Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00765

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00765

 

 

****, ******** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах.даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/00521 дугаар шийдвэртэй,

****, ******** нарын нэхэмжлэлтэй, **********-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээгээр сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэлтэй, ********** болон ******** нарын хооронд байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8давхрын 802 тоот 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулахыг хариуцагч **********-д даалгах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: **** нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр **********-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 11,430,000 төгрөгийг Хорол Цамхаг" ХХК-ийн 427006019 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд уг гэрээгээр ********** нь Сүхбаатар дүүрэг 9-хороонд байрлах өөрийн барьж байгаа хотхоны А блок 1-р орцны 8 давхарт 802 тоот хаягт 33,12 м.кв орон сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөхөөр болсон.

Ингээд захиалагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж нийт 38,088,000 төгрөгийг **********-ийн 427006019 тоот дансанд шилжүүлж дуусгасан боловч ********** нь гэрээний үүргээ биелүүлээгүй, сууцыг өмчлөлд шилжүүлэхгүй өдийг хүрээд байна.

Иймд **********-д Сүхбаатар дүүрэг 9-р хороонд байрлах өөрийн барьж байгаа хотхоны А блок 1-р орцны 8 давхарт 802 тоот хаягт 33,12 м.кв орон сууцыг ****, ******** нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ********, **** нар нь Орон сууц захиалан бариулах тухай гэрээг хийсэн боловч гэрээний 7.2-т заасан графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй, манай зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул 2020 оны 02 дугаар сарын 16 ны өдөр 20/03 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн.

Мэдэгдэлд 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дотор хүү, алданги, төлбөрийг төлнө үү. Дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах болно гэдийг маш тодорхой мэдэгдсэн. **** нь мэдэгдэл хүлээн авч танилцаад гарын үсэг зурсан. Мэдэгдэлд дурдсан нэмэлт хугацаанд төлбөрөө гүйцэтгэгч тал нь төлөөгүй тул гэрээ цуцлагдаж байр өөр айлд худалдан борлуулагдсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хорол Цамхаг" ХХК болон ******** нар нь 2018 онд №ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Хэрэв гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийг шаардаж байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагатай байдаг.

Гэтэл ********** болон ****, ******** нарын хооронд байгуулагдсан гэрээ нь нотариатаар батлуулаагүй гэрээ байх тул хуульд заасан шаардлага хангаагүй, гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хуулийн шаардлагад нийцэх тул №ХЦ-ЗГ-19/37 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын татгалзал, тайлбарын агуулга: **********-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь дээрх сууцыг манай эмнэлгээс ажилчдыг орон сууцжуулах зорилгоор хариуцагч компанитай гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, үндэслэл: Р.Оюунцэцэг нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч **********-тай Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 2-р гудамжинд баригдах А блокийн 1-р орц 8-р давхрын 802 тоот, 32,41 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайг 18,850,000 төгрөгөөр нийт 59,958,500 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Р.Оюунцэцэгийн зүгээс гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээ байгуулсан өдөр биелүүлсэн. **********-аас захиалгын орон сууцны эзэмших, ашиглах эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Р.Оюунцэцэгт шилжүүлж өгсөн бөгөөд Р.Оюунцэцэг нь өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна.

Улмаар Р.Оюунцэцэг нь **********ас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтийг гаргуулан авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад тус газраас Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлээр шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32022/08086 тоот дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах 419-р байрны 802 тоот 33.12 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан гэдэг үндэслэлээр татгалзсан.

Гэрээний дагуу захиалагч Р.Оюунцэцэг нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрхтэй болсон бөгөөд мөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, ашиглах эрхийг хуульд зааснаар тэргүүн ээлжид өмчлөлдөө шилжүүлэн авсан тул тус сууцны өмчлөгч юм.

Иймд **********-нд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419 дүгээр байрны 8-н давхрын 802 тоот, 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулж өгөхийг даалгаж түүний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Манай компанийн зүгээс нэхэмжлэгч ****, ******** нартай байгуулсан Орон суун захиалан бариулах гэрээг цуцалсан учраас тухайн тоот хаяг дээр Р.Оюунцэцэгтэй Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан.

Улмаар захиалагч нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул бидний зүгээс 802 тоот хаягтай орон сууцын Р.Оюунцэцэгт хүлээлгэж өгсөн нь үнэн.

Манайх Р.Оюунцэцэгийн захиалсан орон сууцны гэрчилгээ гаргуулах албан бичгийг гаргаж өгсөн боловч Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар тухайн тоот хаяг дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан байсан.

Бидний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****, ******** нарын Сүхбаатар дүүрэг 9-р хороо, А блок 1 орц 8 давхар 802 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч **********-д даалгаж, ********** нь ********, **** нарын хооронд байгуулагдсан 2018 оны ХЦ-ЗГ-19/37 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, Гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 2-р гудамж 8 давхар 802 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч **********-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****, ******** нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **********-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч **********-ийн төлсөн 349,000 төгрөг гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Хариуцагч "Хорол цамхаг" ХХК нь нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг буцаан төлөөгүй нь талууд хоорондын цуцлагдсан гэрээг үргэлжлүүлж хэрэгжүүлсэн гэж ямар ч үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн.

Хуульд заасан нөхцөлийн дагуу бол цуцлагдсан гэрээг талууд харилцан тохиролцож үргэлжлүүлэх, нэмэлт хугацаа тогтоох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар гэрээг хүчин төгөлдөр үргэлжлүүлэх боломжтой. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын төлбөрийг буцааж төлөөгүй нь гэрээг үргэлжлүүлсэн гэж үзэх үндэслэл болгосон. Уг нь гэрээ нэгэнт цуцлагдсан бол төлсөн төлбөрийг л буцаах зохицуулалттай. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн төлбөрийг буцааж төлөөгүй бол гэрээний нөгөө тал шаардлага гаргах, буцаан төлөхийг шаардах эрхтэй харин төлбөрийг буцаан төлөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр үргэлжлүүлэх үндэслэл болох заалтгүй.

8.2. Хариуцагч "Хорол Цамхаг" ХХК нь нэхэмжлэгч Золзодмаа, Сарантуяа нартай байгуулсан гэрээг цуцлаагүй байж давхар гэрээ байгуулсан гэж дүгнэлт өгсөн. Гэтэл нэхэмжлэгч "Хорол Цамхаг" ХХК нь Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу ******** **** нартай байгуулсан гэрээг эхлээд цуцлах мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн тухайн үед захиалагч нар мэдэгдэл шаардлагыг зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгч нар тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж өөр захиалагчтай захиалгын гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг агуулгаар нь буруу дүгнэсэн.

8.3. Нэхэмжлэгч ********, **** нар нь гэрээ цуцлагдсан өдрөөс хойш гэрээг үргэлжлүүлэх, нэмэлт хугацаа тогтоолгох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ямар нэгэн санал хүсэлт огт гаргаагүй. Гэрээг цуцлаагүй үргэлжлүүлж байгаа талаар ямар нэгэн мэдэгдэл, санал, шаардлага огт "Хорол Цамхаг" ХХК-д хүргүүлж байгаагүй.

**********-ийн зүгээс төлсөн төлбөрөө буцаан авах шаардлага гаргаж төлбөр буцаан авах хүсэлтээ гаргаарай гэх шаардлагыг тухайн үед нэхэмжлэгч нарт гаргаж байсан гэтэл шүүхээс энэ нөхцөл байдлуудыг тодруулаагүй мөн тухайн нөхцөл байдал дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн шаардлагыг **********-ийг нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн тул хэрэгсэхгүй болголоо гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль нэг талынх нь гэрээний үүргээ зөрчсөн эсэх асуудал гуравдагч этгээдэд хамааралгүй. Бие даасан шаардлага гаргасан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаан тайлбарлах байдлаар түүний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг зааснаар гуравдагч этгээд давуу эрхтэй. Р.Оюунцэцэг нь нэхэмжлэгч нараас түрүүлж 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эзэмшилдээ шилжүүлэн авч өнөөдрийг ашиглаж байгаа.

Мөн хариуцагч ********** нь "үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд хүлээлгэн өгч өнөөдрийг эзэмшиж, ашиглаж байгаа талаарх тайлбар гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн... тайлбар"..., нэхэмжлэгч нар нь "гуравдагч этгээдийг маргаан бүхий орон сууцыг түрүүлж эзэмшилдээ шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа нөхцөл байдлыг үгүйсгэсэн тайлбар татгалзал гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг хэрхэн, юу гэж үзэж байгаа талаарх үйл баримтыг орхигдуулж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: **********-ийн инженер нь нэхэмжлэгч нарт орон сууцыг хүлээлгэж өгөх акт үйлдэж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Тиймээс гэрээ цуцалсан гэж үзэж байгаа цаг хугацаандаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед гэрээг цуцалсан гэж маргаж байгаа нь эргэлзээтэй байна. Харин гуравдагч этгээдийг зохиомлоор ямар нэгэн эрх ашгийг хөндсөн нь ойлгомжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг дэмжих үүднээс оролцуулж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1.а Нэхэмжлэгч ********, **** нар нь хариуцагч **********-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээгээр гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-р давхрын 802 тоот 32,41 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг өөрсдийнх нь өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах,

Хариуцагч ********** нь нэхэмжлэгч ******** нартай байгуулсан 2018 оны №ХЦ-ЗГ-19/37 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Оюунцэцэг нь хариуцагч **********-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8-н давхрын 802 тоот 32.41 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Оюунцэцэгийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай шаардлага гаргасан.

1.б. Хариуцагч ********** нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

Нэхэмжлэгч ****, ******** нар нь хариуцагч **********-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, дээрхи орон сууц нь эмнэлгийн ажилчдыг орон сууцжуулах зорилгоор баригдсан гэж маргасан.

Хариуцагч ********** нь гуравдагч этгээд Р.Оюунцэцэгийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. **** нь 2018 онд **********-тай Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, **********-ийн барих Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 2-р гудамжинд байршилтай, ашиглалтад орох 8 давхрын 802 тоот, 1 өрөө, 32,12 м.кв орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт 38,088,000 төгрөгөөр авахаар тохиролцож, талууд гарын үсэг зурсан. /хх-5-7/

******** нь 2018 онд **********-тай ХЦ-ЗГ-1937 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг Сүхбаатар дүүрэг 9-р хороонд байрлах **********-ийн орон сууцны хотхон, А блок 1-р орц, 8 давхар 802 тоот, 1 өрөө орон сууц, 1м.кв үнэ 1,150,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 30% буюу 11,426,400 төгрөг, нийт захиалгын үлдэгдэлд 26,661,600 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан. /хх8,9/

2.б. Гэрээний 2.6-д зааснаар гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 04 дүгээр улиралд хийж гүйцэтгэнэ гэж тохирсон, урьдчилгааны эхний төлбөр 1,000,000 төгрөгийг **** нь 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдөр төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдсон. /хх11/

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

2.в. Нэхэмжлэгч ****, ******** нар нь гэрээний үүрэгт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд нийт 38,088,000 төгрөг төлсөн нь Худалдаа Хөгжлийн банкны орлогын ордерууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх 10-30/

2.г. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 4.1-д төлбөр тооцооны хэмжээ, хугацаа, төлөлтийг, 1.6, 2.6-д ...2019 оны 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэнэ гэж худалдагч болон худалдан авагчийн үүргийг тодорхойлсон. Барилгыг 2022 оны 01 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн, худалдан авагч төлбөрийн үлдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн, хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна.

2.д. Хариуцагч нь ********** нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****д ...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор хүү, алдангийн төлбөрийг төлнө үү. Дээрхи заасан хугацаанд хүү, алданги төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах болно. Гэрээг цуцалсан тохиолдолд орон сууц ашиглалтад орсноос хойш ажлын 30 хоногийн дотор таны төлсөн төлбөрийг буцаан олгохыг мэдэгдье гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нарын төлсөн төлбөр буцаагдаагүй үйл баримт тогтоогдсон.

2.е. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Тэнүүнрхэт ХХК, ********** нар нь Бараа материал нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 802 тоот 32,41 м.кв, 1 өрөө орон сууцыг 59,958,500 төгрөгөөр бартерт тооцуулан төлбөрт өгсөн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ********** болон Р.Оюунцэцэг нарын хооронд Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан 802 тоот 32,41 м.кв 1 өрөө орон сууцыг 59,958,500 төгрөгт тооцон худалдахаар гэрээ байгуулсан.

Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гэрээний зүйлийг бусдад худалдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал гэрчээр .., Сарантуяа нар илүү цагаар ажилласан ч цалин багатай учраас энэ хүмүүс ямартай ч танай байрыг ашиглалтад ортол төлбөрөө төлөх тул эдгээр хүмүүсийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйхад захирлууд нь байр ашиглалтад ортол гэрээний дагуу энэ хүмүүс дээр чинь уян хатан байна гэж зөвшөөрсөн гэж мэдүүлсэн.

Мөн гэрээний нөхцөлөөс харахад нэхэмжлэгч тал гэрээний үүрэг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч **********-д Сүхбаатар дүүрэг 9-р хороо А блок 1-р орц, 8 давхар 802 тоот, 1 өрөө 32.12 м.кв орон сууцыг ********, **** нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

3.а. Талуудын хооронд №ХЦ-ЗГ-19/37 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний үүргийн дийлэнх хэсэг биелэгдсэн, гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл байна. Хэлцэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлбэрийг хангасан, нотариатаар гэрчлүүлэх нь дан ганц нэхэмжлэгч талын үүрэг биш юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

4. Бие даасан шаардлагын тухайд:

4.а. Гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 2-р гудамжинд байрлах 419-р байрны 8 давхрын 802 тоот, 32,41 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн эзэмшилдээ авснаар давуу эрх үүсэхгүй юм.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын тухайд,

5.а. Хариуцагч нь гэрээ цуцлагдсан байхад зөв дүгнээгүй гэжээ.

********** нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****д мэдэгдэл хүргүүлж гэрээ цуцлагдсан гэх боловч гэрээний төлбөр төлөх нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч тал ноцтой зөрчил гаргаагүй, мөн хариуцагч ч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. Талуудын хоорондын гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлын тухайд,

Маргааны зүйл болох сууцыг Р.Оюунцэцэг нь нэхэмжлэгч нараас түрүүлж 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эзэмшилдээ шилжүүлэн авсан, давуу эрхтэй гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эзэмшилдээ авснаар давуу эрх үүсэхгүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаа нь улсын бүртгэлд бүртгүүлснээр давуу эрхийг үүсгэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/00521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,000 төгрөг, гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД