Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 240

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч  Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ут холбогдох эрүүгийн 1830003470231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1972 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Э гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ц.У.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Ц.У нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 04 цагийн орчим өөрийн эцэг Ц.Цийн түүнд итгэмжлэн хариуцуулсан хонь, ямаанаас 24 тооны ямааг завшиж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аав Ц.Ц 300 гаруй малыг намайг маллаж бай гэсэн. Би хувьдаа 36 тооны малтай. 20 ямааг 50.000 төгрөгөөр бодож тоглоод Гд  алдсан. Хохирлоо ямаагаар нь буцааж өгсөн. Одоо нэхэмжилсэн зүйл байхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв. 

 

- Яллагдагч Ц.Уын: Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг Э гэдэг газар нутаглаж байгаад хүмүүстэй мөрийтэй тоглоод өрөнд орж өөрийн аав Ц.Цийн ямаанаас 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 24 тооны ямаа бусдад өгсөн нь үнэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Ямаа ачиж явсан Г, Н, Э нарт би өөрийн ямаа гэж ойлгуулж ачуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

- Хохирогч Ц.Цийн: Би Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэдэг газар нутагладаг юм. Тэгээд өөрийн том хүү болох Ут төллөх эм хонь, эм ямаатайгаа гэрээсээ хойд зүгт 4 километр зайд буулгасан юм. Яг он, сараа сайн хэлж мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх гэж санаж байна. Тэгээд тэндээсээ 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хониноосоо 24 тооны эм ямаа хулгайд алдсан. Энэ хооронд У ганцаараа харж байсан. Тэгээд ямаагаа У хүмүүстэй нийлж хулгайлсан болж байна. Г, Э, Н гэх хүмүүс манай хүүг мөрийтэй тоглоомонд уруу татаж тоглуулаад архи уулгаад шөнийн 04 цагт гэрээр нь оролгүй гаднаас нь 24 ямаа авсан нь хулгай хийсэн гэж үзэж байна. Э гэж нөхөр болохоор манайхтай ойролцоо нутаглаж байсан. Уын ямар малтай талаар мэдэх хүн байгаа юм. Тэгээд 20 ямаа тоглоомонд алдаад тэд нар ачихдаа 4 ямаа илүү хулгайгаар ачиж явсан байсан. Тэрнээс өмнө болохоор хонио ялгаагүй байсан болохоор хамтад нь бид нар бүгдээрээ хардаг байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед хуц, ухна тавиад эм хонь, эм ямаагаа ялгаад 180 эм хонь, 199 эм ямаа ялгаж У аваад гарсан юм. Уын хонь ямаа гэж байдаг. Ямаа 10 гаран, хонь 10 гаран байдаг. Алга болсон ямаанд Уын ямаанаас нэг ч байхгүй байгаа юм. Би өөрөө ямаагаа ямаагаар нь төлүүлсэн болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

 

- Гэрч Б.Нын: Би Мөнххаан сумаас Гтай маяти машинтай нь Уулбаян сумын нутаг “Д” гэдэг газар У гэж айлаас ямаа авах ажилтай очсон юм. Тэгсэн тэр хэд тоглоно гээд эм ямааг 50.000 төгрөгөөр бодож мөнгө тараагаад тоглохоор болсон юм. Тэгсэн тэр тоглоомонд У ах 20 ямаа буюу 1.000.000 төгрөгийн өрөнд орсон. Тэгээд тэр шөнөдөө 04 цагийн үед Г, Э бид хэд очиж ачсан. Би ачихад нь У ахын гэрт нь эхнэртэй нь хамт байж байсан. Тэгээд маргааш нь Гын гэрт очоод ямааг нь үзсэн чинь 24 ямаа ачуулсан байсан. Ямаагаа буулгах үедээ 4 ямаа илүү ачсан гэдгээ мэдэж Ут утсаар хэлсэн чинь дараа нь мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Анх тоглоомонд У ах тоглоно гэж байгаад тоглосон. Бид нар ойролцоо нутаглаж байсан болохоор У ахыг малтай гэж бодсон. Өөрөө ярихдаа миний мал гээд ачуулсан болохоор ачсан. Аавынхаа малыг ачуулж байгаа гэж мэдсэн бол ачихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10/ 

 

- Гэрч Д.Гын: Тэр өдөр би өөрөө Мөнххаан сумын зүүн тал “Г” гэдэг газраас Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэдэг газар У гэж айлынх руу өмнө нь мөнгийг нь өгчихсөн байсан 10 хонь, 10 ямаагаа авах ажлаар өөрийн цагаан өнгийн 50-93 СҮА Маяти машинтай Наранцацралын хамт явсан юм. Тэгээд би анх гарахдаа 2.200.000 төгрөг аваад ямааны мөнгө тарааж, муушиг тоглуулах санаатай гарсан юм. У эгчийнд очоод Ба, Цагаанаа, Баа, У, У нар тоглосон. Би өөрөө бас хажуугаар нь ээлжлээд тоглоод байсан. Бид нар 17 цагийн үед тоглож эхлээд өглөө үүр болтол буюу 04 цаг хүртэл тоглосон байх. Тэгээд У тоглоомонд надаас 1.000.000 төгрөг зээлж тоглосон болохоор тэрний өртөг 20 эм ямааг авахаар болсон юм. Тэгсэн У ах өөрөө “ямаагаа одоо ав” гээд байхаар нь Э, Н бид нар гэр рүү нь очиж ачсан. Ачихдаа У ах өөрөө хашаанаас нэг, нэгээр нь чирж гаргаад би аман дээрээс нь авч өгөөд Э дээрээс нь авч байсан. Тэгээд ачиж байтал У ах “за болсон” гэхээр нь бид 2 болсон байлгүй гээд тоололгүй явсан. Н болохоор У ахын гэрт орж гараад эхнэртэй нь ярилцаад байсан. Тэгээд Э машинтайгаа тэр шөнөдөө ямаагаа ачаад Мөнххаан сум руу явсан. Н бид 2 У эгчийнд хоночихоод маргааш нь тэр хавиар цуглуулах ямаагаа цуглуулаад буцсан. Тэгээд очсон чинь Э 4 ямаа илүү ирсэн байна гэхээр нь Уын өөрийнх нь 89280102 дугаарын утас руу нь залгаж 4 ямаа илүү ирсэн талаар Н хэлэхэд мөнгийг нь миний данс руу хийчих гэж хэлсэн. Тэр ямааг У ах өөрөө одоо шууд авахгүй бол би маргааш ажилтай гээд байхаар нь ачсан юм. Тоглож байхдаа би “та 10 ямааны өрөнд орчихлоо одоо болохгүй юм уу” гэхэд “зүгээрээ 20 болсон ч яахав тоглоно” гэсээр байгаад тоглосон. Тэгээд аавынх нь ямааг гэдгийг бид нар мэдээгүй. Гэрээсээ очоод ачуулсан болохоор өөрийнхөө ямааг өгч байна гэж бодсон. Хэрэв өөрийг нь ямаагүй гэж бодсон бол авахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-11-12/

 

- Гэрч Б.Эын: 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай эхнэр Н Мөнххаан сумын махны ченж Гын хамт мал авахаар Гын ачааны Маяти машинтай явсан юм. Тэгээд тэр өдрийнхөө шөнө над руу Г утсаар яриад “мөнгө аваад ир, ямааны мөнгө тараах гээд мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь шөнийн 12 цагийн үед өөрийнхөө 28-48 СҮА улсын дугаартай портер машинтай гараад шөнө 02 цагийн үед У эгчийнд очиход Уулбаян сумын Цагаанаа, Ба, Баа, Х, Уу, У эгч гэсэн хүмүүс байсан. Тэгээд тэд нарын тоглоом шөнө 03 цаг өнгөрч байхад дууссан юм. У ах тэр тоглоомонд Гас 1.000.000 төгрөг зээлж аваад 20 ямааны өрөнд орсон байсан. Тэгээд У ах “одоо ав” гээд байхаар нь бид хэд очиж ачсан. Ачихад У ах өөрөө хашаандаа орж ямаагаа гаргаж өгөөд Г бид 2 машинд ачсан. У ах өөрөө “за болсон” гэхээр нь тоололгүй шууд Мөнххаан сум руу би явж Г, Н хоёр тэндээс цуглуулах ямаагаа авч явна гээд үлдсэн. У ах бид нар хуучин нэг нутгийн танил хүмүүс болохоор уг нь малтай гэж бодож байсан болохоор авсан юм. Тэгээд өөрөө миний мал гээд байхаар нь итгэсэн. Тэгсэн аавынхаа малыг харж байсан болоод, ийм асуудал болоод байна. Дээрээс нь бид нар ачихдаа 4 ямаа илүү мэдэлгүй ачсан байсан. Тэгээд маргааш нь ирж мэдсэн хойно манай эхнэр Н У ахад утсаар нь 4 ямаа илүү ирсэн талаар нь хэлэхэд өөрөө мөнгийг нь миний данс руу хийчихээрэй гэж хэлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

- Гэрч Ш.Угийн: Манайх Уулбаян сумын 3 дугаар багт мал малладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 05-нд манай хүү Бийд У, Г, Ба мөн манай хүү Бэ нар муушиг тоглосон юм. Тэд нар тохиролцоод ямааны мөнгөнд тоглоод байсан. Миний хувьд хүү Бийн оронд хөзрийг нь бариад ганц нэг суусан. Тэгээд би унтсан. У нь ямааны мөнгөнд ойчоод Гдаа тоглоом дуусгаад гэр лүүгээ авч явж өгсөн гэж сүүлд сонссон. Миний хувьд хэдэн ямаа авсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-14-15/

 

- Гэрч Л.Хийн: Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Дов ухаа” гэх газарт нутагладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бийд очиход Г, Ба, У нар байсан ба бид бүгд ярилцаж байгаад зугаагаа гаргаад ямааны мөнгөнд муушиг тоглохоор болсон. Тэгээд тоглоод У ах 10 гаруй ямаа алдчихаар нь “та одоо боль би ч гэсэн алдаад байна” гэхэд зүгээрээ гээд алдаад байсан. Тэгээд 20 гаран ямааны өрөнд орсон. Тэгээд У Гд хандаж ахын дүү миний мотоциклыг аччих тэгээд хамт яваад ямаагаа ав гээд хамт явсан. Тэгээд Г буцаж ирээд ямаагаа авчихлаа гэж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

- Гэрч Б.Бийн: Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Дөрвөлж овоо гэх газарт мал маллан амьдардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт Г, У, Ба бид нар муушиг тоглосон юм. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад ямааны мөнгөнд тоглохоор болсон. Би ч гэсэн ямаагаа алдаад өгөөд явуулсан. Бид нар шударга тоглоод бие биедээ өгөөд авах нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх- 28/ 

 

- Ц.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/

 

-  Ц.Уын Урьд Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 144 дугаартай тодорхойлолт /хх-30/ 

 

-Хохирогч Ц.Цийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 37/

 

-Ц.Уын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-41/

 

-Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаартай Прокурорын санал /хх-ийн 43/ зэрэг баримтууд болно.

 

 

 Шүүгдэгч Ц.У 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 04 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт өөрийн эцэг Ц.Цийн түүнд итгэмжлэн хариуцуулсан хонь, ямаанаас 24 эм ямааг завшиж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.У хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Ц, гэрч Б.Н,  Д.Г, Б.Э, Ш.У, Л.Хэ, Б.Бэ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын Эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ц.У нь бусадтай мөрийтэй тоглоом тоглож, тоглоомын өрөнд өөрийн эцэг Ц.Цийн малаас 24 эм ямааг өгч гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг мөрийтэй тоглоомын өрөнд өгч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Шүүгдэгч Ц.Уын бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цэд учирсан 24 эм ямаа буюу 1.920.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.У нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Цийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтээр нотлогдоно.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссоос хохирогч Ц.Цийн эм ямаа тус бүрийг 80.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүгдэгч Ц.Уын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

Дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Уын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн прокурорын гаргасан саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйл засах буюу мөрийтэй тоглоом тоглохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо.

Шүүгдэгч Ц.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Цийн Уыг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд мөрийтэй тоглоом тоглохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Шүүгдэгч Ц.Ут шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ут мэдэгдсүгэй.  

 

6. Ялтан Ц.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН