| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0565/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ш овогт Б-ийн Л-д холбогдох эрүүгийн 1810019690610 дугаартай, 187/2018/0565/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ....дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ........, ......, мэргэжилгүй, ........., ам бүл....., эхийн хамт, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... гудамж ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн Л /РД:УЗ93031739/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хүннү Вилла” хотхоны барилгын С блокийн 5 дугаар давхарын багаж хадгалах өрөөний хаалганы цоожийг төмрөөр хөшин нэвтэрч, цохилттой дрилл, лазер, плита зүсэгч, жижиг дрилл, цахилгаан хөрөө, төмөр тасдагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан авч, 471.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хүннү Вилла” хотхоны барилгын С блокийн 5 дугаар давхарын багаж хадгалах өрөөний хаалганы цоожийг төмрөөр хөшин нэвтэрч, цохилттой дрилл, лазер, плита зүсэгч, жижиг дрилл, цахилгаан хөрөө, төмөр тасдагч зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 471.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/
3. Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хүннү вилла” хотхоны барилгын С блокийн 5 дугаар давхарын шаврын ажлыг аваад 2018 оны 08 дугаар сард ажлаа эхлүүлсэн, зүс таних хүүхэд болох Л г ажилдаа туслуулахаар өдрөөр цалинжуулаад ажиллуулсан. 2018 оны 08 сарын 23-ны өдөр 20 цаг хүртэл ажлаа хийж байгаад маргааш нь буюу 24-ний өдөр амарсан. 2018 оны 08 сарын 25-ны өдөр барилга дээр ирээд ажлаа хийх гэсэн боловч багаж хадгалах өрөөнд байсан манай багажнууд алга болсон байсан. ажил дээрээсээ явах үедээ барилгын 5 дугаар давхарт хувцас сольдог, багаж хадгалдаг өрөө гаргасан уг өрөөг модон хаалгаар хааж. түгждэг өрөөнд багажнуудаа үлдээгээд явсан. Цохилттой дрилл, лазер, плита зүсэгч. жижиг дрилл, цахилгаан хөрөө, төмөр тасдагч алдагдсан. Эдгээр багажнуудыг бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
4. Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын 24-ний өдөр гэгээ тасраагуй байхад Б-ийн Л гэсэн иргэний үнэмлэхтэй 25 орчим настай эрэгтэй манай барьцаалан зээлдүүлэх төвд цэнхэр өнгийн цүнхтэй барилгын багаж хэрэгсэл болон улаан өнгийн харйцагтай цохилттой дрилл зэрэг эд зүйлийг бүгдийг нь нийлүүлээд 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би өөрийн 240.000 төгрөгийг авсан. гомдол. санал. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
5. Дамно ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ХУ2-18-602 тоот үнэлгээнд нийт 471.000 төгрөг гэжээ.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
6. Шүүгдэгч Б.Л д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 сарын 24-ний өдөр С блокийн 5 дугаар давхарт гарахад ажилчид байхгүй, багажнуудыг багаж хадгалах өрөөнд хураагаад хаалгыг түгжсэн, цоожтой байсан, тэгэхээр нь 1 дүгээр давхарт очоод тэнд байсан арматур төмрийг аваад буцаж 5 дугаар давхарт гараад хаалгыг хөшиж, онгойлгоод дотогш орсон. Би уг өрөөнд хайрцагтай багаж байхаар нь нээж үзэхэд цохилттой дрилл, лазер тэгш ус, плита зүсэгч, хөрөө, дрилл, тасдагч зэрэг эд зүйл байхаар нь аваад явсан. Тэгээд уг эд зүйлсийг ломбардад 240.000 төгрөгийн барьцаанд тавьсан, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Л нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хүннү Вилла” хотхоны барилгын С блокийн 5 дугаар давхарын багаж хадгалах өрөөний хаалганы цоожийг төмрөөр хөшин нэвтэрч, цохилттой дрилл, лазер, плита зүсэгч, жижиг дрилл, цахилгаан хөрөө, төмөр тасдагч зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 471.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тайлбар /хх-ийн 24/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал /...25 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт.../ зэргийг харгалзан үзээд Б.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь /2-8 жил хүртэл/ хугацаагаар хорих ялтай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 /нэг/ жилийн /1-4 жил хүртэл/ хугацаагаар хорих ял оногдуулах нь боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Л гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж зааснаар шүүгдэгч Б.Л гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийн эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л гийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.
Б.Л д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Л г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ш овогт Б-ийн Л г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л гийн эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л гийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Б.Л д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР