| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0055/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ын Ж-д холбогдох эрүүгийн 1810004950486 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ......, ........ боловсролтой, ......., ........, ам бүл ......, ........ нарын хамт, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, Нисэхийн ..... дүгээр гудамж, ..... тоотод оршин суух, ял шийтгүүлгүй, Х овогт А-ын Ж /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааранд С.Б-тай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааранд С.Б-ыг дунд эргэм насны эгчийн хоолойг нь боогоод зодож байхад нь “болиоч” гэж хэлснээс болж маргалдан, хэл амаар доромжилж, нүүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Ж гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”....Мөрдөн байцааллтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…20 орчим насны өндөр залууг би баранд байхад нь настай эгчийг боогоод цохиод байхаар нь болиоч гэж хэлтэл барнаас би гартал араас гарч ирээд чи юу юм бэ, дуугай байгаарай, гай боловч гэж элдвээр хэлж байтал уг барнаас нэг эмэгтэй гарч ирээд юу болоод байгаа юм бэ, боль гэхлээр нь би дотогшоо ороод ширээн дээр сууж байгаад шатны хажуугийн өрөө рүү ортол араас хүн түлхэхээр нь би эргээд харахын завдалгүй нүүр рүү гараараа цохихлоор нь би гараараа нүүрээ дараад доошоогоо өвдөглөөд хэвттэл нэг хэсэг хугацааны дараа нэг эрэгтэй хүн хүүе зүгээр үү гэж асуусан. Тэгтэл манай найз Отгонтөгс орж ирээд намайг аваад гарсан. Тэгээд би найзтайгаа такси бариад гэр рүүгээ хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/
3. Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Өлзиймаа яриад Жак энд хүнтэй муудалцаад яваад байна гэхлээр нь би 01 цагийн үед Аэро бааранд ирээд гадаа зогсож байтал Ж зөөгч Чимэддолгортой муудалцаад байсан. Тэгэхлээр нь би Ж г нааш ир гээд зөөгчийг ор гэж хэлчихээд Ж г машиндаа суулгатал манай эхнэр Өлзий гарч ирээд энэ хүүр энүүгээр хэрэг төвөг тариад байна гэж хэлэхээр нь би орьё гээд Өлзиймаатай хамт дотогшоо ортол арын өрөөнд нэг эмэгтэй хөлөө жийчихсэн шалан дээр сууж байсан. Тэгтэл тэр хүүхэн намайг ортол танай бааранд зодуулчихлаа гээд орилоод байхлаар нь юу болсон юм бэ гэтэл түлхэж унагаасан гэхлээр нь би хэн гэтэл энэ өндөр залуу гэж Ж г заасан. Ж ч миний араас өрөөнд ороод ирсэн. Тэгтэл гаднаас Мария гэдэг залуу орж ирээд наад бацаан чинь даварсан манай эгчийг боож унагаагаад сандал дээр дарж унагаасан байна лээ гэж хэлсэн. Намайг ирэхээс өмнө Ж гадаа зогсож байсан нь бааранд байсан хүмүүстэй муудалцаад манай зөөгч Чимэддолгор гаргаад гадаа зогсож байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/
4. Гэрч Э.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Энхмэнд Өлзий эгчээ Жак чинь нөгөө эмэгтэйтэй муудалцаад гал тогооны тэнд байна гэхлээр нь очтол нөгөө эмэгтэй нь уйлчихсан сууж байсан. Тэгээд би Сайханаад Жак хэдэн эмэгтэйтэй муудалцаад янз бүр болоод байхын гэтэл хэр хүнтэй байгаа юм гэтэл цөөхөн хүнтэй байна гэтэл заза би тэгвэл орчихоод явья гээд Сайханаа дотогшоо ортол нөгөө эмэгтэй гал тогоонд уйлаад сууж байсан. Бүжинлхам нь манай бааранд орж ирэхдээ нүүр ам нь зүгээр орж ирсэн. Сайханааг явсаны дараа Бүжинлхам нь нөгөө банди чинь миний нүд рүү цохисон чинь хавдаад байна гэж хэлээд үзүүлсэн. Тэгэхэд баруун нүд нь хавдчихсан байхлаар нь би маргааш учрааол наад бандийгчинь танина гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
5. Гэрч Н.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ж барьж байсан усаа хажууд нь сууж байсан эгчийн нуруу руу цацлаа гээд тэр эмэгтэй босож ирээд бие биенийгээ заамдсан байснаа хажуугийн сандал дээр нь тэр эмэгтэй нь суух маягтай унахлаар нь Өлзий эгч, Энхмэнд бид гурав очиж салгаад Ж г Өлзий эгч бид хоёр гаргах гээд үүд рүү авчиртал гарахгүй тан нар намайг хүнд дээрэлхүүллээ гээд хаалганы хажууд дахь ханыг цохиж цөмөлсөн. Тэгээд Өлзий эгч бид хоёр чирч гаргатал гадаа орилоод байсан. Тэгтэл үүдэнд нэг эмэгтэйтэй муудалцаад орилоод байсан. Тэгээд гаднаас Сайханаа орж иртэл Ж хамт ирээд шууд гал тогоо руу яваад ортол нөгөө эмэгтэй нь танай үүдэн дээр түлхүүлчихлэ гэл үү цохиулчихлаа гэж орж ирээд гал тогоо руу шууд яваад гал тогоо руу ороод муудалцаад байсан. Ж тай муудалцаж байгаад гаднаас орж ирэхэд тэр эмэгтэйгийн баруун нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/
6. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…ХУД-ийн 10 дугаар хороонд байх Аэро бааранд найз Бүжинлхамын хамт ороод пиво ууж байтал нэг хөгшин эгчийг залуу цохих шиг болоод хүмүүс болиоч ээ гэж байсан. Хэсэг хугацааны дараа орж ирэхлээр нь би нойл орьё гээд яваад ирсний дараа Бүжинлхам арын өрөө рүү нь хүнээс юм асуугаадахъя гээд тэр өрөө рүү орсоны дараа хүмүүс орилоод байсан. Би Бүжинлхамаас яасан бэ гэж асуутал энэ залуу намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би хартал нүд улайчихсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2943/-ний дүгнэлт:
-С.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 48/
8. Шүүгдэгч А.Ж гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…баарны эзэн Баярсайхан ах ирээд миний хувцаснаас татаад намайг баарлуу оруулсан ба тэр үед нөгөө маргалдаад байсан эмэгтэй болон баарны зарим ажилчид тал талаас түлхээд татаад байсан. Би тэр үед согтуу байсан учраас өөрийгөө бүрэн хянаж чадахгүй ойрхон явж байсан эмэгтэйг гараараа нэг удаа цохисон. Би тэр эмэгтэйг цохиж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Надаас өөр хүн цохиж зодоогүй, түүнд учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2943/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро бааранд С.Б-ыг дунд эргэм насны эгчийн хоолойг нь боогоод зодож байхад нь “болиоч” гэж хэлснээс болж маргалдан, хэл амаар доромжилж, нүүүрэн тус газар нь нэг удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....эмчилгээний зардал 120.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/, шүүгдэгчийн хувийн байдал /...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт../ зэргийг харгалзан шүүгдэгч А.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Ж гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ын Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт А-ын Ж г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ж-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. А.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Ж-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР