Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0206

 

 

 

 

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарын давж заалдах гомдлоор, Н.У-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24 дүгээр зүйлийн 24.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК, А.Б нарт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан шүүхэд гаргасан гомдолдоо: “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 шүүхийн шийдвэрт “Мөн нэхэмжлэгч Н.У дээрх Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай 100 м.кв, 240 м.кв, 25000 м.кв газар болон Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1494 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж, эзэмшиж байсан талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн зорилго буюу хүн, хуулийн этгээд нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжийг олгосон байна. Анхан шатны шүүх нь Н.У иргэн Б.Э-тэй хамтын амьдралтай байх хугацаандаа үүссэн дундын өмчийн хөрөнгийн маргаан Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нотлох баримт байсан атал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болжээ.

Дээрх маргаан бүхий газруудын захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан байсныг шүүх тогтоож, шийдвэртээ дурдсан. Гэсэн хэдий ч төрийн эрх бүхий байгууллага өөрийн гаргасан шийдвэрүүдийг төрийн эрх байгууллагуудад хүргүүлээгүйгээс болж энгийн иргэний өмчлөх, эзэмших эрхэнд халдсан нь шийдвэр гарсан нь үндэслэлгүй юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулиудыг хэрэглэх ёстой байсан.

Иймээс нэхэмжлэгч Н.У-ийн өмчлөх, эзэмших эрхийг сэргээх үүднээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрийн бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Дээрх шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрт дурдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамж нь БНХАУ, Ф Ж, Ш М 36 1004 Ш Х з №668 ССRЕ цамхаг 21 дүгээр давхарт байрлах “ХGМА” олон улсын худалдааны компанийн нэхэмжлэлтэй “Т ф” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гарсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гарсан захирамж байна.

Тухайн хэрэгт нэхэмжлэгч Н.У нь ямар нэгэн байдлаар оролцоогүй буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно.

Түүнчлэн дээрх газрын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дүгээр албан бичгээр сэргээхийг мэдэгдсэн байдаг.

Шүүхээс “...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын 2015 оны маргаан бүхий А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв” гэжээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/979 дүгээр захирамжаар маргаан бүхий газрын А.Б-т шилжүүлснээр “газрын тухай хуулийг зөрчсөн” болон “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.У-т тухайн байршилд газар эзэмших эрх үүсээгүй, хамааралгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагыг хуулиар тавьсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийн дагуу эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд үүний улмаас бий болж буй үр дагавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Баянгол дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.М-ийн мэдүүлгээр тухайн газарт ямар нэгэн хориг тогтоосон зүйлгүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болдог талаар хариуцагч тайлбарладаг. Гэтэл гуравдагч этгээд А.Б-ыг газрыг шилжүүлэн авах үед уг газрын мэдээллийн санд түдгэлзүүлсэн талаар бүртгэл хийгдээгүй байсан талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас ирсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

      Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

      Нэхэмжлэгч Н.У-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК болон А.Б нарт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Батбаярт, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

       Уг захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0250 дугаар магадлалаар “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

           Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан:

    1. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжууд хэрхэн биелэгдсэн, биелэгдсэн бол эрх нь сэргээгдсэн эсэхийг шалгаж тогтоох,

        2. Дээр дурдагдсан шүүгчийн захирамжууд шүүхээс эрх бүхий байгууллагад хүргэгдсэн эсэх, тухайн захирамжуудыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үйл баримтыг нарийн шалгаж, шаардлагатай бол үзлэг хийх байдлаар тогтоох,

      3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/317 дугаар албан бичигт “Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө, захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай” 326 дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/2790 дүгээр албан бичгээр дээрх 326 дугаартай тогтоолыг цахим системээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасан байхад холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, хэрэгт хамааралтай гэж үзсэн нотлох баримтуудыг цуглуулж, холбогдох дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

      Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүх, цагдаагаас битүүмжилсэн байсан эд хөрөнгүүдийг “К” ХХК, А.Б нарт зарсан. Үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлсэн, гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын шийдвэр миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна...” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжууд биелэгдсэн эсэх, биелэгдсэн бол хэрхэн биелэгдсэн нь чухал ач холбогдолтой байхад хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь тодруулалгүй, эргэлзээтэй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

     Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байх боловч маргаан бүхий актууд гарах цаг хугацаанд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүд битүүмжлэлтэй байсан эсэх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжууд хэрхэн биелэгдсэн, тухайн захирамжуудыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь ямар арга хэмжээ авсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

     Нөгөөтэйгүүр Н.У нь Б.Э-ийн хувьцаа эзэмшдэг “Т ф” ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар маргаж буй иргэний хэрэг шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэгдсэн бол хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримтуудыг цуглуулах нь “Т Ф” ХХК, Б.Э-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын захирамжууд, бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Н.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ