Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00795

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр Дугаар 210/МА2023/00795

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03720 дугаар шийдвэртэй,

**********-ийн нэхэмжлэлтэй, **********, ********-т тус тус холбогдох,

Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тус хурлаас гарсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гарсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан X/03, X/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч ******, ********, **********, хариуцагч **********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ********, өмгөөлөгч *********, хариуцагч *********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: **********-ийг анх **********-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноор Эрэл банк нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн.

Ариг банкны хувьд Монголбанкнаас 2018, 2019 онуудад хийгдсэн шалгалтаас өмнө банкны системд хийгддэг хараат бус, хөндлөнгийн АСЖ-аар 2017 оны 11 дүгээр сард шалгагдаж, 2018 оны эхээр гаргаж танилцуулсан үнэлгээгээр хангалттай үнэлгээ авч, хэвийн байсан. Энэ талаар Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-1а/1589 тоот албан бичгээр зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байгаа гэж дүгнэсэн. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зохист харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 43,2%-тайгаар ханган ажиллаж байсан.

Монголбанкны ерөнхийлөгчийн арилжааны банкнуудад хандсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А-58 тушаал, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай А-355 тоот тушаал гарснаар Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлага бий болсон. Ингээд Монголбанкны шийдвэрийг биелүүлэх үүднээс ********** нь хамтран ажиллах хувьцаа эзэмшигчийг хайж байх үед Номин Холдинг ХХК-ийн ерөнхий захирал, Улаанбаатар импекс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан нь өөрөө санал тавьж, Б.Эрдэнэбаттай ирж уулзсанаар Улаанбаатар импекс ХХК нь Ариг банкинд хөрөнгө оруулан хамтран ажиллахаар болж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээг байгуулж, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг Монгол банкинд хүргүүлж, Монголбанкны 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай журамд заасны дагуу Монголбанк хянан баталгаажуулж, бүртгэн бидэнд зөвшөөрөл бүхий албан тоот ирүүлсэн.

Ариг Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдүүлэхээр ажиллаж байсан боловч Улаанбаатар-Импекс ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.6.1-д заасны дагуу хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт хийж, 8,787,203,000 төгрөгөөр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байсан боловч энэхүү хөрөнгө оруулалт хийгдээгүй нь банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх боломжгүй болгох үндсэн нөхцөл нь болсон.

Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-146 тушаалаар Ариг Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг биелүүлээгүй хувьцаа эзэмшигч Улаанбаатар-Импекс ХХК-ийн үүрэг хариуцлагыг компанид нь үүрүүлж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан "Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т заасан Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалтыг зөрчин Ариг банкны үндсэн үйл ажиллагаанд дараах хязгаарлалтыг тогтоосон. Үүнд:

1.Нэг харилцагчаас 20,000,000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн хадгаламж шинээр татах,

2. Шинээр зээл олгох, зээлтэй адилтгах бусад хэлцэл хийх /хадгаламж барьцаалсан зээлээс бусад/

3. Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа батлан даалт гаргахгүй байх.

Тухайн үед эдгээр хязгаарлалтыг тогтоох шаардлага үүсээгүй байсан.

Монголбанкнаас Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар банкинд тохирох арга хэмжээг сонгон хэрэглэх боломжтой байсан. Банкны тухай хуулийн 48.1.2, 48.1.4, 54.1.3, 55.1.3-т заасан заалтуудаар өөр арга хэмжээнүүдийг заасан байдаг боловч Монголбанкнаас хязгаарлалтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй арга хэмжээ болсон төдийгүй банкны тогтвортой үйл ажиллагаанд доголдол үүсгэх улмаар харилцагч, хувьцаа эзэмшигч, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн.

Монголбанкны Ерөнхийлөгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс **********-д нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж, Бүрэн эрхт төлөөлөгчийг 1 жилийн хугацаатайгаар томилон, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд тухайн томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь Төв банк/Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Компанийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмуудыг удаа дараа зөрчиж, хууль бус шийдвэр, үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат болон ********** нар нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 03 дугаар сарын 09-ний өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахдаа Ариг банкны хувьцаа эзэмшигч болох **********-ийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргаж байсан. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар уг хувьцаа эзэмшигчийн ********** дахь 60,46 хувийн хувьцаа эзэмших хувийг 21 хувь болгон бууруулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр **********-д 58,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

1.1. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах шаардлагын тухайд:

Банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгддэг. Уг хурал нь дийлэнх олонхын санал аваагүй тохиолдолд Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх ёстой байсан.

Энэхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар банкны хувьцаа эзэмшигчид болон Ариг Банкны хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд нийцүүлэх замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байсан боловч Бүрэн эрхт төлөөлөгч хэт нэг талд үйлчилж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхиж, хууль зөрчсөн.

Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарласан. Уг хурлаар...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-58, 2016 оны 355 тоот тушаалууд, хувьцаа эзэмшигчдийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээнд нийцүүлэх замаар банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах..."асуудлаар хэлэлцэх талаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Гэвч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудал дийлэнх олонхын санал аваагүй боловч Бүрэн эрхт төлөөлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн саналаар хурлыг хүчин төгөлдөр болгож, шийдвэр тогтоолыг гаргах байсан боловч эс үйлдэхүйгээр асуудалд хандсан.

Энэ нь хувьцаа эзэмшигчдийн маргааныг улам бүр даамжруулсан.

1.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс зарлан хуралдуулсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийхээр бидэнд мэдэгдэл ирүүлсэн боловч тухайн хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлалгүйгээр хийж, **********-ийг буюу үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр дангаараа шийдвэр гаргасан. Ариг банкны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан.

**********-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцсэн банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан заалтыг биелүүлээгүй байхад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчсөн.

1.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

**********-ийн зүгээс **********-ийн Бүрэн эрхт төлөөлөгчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Харин шүүхээс хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тэр өдөр Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон хуралдуулж 02 дугаар тогтоол батлан гаргасан. Энэхүү тогтоолоор:

Нэг. **********-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцааг гаргаж,

Хоёр. **********-ийн дүрмийн дагуу **********-д 429,

Улаанбаатар импекс ХХК-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг санал болгож шийдвэрлэсэн.

Тухайн үед **********-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь хорих 409 дүгээр ангид саатуулагдаж байсан тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд биечлэн оролцох боломжгүй,

тэргүүн ээлжинд худалдах худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан.

Мөн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ажиллуулах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн, Ковид-19-ын нөхцөлд байхад Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар хийж 02 тоот тогтоол гаргасан.

**********-ийн саналын эрхийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар түдгэлзүүлсэн боловч Хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх нь нээлттэй.

Хуралд хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхи ирснээр хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн бичигт хуралд оролцох эрхээ эдлэх боломжтой талаар дурдсан.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан хуралд хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ.

Ариг банкны дүрмийн 8.11-д уг асуудлыг нарийвчлан зохицуулж саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа Хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хүчин төгөлдөр байхаар зохицуулсан тов тодорхой зохицуулалтыг санаатайгаар зөрчсөн. **********-ийн 60,46 хувийн хувьцаа эзэмшигч **********-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь хувьцааны эрхээ хэрэгжүүлэх, Компанийн тухай хуульд заасан хуралд оролцох эрхийг эдлүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тул хурлыг хойшлуулах нөхцөл бүрдсэн байхад хойшлуулахгүй хийсэн.

 

1.4.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Бүрэн эрхт төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр **********-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан тухайгаа хувьцаа эзэмшигч **********-д албан ёсоор мэдэгдэлгүйгээр хийж, компанийн дүрмийн сан нэмэгдүүлсэн өөрчлөлтийг банкны дүрэмд тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэлэлцэх байсан боловч **********-ийг мөн л оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан.

**********-ийн 60,46 хувийн эзэмшлийн хувьцааг 42,32 хувь болгож, үндэслэлгүйгээр өөрчлөн багасгаж эрх ашгийг хохироосон.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хараат бус гишүүдийг Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т заасныг зөрчиж, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлалгүйгээр Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Д.Ганбат, Ш.Баярсайхан нарын нэр зааж өгсөн хүнийг сонгон баталж, банкны дүрэмд өөрчлөлт оруулсан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд Б.Эрдэнэбат нь биеийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /хамар хоолойн идээт үрэвсэл/ тухайн хуралд оролцох боломжгүй байсан.

Энэ талаар албан ёсны эмнэлгийн актыг ********** дахь Бүрэн эрхт төлөөлөгчид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор хүргүүлсэн боловч огт үндэслэлгүйгээр Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг эдлүүлэлгүйгээр албан ёсны эмнэлгийн актыг хүргүүлсээр байхад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль зөрчин хийж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд гаргасан.

1.5.********** дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

**********-ийн хууль бус удирдлага болох гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, ТУЗ-ийн гишүүн, хараат бус гишүүн гэх хүмүүсийг банкинд хууль бусаар томилогдсон гэж байгаагийн учир нь Банкны тухай хуулийн 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох, мөн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д ТУЗ нь Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилно, 10 дугаар зүйлийн 10.1-д Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ, 10.2-т гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна, 10.3-т гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг.

Гэтэл банкинд ТУЗ байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2-т заасан гүйцэтгэх захиралд тавих шалгуур болох банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, мөн хуулийн 34.2.3-т бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх гэсэн хуулийн шалгуурыг зөрчиж, гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үед Бүрэн эрхт төлөөлөгч **********д өгч, улмаар ********** нь Банкны тухай хуулийн заалтыг зөрчиж, Улаанбаатар импекс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд болох Б.Ариунжаргалыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Энэ нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх... гэж заасныг зөрчсөн хэрэг бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй.

1.6. **********-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

**********-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Улаанбаатар импекс ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж, хууль бус шийдвэрүүд гаргасаар байгаа бөгөөд энэ нь сүүлдээ даамжирсаар 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, уг хурал хүчин төгөлдөр бус болсон учраас хойшлогдсон гэх хурлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлан, **********-ийг оролцуулахгүйгээр хурлыг хийж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х/03, Х/04 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан.

 

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд нь **********-ийн гүйцэтгэх удирдлага гэх хууль бусаар томилогдсон этгээдэд үүрэг өгч хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан банкны дүрмийг Монголбанкны 2021 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2549 дугаарт бүртгүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн тухайгаа бидэнд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б-813 тоот албан бичгээр ирүүлсэн.

**********-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/04 тоот тогтоол нь хууль бус болох нь Компанийн тухай хуулийн 63.5, 69 дүгээр зүйл, банкны дүрмийн 8.11-д заасан зохицуулалтаас харагдана.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно. гэж заасны дагуу хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан.

Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компаний тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч **********-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. ********** нь 2016 онд **********-ийн үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч нь байсан, энэ үед банкны хөрөнгө 16 тэрбум байсан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар Аригбанкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2017 ондоо багтааж 50 тэрбум төгрөг байх шаардлагыг тавьсан. Ингээд Монголбанкны шийдвэрийг биелүүлэх үүднээс ********** нь Улаанбаатар-Импекс ХХК-д санал тавьснаар хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж, хөрөнгө нь 35 тэрбум болсон боловч хөрөнгөө 50 тэрбум болгох боломжгүй болсон.

2018 онд Монгол банкнаас **********-д хяналт, шалгалт хийсэн, энэ үед банкны актив хөрөнгө, зээл шаардлага хангаагүй, банкны зохистой засаглал алдагдсан, хараат гишүүд сонгогдоогүй гэх олон алдаа зөрчил илэрсэн байдаг.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-146, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-147, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А-252 дугаар тушаалуудаар **********-д Монголбанкны хянагч томилж үе шаттай арга хэмжээ авсан ч **********-ийн үйл ажиллагаа дээрдэхгүй байсан тул 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А-17, 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А-21 дугаар тушаалуудаар **********-д нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгч томилж Ариг банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн.

Улмаар бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлаар хөрөнгийн хэмжээг 50 тэрбум болгож, дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэх байсан. Энэ хуралд хоёр хувьцаа эзэмшигч хоёулаа оролцсон. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь заалтын дагуу асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх зохицуулалттай. Харин эндээс ямар нэгэн шийдвэр гараагүй учир Бүрэн эрхт төлөөлөгч нь асуудлыг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б-101 тоот албан бичгээр **********-д хүргүүлсэн. Зарыг Өдрийн сонинд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нийтлүүлсэн. Хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн албан тоотод хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, санал авах хуудас, дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвших этгээдийн анкетын маягт, ээлжит бус хурлын тогтоолын төсөл зэргийг хавсаргасан.

Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах эсэх тухай санал хурааж 01 дүгээр тогтоол гарсан. Улмаар хурлаар 02 тоот тогтоолоор дүрмийг шинэчлэн баталсан, шинэчилсэн дүрмийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр болсон. Иймд 02 тоот тогтоол нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчөөгүй.

2.3. **********-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлын 02 тоот тогтоолоор **********-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргаж, **********-д 429 ширхэг, Улаанбаагар-Импекс ХХК-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг санал болгосон.

Энэ хурлын зарыг **********-д бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-714 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Зарыг Өдрийн сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №219 (6585) дугаар, Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №210 (6435) дугаарт нийтэлсэн. Мөн бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар **********-д хүргүүлсэн.

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б-720 дугаар албан бичгээр хурал хуралдуулах зар нийтэлсэн өдөр тутмын сонины хуулбарууд, баталгаат шуудангаар хүргүүлсэн баримтын хуулбарыг хүргүүлж уг албан тоотыг **********-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат гардан авч гарын үсэг зурсан.

Хувьцаа эзэмшигч **********-д 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн Б-714 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар хүргүүлэх тухай албан бичигт хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хурлын дэг, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл зэргийг хавсаргасан болно.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг **********-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу хүргэснээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй гэж заасныг зөрчөөгүй.

**********-ийн дүрэм нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр батлагдан мөрдөгдөж байна. Уг дүрмийн 8.11 дэх Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнхи олонхийг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн **********-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А-335 дугаар тушаалаар **********-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрх түдгэлзсэн. **********-ийн хувьцаа эзэмшигчид болох **********, Улаанбаатар импекс ХХК нарын саналын эрх нь түдгэлзсэн тул Компанийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, мөн Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д заасныг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон.

********** нь хуулийн этгээд тул гүйцэтгэх захирал эсхүл хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл олгох замаар хуралд төлөөлөгч оролцуулах бүрэн боломжтой. Үүсгэн байгуулагч иргэн саатуулагдан байсан гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэх үндэслэлгүй.

Бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн болон хуралдах өдөр, газрыг өөрчилсөн аливаа шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2. хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, 70.1.3-т хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн. гэж заасныг зөрчөөгүй байна.

2.4. Монголбанкнаас томилогдсон ********** дахь бүрэн эрхт төлөөлөгч **********-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд гарсан. Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Монголбанкны санаачилгаар банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эрхтэй этгээд буюу хуулийн 30.1-д зааснаар ...Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно..., 30.3-т ...банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно... гэх эрхийнхээ дагуу хуралдаж тогтоол гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллага буюу захиргааны байгууллага байна. Аригбанк дахь бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот тогтоолоор Аригбанкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, 03, 04, 05 тоот тогтоолуудаар Аригбанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг, 06, 07 тоот тогтоолуудаар Аригбанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгож албадлагын арга хэмжээнүүдийг авсан.

Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн зүйлийн 75.3-д шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ.

Мөн зүйлийн 75.4-д Банкинд албадлагын арга хэмжээ авсан Монголбанк, бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хөрөнгөөр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ гэжээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг Банкны тухай хуулийн 75.4-д зааснаар хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд Банкны тухай хуулийн 75.3-д зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1.5-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байх тул хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.5. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр н.Ариунжаргалыг томилсон. Монголбанкны ерөнхийлөгчийн А-1а/89 тоот албан бичиг, зөвшөөрлийн дагуу, хуульд заасан журмын дагуу томилсон. н.Ариунжаргал нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үед Улаанбаатар импекс ХХК-д ажиллаж байгаагүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэх удирдлагаар томилогдох боломжтой гэж үзсэн.

 

2.6. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах үүнтэй холбогдуулан арилжааны банкнууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох үүргийг Монголбанк хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд бүх банкнуудад үүрэг болгосон. Ариг банк нь судалгаа, тандалт хийн хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөг Монголбанкны шаардсан хугацаанд боловсруулсан бөгөөд 100 тэрбум болгох банкны дүрмийн өөрчлөлтийн төслийг бэлтгэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулахаар болсон байдаг. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТБ/07 тоот мэдэгдлээр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад болох тухай хаяг байршлыг зааж тус хурлын хүрээнд дараах 3 асуудлыг хэлэлцэхээр товлосон Үүнд:

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг банкны дүрэмд заасны дагуу бүрдүүлэн сонгох, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 -р зүйлд заасан төлөвлөгөөг батлах,

**********-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхтэй холбогдуулан графикт төлөвлөгөөг батлах, банкны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах,

Ариг банкны зүгээс хурлын мэдэгдлийг хувьцаа эзэмшигч бүрт 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус бүр хүргүүлсэн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч **********-рүү 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б-468 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай 6 хуудас бүхий албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн.

********** нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас хурлын ирц 57,68 хувь байсан бөгөөд **********-ийн дүрмийн 8.11 дэх заалтын дагуу (Үүнд: Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг) хурлын ирц бүрдээгүй учир тус хурлын тооллогын комиссын зүгээс ээлжит бус хурлыг хүчингүйд тооцсон.

Тус хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хүчинтэй хурлын ирцээр баталгаажуулан шийдвэрлүүлэх ёстой тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т заасан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дахин хуралдуулахаар болсон. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно гэж заасан байдаг. ********** нь хувьцаа эзэмшигч бүрт мэдээ мэдээллийг нэн дариу тогтоосон хугацаанд хүргүүлдэг бөгөөд мөн л 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшилсон хурлын мэдэгдлийг **********-д баталгаат шуудангаар хүргүүлсэн.

**********-ийн хувьцаа эзэмшигч Улаанбаатар-Импэкс ХХК-ийн санал, шаардлагын дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар товлогдсон 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд **********-ийн 42,32 хувийн хувьцаа эзэмшигч ********** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57,68 хувийн хувьцаа эзэмшигч Улаанбаатар-Импэкс ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан бөгөөд энэ тогтоолын дагуу төлөвлөгөөг 3-н үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. ********** нь хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл, албан бичиг, хуралд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх шалтгаан баримтыг ирүүлж байгаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу зарлаагүй тохиолдлыг ойлгох юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ********-ын татгалзал, тайлбарын агуулга: 3.1.Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэрүүдийн талаар.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлж хангаж ажиллах үүрэгтэй.

Ариг банканд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2015 онд 20 тэрбум төгрөг, 2016 онд 35 тэрбум төгрөг, 2017 онд багтаан 50 тэрбум төгрөг хүргэх үүрэг өгсөн боловч банк хуульд заасан үүргээ биелүүлээгүй. 2019 оны А-146 дугаар тушаалаар 2 жилийн хугацаанд нийтдээ 3 удаа сунгасан боловч банк энэхүү үүргээ биелүүлээгүй.

Монголбанкнаас Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээний хүрээнд тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1. 48.1.2. 48.1.4, 48.1.5 дахь заалтад заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч дээрх арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй банкны зохистой засаглал бүрдээгүйн улмаас "Ариг банкны ХХК-д хянагч томилсон арга хэмжээг дуусгавар болгож, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-17 дугаар тушаалаар Ариг Банкинд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлд Монголбанк банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн банкны удирдлагын (банкны хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хуульд заасан бүрэн эрх) эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх, банкны хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхт төлөөлөгч тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн тус хуулийн 30.1-т Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно гэсэн зохицуулалттай.

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-335 дугаар тушаалаар **********-ийн Хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөгч Компанийн тухай хуулийн 69.1-т Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, Банкны тухай хуулийн 30.3-т банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, тогтоолууд гарсан байна.

Банкны тухай хуулийн 32.3-т "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банкинд мэдэгдэнэ гэж, 31.3.2-т Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу Монголбанк хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Ариг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн болон хараат бус гишүүн, Гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид нь хууль, журмын шаардлагад нийцсэн эсэхийг судалж ТУЗ-ийн гишүүн болон Гүйцэтгэх удирдлагаар томилоход татгалзах зүйлгүй талаарх хариуг албан бичгээр тус тус хүргүүлсэн.

2010 онд батлагдсан Банкны тухай хууль (шинэчилсэн найруулга), 2018 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд Банкны хяналт шалгалтын олон улсын зарчим, стандартын дагуу банкны хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль зүйн тодорхой байдлыг бүрдүүлж. олон нийтийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор банкинд авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой маргааныг шүүхээр шууд шийдвэрлүүлэх, түдгэлзэхгүй зохицуулалт тусжээ.

Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон ч эрх, үүрэг нь нэг талаас нийтийн чиг үүргийг хувийн эрх зүйн аргаар хэрэгжүүлдэг, нөгөө талаас **********-ийг тодорхой хугацаанд удирдан зохион байгуулах эрхтэй этгээд тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага гэж үзэхгүй юм.

Мөн банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг эдэлж байх тул Монголбанкны бус **********-ийн удирдлагын эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд шилжүүлсэн эрх, үүргийг захиргааны байгууллагаас шилжсэн эрх, үүрэг гэж үзэхгүйгээс гадна Бүрэн эрхт төлөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2 дахь хэсэгт заасан татан буугдсан захиргааны байгууллагад хамаарахгүй байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-19 дүгээр тушаалын дагуу **********-д авсан банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг дуусгавар болсон. Монголбанк нь БЭТ-ийн эрх үүргийг залгамжлагч этгээд биш, хариуцагч биш юм.

3.2. **********-ийн гаргасан шийдвэрүүдийн талаар.

Улаанбаатар-Импекс ХХК-ийн санал, шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байх бөгөөд **********-иас төлөөлөл ирээгүйн улмаас хурлын ирц бүрдээгүй. Улмаар ТУЗ-өөс Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлан хуралдуулж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар төлөвлөгөө болон банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус хурлаар баталсан байгаа нь Монголбанкинд ирүүлсэн баримтаар харагдана. **********-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ********** нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцож, саналын эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Монголбанкнаас **********-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх үүрэг даалгавар өгсөн боловч биелэгдээгүй, банкны зохистой засаглал алдагдаж, хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзэн Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Улаанбаатар импекс ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу Номин Холдинг ХХК-ийн захирал н.Баярсайхан гэх хүний **********-д оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг **********-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат гэх хүн хувьдаа авч завшиж, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан залилсан гэдэг зүйлээр шалгагдаж байна. Түүнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа Хөрөнгө оруулалтын 16/24 тоот гэрээнд огт хамааралгүй юм.

Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох болсон шалтгаан нь банкны засаглалын тогтвортой байдал алдагдсан, актив болон пассив хөрөнгийн доод хязгаар зөрчилтэй байсантай холбоотой. ********** нь **********-г үүсгэн байгуулахдаа 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үүнээс 12 тэрбум төгрөгийг нь ********** буюу Б.Эрдэнэбат нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан зээл хэлбэрээр хувьдаа авсан. Нэхэмжлэгч ********** нь эцсийн дүндээ **********-ийг дампууруулж, энэ бүхний хариуцлагыг хөрөнгө байршуулсан этгээдээр төлүүлж хохирогч гэдэг этгээдийг байхгүй болгох зорилготой. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурал дээр Банкны дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх буюу дүрмийн сангийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгох талаар 2019 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэх зорилготой байсан. **********-ийн зүгээс шинээр гаргаж байгаа хувьцаагаа эхлээд **********-д санал болгоход хүлээж аваагүй, дараа нь Улаанбаатар импекс ХХК-д санал болгоход Улаанбаатар импекс ХХК саналыг хүлээн авсан. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурал болсон хэдий ч тухайн үеийн хувьцаа эзэмшигч нар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон гэдэг нь тухайн хурлаас заавал ямар нэгэн шийдвэр гарсан гэсэн үг биш юм.

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлууд дээр бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, банк нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхээр бүрэн эрхт төлөөлөгч томилсон тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр тухайн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэсэн үг. Үүнд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал огт байхгүй.

**********-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат гэх хүн тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлуудад оролцоогүй гэдэг. Тухайн үед **********-ийн захирал н.Төмөрхүү гэж хүн байсан, 2022 оны 01 дүгээр сард н.Ганбат гэх хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэдэг нь харагддаг. Тухайн хувьцаа эзэмшигчдийн хуралд Б.Эрдэнэбат гэх хүн оролцох эсэх нь хамааралгүй. Оролцсон ч ямар нэгэн үр нөлөөгүй. Учир нь Б.Эрдэнэбат гэх хүн **********-ийн хувьцаа эзэмшигч биш, ********** юм. **********-г төлөөлж оролцох этгээд нь гүйцэтгэх удирдлага нь эсхүл гүйцэтгэх удирдлагаас олгосон итгэмжлэлтэй этгээд байна.

**********-ийн 2 хувьцаа эзэмшигч болох ********** болон Улаанбаатар-Импекс ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой эдгээр асуудалд ижил тэгш эрхтэйгээр л оролцож байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болох бүрт **********-аас аль алинд нь мэдэгдэл хүргүүлдэг байсан. Тэр ч байтугай манай зүгээс **********-аас гомдол хүсэлт ирж байгаатай нь холбоотойгоор **********-д мэдэгдэл хүргүүлж байгаа эсэхийг нь тодруулаад хуралд нь оролцдог байсан. Тийм учир ямар нэгэн байдлаар хурлын товыг мэдэгдээгүй, хүргүүлээгүй зүйл огт байхгүй. Банк бол зүгээр нэг аж ахуй эрхэлж байгаа энгийн байгууллагаас ялгаатай, иргэдийн оролцоотойгоор, иргэдийн итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэд банканд итгэж мөнгөн гүйлгээ хийж хадгаламж байршуулдаг. Улмаар иргэдийн хадгаламж, зээл, хүүгийн зөрүүнээс банк дээр ашиг олж явдаг ашгийн төлөө байгууллага бөгөөд банкны тогтвортой үйл ажиллагаатай холбоотойгоор цаана нь олон мянган үйлчлүүлэгч, харилцагч нарын эрх ашиг хөндөгдөж байдаг. Энэ утгаараа Монголбанкнаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс **********-д бүрэн эрхт төлөөлөгч томилж, Банкны тухай хуульд заасны дагуу удирдлагын бүх эрх бүрэн эрхт төлөөлөгчид шилжсэн, гаргасан шийдвэрүүд нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

Б.Ариунжаргал гэх хүн нь Улаанбаатар-Импекс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ **********-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдохоосоо өмнө Улаанбаатар импекс ХХК-ийн удирдлагын эрхээ шилжүүлээд өгчихсөн, Улаанбаатар импекс ХХК-тай холбоогүй.

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хойшлогдсон хурлын тухайд, **********-ийн дүрмээс үзвэл, ********** нь 60,46%, Улаанбаатар импекс ХХК 39,54 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Тийм учир тухайн хурал нь 20%-ийн хувьцаа эзэмшигч оролцсон гэдэг утгаараа хүчин төгөлдөр болсон. Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-т Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ гэж заасан байдаг. Энэ бол хуульд шууд тодорхой заагдсан диспозит хэм хэмжээ. Тийм учир бид өнөөдөр энэ асуудлаар мэтгэлцсэн ч гэсэн энэ шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Нөгөө талаараа Улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг.

Тухайн үед **********-д хөрөнгө оруулах боломжийг олгосон. Гэтэл ********** санал болгосон хувьцааг нь аваагүй учир манайд санал болгосных нь дагуу хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн. Бид хөрөнгө оруулаад байхад бидний эзэмшиж байгаа хувьцаа хэвээрээ л байгаад байх юм бол шударга бус асуудал болно. ********** 2019 онд Улаанбаатар импекс ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот гэрээний дагуу 8,5 тэрбум төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон. ********** давж заалдсан боловч мөн л хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч мөн л **********-ийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Энэ талаар Шүүх.мн сайтаас ч харах боломжтой. Нэхэмжлэгч талаас энэ хэрэг маргаан нь одоог хүртэл хэлэлцэгдэж байгаа мэт зүйл яриад байгаа нь худлаа, тэгээд ч энэ маргааны зүйлд огт хамааралгүй юм. Манай зүгээс **********-д нэлээдгүй их хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийгээ бид зүгээр алдмааргүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т зааснаар **********, ********-т тус тус холбогдох Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай **********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар **********-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,125,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй.

Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар гаргаагүй, шийдвэрийг албажуулаагүй эс үйлдэхүйгээр хууль зөрчсөн.

Уг хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг "Ариг Банк" ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ариг банкны дүрмийн 8.11-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгддэг бөгөөд уг хурал нь дийлэнх олонхын санал аваагүй тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх ёстой байсан.

Энэхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар банкны хувьцаа эзэмшигчид болон Ариг Банкны хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот "Ариг Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ"-нд нийцүүлэх замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байсан боловч Бүрэн эрхт төлөөлөгч хэт нэг талд үйлчилж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргасан.

6.2. Монголбанкнаас "Ариг Банк" ХХК-д томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийхээр бидэнд мэдэгдэл ирүүлсэн боловч тухайн хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлалгүйгээр хийсэн.

Хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр дангаараа шийдвэр гаргаж, Ариг банкны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан.

"Ариг Банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцсэн банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан заалтыг биелүүлээгүй байхад 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болсон Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ариг Банкны дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчсөн. Шүүх үүнийг үнэлж, дүгнээгүй.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан мэдэгдлийг "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-д ирүүлээд тухайн өдрөө Бүрэн эрхт төлөөлөгч нь дангаараа хурал хийгээд, Банкны тухай хуулийн 30.3-т зааснаар шийдвэр гаргасан. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн баримт болох Өнөөдөр сонинд хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нийтлүүлсэн тухай баримт ирүүлсэн нь логикийн зөрчилтэй баримт байхад шүүх тухайн баримтыг шалгаж үзэлгүйгээр хүлээн авч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.3. "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн зүгээс "Ариг банк" ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай, шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Харин шүүхээс хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тэр өдөр "Ариг банк" ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон хуралдуулж 02 дугаар тогтоол батлан гаргасан. Тухайн үед "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б. Эрдэнэбат нь хорих 409 дүгээр ангид саатуулагдаж байсан.

Хуралд биечлэн оролцох боломжгүй, тэргүүн ээлжинд худалдах худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, мөн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ажиллуулах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд байсаар байтал бүрэн эрхт төлөөлөгч нь мөн л "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК буюу хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар хийж 02 тоот тогтоол гаргасан.

Хэдийгээр "Ариг Банк" ХХК-ны хувьцаа эзэмшигч "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ны саналын эрхийг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар түдгэлзүүлсэн боловч Хувьцаа эзэмшигчийн хувьд Компаний тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх нь нээлттэй.

Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхи ирснээр хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилсан.

Бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн бичигт хуралд оролцох эрхээ эдлэх боломжтой талаар дурдсан, Компанийн тухай хуулийн 69.1-д заасан хуралд хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ. Ариг банкны дүрмийн 8.11-д уг асуудлыг нарийвчлан зохицуулж саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хүчин төгөлдөр байхаар зохицуулсан тов тодорхой зохицуулалтыг санаатайгаар зөрчсөн.

"Ариг банк" ХХК-ийн 60,46 хувийн хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь хувьцааны эрхээ хэрэгжүүлэх, компанийн. тухай хуульд заасан хуралд оролцох эрхийг эдлүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаан. үүссэн тул хурлыг хойшлуулах нөхцөл бүрдсэн байхад хойшлуулахгүй хийсэн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хангаагүй бөгөөд хурлын зар хууль ёсны дагуу хүргэгдээгүйг мөн илтгэж байна. Дээр дурьдсан нөхцөл байдлыг шүүх огт үнэлж дүгнээгүйд гомдолтой.

6.4. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "Ариг Банк" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан тухайгаа хувьцаа эзэмшигч "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-д албан ёсоор мэдэгдэлгүйгээр хийж, компаний дүрмийн сан нэмэгдүүлсэн өөрчлөлтийг банкны дүрэмд тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэлэлцэх байсан боловч "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийг мөн л оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж, "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн 60.46 хувийн эзэмшлийн хувьцааг 42.32 болгож, үндэслэлгүйгээр өөрчлөн багасгаж эрх ашгийг хохироосон.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд. хараат бус гишүүдийг Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2. Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т заасныг зөрчиж, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлаагүй.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь биеийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /хамар хоолойн идээт үрэвсэл/ тухайн хуралд оролцох боломжгүй байсан.

Эмнэлгийн актыг "Ариг Банк" ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор хүргүүлсэн.

Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг эдлүүлэлгүйгээр албан ёсны эмнэлгийн актыг хүргүүлсээр байхад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль зөрчин хийж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд гаргасан зэргээр Банкны тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.2.8-т заасныг зөрчсөн үйлдлийг эс хүлээн зөвшөөрч Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 70.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага үүссэн.

6.5. Банкны тухай хуулийн 31, 32-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хуулийн уг заалтаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг заасан байх бөгөөд энэ заалт нь бүрэн эрхт төлөөлөгчид хамаарахгүй юм.

Мөн Б.Ариунжаргал нь Банкны тухай хуулийн 34.2.2-т "банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх" гэсэн үндсэн шаардлагыг зөрчсөн нь тодорхой байхад шүүх уг хуулийн заалтыг огт баримтлаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Банкны тухай хуулийн 31, 32-т Төлөөлөн удирдах зөвлөл нь "Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох", мөн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар "компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох". Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д ТУЗ нь "Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилно", 10 дугаар зүйлийн 10.1-д "Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ". 10 2-т "Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна". 10 3-т "Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана" гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг.

Гэтэл ийнхүү бодит байдал дээр банкинд ТУЗ байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2 2-т заасан гүйцэтгэх захиралд тавих шалгуур болох "банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх", мөн хуулийн 34.2.3-т "бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх" гэсэн хуулийн шалгуурыг зөрчиж "Улаанбаатар-Импекс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ариунжаргалыг томилсон.

6.6. "Ариг Банк" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/04 тоот тогтоол нь хууль бус болох нь дараах байдлаар тайлбарлагдаж байна. Үүнд: Компанийн тухай хуулийн 63.5-д Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно", 69.1-д "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. 69.2-т "Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно" 69.3-т "Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно. 69.4-т "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.". 69.5-д "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.16-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасан, мөн "Ариг Банк" ХХК-ийн дүрмийн 8.11-т "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 8.12-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ" гэх зэргээр хуульд заасан заалтыг зөрчиж, хууль бус хурлаар хүчин төгөлдөр бус тогтоол гаргасан.

Компанийн тухай хуулийн 69.9-д "Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/-ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч **********-аас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт авагдаагүй, зарим баримт хэрэгт авагдаагүй, судлагдаагүй баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй хүмүүс олон зүйлийг ярьсан. Үүнийг хэрэгт хамааралтай, хамааралгүй талаас нь шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү.

Иргэний хэрэг 2020 онд үүссэн. Анхан шатны шүүхэд 3 жилийн хугацаанд хянагдсан. Хэрэг нийт 7 хавтас болсон. Хэрэгт нотлох ажиллагаа хангалттай хийгдсэн.

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр болохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шийдвэр гараагүй байхад шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалттай холбоотой асуудалд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэх асуудал яригдвал компанийн гараагүй шийдвэрийг хүчин төгөлдөр болохтой холбоотой зохицуулсан зохицуулалт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй.

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1624 тоот гэрээ **********-д хөрөнгө оруулалт хийх гэрээ мөн. Гэхдээ хэлэлцэгдэж буй маргаан шийдвэртэй холбоотой асуудал Монголбанкнаас **********-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Тэдгээрийн шийдвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Гэрээтэй холбоотой асуудал нь тусдаа эрүүгийн журмаар шалгагдаж байна.

1624 тоот гэрээний дагуу тодорхой төлбөр шилжүүлэх асуудал яригдсан бол 2016 онд хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолд тодорхой бичигдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0101, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0102 тоот гэрээний дагуу орсон 20,000,000,000 төгрөг **********-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд ашиглана гэсэн боловч манай нэхэмжлэгч байгууллага буюу хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьдаа зарцуулсан.

Үүнийг тусдаа шалгасан зүйл байгаа учраас 4 хэргийг нэгтгэсэн 7 нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй.

Харин бүрэн эрхт төлөөлөгчийг шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэл байсан бол Иргэний хуульд зааснаар хянагдах боломжтой. Энэ өдөр шүүх хурал болсон нь хэргийн үйл баримтаас харагдана. Энэ хуралд Монголбанкнаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, тухайн банкны гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, 2015 оны тушаалыг хэрэгжүүлэх, 2017 оны 355 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны бүрэн эрхт төлөөлөгч буюу Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлээс хойших нөхцөлд удирдлагын арга хэмжээ явагдсан.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, **********-ийн дүрмийн 8.11-д манай нэхэмжлэлийн өмгөөлөгчийн тайлбарласан дийлэнх олонхын саналыг авч тодорхой шийдвэр гаргаагүй. Тухайн дүрэмд заасан ажиллагаа хууль ёсны болсон. **********-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/58 тоот тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банкны хамгийн доод талын сан 2017 онд багтааж 50,000,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 276 тоот тушаалаар 100,000,000,000 төгрөг байхыг шаардсан. ********** нь Монголбанкнаас явуулсан шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй бол Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлуулах эрсдэл үүссэн. Хэрэв цуцлуулбал харилцагчийн хадгаламжийн асуудал яригдана. Банк нь Банкны тухай хууль, Компанийн тухай хууль тогтоомжоор давхар зохицуулагддаг итгэлцэл, олон хүчин зүйлс, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Дүрэмд зааснаар 50,000,000,000 төгрөг буюу 35,000,000,000 төгрөгийг 15,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж болохгүй. 03 дугаар сарын 09-ний өдрийн холбоотой асуудалд 2010 онд батлагдсан Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой агуулгаар тайлбарлаж байна.

Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгтэй холбоотой асуудал 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хуульд өөрчлөлт ороход тухайн үед банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан.

2020 оны хурлуудыг 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 19, 22-ны өдөр дуусах хурлыг Монголбанкаас **********-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр хуралдсан. Үүнд **********-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй холбоотой асуудал яригдахгүй. Бүрэн эрхт төлөөлөгч санал гаргаж, шийдвэр нь хүчин төгөлдөр болохоор зохицуулсан зохицуулалт болохоос 2021 онд хуульд өөрчлөлт орсонтой холбоотой гэж нэхэмжлэгч тал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй.

********** тусгай зөвшөөрөл цуцлах эрсдэл хүлээж, 6 жилийн хугацаа болсон учраас тус шийдвэрийг хэрэгжүүлэхээр банканд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг баримталж шийдвэр хүчин төгөлдөр болсон нь хуульд нийцсэн. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрхэн зарлахтай холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зохицуулсан. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно.

**********-ийн дүрмийн 8.8.8-д хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой зохицуулалтыг тухайн баталгаат шуудангаар мэдэгдэхээр заасан. Олон нийтэд зар тавих нь хуулиар зөвшөөрөгдсөн, эсхүл хуулиар шаардсан зүйл биш. ********** нь тухайн үед томилсон бүрэн эрхт төлөөлөгч баталгаат шуудангаар хүргүүлж асуудал болсон боловч түүний хажуугаар олон нийтэд мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Зайлшгүй зарлах зүйл биш.

Гэхдээ энэ нь шаардлага биш. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож хүчингүй болгох тухай шаардлагыг нэхэмжлэгч талаас тодорхойлохдоо хүчингүй болгох, хүчин төгөлдөр бусд тооцуулах зэргээр тайлбарладаг. Хуульд зааснаар 50,000,000,000 төгрөгт хүрэхийн тулд нэмж 709 ширхэг хувьцаа гаргаж, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаанд нийцүүлж хувьцаа санал болгосон. Үүнд нэхэмжлэгч талаас хувьцааг худалдан авах санал болгосон хугацаанд хариу ирүүлээгүй. Санал болгосон хугацаанд хариу ирүүлсэн. Компанийн тухай хуулиар санал ирүүлээгүй бол татгалзсанд тооцож нөгөө хувьцаа эзэмшигчид 709 ширхэг хувьцааг санал болгоход нийтэд нь хөрөнгө оруулалт хийсэн.

Хэрэгт авагдсан холбогдох тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр. Монголбанкны шийдвэрийг хүчингүй болгосон аж ахуйн нэгж байхгүй. Тус шийдвэрийг хувьцаа эзэмшигч, харилцагчийн хөрөнгийг хамгаалах зорилгоор нэмэгдүүлэх үүрэгтэй. Банканд хөрөнгө оруулагчийн буюу хувьцаа эзэмшигчийн, харилцагч, хадгаламж эзэмшигчийн 2 төрлийн хөрөнгө байна. Банк хувьцаа эзэмшигч татгалзвал дампуурах эрсдэл үүсэх учраас нөгөө харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгө оруулалтыг яах вэ. Үүнд улсын мөнгө, хэдэн зуун тэрбумаар асуудал яригддаг учраас эдийн засгийн олон үр өгөөжтэй. Үүнтэй холбоотой асуудалд хууль нийцсэний дагуу холбогдох зарыг хүргэж, хүсэлт өгсөн. Үүнд зар хүргээгүй, мэдээгүй гэж нэхэмжлэгч талаас гомдол гаргасан нь хууль нийцэхгүй.

н.Эрдэнэбат хувьцаа эзэмшигч биш. **********, **********, Улаанбаатар-Импекс ХХК гэсэн хувьцаа эзэмшигч 2 хуулийн этгээдүүд юм. Үүнд н.Эрдэнэбат, н.Баярсайхан гэсэн хувьцаа эзэмшигч байхгүй. Хувьцаа эзэмшигч **********-ийн үйл ажиллагаатай холбоотой хязгаар тогтоосон оролцох боломжгүй байсан бол тусдаа асуудал.

Гэтэл тухайн үед **********-ийг төлөөлж байсан этгээдүүд үйл ажиллагаа явуулж байсан учраас төлөөлөгчөөрөө дамжуулж хуралд оролцох эрх нь нээлттэй.

Хуралд оролцохгүй, саналын эрх нь түдгэлзсэн зэрэг асуудлууд байсан учраас Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Эдгээр шийдвэрүүдтэй холбоотой асуудалд ********** итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй холбоотой гомдол гаргаж байсан. **********-ийн гүйцэтгэх захирал н.Төмөрхүү нь гадаад улсад байсан боловч итгэмжлэлийг консулын газраар дамжуулж гаргасан.

Хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрх нь нээлттэй байсан. Үүнд оролцогчийн эрхийг хангаагүй, мэдэгдээгүй гэх зүйл яригдахгүй. Эдгээр хурлуудын талаар бүгдэд мэдэгдсэн, хүлээн авсан талаар хэрэгт авагдсан баримтуудыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Би өвчтэй байна оролцох боломжгүй гэж мэдэгдсэн. 02 тоот тогтоол 15,000,000,000 төгрөгөөр нэмэгдсэн хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага. 15,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, татгалзсантай холбоотой нөгөө хувьцаа эзэмшигч санал болгож авсан. Монголбанкинд холбогдох хяналт шалгалтаар тогтоож, баталгаажсан. Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, 89.2.3-т шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэх эрхтэй этгээд буюу хувьцаа эзэмшигч, албан тушаал эрхэлдэг байхыг шаардсан. Гэтэл н.Ариунжаргал хувьцаа эзэмшигч нартай ямар нэг ашиг сонирхол дээрх хуульд заасан шаардлагад нийцэх этгээд биш.

Нэмж 2643 ширхэг хувьцаа гаргаж, хувьцаатай холбоотой асуудлаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хурал зарласныг нэхэмжлэгч тал мэдсэн атлаа ирээгүй учраас хойшлогдсон хурал буюу тухайн асуудлыг хэлэлцэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хурал зарласан.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт зааснаар тухайн саналын эрхтэй 20 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч орсноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. 57,68-ийн хувьцаа эзэмшигч оролцсон учраас хурал хүчин төгөлдөр болсон. Яагаад компанийн дүрмийн 8.11-д заасан дийлэнх олонх үүнд хамаарахгүй вэ гэхээр дийлэх олонхтой холбоотой зохицуулалт нь ээлжит болон ээлжит бус хуралтай холбоотой асуудал яригдах болохоос хойшлогдсон шүүх хуралд яригдахаар зохицуулаагүй.

Хойшлогдсон хуралд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт 20 хувиас дээш хувьцаа эзэмшигч оролцсон бол шийдвэр хүчин төгөлдөр болохоор заасан.

Нэхэмжлэгч нь 2016 оны байдлаар **********-ийн 16,000,000,000 төгрөгийг дүрэмд зааснаар эзэмшиж байсан. Хувьцаа эзэмшигч Улаанбаатар импекс ХХК 21,000,000,000 төгрөгийг мөнгөн дүнгээр эзэмшиж байна. Монголбанкны шийдвэрээр 50,000,000,000 төгрөг, 100,000,000,000 төгрөг болгох шаардлага тавьсан. Тухайн үед 79,000,000,000 төгрөгийг нөгөө хувьцаа оруулсан. Хувьцаа эзлэх хувь буурсан болохоос тухайн компанийн эзэмшсэн хөрөнгө оруулалт буураагүй. **********-ийн дампуурахгүй байх, үр дүн нэмэгдсэн нь хувьцаатай холбоотой асуудалд үр өгөөж өгч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *********-аас гаргасан тайлбарын агуулга: 2015 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 50,000,000,000 төгрөгт хүрэх шийдвэрийг гаргасан боловч ********** биелүүлээгүй улмаас Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч нь Монголбанкнаас албадлагын арга хэмжээнд баталсан бүрэн эрхт төлөөлөгчийн удирдамж, ажиллах журмын дагуу хөрөнгийг 50,000,000,000 төгрөгт хүргэх банкны хэвийн үйл ажиллагаа хангахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Нэхэмжлэгч Монголбанкыг уг маргаанд хариуцагчаар татсанд Монголбанкнаас санал нийлэхгүй байна.

Учир нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 тоот тушаалаар **********-д авсан удирдлагын арга хэмжээг дуусгавар болсонтой холбоотойгоор маргаанд хариуцагчаар татсанд тус тушаалын хүрээнд үүсэх харилцаа нь иргэний харилцаанд хамаарахгүй, захиргааны маргааны харилцаанд Монголбанкыг татна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг, Засгийн газрын бус бие даасан агентлаг түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага нь захиргааны байгууллага гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********, ********-т холбогдуулан

1.а. Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах,

1.б. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

1.в. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

1.г. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Зохигч Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хурлууд, түүнээс гарсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд маргаантай байна.

2.а. **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 2 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлийг Бүрэн эрхт төлөөлөгч нь ээлжит бус хурлыг хийх талаар мэдэгдэл ирүүлсэн боловч тухайн хурлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй, хувьцаа эзэмшигч, **********-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг оролцуулаагүй, дангаар шийдвэр гаргасан, дүрмийн санг 50,0 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад тус хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчиж, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн гэжээ.

2.б. Хариуцагч ********** болон гуравдагч этгээд нь **********-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зар, холбогдох материалыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлж, Өдрийн сонин, Зууны мэдээ сонинд нийтлүүлсэн, хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн, хурал хүчин төгөлдөр болсон, хурлаас гарсан 02 дугаар тогтоолоор **********-ийн дүрмийг шинэчлэн баталсан, хууль, журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэм, хүчин төгөлдөр болсон, иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчөөгүй гэж,

2.в. Монголбанк нь хуульд заасны дагуу бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Хариуцагч нь эрх залгамжлагч биш гэж тус тус маргасан.

 

3.**********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор **********-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02 дугаар тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргаж, **********-ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч **********-д 429 ширхэг, Улаанбаатар-Импекс ХХК-д 280 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эрхийг Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу санал болгожээ.

2021 оны 01 дүгээр сары 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02 дугаар тогтоолоор ********** нь заасан хугацаанд дээрх тогтоолд дурдсан хувьцааг аваагүй учир **********-ийн хувь хэмжээг багасгаж, ********** нь нийт хувьцааны 42,32 хувийг, Улаанбаатар-Импекс ХХК нь нийт хувьцааны 57,68 хувийг тус тус эзэмшихээр болж өөрчлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэртэй харилцан уялдсан, тодорхой хууль зүйн үр дагаврыг үүсгэж байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт дүгнэлт өгсний дараагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал болон Бүрэн эрхт төлөөлөгч ямар тодорхой саналтай байсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын товыг **********-д мэдэгдсэн эсэх асуудалд талууд маргаантай байна.

Хэргийн баримтаас тухайн цаг хугацаанд **********-ийн гүйцэтгэх захирлаар Д.Төмөрхүү гэгч байсан гэх бөгөөд уг иргэн улсын хилээр гарсан тухай лавлагаа авагдсан, 2022 оны 01 дүгээр сард Д.Ганбат гэгч томилогдсон, **********-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг төлөөлж болох, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох Б.Эрдэнэбат хорих ангид хоригдож байсан үйл баримт авагджээ.

Энэ тохиолдолд **********-ийн хувьцаа эзэмшигч нэг тал болох **********-д ээлжит бус хурлын товыг зохих ёсоор хүргэсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүхээс тус асуудалд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,125,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД