Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 06

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Гүнсэл,     

шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Ж-ны  Т-д  холбогдох эрүүгийн 1810020960765 дугаартай, 187/2019/0005/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр .... аймгийн Улаангомд төрсөн, ..... настай, ...... боловсролтой, ..... мэргэжилтэй, ............., ам бүл ................ хамт, Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, ......... хорооллын ........ тоотод оршин суух, ........... хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Т  овогт Ж-ны  Т 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Т нь Б.Б-тэй  бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 725 дугаар байрны автомашины гаржид машин тавиулсангүй гэж харуул Ч.Т-тай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч шүүгдэгч Ж.Т нь Б.Б-тэй  бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 725 дугаар байрны автомашины гаржинд машин тавиулсангүй гэх шалтгаанаар харуул Ч.Т-тай маргалдан, толгойгоороо нүүр рүү нь мөргөж, гараараа шанаа руу нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Ж.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           2. Хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гурвуулаа манай харуулын байранд орсон. Тэгээд байж байхад 00 цаг 50 минутын үед байх цагаа сайн санахгүй байна, гаднаас гражид хар өнгийн Хьюндай Гринжер маркийн автомашин орж ирээд танай гражид тавьчих уу гэхээр нь тавьж болохгүй, гадны автомашин тавиулбал нэг автомашинаас 10.000 төгрөгөөр тооцож бид нар дээр торгууль тавьдаг юм машинаа гаргачих гэхэд гаражид дотор эргээд буцаад гарах гэж байхад Т гэх намхан махлаг залуу автомашины жолоочийн хажуу талд суусан байснаа цонхоороо өчигдөр танай гражид мөнгийг нь өгөөд тавьсан ш дээ гэж хэлэхээр нь би хариуд нь тэгвэл чи өчигдөр тавьсан хүн дээрээ тавьчих би чамайг тавиулахгүй гэхэд Т нь танай тоскийнхан яах гээд байна гээд машинаасаа бууж ирээд намайг толгойгоороо мөргөөд гэхэд Т нь танай тоскийнхан яах гээд байна гээд машинаасаа бууж ирээд намайг толгойгоороо мөргөөд байхаар нь чи муу хятад  пизда вэ, ямар муухай мөргөдөг юм бэ гэхэд чи намайгХятад гэж доромжилдог хэн бэ гээд миний нүүр рүү цохиж аваад бид хоёр заамдалцаад ноцолдож байгаад салсан. Тэгээд байж байхад түүнтэй хамт явсан өндөр нуруутай Баттөр гэх залуу нь хүрч ирээд намайг зохицоод учраа олъё гээд байхаар нь үгүй учраа олохгүй гэхэд Баттөр нь намайг гаражийн хаалга руу биеэрээ шахаж байгаад цохиод авахаар нь би Баттөрийг түлхэж байгаад буцаагаад түүний нүүр хэсэгт цохисон. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирсэн. Тухайн үед намхан, махлаг Т гэх нэртэй залуу нь намайг эхэлж 2-3 удаа хамар руу мөргөж, баруун гараараа шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. Харин түүний дараа өндөр, туранхай Баттөр гэх залуу нь намайг хоёр удаа цохихоор нь би буцаагаад нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/

            3. Гэрч Л.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....махлаг шар залуу нь бууж ирээд дээд талын хувцсаа тайлж тавьсанаа шууд Төмөрбаатарыг барьж аваад цохиод бас мөргөөд байсан, тэгэхээр нь би очоод чи болиочээ гэхэд надруу чи муу юу гээд байна гэхээр нь зүгээр байгаарай гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед автомашины хойд суудал дээр сууж байсан өндөр туранхай согтуу залуу бууж ирээд Мөнгөнөөг цохиж унагаад өшиглөөд байсан. Тэр махлаг шар залуу бол харуул Төмөрбаатарыг нэлээн их зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59/

            4. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....махлаг шар залуу нь бууж ирээд дээгүүрээ өмссөн хувцсаа тайлснаа харуул Төмөрбаатарыг барьж аваад цохиод мөргөөд зодож эхэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

           5. Гэрч Т.Т-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Т ах араас бууж ирээд чи одоо яагаад байгаа юм гэж хэлээд нөгөө манаачтай барилцаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөхөөр нь манаач зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хоёр талаасаа барилцаж аваад нэгнийхээ нүүр рүү ээлжлээд цохиж эхэлсэн. Баттөр араас буугаад тэр хоёрыг салгатал холдоод дахиж барилцаж авсан. Энэ үед би машинаа эргүүлээд гарах гэж байх үед манаач нь Баттөр ахыг цохьчихсон юм шиг байна лээ гэхдээ би тэрийг нь хараагүй. Баттөр ах манаачийг барьж авахад манаач залуу Баттөрийн хамар руу гараараа нэг удаа, харин Баттөр ах манаачийн нүүрэн тус газарт гараараа цохьсон. Хэдэн удаа, нүүрний яг аль хэсэгт цохьсон эсэхийг мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ 

          6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1215/-ний дүгнэлт:

            -Ч.Т-ын биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлйин нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 77/   

7. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....найз Ж.Т машинаас буугаад хувцсаа тайлаад харуул Төмөрбаатартай барьцалдаж аваад мөргөж, цохиж эхэлсэн ба би машинаас буугаад 2-3 удаа салгасан. Тэгээд Төмөрбаатартай хэрүүл хийхээ болиод ах дүү болоод машинаа байрлуулсан ба гарах гэж байхад Ж.Тулга, Төмөрбаатар хоёр дахин маргалдсан. Тухайн үед Төмөрбаатар хятад хүн ингэж мөргөдөг юм гэхэд Ж.Т чи ажлын байран дээрээ архи уучаад томорлоо гээд хэрүүл хийгээд дахиад барьцалдаж аваад газар унасан тэгэхээр нь би салгаад Ж.Тулгааг хойш нь түлхээд нөгөө харуул Төмөрбаатар ахыг харуулын байрны хэсэг рүү дагуулаад явж байхад харуул Төмөрбаатар ах хэл амаар доромжлоод та нар баяны шээснүүд муусайн Хятадууд гэж агсарч байснаа намайг шууд нүүр рүү цохиод авсан тэгэхээр нь би буцаагаад нүүрэн тус газар 3-4 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 174-176-р хуудас/

8. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....би арын хаалганаас гарч ирээд толгойгоороо тултал хятад хүмүүс толгойгоороо хүн мөргөдөг шүү гэхээр нь шууд нүүр рүү нь мөргөсөн. Тэгтэл тэр харуул Төмөрбаатартай барилцаж аваад ноцолдож байхад Баттөр салгах гэтэл Баттөрийг Төмөрбаатар нь нүд рүү гараараа цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ж.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1215/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.Т нь Б.Б-тэй  бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 725 дугаар байрны автомашины гаржинд машин тавиулсангүй гэх шалтгаанаар харуул Ч.Т-тай маргалдан, толгойгоороо нүүр рүү нь мөргөж, гараараа шанаа руу нь 2-3 удаа цохиж, түүний биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын нуруунд сорви бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.        

            Иймд шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Т-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-179/, шүүгдэгчийн хувийн байдал /...31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан үзээд Ж.Т-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хэрэгт 2 /хоёр/ хоног шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан байх тул нэг хоногийг арван таван нэгжээр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцон, түүнд 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.        

Шүүгдэгч Ж.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

            1. Шүүгдэгч Т  овогт Ж-ны  Т-ыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т  овогт Ж-ны  Т-ыг   800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т-ын шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан нэг хоногийг 15 нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Т-д  оногдуулсан 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

5. Ж.Т-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Т-д  сануулсугай.    

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР