Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,    

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,         

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Е  овогт Б  М, Ш    овогт Г-ийн     Б    нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002500177 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ....суманд төрсөн, .... настай, ...., .... боловсролтой, ........... мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл ..., ...... хамт, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ...... дугаар гудамж .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Е  овогт Б  М   /РД:.................../

Монгол Улсын иргэн, ..... оны ........дугаар сарын ....-ний өдөр .... аймагт төрсөн, ... настай, ......., ....боловсролтой, ..... мэргэжилтэй, ......, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт, ..... дүүргийн .... дугаар хороо, Хангайн .... дугаар гудамж ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш    овогт Г-ийн     Б    /РД:.........../  

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.М , Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Сонсголонгийн 9 дүгээр километрийн 6 дугаар зуутаас лоом, жоотуу болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, учрах саадыг арилгах зорилгоор HIJET маркийн 34-64 УНД улсын дугаартай машин механизм ашиглаж Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн эзэмшлийн төмөр замын ивүүр төмөр, хадаас, рейс төмрүүдийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 121.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М , Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Сонсголонгийн 9 дүгээр километрийн 6 дугаар зуутаас HIJET маркийн 34-64 УНД улсын дугаартай машин механизм ашиглан лоом, жоотуу хэрэглэж Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн эзэмшлийн төмөр замын ивүүр төмөр 18 ширхэг, төмөр хадаас 70 ширхэг, рейс төмөр 25 ширхэгийг хулгайлан авахаар ивүүр төмрийг зам төмрөөс нь сугалсан, рейс төмрийг нь хөшиж хажуу тийшээ нь унагасан, төмөр замын хадаас төмрийг шуудайнд хийж авч явахад бэлдсэн байдалтай үйлдэл хийж байхдаа Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн ажилтан Б.Б    , Ч.Д нарт үйлдэл дээрээ баригдсан болох нь:        

1. Шүүгдэгч Б.М ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би гараатай байж байгаад гэртээ ирэхэд Б    ах орж ирээд хоёулаа модонд явъя гэхээр нь за гээд гарсан. Тэгээд урагшаа явж байхад төмөр замын харалдаа мод, төмөр сул байсан. Бид модонд явсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Шүүгдэгч Г.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/

            4. Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай замын 2 дугаар ангийн ажилтан Лхагваа 9 дүгээр км-т эргүүл хийж явахдаа “төмөр замаар машинтай гадны 2 хүн зам дээрээс жижиг хэрэглэл хулгай хийх гээд байх шиг байна” гэж надаа миний гар утас руу залгаж хэлсэн. ...хэрэг болсон газар дээр очсон чинь рейс төмөр, дэр мод 2-ыг нь бүр салгаад жижиг хэрэгслийг нь шуудайнд хийгээд аваад явж байсан байна лээ. ...манай тэр 9 дүгээр км-ийн замаар вагон явдаггүй мухар зам, одоо вагон явахгүй бараг 10 жил болж байгаа зам. Тэгэхдээ энэ зам дээр байгаа жижиг хэрэгсэл бүгд замын 2 дугаар ангийн үндсэн хөрөнгийн жагсаалтанд байдаг. Нийт данс тооцоогоор 1 тэрбум гаран төгрөгний хөрөнгө тэнд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

            5. Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Замын 2 дугаар ангийн харъяанд байдаг Сонгины 9 дүгээр км-т машинтай хүмүүс байна гэж мастер Анхбаяр миний гар утас руу залгаж хэлсэн. Тэгээд би бригадын дарга Бүрэн-Өлзийтэй хамт яваад очиход 30 гаран настай 2 эрэгтэй хүн жижиг оврын ачааны машинтай 9 дүгээр км-ийн 6 дугаар зуутын рейс төмрийн ивүүр 18 ширхэгийг сугалж аваад, мөн төмөр замын хадаас төмрийг шуудайнд хийсэн авч явахад бэлдсэн байсан. Тэр 2 эрэгтэй хүн төмөр замын рейс төмрийг бүүр хажуу тал руу нь дэр модноос нь салгаж байгаад авсан байсан. Бригадын дарга Бүрэн-Өлзий бид 2 тэр жижиг оврын ачааны машин дээр яваад очиход жолооч нь хүрээд ирсэн, тэгэхээр нь би жолоочийг саатуулах маягаар “энэ зам био руу орох уу” гэж худлаа зам асуусан тэгсэн чинь “орно” гэж хэлээд машинаа асаагаад нөгөө хамт явсан залуугаа төмөр зам дээр орхиод зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/       

            6. Гэрч Б.Б    гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....өнөөдөр ...Сонсголонгийн 9 дүгээр км- ээс 18 ширхэг ивүүр төмрийг зам төмрөөс нь сугалаад авсан байсан. Тэгээд рейс төмрийг нь хөшөөд хажуу тийшээ нь унагасан байсан. Төмөр замын хадаас төмөр 70 орчим байхгүй байсан.  Энэ замаар вагон явахгүй удаж байгаа хаасан зам, тэгэхдээ манай 6 дугаар хэсгийн харьяанд байдаг төмөр зам. Манай хэсгийн хүмүүс эд зүйл болох хаалтын тээг төмөр, ивүүр төмөр, хадаас төмөр, зам төмөр, хавчаар боолтыг харж эргүүл хийдэг юмаа. ...бид нарыг очиход цэнхэр өнгийн жижиг ачааны 34-64 УНД гэсэн улсын дугаартай машин зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/  

             7. Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тухайн өдөр Толгойт өртөөний А парк дээр ...замчидтайгаа хамт байж байх үед 15 цагийн үед миний утас руу ... дуудлага ирээд “Толгойтын замын дарга мөн үү, энэ Сонгины гүүрний хажуугаас амьжиргаа цагаан машинтай хүмүүс зам дээрээс юм аваад байна” гээд ярьсан. ...очиход зам төмрийг мултлаад хажууд нь салгасан, хадааснуудыг шуудайнд хийгээд ивүүрийг нь суллаад лоомоор хөшсөн байхаар нь мастерт мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/  

          8. Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ УБ/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /...ивүүр төмөр, төмөр хадаас, Р-50 рейс төмөрний нийт үнэлгээ 121.900 төгрөг.../ /хх-187/

          9. Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 29/484 дугаартай албан бичиг, хавсралт, акт /хх-15-19/,

          10. Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....2018 оны 3 дугаар сарын 19-ний өглөө М   ажлаасаа бууж ирээд над руу утсаар яриад хоёулаа Эмээлт рүү төмрөнд явъя гэхээр нь тэгье гэхэд М  ийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай цэнхэр өнгийн HIJET маркийн автомашинтай манай гэрт ирээд лоом, жоотуу авчих гэхээр нь би лоом, жоотуугаа аваад төмөр байхаар эмээлтийн зүг явсан. Тэгээд Бордоогийн урд талд Сонгино хайрхан уулын хажууд байрладаг хуучин төмөр замын гармын ойролцоо М  ийн хамт очиж төмөр замын ивүүр төмөр, төмөр замын хадаас зэргийг авч явсан багажаа ашиглаж авсан. Тэгээд авч байж байгаад ер нь больё гээд М   явсан, больчихоод шуудайнд хадаас хийсэн байсан юм. Тэрийгээ аваад араас нь явж байхад М   зугтаад явсан. Тэр хүмүүс нь над дээр ирээд яагаад төмөр замын төмөр авч байгаа юм, авч болохгүй төмөр гэсэн. Би төмөр замын төмөр гэдгийг мэддэг байсан, болохгүй юм байна гээд больсон. Миний буруу үйлдэл хийснээ ойлгож байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,   

          11. Шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Б    миний гар утас руу залгаад төмрөнд явах уу гэхээр нь явъя гээд би өөрийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай цэнхэр өнгийн HIJET маркийн автомашинтай Б   ийн гэрт очоод гэрээс нь лоом, жоотуу аваад төмөр хайхаар эмээлтийн зүг явсан. Тэгээд Сонгинохайрхан уулын хажууд байрладаг хуучин төмөр замын гармын ойролцоо Б   ийн хамт очиж төмөр замын ивүүр төмөр, төмөр замын хадаас зэргийг авч явсан багажаа ашиглаж авсан. Тэгээд аваад байж байхад холоос машин ирж байхаар нь би больё гээд ганцаараа машинд ороод суусан. Уг нь Б    ч бас больё гэчихээд араас шуудайнд авсан зүйлсээ хийгээд ирж байсан. Над дээр машинтай хүмүүс ирээд энүүгээр Био явдаг юм уу гэж асуусан. Тэгээд Б   ийг ирж явахыг хараад тэр хүмүүс Б    руу явахаар нь би машинаа асаагаад шууд явсан. Б   тай 4-н жилийн өмнө Улаанбаатар нэгтгэлд хамт ажиллаж байгаад танилцсан найзууд юм, одоо манай хажуу хашааны айл юм. Бид хоёр өмнө нь барилгын хогон дээрээс явж төмөр цуглуулдаг байсан. Тухайн өдөр Б    явж төмөр цуглуулъя гэхээр нь явсан...Төмөр замын газар гэдгийг мэднэ, ашиглагдахгүй удсан төмөр зам хэсэг хэсэг газраар нь тасдаад авсан байсан болохоор хэрэггүй юм болов уу гээд авсан. Машин ирж байхаар нь болохгүй юм байна гээд мэдсэн. Миний буруу, буруу үйлдэл хийсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Г.Б , Б.М  нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 107, 144, 145/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Б.М , Г.Б  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.   

Шүүгдэгч Б.М , Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Сонсголонгийн 9 дүгээр километрийн 6 дугаар зуутаас HIJET маркийн 34-64 УНД улсын дугаартай машин механизм ашиглан лоом, жоотуу хэрэглэж Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн эзэмшлийн төмөр замын ивүүр төмөр 18 ширхэг, төмөр хадаас 70 ширхэг, рейс төмөр 25 ширхэгийг хулгайлан авахаар ивүүр төмрийг зам төмрөөс нь сугалсан, рейс төмрийг нь хөшиж хажуу тийшээ нь унагасан, төмөр замын хадаас төмрийг шуудайнд хийж авч явахад бэлдсэн байдалтай үйлдэл хийж байхдаа Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн ажилтан Б.Б    , Ч.Д нарт үйлдэл дээрээ баригдсан ба тухайн эд зүйлсийг өөрийн эзэмшил, ашиглалтад авч, захиран зарцуулах эрх үүсээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн эд зүйлсийг хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй буюу тухайн үйлдлийг туйлд нь хүргэж чадаагүй байна гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Б.М , Г.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.М , Г.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.   

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М , Г.Б  нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.М ийн хувийн байдал /....24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто зам барилгын инженер мэргэжилтэй, Улаанбаатар зам засвар арчлалтын газарт завсар ашиглалтын албаны замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 0-6 насны 4 хүүхдийн хамт../, шүүгдэгч Г.Б ийн хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр 0-12 насны 6 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “…шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.…” /1-4 жил/ гэж заасныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.М , Г.Б  нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.            

          Мөн шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн яллагч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.М , Г.Б  нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзээд шүүгдэгч нарын эдлэх 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М , Г.Б  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.       

Шүүгдэгч Г.Б , Б.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж байна.

            Шүүгдэгч Б.М , Г.Б  нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник хэрэгсэл болох 34-64 УНД улсын дугаартай HIJET маркийн автомашин нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, хохирогчид бодит хохирол учраагүй, зэргийг харгалзан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.   

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М ийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгслийн 01438589 дугаартай гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, уг тээврийн хэрэгслийн шар өнгийн түхүүрийг Б.М т буцаан олгож, шүүгдэгч Б.М ийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Б.М т буцаан олгохоор шийдвэрлэв.        

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Е  овогт Б  М  , Ш    овогт Г-ийн     Б    нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн  гэмт хэрэгт завдсан гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Е  овогт Б  М  , Ш    овогт Г-ийн     Б    нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М , Г.Б  нарын эдлэх 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.     

            4. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.   

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М ийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгслийн 01438589 дугаартай гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, уг тээврийн хэрэгслийн шар өнгийн түхүүрийг Б.М т буцаан олгож, шүүгдэгч Б.М ийн эзэмшлийн 34-64 УНД улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Б.М т буцаан буцаан олгосугай.          

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 12 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М , Г.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР