| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0030/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
хохирогч А.Ж ,
шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1810004980770 дугаартай, 187/2018/0030/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ...... дүгээр сарын .......ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......настай, ......, ........ боловсролтой, ....., ......., ам бүл ..., .....хамт, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ..... тоотод оршин суух, урьд ................ шийтгүүлсэн, Ш овогт Ц-ийн Б /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааран дотор А.Ж г агсам тавьлаа, хана цөм цохилоо гэж уурлан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа алгадаж, толгой руу нь өшиглөж, сандлаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааран дотор А.Ж г агсам тавьлаа, хана цөм цохилоо гэх шалтгаанаар “та нар их том болжээ, хэнд найдаад байгаа юм бэ” гэж уурлан түүний нүүрэн тус газар нь гараараа алгадаж, толгой руу нь өшиглөж, сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би баар ажиллуулдаг юм. Хохирогч нь манай бааранд ажиллаж байсан. Бид хоорондоо хуурай ах дүүсийн харилцаатай байсан юм. Гэтэл тухайн өдөр Жавхланг манай бааранд агсам тавиад байна гээд намайг гэрээс дуудсан. Би Жавхланг 2-3 удаа алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдсэн хохирлоо барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч А.Ж гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тухайн өдөр 2 найзтайгаа тус бааранд ороод архи уусан. Таньдаг ах нэг эгчтэй орж ирсэн. Гэтэл тэр эгч агсам тавиад намайг заамдаж аваад байсан. Сайхнаа ахын эхнэр Өлзий эгч ээж шигээ хүнтэй муудалцлаа гээд намайг 2 алгадсан. Та ойлгооогүй байж та намайг алгадлаа гээд би уурлан хана цохьсон. Тэгтэл Сайхнаа ах намайг зодож байгаад ус цацаад дахин зодсон. Тэгж байснаа дахиад ус цацаад зодсон. Би тэндээс мөлхөж гарсан. Толгой битүү хавантай болсон байсан. Миний нүүр тэгширсэн байсан. 2 алгадуулаад тийм болохгүй. Өглөө гэр лүүгээ орохдоо ээж аавдаа мэдэгдэхгүй гэсэн боловч шууд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч А.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлзий эгч намайг пабныхаа өрөөнд дуудаад “яагаад хэрүүл шуугиан тариад ээж шигээ хүнтэй муудалцаад байгаа юм бэ” гээд алгадсан. Тэгэхээр нь би “та юуг нь ч ойлгохгүй байж яагаад алгадаж байгаа юм бэ” гэж хэлээд уурлаад хажуу ханыг нь гараараа цохьсон. Гэтэл баарны эзэн Б намайг араас сандлаар цохиж унагаагаад “та нар их том болжээ, хэнд найдаад байгаа юм бэ” гэж хэлээд толгой руу өшиглөөд цохиод байсан. Тэгээд намайг зодож байх хооронд нь би цусаар бөөлжиж ухаан балартахад ус цацчихаад дахиад толгой руу цохиод өшиглөж байгаад ус цацахлаар нь би мөлхөж гарч байтал 2 хүн хоёр талаас ирээд сугадаад гаргасан. Тэр үед миний хамарнаас цус гарч битүү хавдар болж хөхөрч толгой хавдсан байсан. Б тай хамт биллъярд тоглож байгаад 3-4 жилийн өмнөөс танилцсан. Урьд өмнө маргалдаж муудалцаж байгаагүй. Яагаад зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна. Гэнэт нуруу руу сандлаар цохиж унагаад зодоод эхэлсэн. Одоо биеийн байдал гайгүй болсон. Эмчилгээний зардал 1.822.200 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23-24/
4. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Аэро бааранд ажлаа хийж байхад Жавхлан нэг ширээн дээр 2-3 хүнтэй суучихсан ууж байсан. Жавхлан ширээ, ширээн дээр очоод архи нэхээд байсан. Тэгснээ Жавхлан зааланд нэг эмэгтэйтэй муудалцаад бие биентэйгээ заамдалцаад байсан. Б ахын эхнэр Өлзий эгч Жавхланг яв гэсэн боловч явахгүй байсан. Өлзий эгч Жавхланг хойд талын өрөө рүү дагуулж ороод боль гэж хэлтэл Жавхлан уурлаад хана цохиод байсан. Тэгтэл Б ах ирчихсэн Жавхланг агсам тавьлаа гээд 2-3 удаа алгадсан. Жавхлангийн хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
5. Гэрч Э.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жак орж ирчихсэн Сайханаад дүү нь зодуулчихлаа гэхлээр нь “чи өөрөө ээж шигээ хүнтэй заамдалцаж зогсож байгаад зодуулчихаад ичдэгггүй юм уу” гэтэл “та нар доошоо хийлээ, надад мөнгөний хэрэг байна” гээд хувцсаа тайлж шидчихээд гал тогооны цагаан ханыг гараараа цохиж цөмлөсөн. Би тэгэхээр нь чимээгүй байхаар давраад байгаа юм уу гээд гаргах гэтэл намайг түлхэхээр нь Сайханаа уурлаад юм хум эвдлээ, эмэгтэй хүмүүст агсам тавьлаа гээд 2-3 удаа нүүр рүү нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2926/-ний дүгнэлт:
-Жавхлангийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 53/
7. Шүүгдэгч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Аэро бааранд очтол Жавхлан согтуу ширээ ширээн дээр очоод яваад байсан. Тэгснээ манай эхнэр Өлзиймааг түлхээд хана руу цохиж хана цөмлөөд мөнгө хэрэгтэй байна, зод гээд орилоод хүн хүн рүү агсараад байхаар нь боль гээд хойно байх гал тогооны өрөө рүү дагуулж ороод 2-3 удаа алгадсан. Тэгээд хамраас нь цус гарахаар нь би цусаа угаа гээд ус авчирч өгтөл өөдөөс усыг хөлөөрөө жийгээд асгасан. Тэгээд би гараад явсан. Хохирлыг удахгүй барагдуулна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2926/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааран дотор А.Ж г агсам тавьлаа, хана цөм цохилоо гэх шалтгаанаар “та нар их том болжээ, хэнд найдаад байгаа юм бэ” гэж уурлан түүний нүүрэн тус газар нь гараараа алгадаж, толгой руу нь өшиглөж, сандлаар цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Ж гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...900.000 төгрөгийн хохирол авсан...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт/ зэргийг харгалзан А.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Б аас хохирогч А.Ж нь 1.822.200 /нэг сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилснээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Ц.Б аас 922.200 /есөн зуун хорин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ж д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Ц-ийн Б ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б д оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ц.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Б д сануулсугай.
6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Ц.Б аас 922.200 /есөн зуун хорин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ж д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР