Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00744

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00744

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/00427 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ӨХ ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 56 дугаар байрны 00 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ӨХ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж 102 м.кв 4 өрөө байрыг, 56 дугаартай авто зогсоолын хамт худалдан авч төлбөр буюу 212,066,000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан.

Анх н.Х- гэж хүн гэрээ хийсэн байсныг ӨХ ХХК-тай тохирч 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан. Мөнгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр төлсөн. Төлбөр төлсөн талаар гэрээний ард гараар бичсэн. Нэхэмжлэгч өнөөг хүртэл автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа. Б.Э-ийн хувьд тус компаниас нэг байр, нэг зогсоол худалдан авсан. Байрны гэрчилгээг гаргаж өгсөн ч зогсоолын гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөг хүрсэн. Энэ хугацаанд хэрэв төлбөрийг төлөөгүй байсан бол өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байх боломжгүй. Компанийн дотоод асуудал нэхэмжлэгчид хамааралгүй. Сүүлд байр, зогсоолын дугаарлалт өөрчлөгдсөн тул С блок буюу 56 дугаар барилгын доорх 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Э- манай компанид өртэй буюу зогсоолын төлбөр төлөөгүй гэсэн бүртгэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үеийн компанийн захирал Н.Т-, нягтлан нар компанийн барьсан барилгаас байр, зогсоол зэргийг бусдад хууль бусаар шилжүүлсэн. Үүнтэй холбоотой эрүүгийн журмаар манайх шалгуулж байгаа. Компанийн гүйцэтгэх захирлаар 2018 онд Д.Г- болж өөрчлөгдсөн тэр үеэс эхлээд энэ асуудлуудыг анх олж мэдсэн. Нэхэмжлэгч зогсоолыг Л.Х-аас шилжүүлж авсан гэдэг ч Л.Х-тай холбоотой гэрээ ч манайд байдаггүй. Манайд байгаа санхүүгийн баримтаар Б.Э- зогсоолын төлбөрийг төлөөгүй. Хэрэгт автозогсоолын төлбөр төлсөн талаарх баримт байхгүй. Байрны тухайд маргаангүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 56 тоот /С блок/ байрны зоорийн давхарын 00 тоот автозогсоолын өмчлөгчөөр Б.Э-ийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ӨХ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 41,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Автозогсоолын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу худалдан авсан 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 56 дугаартай автозогсоолын гэрчилгээг гаргуулна гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...00 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулаагүйгээс гадна шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тогтоосон 00 тоотын талаар талууд мэтгэлцээгүй болно.

4.б. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 8-д ...Бүртгэх байгууллагаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар тухайн автозогсоолын хувьд эрхийн улсын бүртгэл салж бүртгэгдээгүй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэвч УБЕГ-аас шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 3/6494 тоот албан бичгээр ...56 тоот хаягаар автозогсоол салж бүртгэгдээгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 00 тоот автозогсоолын хувьд эрхийн улсын бүртгэл салж бүртгэгдээгүй, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй. Шүүх нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 56 тоот автозогсоолын талаар нотлох баримт цуглуулсан атлаа 00 тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоохыг хариуцагчид даалгаж, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн, хэргийн 164 дүгээр талд авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өргөдөл гэх баримтад хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн зэрэг ямар ч тэмдэглэгээ хийгээгүй байдаг. Энэ талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчсөн байна.

4.в. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05Т12015 Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тус гэрээний дагуу хариуцагчид төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн гадна түүний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаараагүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж хуульчлан тогтоосон. Нэхэмжлэгч нь гэрээг байгуулсан даруйд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн бол хариуцагчаас гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлэхээр шаардах байсан. Ийнхүү шаардаж байгаагүй бөгөөд хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх түүнийг анхааралгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагчаас аливаа автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн үед автозогсоол дугаарлагдаагүй байсан. Сүүлд 00 тоот автозогсоол болж өөрчлөгдсөн байгаа. Тус байранд орсноос эхлэн автозогсоолд машинаа тавьж ирсэн. Ямар нэгэн асуудал үүсээгүй. Байрны гэрчилгээг гаргуулахаар байранд орсноос хойш ӨХ ХХК-д удаа дараа хандаж, шаардахад дотоод засвартай гэж явуулдаг байсан. 2018, 2019 онд авто зогсоолын гэрчилгээг гаргуулахаар дахин очсон боловч тус автозогсоолыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьсан байсан. Анхнаасаа гэрээнд хэдэн тоот, 192 м.кв бүхий автозогсоолын хамт, хэдэн төгрөгийг төлж барагдуулсан тухай тодорхой дурдаж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. СӨХ-ны төлбөрт автозогсоолын төлбөрөө төлж ирсэн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч ӨХ ХХК-д холбогдуулан автозогсоолын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 56 дугаар байрны 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох болгож өөрчилснийг, хариуцагч зогсоолын төлбөрийг төлсөн баримт компанийн санхүүд байхгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ./хх 1, 139/

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн OST12D15 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-гээр худалдагч буюу ӨХ ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Оргил стар таун хотхоны D блок 3 дугаар орц 11 дүгээр давхарт, хаалганы дугаар 3, 102,14 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг урд талын 56 тоот автомашины зогсоолын хамт худалдан авагчийн өмчлөлд 2013 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар, худалдан авагч буюу Б.Э- нь үнэ 212,066,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

/хх 4-5/

 

3. Нэхэмжлэгч Б.Э-, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Зайсангийн гудамж, 56 дугаар байрны 56 тоот авто зогсоолын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 56 дугаар байрны 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлээ өөрчилж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасны дагуу хариуцагч талд уг өөрчилсөн шаардлагыг гардуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.а. Нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл нь анх гаргасан нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлага гэж үзэхээр байх ба уг шаардлагыг хариуцагч талд гардуулж, түүнтэй холбоотой тайлбар, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх боломж олгож, талуудыг уг өөрчилсөн шаардлагатай холбогдуулан мэтгэлцэх боломж олгоогүй, зохигчдын хуульд заасан эрхийг зөрчсөн байна.

 

4. Мөн хэргийн 162-164 дүгээр талд авагдсан ӨХ ХХК, Л.Х- нар 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн D/16 тоот байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, ӨХ ХХК-ийн захиргаанд 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр захиалагч Л.Х-аас гэрээг Б.Э-эд шилжүүлэхээр гаргасан хүсэлт зэрэг хуулбар баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

4.а. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ