдөөхгүй хадгалах байрыг барихад /газрын түвшнээс 6 метр гүнд 5x5 харьцаатай, 3 метр өндөртэй, 9 метр урт 1,40 метр өргөн 2 метр өндөр шаттай, бетон бүрэн цутгамал пункер, гадна дотор талдаа нано хөөсөнцөр дулаалгатай, газар ухан шороо зөөх болон булах техникүүд, материалын үнэ, техник багаж тоног төхөөрөмж, хэв хашмалууд, хашаа, Улаанбаатар хотоос тээвэрлэх болон ажил гүйцэтгэх хөлс/ нийт 60,000,000 төгрөг, газраас 50 см гүнд цахилгааны утас хамгаалах сувагчлалын ягаан Р\/С хоолой 400 метр х 6000 төгрөг = 2,400,000 төгрөг, хяналтын худгийн бетон кольцо 7 ширхэг х 90,000 төгрөг=630,000 төгрөг, хяналтын монтажны төмөр хайрцаг 5 ширхэг х 40,000 төгрөг = 200,000 төгрөг, цахилгааны утас 3,2 радиустай 350 метр х 6,500 төгрөг=2,275,000 төгрөг, камерын шон 9 метр урттай 3 ширхэг х 1,100,000 төгрөг=3,300,000 төгрөг, краны хөлс 500,000 төгрөг бүгд 69,305,000 төгрөгийг компаниас гаргаж хийсэн боловч ашиглалтгүй хөрөнгө болсон.

Гэвч мөнгөний хэрэгцээ байна, түр туслаач гээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг бүгд 25,000,000 төгрөг авсан.

Үүнээс хойш утсаа огт авахгүй зугтааж, олон зуун сая төгрөгийн тендер авсан зав байхгүй байна, хэд хоногоос очоод хийж өгнө гэж мессеж бичдэг болсон. Утсаа авахгүй зугтаад байхаар нь хөөцөлдөж байж 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажил дээр нь уулзаж, учрыг асуухад хятадууд надад 380 квт инвертер хийж өгнө гээд хуурчихлаа тантай байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж чадахгүй боллоо, таныг удаа дараа чирэгдүүлж, олон сая төгрөгийн ажил хийлгэж хохироосон тул суурилуулсан 36 ширхэг нарны панел, 4 ширхэг камерыг гадаа угсраад удлаа, моралын элэгдэлд орлоо танд өгье, та өөр компаниар хийлгэ, харин танаас авсан 25,000,000 төгрөгийг 1 сарын дотор буцааж өгье гэж баталгааны бичиг үйлдэж өгсөн.

Гэрээний үүргээ биелүүлж, цахилгаанаар хангаагүйн улмаас 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гарсан зардалд: Худгийн мотор 2 ширхэг х 1,650,000 төгрөг =3,300,000 төгрөг нийт 820 хоног хэрэглээний ус болон мал услахад зориулж худгийн мотор ажиллуулахад өдөр бүр 4 литр бензин зарцуулж, нийт 3,280 литр бензин х 1,820 төгрөг=5,969,600 төгрөг, худгийн мотор ажиллуулахад бензин 20 литрийн канистраар зөөхөд 164 удаа х 1 удаа явахад 40,000 төгрөг = 6,560,000 төгрөг болсон гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ********-тай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 38,000,000 төгрөгийн үнэтэй 10 квт нарны үүсвэр, камерын системийн хамт хийх, урьдчилгаа 19,000,000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Энэ үед газарт батарей суурилуулах нүх ухах, камераа байрлуулан, агаарын кабель татах замаар ажлыг хийх саналыг амаар ярьж тохиролцсон, гэрээний хийх ажлыг хавсралтад заагаагүй.

********* нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Д.Доржхандын багтай хамт ********-ийн талбайд 1х1х1м хэмжээтэй 6 ширхэг нүх, анкер боолт, газардуулгын шит байрлуулах газар ухах ажлыг эхлүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлыг дуусгасан.

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс-09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 6 ширхэг нарны хавтан байрлуулах боломжтой эргэдэг төмөр нарны хавтангийн суурийг Соронзонд захиалж хийлгэсэн. Нийт 6 ширхэг суурь хийсэн бөгөөд 36 нарны хавтан багтахаар тооцоог хийж угсардаг байдлаар гүйцэтгэсэн, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 36 ширхэг нарны хавтангуудыг бусад эд ангийг ********-ийн эдлэнд буулган, 2 өдрийн турш угсарч суурилуулсан.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр кабелийг агаараар татахгүй, газар доогуур кабель сүвэгчлэх хоолой татна, танайх нүх ух, хоолой болон худгийн цооногийг суурилуулж өг хэмээн гэнэтийн шийдвэр гарган шаардаж төлөвлөгөөт ажлыг дур мэдэн өөрчилсөн бөгөөд түүний хүсэлтийн дагуу 500,000 төгрөгөөр техник хөлсөлж 2 хүн ажиллуулж ухсан нүхэд хоолойг суурилуулсан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хоолойд кабелийг сүвэгчилсэн, энэ үед ******** маш том зоорь ухаж бетон зутгаж, газар доор зоорийн ажил хийж байсан.

Мөн 380в кабелийг зоориноос байшин хүртэл 120 метр урттай хэсэгт татсан, 4 шонд байрлах камеруудын кабель утас буюу 500 метр орчим кабелийг татсан. Зоориноос байшин, байшингаас доод харуулын байр, түүний цаана байрлах гарааш хүртэл газар доогуур хоолойд хийж татсан. Байшингаас худаг, харуулын гэрийн хажуугийн худаг хүртэл 400 метр газар доогуурх хоолой дотуур 400 метр цахилгааны кабель /2х4 голчтой/ татсан.

Энэ үед харуулын гэрт 4 ширхэг PTZ камер, 4 ширхэг POE свич, бичдэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, хард диск 1 ширхэг 48В 100 АН багтаамжтай 3 ширхэг литиум батарей, 10 квт инвертер зэргийг хадгалуулсан, 3ш батарейг эсгийд хийж хадгалсан байсан.

Манай талаас 2019 оны 11 сард хийсэн ажлууд:

********-ийн ухсан зоорийн нүхэнд маш их чийгтэй байсан тул гал түлэх замаар чийгийг арилгаж, хойд хананд 48В 60А чадалтай 3 ширхэг улаан контроллер төхөөрөмжийг цахилгааны 1x0,8 метр хэмжээтэй том хайрцагт суурилуулан, батарей хийх зориулалтын 120 метр өндөртэй 90 см өргөнтэй хар өнгийн шкафанд З ширхэг литиум батарейг суурилуулан хойд хананы хэсэгт тавьсан. Хайрцаг нь хөлтэй тул хөдөлгөж болдог. Батарейнуудыг хооронд нь холбож, З ширхэг контроллер бүрээс кабелийг холбосон. Нарны хавтангаас ирэх кабелийг зоорийн гаднаас нүх оруулан хоолойгоор сүвлэж З ширхэг контроллер төхөөрөмжид холбосон.380В-ийн шитийг хойд хананд угсарсан, 10 квт чадалтай хөх өнгийн Соsuрег брэндийн инвертерийг батарей агуулсан хар хайрцаг дээр суурилуулсан. Учир нь хананд ус чийг их тул тэнд байрлуулахад тог цохих аюултай гэж үзсэн. Карлсбергийн захирал нь гал их түлэхээр чийг арилна хэмээн хэлдэг байсан ч чийгшил ихтэй хэвээр байсан.Байшин дотор гараашны өрөөний хананд 380В-ийн шитийг мөн угсарсан.Тус шитээс 220В гаргахаар бүрх автоматуудыг байрлуулж угсарсан.Энэ шитээс байшин, худаг гэх мэтийг хангах 220в хүчдэл гарах юм.Эдгээр бүх холболтуудыг хийсэн, 2019 оны 12 дугаар сард зоорийн хэсэгт ширээ байрлуулж ширээн дээр бичлэг хадгалах төхөөрөмж, 32 инч дэлгэцийг ширээний хананд бэхэлж тогтоосон. Гэвч тухайн зоорийн чийгшил буурахгүй байсан бөгөөд харуулыг байлцуулан төхөөрөмжүүдийг асааж, батарейг хэрхэн цэнэглэж байгааг харуулж, зооринд 220в чийдэн асааж харуулсан.Үүгээр ********* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлаа дуусгавар болгосон юм.

Гүйцэтгэгчээс үл хамаарах, захиалагчийн дураараа авирласнаас /кабелийг агаараар татахгүй, газар доогуур татна гэснээс/ болж үүссэн хүчин зүйлсийн /байгалийн, ус чийг, үер/ нөлөөлөл, эрсдэл, мөн захиалагч байгууллага нь тоног төхөөрөмжтэй зүй бусаар харьцсанаас болж үүссэн эвдрэл, гэмтэл зэргийг арилгах ********-ийн гуйлт, хүсэлтийн дагуу хийгдсэн ажлууд.

********* нь шонгууд босгоод камераа байрлуулан, агаарын кабель татах замаар ажлыг хийх санал тавьж ажлаа эхлүүлсэн ч 2019 оны 10 сарын 09-ний өдөр ********-ийн захирал нь газар доогуур кабель сүвэгчлэх хоолой татна хэмээн үүрэг өгснөөр дээрх бүх эрсдэл үүсэх эх үүсвэр тавигдсан юм.

Гэрээт ажлыг дуусган, хүлээлгэж өгсний дараа захиалагч талд зоорийг үе үе ойрхон шалгаж, төхөөрөмжүүд дуугарах, алдаа өгөх зэргийг хянахыг зөвлөсөн. Оны сүүлч үед харуул Д.Ган-Одын 9910-7320 дугаарт залгаж, зооринд орох, хананд хүрэх үед тог цохиж байгааг дуулгасан тул шууд өдөртөө очиж инвертерийг унтраасан. Харин батарейг цэнэглэж байхаар асаалттай үлдээж, ногоон гэрэл нь асаж байгаа эсэхийг шалгаж байхыг харуулд зөвлөсөн, 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээр нэхэмжлэгч камеруудыг 9 метр өндөр 4 ширхэг шонд суурилуулахыг тушаасан ч шатгүй, хүмүүс халтирч унаж бэртэх магадлал их байсан тул больсон. 2020 оны 03 дугаар сард Д.Ганцог нь ажил дээр ирж уулзаад бид өөр хүнээр хийлгэх боллоо, танайх суурилуулсан бүх төхөөрөмжөө авч, манай өгсөн 25,000,000 төгрөгийг өг гэж шаардсаны дагуу 25,000,000 төгрөг өгөх бичгийг хийсэн.

2020 оны 03 дугаар сард Эрчим Электрик ХХК-ийн инженер Чулуунбаатар нь Д.Ган-од руу залгаад танайх хойно 10 квт нарны үүсвэр суурилуулжээ. Эзэн нь манайхыг үзээд хийгээд өг гэсэн тул үзлээ. Энэ зооринд маш их ус алдсан байна. Танай батарей, төхөөрөмжүүд шатах нь байна шүү гэж хэлсний дагуу бид маргааш нь очиж батарейгаа бусад төхөөрөмжүүдийг байшинд нүүлгэсэн ба энэ үед 48В 100Аh чадалтай 2 ширхэг батарей нь өөрчлөлттэй болсон, 48В 60А чадалтай нэг улаан өнгөтэй контроллер ажиллахгүй байсныг бид мэдээгүй, үүнийг намар нь мэдсэн, 2020 оны 08 дугаар сард ********-ийн захирал нь эхнэрийн хамт оффист ирээд танайх гүйцээгээд өгчих. Хоёулаа тохиролцсон юм чинь дуусгая гэсэн тул бид нэгэнт хийсэн зүйлийг дуусгаж өгөхөөр тохиролцсон, 2020 оны 09 дүгээр сард тусгай эрчим хүчний дөрөөтэй хүнийг өдрийн 200,000 хөлсөлж шонд 4 камерыг суурилуулсан, 2020 оны 10 дугаар сард элдэнд очиход Д.Ганцог нь Германы хөөсөөр зоорийн дотор ханыг 20 см зузаан хөөсдөж ус орохгүй болгохоор ажиллаж байна гэж хэлсэн. Удалгүй зоорийг битүү хөөсөдсөн байсан, 2021 оны 10 дугаар сард БНХАУ-ын bluesun компанид 12в 150Аh багтаамжтай 4 ширхэг батарейг дахин захиалж, 11 сард ирсэн боловч 2022 оны 11-12 сард хөл хорио тогтоосны улмаас очиж суурилуулж чадаагүй.

Д.Ганцогийн хэлсний дагуу зоорийн голын багана дээр 10 квт инвертер, контроллертой шитний хайрцаг, 380В шитийн хайрцаг, батарейны шит гэх мэтийг суурилуулсан.Баганын 4 талд 4 ширхэг төхөөрөмжөө холбож төхөөрөмжүүдийг асаасан, байшин гэрэлтэй болсон бөгөөд бүх чийдэн асаж байсныг манаач залууд харуулсан. Худгийг 220В хүчдэлд залгасан бөгөөд манаачийн хамт худгийн насосыг асаахад нэг ус гоожоод дахин гоожоогүй.Тиймээс кабелийг шалгах шаардлагатай гэж үзээд өвлийн хүйтэн цастай тул боломжгүй хавар больё гээд явсан, 2021 оны 03 дугаар сард манаач байшин болон бусад газарт маш их ус орж ирж байгаа тухай хэлсэн тул очиж шалгахад кабель сүвлэсэн хоолойгоор маш их ус орж урссан байсан. Д.Ганцогтод энэ талаар хэлэхэд дээд талын шонгийн шороог дутуу манасан байх, би манана гэсэн. Гэхдээ бид энэ ус газрын гадаргуугийн ус, цас хайлахаар шууд хоолойгоор урсаж байгааг хэлсэн гэвч тэр хүлээн аваагүй. Энэ их ус хоолойгоор явж байгаа болохоор 220В кабель утас гэмтсэн байсан тул 220В кабелийг солихыг зөвлөсөн. Учир нь бид үлдэгдэл мөнгөө аваагүй тул дахин маш их зардал гаргахгүй гэсэн.

Мөн 2 жил энэ байрлалд 50 шахам удаа ирсэн бөгөөд тээврийн, шатахууны маш их зардал гаргасан, 2021 оны 07 дугаар сард Д.Ганцогийн хүсэлтийн дагуу эдлэнд очиж, түүнд болон түүний эхнэрт нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулахыг зааж өгсөн. Энэ үед камерын төхөөрөмж болох РОЕ свич, бичлэг хадгалах төхөөрөмжүүд нь усанд норсон тул хатаах шаардлагатай, магадгүй тэдгээрийн боардыг солих шаардлага үүсэхийг хэлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, корона туссан, мөн үлдэгдэл мөнгөө Д.Ганцог нь өгөөгүй тул асар их зардал гарч байгаа зэргээс холболтыг хийж өгөөгүй.

******** нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт заасан үүргээ дутуу биелүүлсэн, тоног төхөөрөмжүүд байрлах газар доорх байр, газар доогуур татсан кабел нь ус чийг, үер орсноос болж эвдрэл гэмтэл үүссэн, *********-аас нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмж нь ямар ч асуудалгүй ажиллаж байсан гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 41,961,268 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ******** болон ********* нар нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.

Захиалагч ******** нь төлөвлөгөөт ажлыг өөрчилсөн болон захиалагч талын ашиглалтын алдаа, түүнээс улбаалсан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан эрсдэлүүдийг гүйцэтгэгч талд тохож, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтад оруулан захиалагч талд хүлээлгэн өгсөн.

Мөн батарей хадгалах зооринд ус орсны улмаас 48В 100 ah багтаамжтай анх тавигдсан батарей нь ажиллахгүй болсны улмаас БНХАУ-аас 12В 150ah багтаамжтай 4 ширхэг батарей нэмэлтээр авчирч суурилуулсан ба энэ нь гэрээнд ороогүй ажил юм.Энэхүү батарейн үнэ 650,000*4=2,600,000 төгрөг.

Дахин ашиглах боломжгүй хохирлуудад газар доорх хоолойд суурилуулсан 380в кабель /зоориноос барилга хүртэл 120м/, UРТ сүлжээний кабель /камерт зориулсан/ мөн 220в хүчлийн кабелиуд нь 3 жилийн хавар бүр ус хоолойгоор урссаны улмаас дахин ашиглах ямар ч боломжгүй болсон байгаа. Зооринд байрлуулсан камерын бичлэг хадгалах төхөөрөмж мөн норсны улмаас ажиллахгүй болсон байгаа. Мөн нарны хавтангууд нь 3 жил гадаа ашигласан тул шинэ нарны хавтангийн үнээр тооцох огт боломжгүй. Инвертер тоног төхөөрөмжүүд ч мөн элэгдсэн тул шинэ төхөөрөмжийн үнээр тооцох боломжгүй байгаа.

********-аас гүйцэтгэсэн төхөөрөмж, ажлын хөлс 38,427,400 төгрөг, нэмэлтээр захиалан авч суурилуулсан 12В 150 ah багтаамжтай 4ш батарейны үнэ 650,000*4=2,600,000 төгрөг, нийт 41,961,268 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр гэрээ байгуулаад 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн боловч ажил гүйцэтгээгүй нэг жил болсон тул 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уулзан ярилцаж, бүх тоног төхөөрөмжөө буцаан ав, манайд ажиллахгүй төхөөрөмж шаардлагагүй гэхэд ********-д олон сая төгрөгийн хохирол учирсан байна, хохирлыг барагдуулахын тулд байрлуулсан 36 ширхэг нарны толь, 4 ширхэг камераа та нарт өгье, үлдсэн тоног төхөөрөмжөө манай 25,000,000 төгрөгийг буцааж өгөөд авъя гэсэн. Түүнээс хойш 2 жил зугтааж байна.

Гэрээний хавсралт 1, 2 хүснэгтэд заагдсан 38,427,400 төгрөгийн тоног төхөөрөмж нь 380 квт нарны эрчим хүч гаргах боломжгүй тоног төхөөрөмжөөр хууран мэхэлж, удаа дараалан залилан мөнгө авсан бөгөөд цахилгаанаар хангагдаагүй учир камер, гэрэл, худаг, гагнуур гэх мэт тоног төхөөрөмжүүд ганц удаа ажиллаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад бичигдсэн 2 ширхэг батарей нь ажиллаагүй, сүүлд авч ирсэн 4 ширхэг батарейн 1 ширхэг нь хагархай, 3 ширхэг нь ажиллаагүй, аккумлятор хөргөх систем захиалсан ирээгүй гэсэн.Гэрээний үүргээ биелүүлж цахилгаанаар хангаагүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасныг баримтлан хариуцагч *********-аас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгож, үлдсэн 39,101,554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ********-аас 41,961,268 төгрөг гаргуулах тухай *********-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 636,410 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 390,050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********-аас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ********-аас 1,220,000 төгрөг, хариуцагч *********-аас 780,000 төгрөг тус тус гаргуулж, Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д 2,000,000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэлээс 39,101,554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

********* нь ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэт хийж өгөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас өнөөдрийн байдлаар манай компани дараах бодит хохирол учирсан. Үүнд: 1. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 1 хоногт 2 моторт 4 л бензин зарцуулсан нийт 4,080 л бензиний үнэ 12,236,554 төгрөг баримт хэрэгт хавсаргасан, нийт 65 ширхэг баримт хэрэгт авагдсан.

2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл 4 ш моторыг ажиллуулсан. 4 ш моторын үнэ 7,865,000 төгрөг

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сар хүртэл нийт 1,095 хоногт 4,080 л бензинийг зоосон зардал. Улаанбаатар хотоос 1 талдаа 32 км, ирж очиход 64 км газар 100-н удаа явахад машины бензин жолоочийн цалингийн зардалд нийт 6,000,000 төгрөг / 1 удаа явахад 60,000 төгрөгийн зардал гарна. 92-03 уна isuzu elf маркийн машин, жолооч Г.Содномдаш. Хоол болон илүү цагийн мөнгө ороогүй.

Манай компанид нийт 114,406,554 төгрөгийн бодит хохирол учирсан, нэхэмжлэлийг

хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн газар нь дэд бүтэц хөгжөөгүй, фермийн аж ахуй үйл ажиллагаа явуулахын тулд тог, цахилгааны эх үүсвэр хэрэгтэй. Нэхэмжлэгч талаас манайхыг очихоос өмнө тог, цахилгаантай байсан гэж тайлбарлаад байгаа. Уг аж ахуйн үйлдвэр нь 10 гаруй жил ажиллаж байгаа учраас тог, цахилгааны төлбөр тогтмол гардаг. Уг төлбөрийг хохирол болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 4 ширхэг худалдаж авсан мотор нь авсан үнэ, өртгөөрөө ********-ийн балансад бүртгэлтэй байгаа. Түүнийг хохирол гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бензиний баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж гэрээний хугацаанд хамаарахгүй, тог, цахилгааны зардлыг шууд бус хохирол гэж үндэслэлтэй дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжилсэн 40,000,000 гаруй төгрөгийг шууд хохирол гэж үзэх боломжгүй. Ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа тоног төхөөрөмжийн зардал буюу түүний өртөг байгаа. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. 25,000,000 төгрөгт маргаан байхгүй, анхнаасаа зөвшөөрсөн гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх үр дагаврыг шийдвэрлэх зохицуулалтыг нь орхигдуулсан. Гэрчүүдийн мэдүүлгүүд болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүд бүрэн суурилагдсан, тодорхой хугацаанд ажиллаж байсан зэрэг нь нотлогдсоор байхад, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй" хэмээн үндэслэлгүйгээр дүгнэж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд суурилуулсан тоног төхөөрөмжийн үнэ, тоо ширхэг дээр ямар нэг маргаан үүсээгүй, нэхэмжлэгч нь шаардлагатай 380В-ийн эрчим хүч гаргахгүй байна гэх үндэслэлээр гэрээнээс татгалзан маргаан үүсгэснийг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэнгүй. Талуудын хооронд үүссэн гэрээний маргааны үүсэл, үндсэн учир шалтгаан, нөхцөл байдалд анхан шатны шүүх хууль зүйн талаас нь ямар ч үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Байр нь чанар стандартын шаардлага хангаагүйн улмаас бүрэн суурилагдсан нарны системд эвдрэл доголдол үүсч байсныг шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар, шүүгчийн асуусан асуултад хариулсан зэргээс тодорхой харагддаг.

Хэний буруугаас болж цуцлагдсан талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар огт хийсэнгүй, нэгэнт буцаан төлөхийг зөвшөөрч байгаа 25,000,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

********* нь 41,961,268 төгрөгийн сөрөг шаардлага гаргаснаас 3,000,000 төгрөг нь ажлын хөлс бөгөөд үлдсэн 38,961,268 төгрөг нь материал, тоног төхөөрөмжийн үнэ юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг энгийнээр тайлбарлавал, ******** нь 39,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, урьдчилгаанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн ба шаардлага хангаагүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж худалдан авах төлбөрт урьдчилан шилжүүлсэн 25,000,000 төгрөгөө нийлүүлэгч байгууллагаас буцааж аваад зогсохгүй нөгөө "шаардлага хангаагүй гэх" эд хөрөнгүүдийг өөрийн мэдэлд үлдээсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ********* нь /өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон. /бүтэн 2 жилийн хөдөлмөр, үнэ бүхий техник, тоног төхөөрөмжөөр хохирч үлдэхээр байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

2019 оны 08 дугаар сараас эхэлж 12 сар гэхэд суурилуулж дуусгасан нарны системийн иж бүрэн тоног төхөөрөмж нь /нарны самбарууд, осгогч батарейнууд, холболтын кабелууд, удирдлагын самбар, пускатель хяналтын камерууд г.м, гэрээний хавсралтад заасан бүх л тоног төхөөрөмжүүд/ одоо хүртэл ********-ийн хашаа, эзэмшил, ашиглалтад байгаа бөгөөд 4 жил шахам хугацаанд нар, салхи, ус чийг, бусад нөлөөний улмаас чанар байдал нь "гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй" тийм байдалд орсон тул 41,961,268 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас нэг ч тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй, худал тайлбар гаргаж байна.

Тухайн маргаан бүхий газар нь тог, цахилгаан байхгүй, фермийн аж ахуйн зориулалттай газар байгаа. Фермерийн үйл ажиллагаа явуулахын тулд тог цахилгаан заавал байх хэрэгтэй. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох бүх байгууллагад хандаж зөвшөөрлийг авахаар хөөцөлдөхөд маш их хэмжээний зардал гарах байсан тул хөнгөлөлтэй нөхцөлөөр гаргуулахаар *********-тай гэрээ байгуулж тохирсон боловч, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Олон сар хохирсон 25,000,000 төгрөгийг өгч, тоног төхөөрөмжөө авахгүй, танайх өөр компаниар гүйцэтгүүлээрэй гэж хэлсэн тайлбар нь байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Карлсберг" ХХК нь хариуцагч *********-д холбогдуулан гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 19,000,000 төгрөг, гуйлтаар шилжүүлсэн 6,000,000 төгрөг, алданги 19,000,000 төгрөг, 4 ширхэг моторын үнэ 7,865,000 төгрөг, шатахууны үнэ 12,236,554 төгрөг, нийт 64,101,554 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн төхөөрөмж, ажлын хөлс 38,427,400 төгрөг, нэмэлтээр захиалан авч суурилуулсан 12B 150ah багтаамжтай 4 ширхэг батарейны үнэ 650,000*4=2,600,000 төгрөг, нийт 41,961,268 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулагдаж, ********* нь 10 квт хүчин чадалтай нарын энергийн систем болон хяналтын камерын төхөөрөмжүүдийг суурилуулж, ажиллуулан ********-д хүлээлгэн өгөх, ******** нь гэрээний төлбөрт 38,000,000 төгрөгийг *********-д төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх4-5/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Гэрээний 6.1-т зааснаар ********* нь дээрх ажлыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон.

2.а. Хэрэгт Д.Ган-Одын 2020 оны 07 дугаар сарын 22-нд бичсэн 25,000, 000 төгрөгийг буцаан өгөх тухай бичиг авагджээ.

2.б. Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т захиалагч нь 10 квт хүчин чадалтай нарын энергийн систем болон хяналтын камерын төхөөрөмжүүдийг тус бүр дээр нь ажиллуулан акт үйлдэн ашиглалтад хүлээн авах эрхтэй гэж талууд тохиролцсон байх боловч ********* нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид актаар хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3. Талууд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажилд захиалагч ашиг сонирхолтой эсэх, талууд гэрээг цуцалж байгаа нөхцөлд салгаж авах эд зүйлийн хэмжээ үнэ жагсаалт, хохирлын хэмжээ, талуудын гэм буруу зэрэгт маргажээ.

Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 623 дугаар дүгнэлтэд хийсэн ажлын хэмжээ, гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг дурдсан байна. Талууд гэрээг цуцалж байгаа тохиолдолд тухайн суурилуулсан тоног төхөөрөмжийн хэмжээ, үнэлгээ, салгаж авах боломжтой эсэх, дээрх суурилуулсан гэх тоног төхөөрөмжид захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой эсэхийг тодруулах, тухайн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах нь гэрээнээс татгалзахаас ялгаатай ойлголт болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, суурилуулсан тоног төхөөрөмжийн үнэлгээ, ажиллагаатай эсэх, захиалагчийн ашиг сонирхолд нийцэх эсэх, захиалагч гүйцэтгэгчийн гэм буруу зэргийг тогтоосны дараа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд дүгнэлт өгөх боломжтой юм.

 

4. Зохигч хэн аль нь өөр өөрсдийн шаардлагыг бүрэн хангагдах ёстой гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,757 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД