| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамцагдоржийн Бүрнээ |
| Хэргийн индекс | 158/2016/0004/З |
| Дугаар | 0007 |
| Огноо | 2016-04-01 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0007
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Гурванбулаг 4-р баг, Бэрх гэх газарт оршин суух Мөнх-Эрдэнийн Ганбаатар /РД:ГГ84022115/,
Хариуцагч: Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын /цаашид ЗДТГ гэх/ дарга /А.Эрдэнэбулган/;
Хариуцагч: Гурванбулаг сумын Засаг дарга /Ц.Бат-Өлзий/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил, албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажиллуулахыг даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Ганбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/90 тоот Прокурорын тогтоолын дагуу эрүүгийн хэрэгт холбогдон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Гэтэл Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэбулган нь энэхүү шийдвэрийг үндэслэлгүй, гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн гэж үзэж ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлээр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 164 тоот албан бичгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалд нь эгүүлэн томилох арга хэмжээ авах талаар хариуг өгсөн боловч Тамгын газрын дарга А.Эрдэнэбулган нь ажилд авахгүй байсан болно. Иймд Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.
Тамгын газрын дарга А.Эрдэнэбулган нь Төрийн албаны салбар зөвлөлийн албан тоотын дагуу тушаалаа зөвтгөж байна гээд ажлаас халах тухай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хүчингүй болгож, мөн өдрөө 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар дахин ажлаас халсан шийдвэр гаргасан байдаг. Миний бие уг ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул дахин Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан юм.
Энэхүү Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаал нь эрх зүйн үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэбулганд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот албан бичгээр Тамгын газрын даргыг “Байгаль орчны улсын байцаагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш” гэж үзсэн байх тул намайг ажлаас үндэслэлгүй халж, цалин хөлсийг минь өгөхгүй намайг хохироож байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагадаа: Гурванбулаг сумын иргэн М.Ганбаатарын нэхэмжлэлтэй Гурванбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган болон Засаг дарга Ц.Бат-Өлзий нарт холбогдуулан “Тамгын газрын даргын 2015 оны Б/13, Б/18 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч А.Эрдэнэбулган нь өөрийн гаргасан захиргааны акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгосон тул ажилд томилох, ажилгүй байсан хугацааны олговрын асуудлыг шийдвэрлээгүй тул томилж, чөлөөлөх эрх бүхий субъект болох Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Бат-Өлзийг хамтран хариуцагчаар татуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хамтран хариуцагч Гурванбулаг сумын Засаг Ц.Бат-Өлзийд М.Ганбаатарын ажил албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажиллуулахыг даалгах, сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулганаас М.Ганбаатарын ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.
Хариуцагч А.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан М.Ганбаатар нь 2015 оны 05 дугаар сард тус суманд барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн усны зориулалтаар ашиглаж байсан савыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Аймгийн Прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/90 тоот тогтоолоор гэмт үйлдсэн нь нотлогдсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар 25.1, 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэвч хэрэг хийсэн нь нотлогдсон гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.2 дахь заалтын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалаар халах шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хууль эрх зүйн үндэслэл буруу, албан хэрэг хөтлөлтийн зааврыг зөрчсөн тул халах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилох арга хэмжээ авах тухай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 164 тоот албан бичгийг ирүүлсэн.
Ингээд ажлаас халсан тушаалаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар хүчингүй болгосон ба М.Ганбаатар нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Аймгийн прокурорын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/90 тоот тогтоолоор нотлогдож байгаа учраас тушаалын хууль, эрх зүйн үндэслэлийг зөв болгож, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын дагуу М.Ганбаатарыг ажлаас халах тухай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалыг гаргасан.
Мөн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь сумын Засаг дарга учраас тушаалыг хүчингүй болгох талаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний 51 тоот албан бичгийг ирүүлсэн. Иймд сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар өмнөх 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгосон болно. М.Ганбаатар нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргасан, улсын байцаагчийн ёс зүйг зөрчсөн учраас улсын байцаагчийн эрхээ хасуулсан байна. Үүний зэрэгцээ манай суманд ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшиж байгаа “Багсам жоншин” компанийн хуурамч акт, ажлын тайланг баталж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ноцтой зөрчил гаргасан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/462 тоот албан бичгээр тогтоогдсон.
Энэ бүх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5 дах заалтууд төрийн захиргааны албан хаагчийн тангараг, ёс зүйг ноцтой зөрчсөн, төрийн албаны нэр хүндийг унагасан үйлдэл учраас ажлаас халах арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн сумын ЗДТГ-ын Ёс зүйн хорооны хурлын шийдвэр гарсан. Ийм учраас М.Ганбаатарыг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажиллуулах боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганбаатар нь Гурванбулаг сумын ЗДТГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалыг, түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах[1]” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажил, албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажиллуулахыг даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодорхойлжээ.
Хариуцагч Гурванбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган, Засаг дарга Ц.Бат-Өлзий нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэдгээрийг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч М.Ганбаатарыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэсэн заалтыг баримтлан Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 тоот тушаалаар[2] ажлаас халсан байх ба Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 164 тоот албан бичгийн[3] дагуу өмнөх тушаалаа 2015 оны 11 дүгээр сарын сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар[4] хүчингүй болгосон байна.
Ийнхүү ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган нь ажлаас халсан тушаалаа зөвтгөж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот “Ажлаас халах тухай” тушаалаар[5] Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримтлан М.Ганбаатарыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болсон байна.
Хариуцагч ажлаас халах болсон үндэслэлээ “гэмт хэрэг үйлдсэн болох нь аймгийн Прокурорын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/90 тоот тогтоолоор нотлогдсон [6]” гэж тайлбарлаж маргах боловч ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах болсон шалтгаан, үйл баримтын талаар уг тушаалд заагаагүй нь захиргааны актын “тодорхой нэг тохиолдлыг зохицуулах” үндсэн шинжээс гадна эрх зүйн үр дагавар нь тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй захиргааны акт болжээ.
Уг тушаалыг хариуцагчаас М.Ганбаатарт танилцуулж, гардуулж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрхи тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот албан бичгээр[7] “Байгаль орчны тухай хуульд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлнэ. ...орон нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах” талаар хариуг өгсөн байна.
2. Дээрхи Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн албан тоотын дагуу хариуцагч ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган нь маргаж буй захиргааны акт буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаа 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар[8] дахин хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актаа хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.
Нөгөө талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ”, 3-т “...сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон байгаль хамгаалагч тус тус ажиллана”, 4-ийн 1-д “улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно” гэж тус тус заажээ.
Байгаль орчны тухай хуулиар байгаль орчны хяналтын улсын байцаагчийг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрх бүхий субъект гэж тодорхой нэрлэн заагаагүй байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж зааснаас үзэхэд сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо багтаж байх тул сумын ЗДТГ-ын дарга, сумын Засаг даргатай зөвшилцөж, томилж чөлөөлөх боломжтой юм.
Нэхэмжлэгч М.Ганбаатарыг Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Бат-Өлзий нь 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59 тоот тушаалаар[9] сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил, албан тушаалд анх томилсон байх ба уг тушаал нь хүчин төгөлдөр тул байгаль орчны хяналтын улсын байцаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь сумын Засаг дарга болох нь нотлогдож байна.
Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” хэмээн зааснаар анх ажил, албан тушаалд томилсон эрх бүхий субъект сумын Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулах байтал сумын ЗДТГ-ын дарга сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь буруу болжээ.
Хэдийгээр хариуцагч сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган нь маргаан бүхий захиргааны актаа хүчингүй болгосон боловч хариуцагч сумын Засаг дарга үүргээ зохих ёсоор бүрэн хэрэгжүүлж нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллуулахгүй байгаа уг үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаалд ажиллуулахаар томилсон сумын Засаг даргын “ажил, албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн” шууд захирагч албан тушаалтан нь сумын ЗДТГ-ын дарга байхаар заасан байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн алба хаах эрхийг сэргээсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх...олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч М.Ганбаатарын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцон /нийт ажлын143 хоногийн (ажлын 22 хоногоор тооцож) цалин хөлстэй тэнцэх олговор үндсэн цалин 580710+төрийн алба хаасан хугацааны 58071+зэрэг дэв 87107=725888:22*143// нийт 4 718 285 (дөрвөн сая долоон зуун арван найман мянга хоёр зуун наян тав) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, түүнээс нь холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Гурванбулаг сумын Засаг даргын “байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил, албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Ганбаатарыг урьд өмнө эрхэлж байсан ажилд ажиллуулах”-ыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 143 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 718 285 (дөрвөн сая долоон зуун арван найман мянга хоёр зуун наян тав) төгрөгийн олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож олгохыг, мөн М.Ганбаатарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Гурванбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 35100 төгрөгийг, хариуцагч Гурванбулаг сумын Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ
[1] Хэргийн материалын 78 дахь хуудас
[2] Хэргийн материалын 6 дахь хуудас
[3] Хэргийн материалын 4, 33, 69 дэх хуудас
[4] Хэргийн материалын 35, 44 дэх хуудас
[5] Хэргийн материалын 34, 45 дахь хуудас
[6] Хэргийн материалын 7, 36, 71 дэх хуудас.
Булган аймгийн Прокурорын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/90 тоот тогтоолоор ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол.
[7] Хэргийн материалын 79, 90 дэх хуудас
[8] Хэргийн материалын 91 дэх хуудас
[9] Хэргийн материалын 59 дэх хуудас